“Дурлалын гэмт хэрэг” киноны дурлам сайхан эмэгтэй, “Хохирогч”-ийн үзэсгэлэнт Гэрэлээгийн дүрээр нь уншигч та жүжигчин Г.Ариунболорыг андахгүй болсон биз ээ. Герман Улсад ажиллаж, амьдардаг тэрбээр Германд 30 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүр бүтээсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд “Хурд” хамтлагийн бүсгүй дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” уран сайхны киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ. Түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд таны тоглосон “Дурлалын гэмт хэрэг” киног сурагч байхдаа үзээд “Ямар сайхан эмэгтэй вэ” гэж бодож байлаа. Тэр сайхан дүрийг бүтээх саналыг хэн танд тавьж байв?
-2013 онд тоглосон уран бүтээл. “Guys” хамтлагийн Д.Лхагва миний оролцсон нэг нэвтрүүлгийг үзээд, намайг энэхүү киноны гол дүрд сонгохоор төлөвлөсөн юм билээ. Тэгээд кино зохиолоо цахим шуудангаар ирүүлж байлаа. Сургуулиа төгсөөд хоёр жил л болж байсан үе. Тухайн үед Монголд ирээгүй удсан болохоор, дээрээс нь гол дүр гэдэг тухайн уран бүтээлийнхээ нүүр царай нь болдог учир “Чадах болов уу” гэсэн эргэлзээтэй байсан. Бас би тэр үед одоогийнх шиг өөртөө итгэлтэй эмэгтэй байгаагүй юм. Гэсэн ч баг хамт олон, сайн найруулагчийн хүчээр киноныхоо ард амжилттай гараад, өнөөдрийг хүртэл үзэгчдийн дуртай кино байсаар байгаад баяртай явдаг.
-Энэхүү кинонд гардаг шиг үйл явдал амьдралд тань тохиолдвол гэж та бодож байв уу?
-Мэдэхгүй юм аа. Гэхдээ хэн нэгэн өөрийнхөө хайр дурлалын төлөө хүнийг ой санамжгүй болгож байна гэдэг дэндүү ёс зүйгүй зүйл шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүн нэгнээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хайрыг хүчилж болохгүй гэдгийг л үүнээс ойлгоосой гэж хүсэж бүтээсэн дүр юм шүү дээ.
-Монголдоо таны тоглосон өөр нэг уран бүтээл нь “Хохирогч” киноны Гэрэлээгийн дүр шүү дээ. Бүтээсэн дүрүүд нь тантай хэр төстэй вэ?
-Миний тоглосон гурван дүр хоорондоо тэс өөр. Гэхдээ би тоглож байгаа учир тухайн дүрийн шинж чанарыг би өөрөөсөө л олж авна шүү дээ. Тоглосон дүрүүдээ эргээд харахаар үнэнч, амьдралын төлөө тэмцэж чаддаг эмэгтэйчүүд байдаг. Миний гурав дахь бүтээл “Бүсгүй” уран сайхны киноны дүрийн зарим зүйл надтай төстэй санагдсан.
-Үзэгчид тухайн дүрд тоглосон жүжигчний сайхныг илүү олж хардаг санагддаг. Харин мэргэжлийн уран бүтээлчид “Ийм дүрд ингэж ажиллажээ” гэж суралцах байдлаар үздэг байх. Германд суралцаж, ажиллаж, амьдардаг уран бүтээлчийн хувьд “Бүтээсэн дүрээс минь үүнийг л олж хараасай” гэх өөрийн арга барил, ажиллагаа танд байдаг байх?
-Жүжиглэлтийн техникийн ялгаа бий л дээ. Миний хувьд Германд өсөж, Берлинд драмын сургууль төгссөн. Герман кино өөрийн өнгө төрхтэй, уран бүтээлчдийн жүжиглэлт нь ч дэлхийд танигдсан өөрийн гэсэн стильтэй шүү дээ. Нэг ёсондоо илүү бодит, жишээлэхэд, хүний хажууд сууж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр жүжиглэлт гардаг бол Монголд орос суурьтай буюу тайзны жүжиглэлт ихтэй. Тиймээс надаас, миний дүрээс “Жүжиглэлт нь өөр юм. Ямар учраас вэ” гэж ойлгож хараасай бас өөрөөр жүжиглэхийг, бүтээхийг оролдоосой гэж хүсдэг. Залуу уран бүтээлчдээс “Эгч ээ танаас суралцдаг шүү. Таниар хичээл заалгая” гэх нь бий. Мэдээж би мэдэж, сурсан зүйлээсээ хуваалцах дуртай.
