• Өнөөдөр 2024-04-24

“ХӨВЧИЙН ХАРЫГ хаа таарсан газраа өчиггүй БУУД”-II

2020-12-01,   2490

-Тэр Минжийн хангайн заставт газраар очдог ганц хүн нь-

Хөвч, тайгад нүүр нялхруулсан өтгөн манан буугаад хоножээ. Ойр хавьд юу байгаа нь мэдэгдэхгүй битүү манан суунаглачихсан, ямарч  салхигүй тогтуухан. Тэрүүхэн  баруун дор аргамжаатай морины хондлой бүртэлзэн харагдана. Бид хоёр аяншаад нам унтчихсан байв. Босож  морио эмээллээд тогоо, шанагаа хураагаад авч яваа зүйлсээ ганзагалаад мордлоо. Бороо орохоос өмнө газар хороохгүй бол усан гүзээ болтлоо бороонд норох нь тодорхой. “Хөвчийн хар”  “Энд бороо ороход би дуртай. Нар гараад хамаг зүйлс хатчихаар энд түймэр гэж аюул гарна шүү дээ. За түймэр гарчихвал энэ сайхан хангай бүхэлдээ шатна гэсэн үг. Бороо ороод байгаасай гэж боддог хүн байгаа юм” хэмээн ярих. Би түүний араас явахдаа “Та Цэндийн гацаа гэдэг газарт хүрнэ гэж байсан тэр ямар газар вэ” хэмээн асуулаа. Тэгсэн “Эндээс хол эргээд буцахгүй бол бороо хэдэн өдөр үргэлжлэн орж мэдэх нь. Цэндийн гацаа гэж их сайхан газар бий. Тэндээ их том голтой.  Алд хэрий урт тул загас сүлжилдэн байдаг газар. Ус нь цэнгэг болохоор өнгө өнгийн загас усанд дураараа сүлжилдэн байгааг харах боломжтой шүү. Энүүхэн хажууд Илчлэгийн гол урсаад байгаа тэнд бас загас их байдаг. Тул олон. Зундаа голоо өгсөөд ирчихдэг юм. Хур багатай жил энэ хавиар эргэлдэж байхгүй бол нөгөө том тулнууд чинь улдаад үхчихдэг” хэмээн ярив. Бид хоёр илчлэгийн голын хөвөө рүү очихоор зам хазайв. Бид хоёрын явж байгаа замаас холгүй юм билээ.

Модон дундуур явах тусам голын шуугих чимээ сонсогдоно. Битүү манан татсан уулын сугаас урсах модон дундуур өргөн гол мэлмэрэх ажээ. Илчлэг гол энэ жил их үертэй байгаа юм байна. Ус ихтэй болохоор хамаагүй гаталж болохооргүй аж. Энэ гол уулын эхээс доош буусаар Хонгийн гол руу цутгана. Хонгийн гол Ерөө рүү, Ерөөгийн гол Орхон руу Орхон Сэлэнгэ мөрөнтэй нийлээд Байгаль нуурт цутгадаг. Хэнтийн нуруунаас эх авсан голууд урссаар Байгаль далайн их усыг бүрдүүлэн мэлтэлзэнэ. Цэнгэг усанд олон төрлийн загас байдаг юм байна. Нас бие гүйцсэн том тул гол өөд өгсөж байгаа харагдав. Жижиг загаснууд ч гэсэн голын мандал дээр гарч эргэн шумбах торгон агшинг энд ирсэн хүн харах боломжтой ажээ. Найман сарын сүүлчээр энэ тайга бүхэлдээ жимсний орон болчихдог гэнэ. Газарт хэвтээд харахад л ув улаан улаалзгана, тэмээний хорголын чинээ гүзээлгэнэ хөх сувд шиг нэрс гээд л олон жимс бөнжийгөөд ургачихсан байдаг байна. Намар орой хуш модыг бага зэрэг доргиоход боргоцойгоор бороо ордог гэж байгаа. 

