• Өнөөдөр 2025-08-12

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.УЧРАЛЫГ ТОЙРООД ЕСӨН ЗӨВЛӨХ СУУДАГ БОЛЖЭЭ

2025-08-12,   1003

      Бид шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарын сайдуудын халаа, сэлгээг цувралаар танилцуулж эхлээд буй. Энэ удаад Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учралын яамандаа залж авчирсан 12 хүнийг танилцуулахаар бэлтгэлээ. 
    Энэ засгийн сайдууд ихэвчлэн нэг зөвлөхтэй ажиллаж буй бол Н.Учралын тухайд есөн зөвлөхтэй ажиллаж буй ажээ. Тэгээд болоогүй, ЦХХХ-ны сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа дэргэдээ ажиллуулж байсан зөвлөхүүдээ өдгөө Эдийн засаг, хөгжлийн яамандаа газрын даргаар авчирч залжээ. Уг нь Н.Учрал Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдмогцоо яамныхаа 10 газар, хэлтсийг татан буулгаж, даргыг нь чөлөөлж, бүтцээ цомхотгож буйгаа мэдэгдсэн. Атал 10 даргыг чөлөөлөөд, есөн зөвлөх авсан нь чанарын хувьд ямар ч ялгаагүй юм. Өөрөөр бол, яамандаа хийсэн цомхотгол нь үнэндээ өөрийнхөө хүмүүсийг авчрах заль байсан бололтой юм. Хоржоонтой нь, Тэргүүн шадар сайд Н.Учралыг тойрч суудаг есөн зөвлөхийг нь судлаад үзэхээр түүнд юу зөвлөдөг нь тун бүрхэг буюу МАН-ын хууччуулын туслахууд, НАМЗХ-ны гал тогоо сахисан залуучууд, басхүү Н.Учралаас албан тушаал авч амташсан найзууд нь гэх мэтийн намтартнууд л байх ажээ. 
 
Эхлээд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учралын есөн зөвлөхийг танилцуулъя. 
 
- Ахлах зөвлөх бөгөөд Тэргүүн шадар сайдын ажлын албаны дарга Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэл- Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгч нь байсан. МАН-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Шагналд нь 2020 онд “Ковид”-ын хуулиар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар\ХХҮЕГ\-ын даргаар томилогдсон. Гэвч 2023 онд Л.Дашдэмбэрэл эрх мэдлээ урвуулан ашиглаж 600 сая төгрөг завшсан гэх хэргээр ЭЦА-ны мөрдөгчдөд шалгагдаж, түүний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж байсан. Улмаар Л.Дашдэмбэрэл ХХҮЕГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2024 оноос ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Авлига, албан тушаалын хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан. Өдгөө Л.Дашдэмбэрэл гол яамдын нэг болох ЭЗХ-ийн сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга сэтэртэй сууж байна.  
- Зөвлөх Бат-Эрдэнийн Хулан- Голомт банкны ТУЗ-ийн Д.Баясгалангийн “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн эхнэр. Б.Уянгын тухайд, Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болсон цагаас зөвлөхөөр нь ажиллаж байгаа. ЭЗХ-ийн сайд болмогц зөвлөхөөр нь улирсан. Уг нь бол хамгийн том гурван банкны нэг болох Голомт банкны хөрөнгө оруулалтыг босгодог “Голомт капитал”-ын захирлын эхнэр нь Б.Уянга Эдийн засаг хөгжлийн сайдын зөвлөх байх нь өөрөө ашиг сонирхлын айхтар том зөрчил баймаар. 
- Зөвлөх Манлайжавын Цэлмүүн- Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавын хүү. Аав Г.Манлайжав нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз. Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийж байсан У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийнх нь бөмбөрчин. М.Цэлмүүний тухайд, УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатарын туслах, зөвлөх байсан. 2020 онд МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдож, дөрвөн жил ажилласан. Дараа нь 2024 оноос ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Мөн М.Цэлмүүн Н.Учралыг НАМЗХ-ны Ерөнхийлөгч болсон цагаас УЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байсан. Одоо НАМЗХ буюу шинэчилсэн нэрээр СДМЗХ-ны Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 
- Зөвлөх Эрдэнэтогтохын Амаржаргал- МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, алдарт “Админерал” ХХК-ийн эзэн Ц.Ламжав хоёрын төрсөн эгч Ц.Цэвэлмаагийн хүү. Өдгөө Э.Амаржаргал нагац ах Ц.Чулуунзагдынхаа үүсгэн байгуулсан хэд хэдэн эзэмшдэг. Өмнө нь Э.Амаржаргал “Цахим туслагч” ТББ байгуулж, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллүүдийг тандах нэрийн доор 300 гаруй хэвлэл мэдээллийн сайтыг тагнасан асуудалд холбогдож байсан. Тавантолгойн Бортээгийн ордыг бүхэлд нь хууль бусаар авахыг завдсан гэгддэг “Админерал”-ын хамаарал бүхий этгээдийг зөвлөхөөрөө ажиллуулж буй бас л асар сонирхлын том зөрчил. 
- Зөвлөх Булгаагийн Ганбат- У.Хүрэлсүхийн анхны Засгийн газарт Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн зөвлөх байсан. Дараа нь “М-Ойл” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн “Mongol made” компанийн зөвлөх байсан. Дараа нь Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болсон цагаас зөвлөхөөр нь ажилласан. ЗГХЭГ-ын дарга болход нь зөвлөхөөр нь улирсан. 
- Зөвлөх Пүрэвжавын Отгонтуяа- МҮОНРТ-ийн сэтгүүлч. “Монголын мэдээ” сувгийн захирлаар ажиллаж байсан. Н.Учралын олон нийт, хэвлэл мэдээллийн талын асуудлыг хариуцдаг.
- Зөвлөх Батхуягийн Батсүх- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Орон сууцжуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 дахь нам буюу Гэр хороолол хөгжлийн намын даргаар ажилладаг. 
- Зөвлөх Ганзоригийн Дашням- Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул. Шатахууны магнат, 300 гаруй салбар ШТС-тай “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Мөн сүүлийн хэдэн жил Улаанбаатарын гудамжаар “хөглөрч” буй “Jet” скүүтерээрээ эчнээ танигдсан. Өв залгамжлагчдын жишгээр 2021 оноос улс төр сонирхож, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн болж Н.Учралтай дотноссон. Дээрээс нь, ЭЗХ-ийн сайд Н.Учрал ааваараа Хэнтийн Батширээтийнх буюу Г.Дашнямтай нэг нутгийнх. Тиймдээ ч Г.Дашням Н.Учралаас хормойдон өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшээд унасан. Өдгөө Н.Учралын зөвлөхөөр ажиллаж буй.  
- Зөвлөх Балжиннямын Дашравдан- Шашин судлаач, НАМЗХ-ны бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Орхон аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. 
Харин ЭЗХЯ-ны газрын дарга нарын тухайд, 
 
- ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Хаш-Эрдэнийн Сүрэнхорол- Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болсон цагаас нь дагасан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Ахлах референтээр ажиллаж байгаад ЭЗХ-ийн сайд болмогц нь Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар нь томилогдсон. 
- ЭЗХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Пүрэвдоржийн Баттөр- Сү.Батболдын "Стар” телевиз буюу “Юнайтед бродкастинг” ХХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан. Сү.Батболдын хамаарал бүхий этгээд гэгдэх ГЕГ-ын дарга асан Б.Асралтын найз. Тиймдээ ч Б.Асралтыг ГЕГ-ын дарга болсон цагаас чөлөөлөгдөх хүртэл нь буюу 2022 он хүртэл ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажилласан. 2023 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад 2024 онд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болмогц ЗГХЭГ-ын Үндэсний хороо, төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн даргаар ажилласан. Өдгөө Н.Учрал П.Баттөрийг ЭЗХЯ-ныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилоод буй. 
- ЭЗХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ванданмагсарын Түвшинжаргал- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн туслах байсан. Өнгөрөгч 2024 онд Л.Энх-амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болмогцоо туслах В.Түвшинжаргалыгаа яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. Өнгөрөгч зургадугаар сард Л.Энх-Амгалан сайдын ажлаа өгөхдөө В.Түвшинжаргалыг ЭЗХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилуулж, Н.Учралд даатгасан.
          Товчхондоо, Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал яамаа МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны угшилтай найзууд, зөвлөхүүд, МАН-ынхаа нөхдийн туслахуудаар дүүргэчихсэн байна. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.УЧРАЛЫГ ТОЙРООД ЕСӨН ЗӨВЛӨХ СУУДАГ БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-12 10:09:53
    Zochin: Hahaha tegeech 2 dahi zovloh ni Uyanga ymu Khulan ymu ta nar neeree alahima hahaah 10n jiliin huuhdees dor ym bichhin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-12 10:06:06
    зоч: цүнх баригч бөгс долоогч нар ихэнхи нь их засаг төгсөө биз харах царайны хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-12 09:28:04
    Багш: Арай ч дээ. Виз гарсан хүн бүхэн нь гадагшаа амьдралаа залгуулахаар явж бна. Яагаад ичих нүүргүй ингэж үрэлгэн бдаг юм бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-12 08:06:57
    Зочин: Ямар ч боловсрол муутай зевлехууд бэ?!!!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188