УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг цагтаа түмний хайртай бөх явлаа. Бөхөөсөө бизнесмен болж, “Жем групп”-ийг байгуулан, архи, шар айргаар ард түмнээ овоо ч “сэгсэрсэн”. Дараа нь Америкт 10 гаруй жил амьдарч, алсаас бизнесээ удирдсан. Харин буцаж ирээд тэр Австрали, Сингапуртай хамтарсан уул уурхайн компаниудыг угсруулан байгуулж, нүүрсний бизнест нэг мөр хөл тавьсан. Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” гээд Ц.Цэрэнпунцагийн гадаадуудтай хамтарсан компаниуд олон. Тэр компаниудаараа “Овоот”-ын нүүрсний ордыг ухах гэж Хөвсгөлчүүдтэй хэдэн жил “дайтаж” байгаа. Хөвсгөлийнхөн хүрз шороо ч ухуулахгүй гэж тэмцсээр өдийг хүрч буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн тухай илүү ноцтой мэдээлэл байна. Тодруулбал, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, асар олон хүний "дээлийг нөмрүүлж" мэдэхээр болоод байгаа “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гэх хэргийн гол эзэн буюу нууц ноён нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байж болзошгүй хэд хэдэн ноцтой сэжүүр байна.
БАРИМТ 1: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЭЗЭН СУУСАН, СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-ИЙН МОНГОЛ ТАЛЫН ЭЗЭН Э.ОЮУТЦЭЦЭН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГТАЙ ХОЛБОГДДОГ
Сингапурын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” гэх компани “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн сууж, Цанхийн зүүн хэсгийн олборлолтыг ажлыг нь хариуцаад 10 жил болж буй. Тус компанийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан олборлолтын гэрээ нь Монголд асар их алдагдалтай байгаа нь тогтоогдож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаад ч зогсоож чадаагүй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай дахин 2.2 их наяд төгрөгийн, гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Тус компанийн Монгол талын хувь эзэмшигчээр Энхболдын Оюутцэцэн гэх залуу ажиллаж ирсэн байдаг. Тэгвэл Энхболдын Оюутцэцэнгийн холбоо хамаарлыг хөөж үзвэл, эцсийн цэгт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай холбогддог ажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн зөвлөхөөр Намнангийн Биндэръяа гэх залуу ажилладаг. Зөвлөхөөс гадна Ц.Цэрэнпунцагийн Огторгуйн цагаан гарьд сангийн тэргүүнээр давхар ажилладаг, товчхондоо түүний баруун гар нь. Тэгвэл Намнангийн Биндэръяа нь Энхболдын Оюутцэцэнтэй хамт “Комида Кибо” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Комида Кибо” ХХК нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт сармисны тариалалт эрхэлдэг гэх. Завхан аймаг бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн тойрог гэдгийг нэмж дурдах нь зүйтэй.
Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН ЗӨВЛӨХӨӨС ЭХЭЛСЭН СҮЛЖЭЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХОЛБОГДОХ НЬ...
Цааш нь хөөвөл, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн зөвлөх, баруун гар Н.Биндэръяа болон Э.Оюутцэцэн нарын хамтран эзэмшдэг “Комида Кибо” ХХК нь “Завхан, Улиастай, 4-р баг, Богдын гол, С.Шагж аваргын 16, 1618 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг нь “Завхан пропертиз” ХХК давхар бүртгэлтэй байдаг бөгөөд Догсомын Чулуунбат эзэмшдэг.
Догсомын Чулуунбатын цааш нь хөөвөл маш ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, Догсомын Чулуунбат нь өнөөх Энхболдын Оюутцэцэн болон Батбилэгийн Мөнхбаатартай хамтран “Си Эйч Өү Эм Констракшн” ХХК-ийг эзэмшдэг.
Энэ сүлжээ эндээс илүү сонирхолтой болж хувирна. Тодруулбал, Батбилэгийн Мөнхбаатар гэгч нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажилладаг аж. Б.Мөнхбаатар нь тун хөрөнгөлөг нэгэн бөгөөд 2.7 тэрбумын орон сууцанд амьдардаг, 400 саяын Меrcedes Benz G 55 унадаг, бусдаас 1.0 тэрбум төгрөгийн авлагатай гэж АТГ-т мэдүүлсэн байдаг.
Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН ЗӨВЛӨХӨӨС ЭХЭЛСЭН СҮЛЖЭЭ НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДТАЙ ХОЛБОГДОХ НЬ...
Цааш нь хөөвөл, Б.Мөнхбаатар нь дээр дурдсан “Си Эйч Өү Эм констракшн” ХХК-иас гадна “Коллекшн центр” ХХК, “Циркон майнинг” ХХК, “Монгол уул уурхайн түншлэл” ХХК-иудыг эзэмшдэг. Энэ компаниудынх нь гүйцэтгэх захирлаар Ёндонгийн Ууганбаяр ажилладаг. Тэгвэл Ёндонгийн Ууганбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг компаниудын эздийн нэг ажээ.
Тодруулбал,
- Ё.Ууганбаяр Э.Оюутцэцэнгийн аав Цэндийн Энхболдтой хамтран “Голден фрейт” ХХК-ийг эзэмшиж байсан. Одоо Ё.Ууганбаяр ганцаараа эзэмшдэг. Тэгвэл “Голден фрейт” ХХК нь энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 27 ачааны автомашинаар нүүрс тээвэрлэхээр гэрээлсэн.
- Ё.Ууганбаяр “Арвин хишиг логистик” ХХК-ийг Дашцэрэнгийн Уртнасантай хамтран эзэмшиж ирсэн. “Арвин хишиг логистик” ХХК нь энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 32 ачааны автомашинаар нүүрс тээвэрлэхээр гэрээлсэн.
- Ё.Ууганбаяр нь Чойжилын Батжаргалтай хамтран “Новел Девелопмент Юнион” ХХК, “Говь генетик” ХХК-иудыг эзэмшдэг. Хамтрагч Чойжилын Батжаргал нь “Шанх транс “ХХК-иараа энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 111 ачааны автомашинаар нүүрс тээвэрлэхээр гэрээлсэн.
- Ё.Ууганбаяр Бадраагийн Буман-Эрдэнэтэй хамтран “Содов майнинг” ХХК, “Монголын Ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн арвин зам холбоо” ТББ, “Буман титэм агро” ХХК-иудыг эзэмшдэг.
БАРИМТ 2: УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН БИЗНЕСИЙН “АЛТАН” ХАМТРАГЧ НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ГЭРЭЭЛДЭГ НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИТАЙ
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрөө Өмнөговь дахь нүүрс тээврийн компаниудтай хэрхэн шууд холбогддогийг танилцуулъя. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, түүний "Жем интернэшнл" ХХЗ нь Содномын Жаргалсайхан гэгчтэй хамтран “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг эзэмшдэг.
Тэгвэл Содномын Жаргалсайхан нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, автомашинаар нүүрс тээвэрлэдэг “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшдэг. Хачирхалтай нь, Содномын Жаргалсайхан нь “Харгуйн тал транс” ХХК-ийг 2021 оны хоёрдугаар сарын 7-ноос эзэмшиж эхлээд ердөө сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байдаг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
“НҮҮРСЧДИЙН БҮЛЭГЛЭЛ”-ИЙН НУУЦ НОЁН НЬ Ц.ЦЭРЭНПУНЦАГ УУ |
|