• Өнөөдөр 2024-04-18

МАН-ЫГ “ХӨМРҮҮЛЖ” МЭДЭХ Т.БАДАМЖУНАЙН ХЭРГҮҮДИЙГ ХАВ ДАРЖ БАЙНА

2023-05-26,   2352

    Т.Бадамжунайг “шувуу” ажиллагаагаар “шүүрч” авчран шалгаж эхлээд сар хагасын хугацаа өнгөрлөө. Өнөө хүртэл хууль хяналтынхан ч, Х.Нямбаатар ч Т.Бадамжунайг хэрэг хэрхэж байгаа, хэнтэй хэрхэн холбогдож байгаа тухайд ам ангайсангүй. Товчхондоо, хав дарж, тас нууж байна. Учрыг нь ухвал, улстөрчдийн бүхий л том хэргүүдийн олсны үзүүр Т.Бадамжунайн халаасанд зангидагдаж буй аж. Тэр зангилааг тайлбал МАН задарч мэдэх ноцтой нөхцөл байдал үүсэх учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж дуустал хэн ч, хаашаа ч нууц задруулахгүй байх Засгаас чиглэлтэй хатуу үүрэг хүлээцгээжээ. 

Т.БАДАМЖУНАЙ БА ГАЗРЫН ХУЛГАЙ

    1999 онд М.Энхболд Хотын дарга, 2000 онд Т.Бадамжунай Хотын менежер болсноор тэдний хоршил, хамтралын түүх эхэлсэн. Тэд таван жил хотыг удирдахдаа Зайсан толгойн урдах газрыг “Сөүл” хочит УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт, Маршалын гүүрний ардах газрыг “Стандарт” хочит “Чингис хаан” банкны эзэн Д.Батаад гэх мэтээр баруун, солгойгүй тараасан. Нийслэлд шилэн барилгууд шил шилээ даран сүндэрлэж, тансаг хотхон, хорооллууд хаа сайгүй баригдаж, төлөвлөлт алдагдаж, түгжрэл, төвлөрлийг голомт болсны гол буруутнууд нь М.Энхболд, Т.Бадамжунай нар болон тэднийг залгамжилсан хотын фракцынхан. Тиймдээ ч тэд хэнд, хаана, хэдэн төгрөгийн авлигаар хэчнээн хэмжээний газар хууль бусаар олгосныг бэ гэх олсны үзүүрээс угзрахад улс төр, бизнесийнхнээс асар олон хүн орооцолдож унана гэсэн үг. Сонирхуулахад, Т.Бадамжунайн хот дахь нөлөө саяхныг хүртэл үргэлжилсэн. Хүргэн Э.Анар нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаалд 2020 он хүртэл ажилласан байдаг. 

Т.БАДАМЖУНАЙ БА ЖДҮ

    МАН-ынхныг “ЖДҮ”-гийн “амтанд” оруулсан анхдагч нь Т.Бадамжунай. Тэр 2008 онд ХХААХҮ-ийн сайдаар томилогдож, 2012 оны долдугаар сар хүртэл ажилласан. Сайдаас буусных нь дараахнаас буюу аравдугаар сард УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Т.Бадамжунайн “цэрэг”-үүд болох ХХААХҮЯ-ны ТНБД асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан М.Баярмагнай нарыг ЖДҮХС-гийн 500 сая төгрөгийг нэр бүхий 108 иргэн, компанийн данс руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ зарлаж байв. Мөн тухайн үед Нийслэлийн прокурорын орлогч байсан Ё.Сагсай энэхүү 500 саяын хэрэгт Т.Бадамжунайг голчлон шалгах шаардлагатай гэж мэдэгдсэн байв. Гол нь, тухайн 108 компани дотор төрийн түшээд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд багтсан гэх мэдээллүүд цухалзаж байлаа. Өөрөөр хэлбэл, аль 11 жилийн өмнө Т.Бадамжунай Ардын намынхандаа ЖДҮ-ийн зээлийг тарааж явжээ гэсэн үг л дээ. Харамсалтай нь, Т.Бадамжунайг шалгах хууль хяналтынхны оролдлого удалгүй замхарч, хэрэг нь мартагдсан. Хожим нь, 2018 онд ЖДҮ-гийн дуулиан дахин дэгдэж, УИХ-ын 49 гишүүний нэр ил болоход мөн л тэдэнд ингэж хувь хүртээсэн хүн нь Т.Бадамжунайн гэцгээж байлаа. Товчхондоо, Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байхдаа болон түүнээс хойш хил гарч зугтах хүртлээ ЖДҮХС-д хэрхэн нөлөөлсөн, хэчнээн хүнд хууль бусаар зээл олгосныг нь нэгтгэхэд МАН-ын олон хүн хөлд нь чирэгдэнэ. 

