• Өнөөдөр 2025-08-12

Ч.ЭНХЖАРГАЛ: Иог бясалгал, амьсгалын дасгалыг хийснээр дотоод ерөнц рүүгээ аялах боломж нээгдэнэ

2025-08-12,   131

Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник, урлаг, олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал болон бясалгалаас бүрддэг байна. Хүн иогийг тогтмол хийснээр эрүүл, стрессгүй, сэтгэл санаа амгалан болдог гэнэ. Мөн амьдралд илүү идэвх, санаачилгатай, эрч хүчтэй байх боломжийг өөртөө бий болгохоос гадна оюун санааны тэнцвэрийг үүсгэдэг ажээ. Энэ талаар Монголын Иргэний нисэхийн  ерөнхий газар, “Эвсэг кашмер” компани, “Edeweiss yoga center”-ийн иогийн багш Чимэд-Очирын Энхжаргалтай ярилцлаа.

–Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

       -Сайн байна уу. Намайг Чимэд-Очирын Энхжаргал гэдэг. Би иогийн багш. Гэр бүл судлаач мэргэжилтэй. Одоо сэтгэл зүйчээр давхар суралцаж байгаа.

 –Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

      -Би 1992 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Таван ам бүлтэй  айлын гурав дахь охин нь байгаа.

-Та дунд сургуульд байх даа урлаг, спортоор хичээллэдэг, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан уу?

      -Би Баянгол дүүргийн “Ганзам” 20-р дунд сургуулийг 2010 онд сурч төгсөн. Сургуулийнхаа “Онц сурлагтан”, “Тэргүүний сурагч” нь байлаа. Тухайн үед нэлээдгүй нийгмийн идэвхтэй сурагч байсан. Сургуулийнхаа намар, хаврын спортын спартакиад, урлагийн үзлэг идэвхтэй оролцдог, их хөдөлгөөн хүүхэд байв.

-Хэдий үеэс яагаад иогоор сонирхож хичээллэх болов?

      -2018 оноос иогоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед Өмнөд Солонгост Гэр бүл судлаач, магистраар суралцаж байх үедээ, гэрийнхээ хажуугийн иогийн төвд суралцаж эхэлсэн юм. Яагаад иогоор хичээллэх болсон бэ гэхээр би оюутан байх даа нэг сүмийн цуглаанд явдаг байлаа.

     Тэгээд сүмээсээ гараад дорно дахины бурхны шашны сургаал, номлолыг судалдаг болсон. Тэр дундаас би өөрөө, өөрийгөө олж авах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүртсэн. Ямар нэгэн айдас, түгшүүр дээр тулгуурлах аливаа зүйлийг мухар сүсгээр шүтэж, бишрэх биш. Өөртэйгээ тулж ажиллан, өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ухаарсан.

     Тэгээд л дотоод орших уу, дотоод ертөнцөө, өөрийгөө танин мэдэх гэж яваад иогтой учирсан. Иог гэдэг зүйл дотогшоогоо аялан, өөрийгөө танин мэдэхэд тусалдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Манай сургуулийн гадаад оюутны номын санд монгол хэл дээр иогийн ном байхыг олж уншсан. Тэр иогийн номоос олон сайхан зүйлийн талаар гоё мэдээллийг олж авсан.

    Тэгээд л иогоор бие дааж хичээллэхээр шийдсэн. Номон дээр байсан дасгалуудыг хийж эхэлсэн чинь чиглүүлэгч, багш байхгүй болохоор нэг л сайн болж өгөхгүй байв. Тийм болохоор нь гэрийнхээ хажуугийн иогийн төвд явж эхэлсэн. Иог миний дотоод сэтгэлээсээ хайгаад байгаа зүйлийг олох, дутуу, дундуур сэтгэлийн орон зайг минь дүүргэж өгсөн дөө.

 –Иогийн ямар төвийн багш вэ?

     -Би Монголын Иргэний нисэхийн  ерөнхий газрын иогийн багш, мөн “Эвсэг кашмер” компанийн иогийн багш, “Edeweiss yoga center”  дээр багшилж байгаа. Энэ гурван газар одоогоор  ажиллаж байна.

Монголд иогийн олон төрөл урсгал байх юм. Та ямар иогийн төрлөөр нь хичээллэж, багшилдаг вэ?

