• Өнөөдөр 2025-04-02

ТӨСӨВ 2025: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОХ 15 ТӨСӨЛ

2024-09-23,   3022

2024 оны төсвийн тодотголоор хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан бол ирэх оны төсвөөр бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Бид 2025 оны төсвийн төсөлд хөгжилд хөтлөх томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, татварын бодлогоор бүсчилсэн хөгжлийг дэмжих, мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэрхэн тусгасан талаарх нийтлэлийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа 2025 оны төсвийн төсөлд туссан бүтээн байгуулалтын томоохон 15 төслийг танилцуулж байна.


1. ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСӨЛ

Энэ төсөл нь Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайнаас үл хамаарах харилцаа холбооны тоон системийн сүлжээг үүсгэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр иргэн, аж ахуйн нэгжид интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг байршлаас үл харгалзан үзүүлэх боломжийг нээж өгнө. Мөн шилэн кабелийн сүлжээнээс хамааралгүй интернэтийн гуравдагч гарцтай болох, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөөгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах чухал ач холбогдолтой. Тус төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй. 2025 оны төсвийн төсөлд нийт 211.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.

2. ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ

Тус төсөл нь баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, нөхөн сэргээгдэх эх үүсвэрийн нөөцийг бий болгож, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах зорилготой. Эрдэнэбүрэнгийн 90 MВт-ын хүчин чадалтай УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Төсөл хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулна. Мөн баруун аймгууд импортын эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодын эх үүсвэрээр 100 хувь хангагдана. Тус төслийг БНХАУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд 100 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан байна.

3. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ

Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80 хувийг хангах үндэсний үйлдвэр ашиглалтад орж, шинээр 700 гаруй ажлын байр бий болно. Үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлснээр “Евро-4, 5” стандартын шаардлага хангасан 339 мянган тонн авто бензин, 824 мянган тонн дизель түлш, онгоцны түлш 80 мянган тонн, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм. Мөн импортын хараат байдлаас гарч, шатахууны үнийг бие даан зохицуулах боломж бүрдэнэ. Тус төслийн 2025 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 449.9 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

4. 10 АЙМГИЙН ТӨВИЙН ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ

Төвлөрсөн дулаан хангамжийн системгүй 10 аймаг бий. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймаг. Тэгвэл эдгээр аймгийн төвд дэвшилтэт технологийн дулааны станц, дулааны шугам сүлжээ барьснаар иргэдийг найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар жилийн турш хангаж, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, бүс нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Төслийн хүрээнд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 67 км дулааны шугам ашиглалтад орж, 1400 ажлын байр бий болохоос гадна 958 аж ахуйн нэгж, 606 төсөвт байгууллага, нийтийн 691 орон сууц, амины 1433 орон сууцны дулаан хангамжийг шийдэх юм. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд 50 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.

5. “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах хүрээнд 17.5 га газарт 66 блок бүхий 5002 айлын 18,000 хүн амьдрах боломжтой, 2706 авто зогсоолтой орон сууцны цогцолбор хороолол барина. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. 2025 оны төсвийн төсөлд 200 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан аж.

6. УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ

 

Улаанбаатар хотод хоногт 250,000 шоо метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барьж, цэвэрлэсэн усны чанарыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 55 барилга, байгууламж барьж байгаа бөгөөд бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллуулахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид усны төв коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авч, бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийнэ. Тус төслийг БНХАУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд 80 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.

7. “ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ

Эл төслийг Хөшигийн хөндийн Номтын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 70,000 ам метр бүхий томоохон цогцолбор барина. 2025 оны төсвийн төсөлд 676.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 210 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр тусгасан байна.

8. “ШИНЭ ХАРХОРУМ” ХОТ ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

“Шинэ Хархорум” хотын газар нутгийн 50 хувь нь ногоон байгууламж байна. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах юм. Түүнчлэн амьтны амьдрах орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн хот байх зарчмыг баримтлах аж. Урьдчилсан байдлаар 189.3 мянган га талбайг хамарч, 500 мянган хүн амтай байхаар тооцон төлөвлөжээ.

9. ХӨШИГИЙН ХӨНДИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийн нэгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр орон нутгийн зэрэглэлтэй хотууд болон чөлөөт бүсийг байгуулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт хийгдсэнээр 80 мянга орчим хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байна.

10. БҮС НУТГИЙН НАЙДВАРТАЙ ЦАХИЛГААН ХАНГАМЖ 1-Р ҮЕ ШАТ

Монгол Улсад 2023 онд эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээнд 2773 удаагийн саатал гарч, нийт 2.8 сая кВт.цаг эрчим хүч дутуу түгээсэн байна. Цахилгаан хангамжийн саатлын 73 хувь нь тоноглол гэмтсэн, тулгуур хоорондын шугам болон цахилгаан дамжуулагч утас тасарснаас шалтгаалсан бол 17 хувь нь цаг агаарын аюулт үзэгдлээс болжээ. Иймээс олон жилийн насжилттай, хуучирч муудсан модон тулгуур бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын хүчин чадлыг сайжруулах, тоноглолыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ хүрээнд үе шаттайгаар шинэчлэн сайжруулахаар төсвийн төсөлд 59.9 тэрбум төгрөгийг тусгасан байна.

11. НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ СУУРЬ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН БАЙГУУЛАМЖ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенц нь 1996 онд хүчин төгөлдөр болсон Риогийн гурван конвенцын нэг бөгөөд тус конвенцод 197 орон нэгдэн орсон байдаг. Харин Монгол Улс 1996 онд уг конвенцод нэгдсэн. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох асуудлыг хэлэлцэнэ. Мөн худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөх юм. Хурал ойролцоогоор 10-12 өдөр үргэлжлэх аж.

Хурал зохион байгуулах байр, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хариуцах бөгөөд хурлын байранд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас өндөр шаардлага тавьдаг байна.

12. НАЛАЙХ-ТЭРЭЛЖ ЧИГЛЭЛИЙН 37 КМ АВТО ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХ, ЗУРГААН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ

Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам нь зорчих хөдөлгөөний эрчим өндөртэй, ач холбогдол бүхий зам юм. Уг замаар өдөрт 6000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Тус замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөснөөр зүүн бүсийн дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжирч, замын хөдөлгөөний багтаамж нэмэгдэхээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах боломж бүрдэнэ.

13. БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ

Хүн амын суурьшлын тогтвортой тогтолцоог бүрдүүлж, хот, хөдөөгийн ялгааг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах, бүсүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор нийт 12 суурин газрын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шинээр барина. Ингэснээр орон нутагт ажиллаж амьдрах, орон сууц, бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн Улаанбаатар хотыг чиглэх хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах боломж бүрдэх юм.

14. НӨМРӨГ-УЛААНГОМ ЧИГЛЭЛЭЭС АРЦСУУРЬ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМ

Энэ нь баруун бүсийн авто замын шинэ коридорийн нэвтрүүлэх хүчин чадал, логистикийн сүлжээг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих юм. Мөн Арцсуурь боомтыг төв замд холбохоос гадна Завхан аймгийн Нөмрөг, Тэс, Баянхайрхан,Түдэвтэй сумдыг дайран өнгөрөх өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болно.

15. ХЭРЛЭН-ТОСОН-УУЛ-ХАЛХ ГОЛ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ 256 КМ АВТО ЗАМ

Зүүн бүсийн авто замын шинэ коридор байгуулж, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг сайжруулахаар 256 км замын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.

 

 


ТӨСӨВ 2025: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОХ 15 ТӨСӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188