Уулын улаан Цэнд, хурандаа Иван Суслов энэ хөвчид хамгийн удаан байсан

Ийм л баян тансаг байгальтай танилцаж яваа. Бас болоогүй ээ “Хөвчийн хар” ахаас элдвийг шалгаасан хэвээрээ. Түүний ярьж байгаа бүхэн сонин хачин ихтэй, амттай чихэр хүлхэж байгаа юм шиг л. Бас огт уйдахааргүй яриаг ой хөвч дундуур явахдаа сонсож явав. Энд шилийн сайн эрчүүд олон байсан гэсэн хэмээн яриа өдвөл “Би нэг хүнийг л энэ хөвчийн эзэн нь байсан” хэмээн бодож явдаг. Тэр хүн бол Хэнтий чигээс гарвалтай Уулын улаан Цэнд гэх сайн эр.  Минжийн хангай, Би бид хоёрын очдог Шарлангийн нуруу, Хатанц хавиар байсан юм билээ. Одоо болтол байрлаж байсан отог нь энэ хөвчид байгаа. Бүр модон дээр хүртэл нэг хүн багтахаар отог барьсан байдаг юм. Минжийн хангайн хөвчийн гүнд Цэндийн гацаа гэж өргөн голтой хадат өндөр байцтай ам бий. Түүнийг барих гэсэн олон хүн тэнд хүрээд л буцдаг байсан юм билээ. Хэдэн жил түүний араас Монгол Улсын төр засаг хүч хаяад ч барьж чадаагүй  юм. Энд ан хийгээд арьс үсээ хойш нь хил давуулж худалдаад оронд нь гурил, чихэр гээд зүйлс авдаг байсан нь сүүлд тогтоогдож байлаа. Уулын улаан Цэндийн отогт тухайн үед нүдний гэм байсан зүйлс дүүрэн овоолгоотой байсан байгаа юм. Тэр оросоос тоомсог морь худалдаж аваад түүнийгээ шүүгэлдэж дууддаг сургуультай  болгочихсон. Цэндийг яг барьдагийн даваан дээр аминд нь олон удаа орж байсан гэсэн. Түүнийг хамгийн сүүлд улсаас баахан мөнгө идсэн нутгийнх нь нэг нөхөр олж уулзсан байдаг. Тэр хүн шоронгоос оргоод Уулын улаан цэндийн араас арав гаруй хоног яваад ядарч туйлдаад байхад нь тоомсог унаж ангийн хувцас өмссөн Цэнд ой хөвчөөс гараад ирсэн байгаа юм. Тэгснээ би таныг арав гаруй хоног дагасан. Та энд удаан тэсч чадахгүй. Тиймээс эргэж очоод ялаа эдлээд гар. Энэ хөвч тайгад явж байгаа бол мориноосоо хол унт. Бас дагуулж яваа нохойгоо үгүй хий. Буудахдаа урагш нь харуулж буудаж байгаарай. Хилтэй ойрхон байгаа гэдгээ мартаж болохгүй гэж хэлчихээд яваад өгсөн гэдэг. Олон жил энэ тайгад амьдарч байгаад анчид баавгай байна хэмээн андуурч буудаад аминд хүрсэн байдаг.  Фашистын Германд бууж өгсөн 505 дугаар армийн хориглууд Монголд төмөр зам барих ажил гүйцэтгэж байх үед хурандаа Иван Суслов гэж мэргэн буудагч эр оргож босоод Хэнтийн ууланд бүгж, ард олны зүрхийг чичрүүлж байсан гэсэн. “Сахалт Иван” хочит Сусловыг баривчилахаар ЗХУ-аас сайтар бэлтгэгдсэн чекистийн бүлэг гурван ч удаа ирсэн ч ихэнхийг нь энэ тайгад хядсан гэдэг” гээд л ууланд байсан сайн эрсийн талаар яриа дэлгэв.

Хойд хөршийн иргэд өвөл ирж ан хийдэг гэнэ

Тэр Минжийн хангайн заставт жилд дөрвөн удаа очдог гэж байгаа. Зөвхөн нисдэг тэргээр очдог энэ газарт газраар ирдэг ганц хүн нь “Хөвчийн хар”. Түүний хамгаалах нутаг Минжийн хангайн хилийн шугам дээр очоод дуусдаг гэнэ. Хилийн тагнуулын албаныхан газраа мэдэхгүй хэмээн түүгээр хилийн шугам орчимд газарчлуулж явдаг юм билээ. Тэрбээр хойд хилээр нутгаа эргэж явахдаа ОХУ-ын анчдын хэд хэдэн отогтой таарч байсан гэнэ. Хилийн цаад талаасаа өндөрлөг биш мод багатай болохоор Оросын анчид өвлийн цагт их цас унах үеэр энэ хөвчид ирж ан хийдэг юм байна. Зундаа гурил, будаа хоол хүнсээ отогтоо бэлтгээд өвөл нь ирнэ. Өвөл ОХУ-ын иргэдийн хилээр орж ирдэг газарт Монголын хилчид очих ямар ч боломж байхгүй аж. Үүнийг тэд овжин ашиглаж ан хийдэг бололтой. Хил давж ирсэн ОХУ-ын иргэдийн отогт унаж яваа морио тэжээдэг овъёос хүртэл байдаг гэнэ. Цай, давс архи, гурил, будаа, тамхи гээд нандин зүйлс тэдний отогоос гардаг байна. Хойд хөршийн анчид сүүлийн жилүүдэд толгой өвтгөсөн асуудал болжээ. Тэднийг үнэндээ ан хийж байгааг  барих ямар ч боломжгүй гэдгийг “Хөвчийн хар” онцолж байсан. ОХУ-ын иргэд амьтны эд эрхтэн бэлтгэдэг газар хойд хилийн орчим болж таарлаа. Түүний хэлж буйгаар ОХУ-ын иргэд Минжийн хангайн хамаг амьтдыг буудаж байгаа асуудлыг хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудад хэлсэн боловч одоо хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй өдий хүрснийг хэлж байна.