-Монголынхоо гурван л уран бүтээлд тоглож байгаа гэхээр өөрт тань ирж буй уран бүтээлийн саналд та өндөр шалгуур тавьдаг бололтой?
-Миний хувьд Монголдоо ирж, уран бүтээлд тоглох ашиг багатай бизнес л дээ. Сонирхлоороо тоглодог болохоор хамгийн сайн уран бүтээлд л тоглохыг хүсдэг. Тоондоо биш, чанартаа учир нь байдаг.
-“Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг сонсохоор “Эмэгтэй хүн гэж нээрээ л ийм энхрий, зөөлөн, эмзэг турьхан, нандин даа” гэсэн мэдрэмж төрдөг. Та ямар өнцгөөс энэ дүрд ажиллахыг хичээсэн бэ?
-“Бүсгүй” киноны гол дүр миний өмнө нь тоглож байсан дүрүүдээс илүү зөөлөн, эрх танхи эмэгтэй. Тэгсэн мөртлөө дууны үгэнд гардаг “Амьдрал даасан бүсгүй минь” гэх мөрт шиг амьдралын олон зүйлийг дааж чаддаг, ухаалаг бас дурламтгай, гэнэн томоогүй нэгэн.
-Эмэгтэй хүний эрх танхи, дураараа зан нийгмийн байдал, хүмүүсийн араншингаас үүдээд бүдгэрдэг шиг санагддаг. Эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой гэж та боддог бол?
-Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байгаасай гэж боддог. Үнэ цэнийг хэн нэгэн чиний өмнөөс тогтоодог зүйл биш. “Би өөрөө өөртөө хэр үнэ цэнтэй вэ” гэдгээ хүн өөрөө л тогтооно. Өөртөө үнэ цэн тогтоосон хүн аливаад ондоо ханддаг. Өөрийгөө үнэлдэг эмэгтэйн өмнө хэн ч ёс суртахуунгүй байж чаддаггүй. Бусдын хандлага хүртэл тэгж өөрчлөгддөг. Бусдаар хүндлүүлье гэж бодож байвал өөрийнхөө үнэ цэнийг өөртөө тогтоох хэрэгтэй. Хайр гэдэг өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Би өөрийгөө их дээгүүр үнэлдэг эмэгтэй. Заримдаа хүмүүс “Чи яаж ийм өөртөө итгэлтэй байдаг юм бэ” гэж гайхдаг. Мэдээж би дандаа ийм байгаагүй. Энэ чинь нас, туршлага, амьдралын алдаа, оноон дээрээс бий болсон зүйл шүү дээ. Өөртөө итгэлтэй хүн зоригтой байдаг. Зоригтой учир шийдэмгий, түүнийхээ ард бат зогсож чаддаг.
-Та нэгэн яриандаа Ардын жүжигчин Н.Сувд гуайн бүтээсэн “Мандухай цэцэн хатан” киноны дүрд дуртай гэсэн байна лээ. Уг киноноос сэтгэлд тань үлдсэн сайхан хэсэг аль нь вэ?
-Хуучны уран бүтээл одооныхоос илүү чанартай байдгийг хүн бүр л ярьдаг шүү дээ. Алтан үеийн уран бүтээлчид тайз, дэлгэцийн тоглолтыг илүүтэй ялгадаг байсан юм шиг санагддаг. Одоо бол уран бүтээлчид камерын өмнө тайзан дээр тоглодог шигээ тоглох гээд байдаг. Ардын жүжигчин Н.Сувд гуай бол сайхан эмэгтэй, мундаг жүжигчин. Бага байхад “Мандухай цэцэн хатан” киног үзэхэд Мандухай дайнд морддог хэсэг нэг тийм баатарлаг мэдрэмж төрүүлдэг байсан. Мөн дайнаас ирээд хүүхдээ хорлогдсоныг мэдээд уйлдаг хэсэг сэтгэлд тод, хадаатай явдаг.
-Та багадаа ямархуу хүүхэд байв?
