• Өнөөдөр 2025-08-12

ЖҮЖИГЧИН Б.ДЭЛГЭРТУЯА: “Согоомаа” киноны Уянга бол анхны минь дүр

2025-08-12,   138

      “Согоомаа” олон ангит аймшгийн киноны Уянгын дүрд тоглосон залуу жүжигчин Б.Дэлгэртуяатай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг жүжигчин, жүжиг, киноны зохиолч хос мэргэжлээр төгссөн байна.

-“Согоомаа” олон ангит аймшгийн кино үзэгчдэд хүрч буй. Өөрийн чинь хувьд анх энэхүү бүтээлд хэрхэн тоглох болсон бэ. Анхны уран бүтээл нь үү?

      -Тийм ээ. Уянга бол миний анхны дүр. “Согоомаа” киноны зохиолыг нь бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан Э.Отгондорж ах киноны ерөнхий зураглаачийн хамт СУИС дээр ирээд Уянгын дүр дээр ажиллах санал тавьсан. Анх удаа дүрд ажиллаж байгаа учраас их ч айдастай, сандралтай байсан. Камертай хэрхэн ажиллах, хамтран тоглогчтойгоо хэрхэн ойлголцох зэрэг олон зүйлд сайн туршлагажсан гэж бодож байгаа.

“Согоомаа” киноны дүрүүд дунд Уянга, Аранжин хоёр хамгийн гэнэн цагаахан, хайр дурлалдаа автсан байсан нь уран бүтээлчийн хувьд үнэхээр дүрээ хайрлахад хүргэж байсан.

-Киноных нь зураг авалт хаана болсон, хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Олон ангит аймшгийн кино манайд төдийлөн байдаггүй шүү дээ. Тус кино нь бараг анхны олон ангит болж байна уу. Оролцон тоглосон уран бүтээлчийн хувьд юугаараа онцлог уран бүтээл гэж харж байгаа вэ?

        -Манай киноны зураг авалт Төв аймгийн Батсүмбэр суманд хоёр сар орчмын хугацаанд хийгдсэн. Энэхүү кино маань утга учиргүй сүнс сүүдэр харуулаагүй.

Харин байгаль, хүн хоёрын холбоо хамаарал, хүнийг хайрлах энэрэх сэтгэлийн үр шим, харгис үйлийн үрийг харуулснаараа бусад аймшгийн киноноос илүү амьтай, үзэгчдэд нэгийг ухааруулах бүтээл болсон гэж бодож байгаа.

-Олон сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилласан байх. Тэдгээрээс хамгийн их зааж зөвлөж, чиглүүлж байсан нь ямар хүн бол?

      -"Согоомаа" киноны зураг авалтын үеэр би төгсөх курсэд байсан. Киноны маань Готов, Сүрэн хоёрын дүр дээр ангийн багш Э.Нарангэрэл, Г.Энхсайхан багш нар маань ажилласан нь миний хувьд зураг авалтын дундуур дипломын бичвэрээ бичихэд, дүр дээрээ ажиллахад их түшигтэй байсан.

Багш нараасаа алт шиг үнэтэй зөвлөгөөг авч их зүйл сурсандаа өөрийгөө их азтай гэж бодож байгаа шүү.

-Хэдийгээр энэхүү кинонд оролцон тоглосон ч киногоо үзэхэд өөрөө айх мэдрэмж төрдөг болов уу. Тухайлбал, киноных нь аль хэсэг хамгийн их айх сэтгэгдэл төрүүлж байсан бэ?

     -Би өөрөө үнэхээр аймхай хүн л дээ. Аймшгийн өгүүллэг ч сонсож чаддаггүй. Киногоо үзэхэд эхний ангийн дууны найруулгыг сонсоод л шууд шар үс босоод, юу гарахыг нь мэдэж байгаа хэр нь л айгаад байсан. Уянга охины цонхны тавцан дээр дүүгээ тэвэрчихсэн үхтлээ айгаад сууж байхад нь аав нь орж ирдэг хэсэг байдаг даа. Тэр хэсгийг аавтайгаа хамт үзсэн чинь өөрийн эрхгүй уйлсан.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Залуу уран бүтээлчийн хувьд тоглохыг хүсдэг дүр бий юү?

     -Би багаасаа хурдны морь унадаг хүүхэд байсан л даа. Хонио хариулахдаа өөрийгөө жүжигчин болсноор төсөөлөөд, ганцаараа ярьдаг байлаа.

Яг л монгол ахуй дээр өссөн болоод ч тэр үү багаасаа аавдаа тусалж, морь, мотоцикл унаад, эрэгтэй хүүхэд шиг өссөн болоод ч тэр юм уу Мандухай цэцэн хатан шиг баатарлаг түүхэн дүр бүтээхийг хамгийн их мөрөөддөг дөө.

-Жүжигчин болохыг багаасаа л мөрөөдсөн юм байна, тийм үү?

            -Тийм ээ. Бүр багаасаа л мөрөөддөг байсан. Эмээ, өвөө, аав, ээж маань зурагтаар намайг үзээд л “Миний охин шүү дээ” гээд бахархаж, хараасай гэж хүүхэд байхаасаа л хүсдэг байсан юм.

-Гэр бүлийнхэн нь кино үзээд, өөрийн чинь дүрийн тухай юм хэлсэн үү?

    -Охиныгоо кинонд тоглохыг харах сайхан юм аа гэсэн. Аав харин "Дараа ийм кинонд тогловол өөрийнхөө эмээ хазаарыг аваад, морьтойгоо яваарай гэсэн шүү.

-Цаашдын зорьж буй зүйлээсээ манай уншигчидтай хуваалцаж болох уу?

     -Би дан ганц жүжигчин биш давхар кино, жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн болохоор жүжигчнээрээ, зохиолчоороо ч улам мэргэшин, туршлагажиж, хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон бүтээл туурвихын төлөө хичээнгүйлэн ажиллах болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Б.ДЭЛГЭРТУЯА: “Согоомаа” киноны Уянга бол анхны минь дүр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188