Минжийн хангайн заставт зунд хил зөрчин орж ирдэг нэг хар азарга бий гэнэ. Хил болгон ногоо цухайх үеэр хоёр гурван гүү дагуулаад Монгол Улсын хил рүү орж ирдэг байна. Баригдахгүй хангал амьтан юм байх. Тэнд гүү аваачиж тавин төлийг нь авах санаатай байгаагаа “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах хэлсэн. Тэр хар азарга их гоёмсог, хийц сайтай гэдгийг мөн л онцолж байлаа. Ийн элдвийг хөөрөлдөж явахад намирсан зөөлөн бороо шивэрлээ. Бороон дундуур бид хоёр хамаг хувцсаа норгон газар хороосоор. Дундаа ганцхан цувтай болохоор нэг нь бороонд шалба норох нь тодорхой болов. “Хөвчийн хар” надад цуваа өгсөн юм. Тэрбээр бороонд норж байгаагаа мэдэж байгаа юм алга. Хувцаснаас нь борооны ус дуслаад байгааг анзааралгүй явсаар.  Цаг эрт бага үдийн алдад болохоор газар хороохоос өөр аргагүй. Замд бороонд норсон гөрөөс хэд хэдээрээ тааралдсаар. Ийн явсаар цаг дараагийнхаа буудаллах газар ирлээ. Тэнд нэг хоноод өглөө эрт гэртээ дэрвээд хүрчих ажээ. Бороо хэдэн өдөр орвол энэ хавьд явж болохооргүй намагтай болчихдог юм билээ.  Тэнгэр даваа хэмээх газрын агуй шиг хадны нөмөрт буудаллаа. Норсон хувцсаа тайлаад гал түлэх аргагүй болохоор хоол цай хийж идэлгүй унтахаар ярилцав. Бороо орсон хэвээрээ. Хонин нугад УИХ-ын гишүүдээс эхлээд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нар энд ирдэг гэнэ. Тэрбээр “Н.Багабанди Ерөнхийлөгч бид хоёр хамт загас барьдаг. Бүр архи дарс хувааж уугаад өдөржин голын захад өнжсөн. Хамгаалагч нар нь надад уурлаад л байх шиг байдаг юм. Тэрийг би тоохгүй. Хамт архи ууж халамцаад элдэв янзын юм ярина. Цаадах чинь их хээгүй гүдэсхэн эр хүн гэж ойлгодог” гээд ярих. Бас том том компанийн захирлууд гэрийнх нь ойролцоо ирээд загас бариад буцдаг аж.  Битүү балар ой дундах буйд амьдрал амар тайван байх ажээ.

 

Үргэлжлэл бий.

 

 

 


“ХӨВЧИЙН ХАРЫГ хаа таарсан газраа өчиггүй БУУД”-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-29 14:55:46
    Нутгийн хүү: Сайхан шаах юм. Манай нутгийн гөрөөчид энэ нутгаар хөндоөн нулд явж гөрөөлдөг. Цэнд гуайн тухай үнэнг нь мэдэхгүй бол худлаа туухаа боль л доо. Нутгийхантайгаа холбоотой байсан, сумын наадмаа сумын хойт уулын энгэрээс үздэг байсан. Хүүхэд нь хүртэл байсан. Тэр хүн буудуулж өнгөрөөгүй юм ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-29 14:55:45
    Нутгийн хүү: Сайхан шаах юм. Манай нутгийн гөрөөчид энэ нутгаар хөндоөн нулд явж гөрөөлдөг. Цэнд гуайн тухай үнэнг нь мэдэхгүй бол худлаа туухаа боль л доо. Нутгийхантайгаа холбоотой байсан, сумын наадмаа сумын хойт уулын энгэрээс үздэг байсан. Хүүхэд нь хүртэл байсан. Тэр хүн буудуулж өнгөрөөгүй юм ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-22 21:20:22
    Altanavh: taalagdlaa vrgeljileliigme umishmaar bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-20 20:39:17
    jigjiddorj: saihan ogvvlleg bn bi jiriin negen unshagch bn vrgeljilliig unshahiig hvsch bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188