-Би Улаанбаатарт төрсөн, гуравдугаар анги хүртлээ энд сурсан. Багадаа ааштай, ууртай, зөрүүд, юмыг өөрийнхөөрөө хийх гэдэг хүүхэд байсан. Урлагт дуртай, дуу хөгжимд их хоббитой. Хүүхдийн хувьд огт танихгүй орчинд очиж, бусад хүн мэдэхгүй хэлээр ярина, өнгө, зүс нь өөр байна гэдэг цочирдом зүйл л дээ. Тэр ч утгаар эхний хоёр жил ичимхий, хичээлдээ явах дургүй хүүхэд байлаа. Харин яваандаа герман хэл сураад, бусадтай төвөггүй ойлголцоод ирэхээрээ хичээлдээ дуртай, нээлттэй болсон.
-Хорь гаруй настай Г.Ариунболорын тухай яривал?
-Хорь гаруй нас бол амьдралын минь хамгийн сайхан, дурсамжтай үе. Учир нь, би дуртай мэргэжлээрээ суралцаж байсан. Мэдээж найз, нөхөдтэйгээ гадуур гарах, диско бааранд орж үзэх гээд юм бүхэн сонихон үе. Берлин чинь хөгжөөн цэнгээний газар шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрээс Берлиний баарыг үзнэ гэж хүмүүс ирдэг гээд л бод. Хүн ер нь шоудалтын насыг туулж үзэх ёстой юм шиг санагддаг. Тэндээс бас өөрийгөө олж мэддэг. 30 хүрээд илүү төлөвшөөд гэр амьтай болоод ирдэг юм билээ. Урьд нь хагас бүтэнсайнаар гарахгүй л бол амьдрал дуусах гээд байгаа мэт бодогддог байсан бол одоо эсрэгээрээ гэртээ байхгүй бол амьдрал дуусах гээд байгаа юм шиг санагддаг болсон. Одоо бол аль болох гэртээ халуун дулаан орчин бүрдүүлж, ном уншиж, амар тайван байхыг эрхэмлэх болсон.
-Таны эрхэмлэдэг зан чанар юу вэ. Миний анзаарснаар та шударга бус зүйлд үнэн голоосоо дургүй байх?
-Тийм ээ, энэ зан чанар эмээгээс минь үүдэлтэй. Манай эмээ намын гишүүн, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн өндөр боловсролтой хүн. 1960-аад оны үед эмэгтэй хүн бүр академик боловсрол эзэмшдэггүй байлаа шүү дээ. Тийм байхад эмээ минь олон сургууль дүүргээд, дээгүүр албанд ажилладаг байсан. Насаараа намын гишүүн байсан болохоор их зарчимч, эрх тэгш байдал, үнэн зөвийн төлөө тэмцэгч байв. Намайг багад намын хуралдаа дагуулж явна. Эмээ эмэгтэйчүүдээс ганцаараа босоод л цаасан дээр тэмдэглэсэн зүйлсээ зоригтойхон хэлчихдэг байлаа. Түүндээ их сэтгэл хангалуун “Хэлэх л ёстой” гээд инээмсэглэдэг байсан нь мартагддаггүй.
-Ганцаараа байх дуртай юу. Магадгүй та мөрөөдөмтгий байх аа?
-Ер нь бол нийтэч, олны дунд байхыг хүсдэг хүүхэд байсан. Гэхдээ найз нөхөд, хүмүүсийн дунд байхдаа манлайлах дуртай. Яагаад ч юм хүн надад зааж, зааварлахад дургүй. Мөрөөдөмтгийгийн хувьд ёстой мөрөөдөмтгий шүү. Багадаа бол асар их мөрөөддөг хүүхэд байсан. Түүний зарим нь биелэсэн, зарим нь биелээгүй. Бүр “Backstreet Boys” хамтлагийн Nick Carter-тай гэрлэх юм сан гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл үнэгүй, хязгааргүй зүйл шүү дээ. Тэгэхээр хүн бүрийг хязгааргүй мөрөөддөг байгаасай гэж хүсдэг. Одоо ч би мөрөөддөг.
-Том болоод ямар эмэгтэй болно гэж мөрөөддөг байв. Одоо тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?