    -Миний хичээллэдэг төрөл бол үндсэн, уламжлалт хатха иогийн төрөл байгаа. Дээрээс нь би өөрийн сонирхол хоббигоор бүжгийн иогийг илүүтэйгээр сонирхдог. Миний хичээлд суудаг хүмүүс ихэвчлэн хатха иогоор хичээллэдэг. Дунд виняса төрлийг оруулан, зарим хичээл дээрээ бүжгийн иогийг оруулж өгдөг.

 Түвдийн урт наслах долоон дасгал гэдэг тань иогийн ямар төрөл, урсгалд хамаарагдах дасгал вэ?

    -Сүүлийн гурван жил Түвдийн долоон дасгалаар хичээллэж байна. Энэ бол иогийн долоон дасгал гэсэн үг. Үндсэн таван дасгал бий. Харин зургаа, долоо дахь дасгал нь бясалгалын төрөл рүү орчихдог. Эдгээр Түвдийн долоон дасгал хатха иогийн төрөлд багтдаг. Таван үндсэн дасгалыг багаас нь ахиулаад ордог гоё энергийн дасгал л даа. Долоон хүрдний долоон дасгал байгаа юм. Сүүлийн үед эдгээр долоон дасгалыг зааж байна.

 –Та сэтгэл судлаач мэргэжилтэй гэв үү?

      -Дунд сургуулийн 11 ангидаа ямар мэргэжлээр сурах вэ гэдгээ бодож байгаад сэтгэл судлаач мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжил Монголд хэрэгтэй юм байна. Эрэлт хэрэгцээ ихтэй, ховор мэргэжил гэж бодоод сэтгэл судлалын ангийн хуваарийг сонгож, тэтгэлэг аван орж байсан юм. Гэтэл дундаас нь Солонгос руу суралцах болоод ангиа солиод Солонгос хэлний орчуулагчаар их сургуулиа төгссөн.

     Гэхдээ миний сэтгэл дотор сэтгэл судлаач мэргэжил эзэмших анхны тэр хүсэл мөрөөдөл бөхөөгүй л байсан. Тийм учраас хэзээ нэгэн өдөр сэтгэл судлаачаар заавал сурна гэж бодож явдаг байлаа. Хоёр жилийн өмнө сурах тохироо бүрдэж, эчнээ ангид орсон. Удахгүй сургуулиа төгсөх гэж байна.  

Иогийн багш болсон нь мэргэжилтэй чинь холбоотой юу?

     -Нийгмийн болон гэр бүлийн сэтгэл зүйч Монголд их хэрэгтэй байгаа. Тэгээд нийгмийн хэрэгцээ шаардлагыг харж тэр мэргэжлийг сонгосон. Гэтэл тэр мэргэжлээ эзэмшиж чадалгүй Солонгос руу явсан. Солонгост очоод иогийн багш болсон. Харин миний хувьд анх энэ мэргэжлийг эзэмших гэсэн зорилгоосоо ухарсан юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг байв.

      Гэтэл иогийн багш гэдэг байнга хүмүүстэй харьцдаг, хүний сэтгэл зүйг ойлгох, зөвлөгөө өгөх, зааж сургадаг онцлогтой байсан. Мөн сүнслэг энерги, эрчимт энергийн талаар ярьдаг болов. Сэтгэл зүйч хүнд байх ёстой зүйлийг иогийн багш хүн заадаг учраас сэтгэл зүйч болоогүй орон зайгаа иогийн багш болж нөхсөн. Эргээд харахаар иогийн багш, сэтгэл зүйч хоёр нэг зоосны хоёр тал юм шиг санагддаг.

       Иогийн багш дасгал хийлгээд сэтгэл зүйтэй нь ажилладаг. Сэтгэлээ дагаад хүний бие булрах, булчин ядрах, хатуу хөшүүн болох нь ажиглагдсан. Тийм болохоор хүний сэтгэл зүйтэй нь ажиллахын тулд иогийн багшийн мэдлэгээ улам гүнзгийрүүлэх, зайлшгүй  шаардлага урган гарсан. Тэгээд л  сэтгэл зүйчээр сурч эхэлсэн дээ.

-Иог хэрэглээ байх ёстой юу, хэрэгцээ шаардлага хангах төрөл үү?

      -Их гоё асуулт байна. Иог хэрэглээ байх ёстой. Хэрэгцээ, шаардлага дээрээ тулгуурлан хүмүүс иогоор хичээллэж эхэлдэг. Магадгүй нуруу нь өвдсөн ч юм уу. Ямар нэг байдлаар таргалсан ч юм уу гээд л хэрэгцээ шаардлагаа байгаа учраас хүмүүс иогийг сонгодог.