Т.БАДАМЖУНАЙ БА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА

     2013 онд М.Энхболд МАН-ын дарга болж, харин Т.Бадамжунай МАН-ын санхүү хариуцсан нягтлан, томилгоо хариуцсан хүний нөөц болж очсон. Тэд 2017 он хүртэл Тусгаар тогтнолын ордныхныг харцаараа хөдөлгөж, намынхандаа тахин шүтэгдсэн. Хэн, хэзээ, хаана ямар албан тушаалд томилогдохыг тэд шийддэг, хэнийг мандуулж, хэнийг нь “матарлах”-аа тэд зурагладаг, хэн хаанаас хэдэн төгрөг “хумслах”-ыг тэд хэлж өгдөг байсан гэлцдэг. Албан тушаалд горилогсод, арын хаалганыхан, төр тонохыг шунагсад Т.Бадамжунайн өрөөний үүдэнд орох оочероо хүлээн харц далдиран сууцгаадаг байсан гэх үлгэр домог шиг яриа бий. Тухайн үед Т.Бадамжунайг албан тушаалын томилгооны “загалмайлсан эцэг” ч гэдэг байв. Өнөөгийн төрийнхөн дунд ч Т.Бадамжунайгаас хөтөлж, хормойдож хэлд, хөлд орсон түшээд олон бий. Хамгийн сүүлд, Т.Бадамжунай Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтцийг зураглаж өгсөн гэдэг. Товчхондоо, Т.Бадамжунайгаас угшилтай, улс төрийг аалзны том мэт хэрсэн асар том сүлжээ бий. Тэр сүлжээ ил болбол одоогийн төр орших, эс орших асуудал ч яригдаж мэднэ. 

Т.БАДАМЖУНАЙ БА ХӨГЖЛИЙН БАНК

     Хөгжлийн банкны хэрэгт ч Т.Бадамжунай хуруу, хошуу дүрж, хуваарилалтад оролцож байсан гэх баримтууд хууль хяналтынханд бий юм билээ. Хамгийн ойрын жишээ нь, Хөгжлийн банкны хэргээр дээлээ нөмрөх дээрээ тулаад Ё.Баатарбилэг. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг албан тушаалын “амт”-нд анх оруулсан хүн нь Т.Бадамжунай. Тэр Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байх үед зөвлөх нь байсан. Улмаар Т.Бадамжунай 2010 онд Ё.Баатарбилэгийг Архангайд аваачиж Засаг даргаар томилуулж, эхнэрийг нь Төрийн банкны захирал болгоод, төсвөөс байр, машин авч өгч, амьдралыг нь алга урвуулахын төдийд өөрчилж байв. Хэрвээ Ё.Баатарбилэг Т.Бадамжунай шиг том аргүй байсан бол Хөгжлийн банкны хулгайд хуруу дүрэхгүй байсан гэхэд хилсдэхгүй. 

