• Өнөөдөр 2025-02-05

Монгол түмний өнөд үргэлжлэх наадам

2024-07-11,   1401

Зөөлөн, дулаан салхи хацар элбэн, өнгөрсөн шөнө орсон борооны үнэр хамар цоргиж, найган бүжих цэцэгс сэтгэл гижигдэн, цар цар хийн царцаа нисэлдэж, Хүй долоон худагийн хөндий тал наадамчин түмнээс дутахгүй зүүсгэл, гоёлоо “өмсөн”, дэнж бүр “хотойж” ядан моринд дуртай монгол түмнээ угтан байх шиг санагдана. Тэртээ уяанд ижил сүргээ санагалзаж байна уу гэлтэй адуу үүрсэн янзгааж, энд тэндгүй тарааж шидсэн чулуу мэт цагаан гэр, өнгө өнгийн асрууд ярайж Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хэдийнээ эхэлжээ.

Долдугаар сарын 10-ны өглөөний 07:00 цагт хотоос баруун тийш чиглэх автомашины хөдөлгөөн удааширч, түгжрэл ид эхэлж байлаа. Хоёр цаг хэртэй явсны эцэст Хүй долоон худагт ирээд буй нь энэ. Хязаалан насны морьдыг 07:00 цагаас бүртгэж эхэлсэн ч гэлээ 09:00 цагт Сэрвээний өндөр хэмжих газарт 50 хүрэхгүй үрээ харагдаж, барианы зурхайд уяачийн нэр хийгээд үрээнийх нь сэрвээний өндрийн хэмжээг дэлгэцээр харуулж байлаа. Хар хувцастай цагдаагийн алба хаагч нар хэдийнээ байраа эзэлж, будилсан, машины зогсоолоо олж чадахгүй байгаа зэрэг наадамчин олонд тусалж, ямар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл хаана зогсохыг зааж байв.

Төд удалгүй Сэрвээний өндөр хэмжих газарт таван машин дуут дохио хангинуулсаар ирсэн нь мал эмнэлгийн газрынхан гэнэ. Энэ жилээс малын эмч нарыг сэрвээний өндрийг хэмжихэд оруулцуулахгүй болсноос гадна тэд будлианы гол эзэд гэх мэдээлэл чих дэлсэв. Тийн сонсоод удаагүй байтал цагдаа нар “Мандатгүй хүмүүсийг оруулахгүй шүү. Жолооч нар ажлын үнэмлэхээ үзүүлээрэй” гэх нь дуулдана. Морьд нь хасагдсан хүүхдүүд автобусны сүүдэрт суужээ. 

Хэдийгээр би хөдөө мал хуйтай ойр өссөн,  аймаг, сумын наадам цөөнгүй үзэж байсан ч гэлээ улсын наадмын хурдан морины уралдааныг нүдээр үзэж байсангүй. Тийм болоод ч тэр үү, надад бүх зүйл сонин содон, шинэ санагдана. Аав маань залуудаа хурдан морь уяж байсан удаатай. Гийнгоо хадаахад л байгаа газраасаа гараад давхичихдаг байсан аавын маань хээр морь тээр жил уралдаж байгаад бахардаж, амьсгал тавьснаас хойш аав дахин морь уяхаа больсон түүхтэй. Аав хээр мориныхоо толгойг нутагтаа аваачиж залан, овоо босгосон гэдгийг олон удаа сонссон ч тэр газар нь яг хаана байдгийг асууж байгаагүйгээ саналаа. Харин насаараа нягтлан хийсэн хөгшин аав /нагац өвөө/ маань тэтгэвэртээ гарахдаа л мал хуйтай болсон бөгөөд ердөө хоёрхон морьтой байсан юм. Нэг нь догшин хүрэн, нөгөө нь номхон, сартай хээр. Догшин хүрэнд би айгаад ойртдоггүй. Харин сартай хээрийг би ойр зуур хонинд унах ч гэлээ намайг “дээрэлхээд” явж өгдөггүй сэн. Ах, хөгшин аав гээд надаас бусад нь мордихоор цогиулаад байдаг хэр нь намайг л унахаар явж өгдөггүй морь байж билээ. Одоо ч бид хааяа хээр морио дурсан ярих дуртай. Гэрийн маань гишүүн шиг санагддаг юм. Морьтой холбоотой миний дурсамж ингээд л боллоо.