     Яг үнэндээ бол иог бидний өдөр тутмын амьдралын хэв маяг буюу хэрэгцээн дээр тулгуурласан хэрэглээ байх ёстой юм. Гэхдээ уг нь бол өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж иогийг хийх хэрэгтэй. Эрүүл, залуу насаа хадгалахын тулд өдөр тутам иог хийж шаардлагатай. Иог бидний эрүүл амьдралын хэв маяг юм.

 –Иогийг турах, стресс ядаргаагаа тайлах, нуруу, хөл, гарын үений өвчнөө эмчлэх, хөдөлгөөний дутагдлаа нөхөх гээд олон янзын шалтгаан, зорилготойгоор хийж байна. Иог ер нь эмчилгээний дасгал хөдөлгөөн юм уу, амьсгал, бясалгалын урлаг юм уу?

     -Хүмүүс хэрэгцээ шаардлагынхаа дагуу ямар нэг хэрэгсэл болгон иогоор хичээллэж байна. Тураах хэрэгсэл болгох ч юм уу. Эсвэл стресс ядаргаагаа тайлах, хөдөлгөөний дутагдлаа нөхөх гээд олон янзын хэрэгцээ, шаардлагын улмаас иогийг сонгож байна. Ер нь бол иог эмчилгээний дасгал хөдөлгөөн мөн үү гэвэл мөн. Иог дотроо маш олон төрөл бий.

    Эмчилгээний иог, анхан шатны иог урьдчилан сэргийлэх хатха иог гэж байна. Мөн бясалгал төвтэй жана иог гээд л олон төрлийн иог байдаг. Хүн өөртөө тохирох иогийн төрлийг сонгох хэрэгтэй. Иогийн ямар нэгэн хэрэгсэл болгон хийж болно. Иогийн эцсийн үр дүнд юу байдаг вэ гэхээр иог нь бясалгал руу чиглүүлэх зам болдог. Биеэ бэлдээд, бэлэн болсны дараагийн түвшин нь бясалгал гэдэг зүйл рүү орох зам байдаг. Иог бол эмгүй эмчилгээ.

     Ямар нэгэн зүйлээ эмчлэх гэж иогоор хичээллэж байгаа бол бие махбодио, сэтгэл зүйгээ засах ёстой. Үүний тулд иогоор хичээллэж байгаа бол зөв. Гэхдээ өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх байдлаар иогоор хичээллэх нь илүү үр дүнтэй.  Цаг хугацаа, зардал, мөнгөнд  хэмнэлттэй  болно. Иогийг эмчилгээ, эрүүл амьдрах хэв маяг, хэрэгсэл гэж харах хүмүүс бий. Зарим нь иогийг урлаг гэж харах нь ч байдаг. Энэ бүхний аль ч ялгаагүй зөв.

Иогийн дасгал хөдөлгөөнийг заавал, амьсгалын дасгалтай нь холбож хийх ёстой юу?

     -Иогийн дасгал хөдөлгөөнийг заавал амьсгалын дасгалтай холбож хийх нь зөв. Бусад дасгал, хөдөлгөөнөөс ялгагдах зүйл нь яг амьсгал дээр нь төвлөрүүлдэг. Амьсгал авлаа, гаргалаа. Нэг дасгал, нэг хөдөлгөөн дээр нэг амьсгал аваад, нөгөө хөдөлгөөн дээр амьсгалаа гаргах гэх мэтчилэн амьсгалтайгаа уялдуулан хийдэг. Пранаяама иог бол иогийн  амин сүнс юм.

-Ихэнх хүмүүс иогийг их хэцүү, уян хатан, сунгалттай, эмэгтэйчүүд хийх ёстой төрөл гэж ойлгох нь бий. Эрэгтэйчүүд иог хийхгүй байгаа нь үүнтэй холбоотой юм болов уу?

      -Сошиал дээр гимнастик, уран нугаралтынхан иогийг илүү сайн сурталчлан өгч байна л даа. Түүнийг нь хүмүүс хараад эмэгтэйчүүд гоё сайхан болох гэж иог хийдэг юм байна гэж ойлгоод байгаа юм. Яг үнэндээ бол иог эрэгтэй хүнээс үйдэлтэй. Эрт цагт эрчүүд эрүүл байх, эрч хүчээ сэргээх, нөөцлөх, тулааны урлагийн нууц зэвсэг болгон иогийг хийдэг байж. Хаад, ноёд урт наслах, эрүүл чийрэг байхын тулд иогоор хичээллэдэг байсан юм билээ.