Т.БАДАМЖУНАЙ БА НҮҮРСНИЙ ХУЛГАЙ

    “Нүүрсний хулгай”-д холбогдсон Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө сошиалд нийтэлчихээд Солонгосыг зорьсон. Тэр тийшээ Т.Бадамжунайтай уулзах, улс төрийн шинэ тактик боловсруулах зорилготой явсан тухай төрийн ордон даяар жиг, жуг гэцгээж байлаа. Тэд Архангайгаар овоглодог, амь нэгтэй ах дүүс. Ж.Мөнхбат Т.Бадамжунайгаас хөтөлж, хормойдож улс төрд анх хөл тавьсан. Хожим нь Хадгаламж банкны хэрэгт хамт холбогдож, хууль хяналтынханд хамт ээрэгдэж, хамт мултарч явсан. Үе үехэн хил давж, хууль бусаар казинодох муу зуршлыг Ж.Мөнхбат Т.Бадамжунайгаас “өвлөсөн” гэхэд хилсдэхгүй. Туушингийн зүүн хойхно, Үнэн сонины ард байрлах 11 давхар оффис, орон сууцны барилгыг Т.Бадамжунай, Ж.Мөнхбат хоёр хамтарч эзэмшдэг, хамгийн дээд давхарт нь тухалцгаадаг тухай олон ч жил ярьсан. Ядруухан яруу найрагч ярвайсан баян болсных нь, “нүүрсний хулгай”-г хэнээс ч айхгүй хийснийх нь ард ах Т.Бадамжунай нь байсан хэрэг л дээ. 
 
     Энэ мэтээр төрийнхний оролцсон бүхий л том хэргүүд Т.Бадамжунайтай холбогдож буй. Хэрвээ Т.Бадамжунайн хэргүүдийг ил болгож, холбогдсон хүмүүсийг нь зарлавал УИХ, Засгийн газар унах нь цаг хугацааны асуудал болж хувирна. Тиймдээ ч Т.Бадамжунайн хэрэг хэрхэж байгааг, хэн хэн холбогдож байгааг тас нууцалж байгаа ажээ. 
 

МАН-ЫГ “ХӨМРҮҮЛЖ” МЭДЭХ Т.БАДАМЖУНАЙН ХЭРГҮҮДИЙГ ХАВ ДАРЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 21:34:35
    Сонин хүү: 20 гаруй жилийг өмнөөс ёс бус үйлдэл хийж байсныг мэдэж байсан юм бол тэр үeд шийдэхгүй юугаа хийж байсан төр засаг хууль хяналтынхан бэ.? Нөгөө нэргэсэн хойно хашгирав гэгчээр хүнийг улам муутгах гэж байгаа аятай нэг их сүрхий бүхнийг мэддэг хүн болох гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юм сараачих юм. Нэгэнт аваад ирсэн юм чинь учир нь олдох байлгүЙ .Хүн тулсан ү eд аминдаа хайртай амьтан шүү дээ.Үнэнийг хэлэх биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 12:03:46
    Өөлд: Бурхан өршөө, уучлаарай, монгол улс бурхны шашныг миний шашин гэж үздэг шүү дээ Энэ эрхэм. бол бол нь одоо харсаар байтал. Ловон Бадамжунай. бурханы. газарт тодорсон. хувилгаан яг мөн байна Бурхны хувилгаан хүн. Хоёр нүдний хээ дунд. Том мэнгэтэй төрдөг юм гэсэн, Яамаар юмбэдээ сүмд сууж түмэнд буян үйлдэж байж цагаарааа. мөрдөнд сууж байх ч гэж дээ. Харамсаж баына, Энэ эрхэмийн. энд нийтэлсэн зураг хөргийг хараад төрсөн сэтгэгдлээ бичлээ,Андуу ташаа санагдвал. Мунхаг намайг өршөөгөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 08:32:58
    Бузар: Бурханы нэр гутаасан новш. Хулгайч #1 гэвэл таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-26 07:34:00
    Хүргэн: БАДАМЖУНАЙН БАГА ОХИНТОЙ СУУСАН ХҮРГЭН НЬ ЭРДЭНБИЛЭГ ГЭЛҮҮ ӨӨРӨӨС НЬ АРАВ АХ БАНКАНЫ ЭЗЭН БАЙДАГ ГЭЭД Л ШУУГИАД БАЙСАН
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188