• Өнөөдөр 2025-08-11

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалыг энэ сарын 22-24-нд зохион байгуулна

           “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалыг энэ оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна.
 
        Энэхүү фестивалыг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
 
    Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалыг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлээд байна.
 
      Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалын үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм.
 
    Мөн түүнчлэн фестивалын үеэр зохион байгуулагдах “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалыг энэ сарын 22-24-нд зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188