    Харин миний сургалтад олон эрэгтэй хүн явдаг. Байгууллагын иог учраас тэгдэг байж магадгүй. Эрэгтэйчүүдийг хичээллэх боломж, нөхцөлийг байгууллагаас нь бүрдүүлсэн учраас их явдаг. Харин өөрсдөө төлбөрөө төлөөд явах сургалтад хайнга хандах нь бий. Аяллын клубийнхээ эрчүүдэд сонирхуулаад “Иог бол эрчүүдээс үүссэн” юм гэж ярьсан чинь “За тэгвэл эмэгтэйчүүдээс иогоо буцааж булааж авна аа” гэж  наргиж байж билээ. Тэр хөгжилтэй ч гэсэн сайхан санагдсан шүү. Эрэгтэй хүн иог хийх нь үнэхээр гоё зохимжтой харагддаг.  Иогчид гэхээр заавал тийм уян налархай байх ёстой биш. Эрүүл чийрэг фит биеийг бүтээхэд эрэгтэй хүнд иог хэрэгтэй байдаг. Иогт эрэгтэй, эмэгтэй хүн гэж ялгах юм байхгүй. Хэн хүссэн хүн, нас биенийхээ онцлог тохируулан иогоор тогтмол хичээллэх нь чухал.  

 -Иогийг дотоод руугаа аялах аялал гэлээ. Харин та бясалгал, амьсгалын дасгал хийж дотоод руугаа аялахаас гадна гадаад руу "Yoga and Travel” иогийн аяллыг зохин байгуулах юм аа?

      -Миний хувьд иог болон аялал гэсэн хоёр төрлийн хоббигоо хөгжүүлж яваа. Иогийг би яагаад тогтмол хийдэг вэ гэхээр бидний дотоод ертөнц агуу гайхамшигтай зүйл. Зөвхөн бие махбодь биш миний өмнө амьдарч байсан олон сая өвөг дээдэс, миний эд, эсийг бүтээсэн урьд өмнөх төрлүүд, ирээдүйн миний дараа, дараагийн төрлүүдийг холбохын тулд дотоод ертөнцөө анирлан, чимээлэх шаардлага байдаг. Бидний дотоод хүч, энерги гэдэг агуу их хүчтэй зүйл. Хүн өөрийнхөө дотоод хүчээ ашиглаж, өөрийгөө таниж мэдэх юм бол хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах шаардлагагүй болно. Өөрийн дотоод хүч, чадвар, мэдлэгээ ашиглан амьдралын аз жаргалаа бүтээх боломжтой.

      Монгол Улсын иргэн гэдэг зөвхөн эх орондоо хайртай гээд  “Уяатай юм шиг”  нэг газраа байхын нэр биш. Дэлхий ертөнц рүү гарч, олон янзын хэл соёл, амьдралын хэв маяг, шинэ газар оронтой танилцах хэрэгтэй. Олон гайхамшигтай зүйлийг танин мэдэх  нь аяллын гол чухал үндэс болдог. Энэ хорвоо, ертөнц гэдэг хичнээн гайхамшигтай, агуу юм бэ гэдгийг мэдэрнэ.  Хүний бүтээсэн зүйл хийгээд бурхны цогцлоосон энэ гайхамшигтай байгаль дэлхий ямар гайхамшигтай цогц юм бэ та мэдэрнэ. Үзэж хараад дуусахгүй ямар агуу гайхамшгаар ертөнц дүүрэн байдгийг олон хүн олж хараасай гэж хүсдэг. Тийм болохоор "Yoga and Travel” эвентүүдийг хийдэг.

    Дээрээс нь аяллыг зохион байгуулах хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг нэгтгэж, клуб рүүгээ татан оруулдаг. Бид хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих зүйлийг хийдэг. Бясалгал, амьсгалын дасгалыг хийснээр дотоод ерөнц рүүгээ аялах боломж нээгдэнэ. Энэ нь нэг талаараа иогийг  хэлээд байгаа юм. Харин гадаад улс, орон  руу гарч  аялахыг “Travel” гэж хэлээд байгаа. Энэ хоёр аялал бол нэг зоосны хоёр талтай адил зүйл гэж би хардаг. 

–Гадаадын хэдэн улс руу хэд удаагийн аялал хийгээд байгаа вэ?

