• Өнөөдөр 2024-04-26

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 10 ЭМЭГТЭЙН ТҮҮХ

2024-03-08,   1093

Эргэлт.мн мэдээллийн сайт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Newsround” сэтгүүлээс онцолсон дэлхийг өөрчилж, түүх бүтээсэн 10 эмэгтэйн түүхийг хөрвүүлэн хүргэж байна.

 

ЖЭЙН ОСТИН

Зохиолч Жэйн Остин 41 насандаа таалал төгссөн ч амьдралдаа хэвлүүлсэн зохиол, бүтээлээрээ Британийн төдийгүй дэлхийн соёлд хүчтэй нөлөө үзүүлсэн гэгддэг. Тэрээр 1775 онд төрсөн бөгөөд өсвөр наснаасаа зохиол бичиж эхлэн нийт зургаан роман уншигчдын хүртээл болгосон бөгөөд түүний таалал төгссөний дараа бичиж үлдээсэн долоо дахь романыг нь хэвлэж байжээ. Жэйн Остин амьд ахуйдаа бүтээл, зохиолоо нууц нэрээр гаргадаг байв. Нас бартал нь хэн ч түүнийг зохиолч гэж мэддэггүй байсан бөгөөд тэрээр амьдралдаа нэг ч шагнал хүртэж байгаагүй гэдэг. Жэйн Остин таалал төгссөнөөс хойш дэлхий түүний бүтээл, зохиолоор амьсгалж, 200 жилийн дараа буюу одоо цагт түүний зураг бүхий 10 фунт стерлингийг хүмүүс өдөр тутамдаа ашиглаж байна.

 

ФЛОРЕНС НАЙТИНГЕЙЛ

Бусдад туслахын төлөө амьдралаа зориулсан жинхэнэ баатар хэн бэ гэвэл, тэр баатар Флоренс Найтингейл байх болно. 1820 онд Италид төрсөн тэрээр дайны үеийн сувилагчаас түүхэн баатар болж нэрээ дуурсгасан юм. Флоренс Найтингейл чинээлэг айлын охин болж төрсөн ч Крымын дайны үеэр Британийн цэрэгт туслахаар Лондон руу шилжиж ажиллажээ. Лондонд очсон даруйдаа армийн албан тушаалд томилогдсон нь эмэгтэй хүн цэргийн алба хаахыг зөвшөөрсөн анхны тохиолдол болж байв. Флоренс Найтингейлыг дайны фронтын эмнэлэгт очиход нөхцөл байдал аймшигтай байсан үе. Ор хүрэлцээгүй, бүх зүйл бохир, угаалга ч хийдэггүй байсан бөгөөд эмнэлэг дүүрэн харх байсан гэдэг. Харин 1854 оны арваннэгдүгээр сараас армийн эмчээр томилогдсон Флоренс Найтингейл дайны фронтын эмнэлгийг сэргээн өөрчилж, хүнд дайны цагт агуу үйл хийснээрээ дуурсагдан үлджээ. Түүний дайны үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг бүрэн өөрчилсөн нь дэлхийн эрүүл мэндийн маш том өв болж үлдсэн талаар түүхийн эх сурвалжууд өгүүлдэг. Шөнө ч унталгүй дэнлүү барин шархадсан цэргүүдийг эргэсээр “Дэнлүүтэй хатагтай” хочтой болсон түүнд Британийн хатан хаан Виктория талархлын захидал хүлээн бичиж байв.

 

МАРИ КЮРИ

Польшийн эрдэмтэн Мари Кюри дэлхийн түүхэн дэх цор ганц хоёр Нобелийн шагнал хүртсэнээрээ бүх цаг үеийн хамгийн агуу эрдэмтдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Мари Кюри 1867 онд Варшав хотод төрсөн бөгөөд Францад ажиллаж амьдрахдаа нөхөр Пьертэйгээ танилцан дэлхийг өөрчлөх гайхамшигт нээлт хийсэн гэдэг. Нөхөр Пьер нь мөн эрдэмтэн байсан бөгөөд Мари, Пьер хоёр хамтарч өмнөх эрдэмтдийн ажил дээр тулгуурлан цацраг идэвхт бодисыг нээж, 1903 онд Нобелийн шагнал хүртжээ. Гэсэн ч Мари Кюри судалгааны ажлаа үргэлжлүүлсээр полони, радий гэсэн хоёр шинэ химийн элементийг нээн илрүүлж, 1911 онд дахин Нобелийн шагнал хүртсэн байдаг. Мөн тэрээр дэлхийн нэгдүгээр дайны үед фронтод ашиглах боломжтой нэгэн төхөөрөмж бүтээсэн нь өнөөг хүртэл идэвхтэй ашиглагдаж буй зөөврийн рентгений анхны хувилбар байсан юм.

 

КОКО ШАНЕЛЬ

Коко Шанель 1883 онд Францад төрсөн бөгөөд бага ахуй наснаасаа оёж суржээ. Тэрээр 1900-аад оны эхээр анхны дэлгүүрээ нээн малгайны загвар зохион бүтээж эхэлснээр дэлхийн загварын ертөнцийн нүүр царайг өөрчилсөн юм. Малгайны загвар зохион бүтээхээ хэсэг азнаж, хувцасны загвар гаргаж эхлэн 1920-иод онд анхны сүрчгээ олны хүртээл болгож байдаг. Малгай загвараар дэлхийг өөрчилсөн Коко Шанелийн загварууд өдгөө хамгийн үнэтэй, хамгийн алдартай хэвээр байгаа билээ.

 

ТЕРЕЗА ЭХ

1997 онд түүнийг нас барахад дэлхий даяараа олон арван сая хүн харуусан гашуудсан гэдэг. Тэр дэлхийн II дайны хүнд хэцүү он жилүүдэд фашистуудын гараас олон зуун хүний амийг аварч, тэднийгээ хооллож, хувцаслаж, орон байраар хангаж, тэр ч бүү хэл биеийн байцаалт бичиг баримт хүртэл олж өгч тусалдаг байснаараа анх хүн төрөлхтний анхааралд өртөж, олонд хүндлэгдэж эхэлсэн юм. Хорвоо дээр 67 наслахдаа Христийн шашны ариун эх хэмээн өргөмжлөгдөж, хэдэн мянган хүнийг үхэл, өвчин зовлонгоос аварсан Тереза эхийг өнөөг хүртэл хүндлэн биширч, сургааль номлолыг нь дагадаг хүн манай Монголд ч цөөнгүй бий гэлцдэг. Нэгэнтээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Тереза эхийг Бурхны шашны далай ламтай эн зэрэгцэх загалмайн шашинтны Ромын папын дараа орох цорын ганц хүн хэмээн хэлж байв.

 

МАРГАРЕТ ТЭТЧЕР

“Төмөр хатагтай” гэдгээ алдаршсан Маргарет Тэтчер улс төрийн гараагаа Оксфордын их сургуульд Консерватив холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас эхэлж байжээ. Тэрээр Оксфордын их сургуульд Консерватив холбооны ерөнхийлөгчийн албанаас хоёр ч удаа парламентад нэр дэвшсэн ч ялагдал хүлээж, 1959 онд Финчли дэх сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болж байв. Тэвчээр, нөхөрсөг зангаараа алдартай Тэтчер 1975 онд Их Британийн улс төрийн хоёр томоохон намын нэг болох Консерватив намын дарга болж, улмаар 1979 онд Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж түүх бүтээсэн юм. Маргарет Тэтчерийн амьдралын түүх зөвхөн эх оронд нь төдийгүй дэлхийн улс төрд хүйсийн ялгааг арилгасан гэдэгт түүх, улс төр судлаачид маргадаггүй.

 

ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТ

Хатан хаан II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Йоркийн гүн болон гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ. Багадаа гэрийнхэн нь өхөөрдөж Лилибэт хэмээн дууддаг байсан II Элизабет 1936 онд VIII Эдвард хаан ширээнээсээ бууж, түүний аав VI Жорж хаан ширээг залгамжлахад гүнж болсон байдаг. II Элизабетын бага нас ордноос гаралгүй өнгөрсөн бөгөөд багш хөлсөлж, боловсрол эзэмшсэн гэдэг. Харин дэлхийн II дайн эхлэх үеэр Элизабет гүнж дайны төлөө үйл хийхээр эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албан эмнэлгийн машины жолооч болж, таван сар цэргийн алба хааж, дайны үеийн нийгмийн ажилд тусалж байв. Эцэг VI Жоржийнх нь бие муудах үеэр нийгэм, төрийн ажилд өөрийгөө дайчлан Канад, АНУ, Кени Улсаар ажиллаж, амьдарч байсан гэдэг. Харин Жорж хаан 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас барахад II Элизабет Кени Улсаас Лондонд хүрч, 1952 оны хоёрдугаар сарын 8-нд тангараг өргөж, хаан ширээг залгамжилжээ. Тухайн үед Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон гэдэг. 25 насандаа хатан хаан болсон II Элизабет 70 жил 214 өдөр хаан ширээнд сууж, дэлхийн түүхэнд хаан ширээнд хамгийн удаан суусан эмэгтэй удирдагч болсон юм.

 

КАМАЛА ХАРРИС

Камала гэдэг нь хинди хэлээр “бадамлянхуа цэцэг” гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрийг ээж нь түүнд өгчээ. Камала Харрис Калифорни муж улсын Окленд хотод 1964 онд төрсөн бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа анхны эмэгтэй болон анхны Африк, Ямайка болон Өмнөд Ази гаралтай албан тушаалтан болсон. Тэрээр эрүүгийн эрх зүйн тогтолцоо, цагдаагийн харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцэж, байр сууриа илэрхийлж байсан нь 2019 онд Демократ намаас сонгуульд нэр дэвшихэд хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг. Хэдий сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг дэд ерөнхийлөгчөөр томилсон байдаг. Мөн үүгээр ч зогсохгүй Камала Харрис өдгөө АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад эмэгтэй улстөрч болоод буй юм.

 

ОПРА УИНФРИ

Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажил орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ. Өдгөө Опра дэлхийн хамгийн алдартай, хамгийн анхаарал татсан ярилцлагын эзэн, хөтлөгч болсон юм. Тэрээр өөрийн гэсэн хоёр сан байгуулж, дэлхийн энх тайван, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө жилд их хэмжээний ам.доллар хандивладаг аж.

 

МАЛАЛА ЮСУФЗАЙ

Өдгөө 25 настай Малала Юсуфзай бол дэлхийн хамгийн алдартай сурагчдын нэг. Мөн хамгийн залуудаа буюу 14 насандаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нэгэн билээ. Малала 11 настайдаа Пакистаны баруун хойд хэсгийн Талибан бүлэглэлийн хатуу дэглэмийн талаар нэрээ нууцлан өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг нь хориглодог төдийгүй гэртээ болон гадуур явахдаа сахих олон хатуу дэглэм тогтоож байв. Гэсэн ч сурч боловсрох эрхийнхээ төлөө тууштай тэмцэж, тэмдэглэл хөтөлж байсан Малала Юсуфзайг 2012 оны аравдугаар сард талибууд олж, хөнөөхийг завдсан ч охин халдлагаас зугтаж чадсан байдаг. Эрхийнхээ төлөө тэмцсэн Малала охины түүх дэлхийн сая сая хүнд хүрч, охинд Нобелийн энх тайвны шагнал олгосон юм. Өдгөө Малала Юсуфзай их сургуулиа төгсөөд байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, байр сууриа илэрхийлж, тэдэн урам зориг өгөхийн тулд ном бичин хэвлүүлж байгаа юм.

 

 


ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 10 ЭМЭГТЭЙН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188