Сэрвээний өндөр хэмжих газарт ирэх үрээдийн тоо нэмэгдсээр, хаа нэг “Хүүе, хаая” гэх, морьд үүрсэх дуулдана. Өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьд уралдах бөгөөд хязаалангийн сэрвээний өндөр 137 см, шүдлэнгийнх 132 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Ийн хүлгээ хөлөглөх хүүхдүүд цэцгэн дээр суусан эрвээхэй адил баяр хөөр дүүрэн, “Миний л морь түрүүлнэ дээ” гэх шиг цолгиун цовоо дүртэйгээр гарааны зурхай руу хөдөллөө. Энэ жилийн улсын баяр наадамд хязаалан насны 260 гаруй үрээг уралдуулахаар бүртгүүлснээс сэрвээний өндөр хэтэрсэн, шүдээр хасагдсан, бүртгүүлээд ирээгүй зэрэг шалтгаанаар 100 гаруй үрээ хасагдаж, 150 гаруй хурдан хязаалан шанадас сорьсон юм.

Айргийн таван үрээ тоос татуулан тасархай орж ирэн, наадамчин олон гийнгоо аялан уухайлж угтахад унаач хүүхдүүдийн унасан морьд улам бүр хурдална. Барианы зурхайг чиглэж байгаа хурдан морь хүлэглэсэн унаач хүүхдийг хараад монгол үүх түүх, өв соёл, уламжлал, нүүдэлчин ахуйгаараа огшдоггүй, омогшдоггүй, баярладаггүй, бахархдаггүй, бас нулимс дуслуулдаггүй монгол хүн цөөн биз. Би ч бас тэдний нэг. Дээрх үгийг батлах мэт 70 гаруй насны, бүрх малгай духдуулж тавьсан, морин цагаан цамц өмсөж, түрийтэй хар гутал жийсэн буурай нулимсаа арчиж байгаа харагдлаа. Тэр л лав залуудаа морь уяж байсан байж таараа.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Энхжингийн хээр үрээ аман хүзүүдэв. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Б.Баярмагнайгийн бор үрээ, дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Гантулгын сартай хээр, тавд Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Н.Мөнхийн бор халзан үрээ хурдаллаа.

10 гаруй морьдын дараа улбар шар нөмрөгтэй цавьдар үрээ барианы зурваст дөхөж ирээд хаашаа ч хөдлөлгүй зогсож орхив. Унаач ногоон хантаазтай хөрслөг бор хүү “Хөөе ээ, яваач ээ. Арын морьд ирлээ. Чи ингээд үгэнд ордоггүй, тэнэг ш дээ. Чамайг би дахиж унахгүй дээ” хэмээгээд хэдэнтээ гуядсан ч үл хөдөлнө. Хүү арайхийн барианы зурвасыг давуулан гишгүүлж, мориноосоо буун хөтөлсөн ч бас л хөдөлсөнгүй. Хүү нулимсаа нэг гараараа нудраад, үрээгээ хэд хэдэн удаа хамаг тэнхээгээрээ ташуурдтал сая нэг хүүг өрөвдсөн үү, эсвэл арай илүү өвдсөн үү, дуртай, дургүй алхаллаа.  

Нэлээн хэдэн морины дараа бас л нэг хүүгийн морь барианы зурхай дөхөөд зогсчихов. Арынх нь хэд хэдэн морь хүүгийн өмнүүр орлоо. Хүү харин ташуургүй тул гараараа ташуур хийж, цаанаа нэг хайрласан шинжтэй хязааланг алгадсан ч явсангүй. Хүү ичиж байна уу гэлтэй, нүдээ чартийлган инээмсэглэж, наадамчин олон руу хараа бэлчээтэл наадамчид хүүд урам өгөн гийнгоолсноор үрээ барианы зурвасыг давав.