-Багадаа ааштай гэж хэлэгддэг байсан болохоор ч тэр үү хүн намайг яаж ч уурлуулах гэж оролдсон уурлахгүй байх сан, хэн нэгэн намайг яаж ч гомдоосон гомдохгүй байх сан гэж боддог байлаа. Өөртөө итгэлтэй эмэгтэй болох сон гэж мөрөөддөг байсан. Хүн надад битгий амархан халддаг байгаасай, миний сэтгэлзүй, үнэ цэнд дураар нэвтэрдэггүй байгаасай гэж боддог байлаа. Одоо тэр бүхэндээ хүрсэн. Мэдээж хүн юм чинь заримдаа гомдоно. Гэхдээ айхтар нурж унатлаа гомдохыг хүсдэггүй.
-Хүмүүс хүлээлтийг өөр өөрийнхөөрөө ойлгодог. "Хүлээлтгүй амьдар" гэх нь ч бий. Таны хувьд хүлээлт гэж юу вэ?
-Янз бүр. Би амьдралдаа тэвчээртэй байж үзсэн, тэвчээр минь барагдаж байсан ч үе бий. Энэ нь ажил, хүмүүс, гэр бүлийн харилцааны алин дээр ч илэрнэ. Тэгэхээр хүн тэвчих юман дээрээ тэвчиж, хүлээх ёстой. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж юм бий. Заавал болохгүй байгаа юмыг болгох гээд байх хэрэггүй санагддаг. Хүн заавал зовж байж ямар нэг зүйлийг даван туулах ёсгүй шүү дээ. Зовохгүйгээр ч даван туулж болдог. Аав маань таван жил ухаангүй эмнэлэгт байхад би "Одоо ингээд л сэрчих болов уу" гээд найдаж, хүлээж байлаа. Мэдээж тийм үед хүнээс тэвчээр шаардана. Тэр үед би “Заавал зовж шаналах хэрэггүй юм байна шүү дээ. Харин ч “Аав минь амьд байна шүү дээ” гэж талархаж бодох, сэтгэл тайван байх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон. Бүх зүйл хоёр туйлтай. Хүн өөрт тулгарах хэцүү бэрхэд санааширч, зовж суухын оронд амьдрал намайг юунд сургах гээд байна вэ гэдгийг олж харах нь чухал санагдсан.
-Монголынхоо уран бүтээлчидтэй ажиллах үед тулгамддаг, бэрхшээлтэй түгээмэл зүйл бий юү?
-Соёлын ялгаа томоор илэрдэг л дээ. Миний хувьд Германд өссөн болохоор тухайн газрын хүмүүжил бий. Герман хүмүүс асар зарчимтай. Юмыг хийх ёстой журмаар нь яс хийдэг. Манайхан зарчим баримтлах гээд байгаа мөртлөө түүнийхээ төлөө тэмцэж чаддаггүй, юмыг аргалах гээд байдаг нь бухимдал төрүүлдэг. Үүнээс үүдэн маргалдах үе байна, хэлэхээр хүлээж авах дургүй. Нэг ёсондоо засахгүй, сайжрах хүсэлгүй, байдгаараа л байхыг сонгож байгаа нь бэрх санагддаг.
-Та жүжигчнээс гадна найруулагч, кино зохиол бичих сонирхолтой гэсэн. Монголдоо кино хийх үү?
-Өөрийгөө герман хүн гэж боддог монгол зохиолч эмэгтэйн тухай кино хийж байгаа. Монгол, Германд зургийг нь авна. Өөрөө кинондоо тоглох санаатай байгаа. Мөн найруулагч олдохгүй бол найруулах ч бодол бий, гэхдээ одоогоор шүү дээ.
Г.Ариунболор жүжигчний ээж Багшийн дээдийн драмын ангийг жүжигчин, найруулагч Г.Доржсамбуугийн удирдлагад жүжигчин мэргэжлээр сургуулиа төгсөж байжээ. Харамсалтай нь, тэрбээр цэл залуугаараа охиноо гурван настайд нь өвчний улмаас бурхан болсон юм. Тэрбээр “Миний ээжийн залуу цагийн сайхан зургууд бий. Би ээжтэйгээ их адилхан. Мэдээ орсон цагаасаа л "Ээж шигээ эмэгтэй болно" гэж боддог байлаа. Ээжийнхээ хүсэл мөрөөдлийг маш сайн үргэлжлүүлж яваа гэж боддог. Магадгүй үргэлжлүүлэх сэн гэх хүсэл минь намайг хөтөлж, урлагаа орхихгүй, Монголд авчирдаг байх” гэсэн юм.
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |