• Өнөөдөр 2024-05-02

АГРОНОМИЧ Г.МӨНХЦЭЦЭГ: Эмэгтэй тариаланч байх амаргүй ч, шинэ ургац бүрээсээ эрч хүч авдаг

2023-03-01,   1381

      Эх орны хөрсөн дээр урагсан нарийн ногоог жилийн дөрвөн улиралд хэрэглэх боломжийг бидэнд олгож байгаа тариаланчдын нэг Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр эрүүл чанартай нарийн ногоог иргэддээ амтлуулах зорилготойгоор өвөл зуны хүлэмжийг барьж, тариалан хийж эхэлжээ. Эмэгтэй тариаланч байх амаргүй ч аливаа зүйлсийн болохгүйг харах бус болгож, бүтээхийн төлөө зүтгэж, илүү олон төрлийн жимс, нарийн ногоог эрх орныхоо хөрсөн дээрээ нутагшуулах зорилготой ажиллаж байгаа гэнэ.  

-Сайн байна уу, ургац арвин уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юү? 
 
         -Сайн байна уу, намайг Ганболдын Мөнхцэцэг гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийн 2014 онд агрономич мэргэжлээр төгссөн. Мэргэжилээрээ ажиллаж, илүүг сурахын төлөө хичээсээр явж байна. 
 
-Өвөл, зуны хүлэмжийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Тус хүлэмжийг хэзээнээс ажиллуулж байгаа вэ? 
 
       -Монгол Улс шиг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай газарт дөрвөн улирлын хүлэмж байгуулахад зардал өндөр гардаг. Байгуулж, үйл ажиллагаагаа явуулсан ч урсгал зардал их учраас өвлийн улиралд хүлэмжид ургасан ногоо тодорхой хэмжээний үнийн нэмэгдэлтэй худалдаалагддаг. Гэхдээ цоо шинэ эрүүл хүнс хэрэглэнэ гэсэн үг л дээ. 
 
-Анх хүлэмждээ ямар ногоо тариалж байсан бэ. Одоо хэдэн нэр төрлийн ногоо ургаж байгаа вэ?
 
        -Анх  green vegetal kamponid hydrophobic технологиор юуцай, 12 төрлийн навчит ногоо, ургамал тариалж байлаа. Одоо манай дөрвөн улирлын хүлэмжид ногоон өргөст хэмх, улаан лооль, салатны навч, юуцай зэрэг нарийн ногоо ургаж байгаа. 
 
 -Дөрвөн улирлын хүлэмж учраас тогтмол ургац хураалт хийдэг үү. Жилд хэр их ургац хурааж авдаг вэ? 
 
         -Ер нь дөрвөн улирлын хүлэмж өвөл зунгүй байнгын ажиллагаатай байдаг. Гэхдээ тариалж байгаа ногооныхоо онцлогоос хамааран өөр өөр ногоо тарьдаг. Жишээ нь намар, өвлийн улиралд нарны хангамж бага байдаг учраас юуцай, бууцай, салатны навч тарьдаг. Харин хавар, зундаа өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш, хулуу тариалдаг. Тиймээс улирлаас хамаараад ногоо бүрээс авах ургац хураалт их бага нь өөр байдаг даа. 
 
 -Хэр урт хугацааны давтамжтайгаар шинэ ургац хурааж авдаг вэ? 
 
          -Тариалалттай байх үедээ өдөр бүр нарийн ногоогоо хураан авч, хэрэглэгчдэд хүргэдэг. Худалдан авагч, иргэддээ өдөр бүр шинэ, амт чанар сайтай ногоо хүргэхийг, хэрэглүүлэхийг хичээдэг дээ.   
 
-Тариалсан ногоог нь иргэд хаанаас худалдан авах боломжтой вэ. Тогтмол нийлүүлэлт хийдэг дэлгүүр, худалдааны төв байдаг уу?  
 
        -Сүлжээ дэлгүүр болон худалдааны төвүүдээр борлуулалт тогтмол хийгдэж байгаа. Гэхдээ Хятад Улсаас орж ирсэн нарийн ногооны сав, баглаа боодлыг нь өөрчлөөд монгол ногоо гэж хэлж зарж, худалдан авагчдыг хохироохоос гадна хямд үнэтэй учир зах зээл дээрх монгол ногооны өрсөлдөх чадварыг алдагдуулдаг. Тариаланчид өндөр зардал гаргаж чанартай, эрүүл хүнсийг хүргэж, хүнсний аюулгүй байдлыг хангахаар хичээж байгаа ч бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал дээр илүү хяналт тавьж ажиллахгүй бол монголд ногоо тариалдаг хүмүүс улам цөөрөх байх.  
 
-Цахим сүлжээнд өвөл, зуны хүлэмжийн талаар мэдээлэл тавьсны дараа тантай холбогдох хүсэлтэй хүмүүс олон байсан. Та тэдгээртэй хүмүүстэй холбогдсон уу? 
 
  -Олон хүнтэй утсаар ярьж мөн цахимаар холбогдсон. Одоо хүртэл хариу өгч амжаагүй олон хүн байгаа. 
 
-Эмэгтэй тариаланчид тулгардаг бэрхшээлтэй зүйлс бий юү? 
 
      -Эмэгтэй тариаланчдын хувьд тулгарлаг асуудал олон бий. Миний хувьд бусад тариаланчид, агрономичдын хувьд туршлага бага учир надаас илүү удаан ажиллаж байгаа хүмүүсээс “Чи юу тарьж чаддаг юм” гэх мэт хандлага, үгс ирдэг. Түүнээс гадна тариалангийн ажил гэдэг биеийн хүч ихээхэн шаарддаг ажил. Борлуулалт хийхдээ бэлэн болсон бүтээгдэхүүнээ зөөх учир хүнд юм байнга өргөх хэрэгтэй болдог. Хүлэмждээ анхаарал хандуулж байнгын урсгал засвар хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн л хиймээр олон ажилтай тулгарна. Ингээд тоочоод байвал бэрхшээл олон хэдий ч болохгүйг нь харж хойш суулгүй болгох гэж хичээж, урагшаа зүтгэж байгаа.
 
-Анх ногоо тариалж эхлэхэд нь хамгийн бэрхшээлтэй байсан зүйл нь юу вэ? 
 
          -Анх удаа хийж байгаа учраас мэдэхгүй, чадахгүй зүйлтэй олон тулгарсан. Туршлагатай тариаланч, агрономчдоосоо олон зүйл сурсан. Онол практик хосолж анхны тариалалт амжилттай болсон доо. Анхны ургацаа хурааж, атлах мэдрэмж хамгийн тансаг, сайхан нь байсан даа. 
 
        -Өргөст хэмх хамгийн их арчилгаа шаарддаг ногоо. Халуун, хүйтэнд тэсвэргүй учир тогтмол анхаарал шаарддаг юм. 
 
-Гэрийнхэн нь хүлэмж, тариалгын ажлыг нь хэр дэмждэг вэ? 
 
         -Анхандаа дэмждэггүй байлаа. Эмэгтэй хүүхэд хөдөө, нар салхинд ажиллах дэмий н гэж хэлдэг байсан. Одоо бол миний ажлыг ойлгож, сайн дэмждэг болсон. Хөдөө явна гэвэл “Дулаан хувцсаа аваарай, ядарч болохгүй шүү” гэж захина. Тэр дундаа ээжийн хоёр охин хамгийн шилдэг дэмжигч, туслахууд шүү дээ. Дөрөв, зургаан настай хэр нь хогийн ургамлыг ялгаж, услагаа хийж өгнө шүү дээ. 
 
-Монголд хүнсний ногоо тариалж, худалдаа эрхлэхэд хэр ээлтэй байдаг вэ? 
 
  -Манайд хамгийн эхэнд хүнсний аюулгүй байдлын бодлогыг илүү сайжруулах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдэд хөнгөлөлтэй зээл олгосон ч эзнээ төдийлөн олоогүй. 
 
-Цаашид тариалалтаа өргөжүүлж нэмж тарихаар бодож байгаа ургамал, ногоо бий юү? 
 
           -Монгол Улсад төдийлөн хэрэглээд байдаггүй ногоог хүмүүст таниулж, эх орныхоо хөрсөнд нутагшуулахыг зорьж байгаа. Үүнээс гадна хамгийн чухал нь эрүүл, амт чанартай ногоог худалдаг авагчдадаа хүргэхийг хичээж байгаа даа. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ургац арвин байх болтугай.  
 
      -Баярлалаа. 

АГРОНОМИЧ Г.МӨНХЦЭЦЭГ: Эмэгтэй тариаланч байх амаргүй ч, шинэ ургац бүрээсээ эрч хүч авдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 11:58:14
    Ж. Болормхх: Мундаг хөдөлмөрч бүсгүй ажлын амжилт хүсэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 10:32:33
    Baagii: Amjilt amjilt
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188