Морьд барианд орж дуусав уу, үгүй юү, хурдан морь сонирхогчид тэр дороо тарж, 30 минутын дараагаас шүдлэн насны морьдыг бүртгэж эхэллээ. Гэвч уяачид морьдоо, хүүхдээ эрт наранд гаргаж ядраахгүй гэцгээж, хоёр цаг гаруйн дараа бүртгэл эхлэв. Үүнээс өмнөхөн цагаан үүлнээс цас гэж эндүүрэм харагдах том том цагаан бороо хэсэг дуслаад зогссон юм. Гэтэл шүдлэнгийн бүртгэлтэй зэрэгцэн хойноос хар үүл бараантаж, бороо, шороо нь үл мэдэгдэм сааралтаж үзэгдлээ. Унаач хүүхдүүдэд зовнисон наадамчдын дунд “Юу юугүй борооших нь, хүүхдүүд яадаг бол доо” гэх яриа хөвөрнө. Яах ийхийн зуургүй салхитай ширүүн бороо хаялж, барианы зурхайн асар болон сандалд суугаа хүмүүс нэгнийхээ нөмрийг бараадав. Хажууд суусан эгч шүхрээ дэлгэн, намайг борооноос халхлаад “Эгч нь Хөвсгөлийнх, анх удаа улсын наадам үзэж байна. Сайхан болдог юм байна. Нөхөртэйгээ Таван шараас автобусанд суугаад ирлээ. Маргааш ирэхдээ дэвсэх гудастай, тухтай ирнэ ээ. Түрүүхэн л шатаачих гээд байсан тэнгэр юу болов, дааруулж байх чинь хө” хэмээн яриа дэлгэв.

Хажууханд зогсох бас нэг ах хүү европ төрхтэй жуулчнаас  “Do you speak English?” хэмээн асуухад мэдээжийн зүйл асууж байгааг гадарлах зарим хүн жиг жуг хийнэ. Жуулчин “Of course” гэхэд өнөөх эр “Герман уу” гэв. Жуулчин харин “No, Belgium” хэмээтэл өнөөх ах цааш эргэн гэрийнхэндээ “Францаас ирсэн гэнэ ээ” гэж хэлж байгаа дуулдана. Бодвол хэл устайгаа гайхуулж, гэрийнхнээсээ хэдэн оноо авах гэж байгаа нь тэр бололтой. Бельги эр утсаа гарган, Хөвсгөл явсан зургаа үзүүлэн, яриа дэлгэх гэтэл өнөөх эр хэл усгүй гэдгээ мэдэгдэхээс ичсэн үү, явчихав. Харин гадаад эр гайхасхийж, морьд ирэх зүг харуулдлаа.

30 минут хэртэй орсон усархаг ширүүн бороо зарим газраар мөндөр болж, хэд хэдэн асрыг унагасан сурагтай. Шүдлэн насны морьд барианд ойртож байгааг цагаан хоолойгоор зарлалаа. Тус уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс 141 нь гараанд гарчээ. Түрүүлж ирсэн үрээ хийгээд дөрөвт хурдалсан үрээ унаач хүүхэдгүй барианд орсноор хурдан морины уралдааны дүрэм ёсоор таван байр ухрав. Ийн түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул, аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Г.Мөнхсайханы хар үрээ хурдаллаа. Харин айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хээр, дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Ч.Батжаргалын хонгор халзан, тавд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Ц.Зулхүүгийн зээрд үрээ орсон юм. Энэ үеэр дөрвөн настай болов уу гэмээр хүү “Ээж би морины жолооч болмоор байна” хэмээх нь хурдан морь үзэж буй хүн бүрийн сэтгэлд хурдаг бодлыг, баярын очийг, урам зоригийг илтгэнэ.

Морьд барианы зурхайд орж дуусахад наадамчид чихрийн цаас мэт зүг зүг тийш тархаж, олонх нь машиндаа сууж хотын зүг хүлгийн жолоо залсан ч наадмыг хоног тоолон хүлээдэг хүүхдүүдийн инээд цалгим дуу хадсан хэвээр, наадамчин олны хуушуур эрэх эрэл үргэлжилсээр. Наадмын хуушуур хийх гэр, асар олон бөгөөд хуушуурыг 2500-3000 төгрөгөөр худалдаалж байв. Харин миний хувьд өнөөдөр хуушуурны “одгүй” өдөр байлаа.

Хүй долоон худагийн ногоон дэвжээ машины толинд “Маргааш уулзъя” гэх аятай “өндөлзөн” үдлээ. Уртын дуу, уухайн түрлэгтэй, морьд хайртай монгол түмний наадам өнөөдөр, маргааш, монгол хүний мөрөө гаргасан газар бүрд өнөд үргэлжлэх нь гарцаагүй билээ.

 


Монгол түмний өнөд үргэлжлэх наадам
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188