       -Миний хувьд аяллын гишүүдийн хажууд бага аялсан. Би таван улсын 15 хотоор аялсан байгаа. Өмнө нь Солонгост сурч байх үедээ аялал хийн явж чаддаггүй байлаа. Аяллын клубт нэгдсэний дараа аялал, аялал гээд байнга ярьдаг болсон. Олон давтамжтай энэ үг дотоод сэтгэлийн гүнд хүрч, далд ухамсрыг сэрээж өгдөг юм байна. Би клубт ороод хоёр жил болж байгаа хэдий ч богино хугацаанд таван улсын 15 хотод очиж үзээд байгаа. Гол нь круйз аяллаар явах үед багадаа 2-3 улсыг үздэг. Энэ бол миний аяллын эхлэл цаашдаа олон улс оронд очиж үзэх байх. 

 –Иог хийдэггүй хүн танай аяллын клубийн гишүүн байж болох уу?

      -Иог хийдэггүй ч гэсэн манай аяллын клубийн гишүүн болж болно. Манай клубийн гишүүд өөр, өөрийн гэсэн онцлог ур чадвартай хүмүүс бий. Харин миний хийж чадах зүйл болохоор иог. Тийм болохоор клубийнхэндээ зориулаад иогийн өдөрлөг хийдэг. Иогт дуртай хүмүүсийг багтай уриад явдаг. Бусад өөр, чадвартай хүмүүс маань өөр, өөрсдийн чиглэлийн дагуу уулзалт, сургалт, семинар хийдэг. Тэгэхээр манай клубийнхэн  өөр, өөрсдийн чадах зүйлээ  хийгээд, дутуу зүйлээ нөхөөд, дундуураа дүүргээд  хамтдаа нэг баг болоод, хамтдаа хөгжөөд явдаг.

      Тийм болохоор иог хийдэггүй, иог сонирхдог хүмүүс манай клубийн гишүүн болж болно. Иогоос бусад үйл ажиллагаанд нь оролцоод явах боломжтой. Бид зөвхөн иогийн аялал зохион байгуулаад байгаа юм биш. Хамтдаа сонирхол, санаа нийлэх, нэг зорилготой хүмүүс аялаж, гоё эерэг уур амьсгалыг бий болгодог. Нэгдэж нэг баг болж чадвал аз жаргалтайгаар аялж чадна. Миний сүүлийн аялалд иог хийдэг хүн цөөнгүй байсан. Тэд нар маань хамтдаа далайн эрэг болон хөлөг онгоцон дээр иог хийгээд явсан. Тэр дотор иог хийдэггүй хүн ч хүртэл байлаа.

Танай аяллын клубийн гишүүн болж байж л аялалд хамрагдах ёстой юу?

        -Манай клуб хаалттай, бас нээлттэй клуб л дээ. Хаалттай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн гэсэн хуримтлал хийдэг. Аяллын хуримтлалын данстай хүмүүст манай үүд, хаалга нээлттэй. Нээлттэй гэдэг дээрх шаардлагыг хангаж байвал манай клубийн гишүүн болох боломжтой. Өөрөө хувьдаа хуримтлалтай клубийн аялагч болох юм бол давуу тал болно. Хүн болгонд  боломж байдаг. Тэр боломжоо ирж, хайгаад аялах боломжтой. Дотоод зүрх, сэтгэлээ сайн сонсоорой. Та яг юу хүсэж байна. Үнэхээр дэлхийн иргэн байхыг, аялахыг хүсэж байна уу. Үнэхээр эрүүл, зөв амьдрахыг хүсэж байгаа юу гэдэг дээрээ сайхан төвлөрч, бясалгаж бод.  Эрүүл амьдралын хэв маяг танд таалагдаж байвал түүнийгээ бодит алхам болгон үйлд хийгээрэй. Ямар нэгэн иогийн төв рүү заавал очиж сургалтад суугаарай. Аялахын төлөө боломжийнхоо хэрээр хуримтлал үүсгэж, хадгаламжтай болох хэрэгтэй. Надад олдсон боломж, танд ч гэсэн олдоно. Эхэлсэн байхад үргэлжилж дараагийн боломж нээгддэг. Та бүхэнд амжилт хүсье. Аз жаргалаар дүүрэн, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

 

 

 


 

 


Ч.ЭНХЖАРГАЛ: Иог бясалгал, амьсгалын дасгалыг хийснээр дотоод ерөнц рүүгээ аялах боломж нээгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188