• Өнөөдөр 2024-05-04

ЭЕШ-Д 800 ОНООТОЙ ТЭНЦЭХДЭЭ БЭЛДСЭН НЬ

2023-06-14,   2797

     Хэдэн өдөр үргэлжилсэн бороо намдаж, нар ээсэн халуун өдөр автобусны буудлын төмөр сүүдрэвч доор зогсоцгооно. Өглөөний 07:00 цаг ажил, сургуульдаа явах гэсэн залуус автобус харуулдан зогсоно. Иргэдийн дунд “Англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын эмхэтгэл” гэсэн бичигтэй цэнхэр номоос харцаа салгалгүй  хичээнгүйлэн унших охин онцгойрон харагдлаа. Төд удалгүй ирсэн автобусанд суусан охин номоо  жижигхэн тэмдэглэлийн дэвтэрээр солин барив. Ингээд  Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд түүн шиг хүссэн сургуульдаа орж, мэргэжил эзэмшихийн тулд  элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа талаар мэдэхээр  Боловсролын үнэлгээний төвийг зорьж өнөөдрийн сурвалжилгаа эхлүүллээ.

    Боловсролын үнэлгээний төв рүү алхах замд ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцас өмссөн залуучууд хааяа нэг инээд цацруулсаар зөрнө. Шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдсэн учир БҮТ зохион байгуулалтын ажилтай, хөл хөдөлгөөнтэй байлаа. Тус газрын ШСХХэлтэсийн ахлах мэргэжилтэн  Д.Энхжаргал бидэнд энэ жил ЭЕШ өгөх хүүхдийн тоо болон анхаарах зүйлсийн талаар хэлж өгсөн юм.

Тэрбээр “Шалгалтын хувьд математик, физик, химийн хичээлийн гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, түүх, нийгэм судлал, англи хэл, орос хэл, газар зүй, биологийн хичээлийн хийж гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Мөн шалгалт өгөхөөр ирж байгаа сурагчид шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэн авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж шалгалтад ороход хүндрэл учирдаг учир энэ тал дээр сайтар анхаарч шалгалтын байранд 30 минутын өмнө, ангид 10 минутын өмнө орж суудлаа эзлэх хэрэгтэй” гэдгийг зөвлөж мэдээлэл өгсөн юм. Түүнтэй ярилцсан ярианыхаа төгсгөлд өнгөрсөн жил болсон шалгалтын материал задарсан хэрэг дээр ямар байр суурьтай байгааг сонсож, энэ жил дахин ийм хэрэг гарахаас хэрхэн  сэргийлж байгаа талаар тодруулсан юм. “Тэр бол шалгалтын явцад хүүхэд гар утас нууж ороод шалгалтын материалын зургийг дарж олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг байсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгасан.  Манай шалгалтын материал бэлдэж байгаа багш нар хотоос зайдуу амралтын газар хяналтын камер,  дөрвөн цагдаагийн ажиглалт дор сүлжээ, интернэтгүй газар, гар утасгүйгээр шалгалт дуустал байрладаг. Тэгэхээр энэ сарын 26-нд монгол хэлний шалгалт дуусах үед шалгалтын материал бэлдсэн хүмүүс олон нийттэй харилцаж эхэлнэ. Тиймээс манай байгууллагаас шалгалтын материалыг задлах боломжгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд гар утас авч орохыг хатуу хориглодог. Шалгалтын комисс, хянагч багш нар шалгалтад орох гэж багаа хүүхдийг металл илрүүлэгчээр хүртэл шалгадаг боловч хүүхдүүд гар утасныхаа эд ангийг салгах, урьдчилан хэд хоногийн өмнөөс гар утас нуусан байх тохиолдол гардаг. Бидний хувьд шалгалтын хянагч багш нарт ангид орсных нь дараа ч сайтар ажиглаж шалгахыг зөвлөж, зааварчилгаа өгч байгаа” гэдгийг хэллээ.

  -ӨӨРТӨӨ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БОЛОХ ХҮРТЛЭЭ ШАЛГАЛТДАА БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ-

        Заавал авах ёстой биш боловч ЭЕШ өгч байгаа сурагч бүр  800 оноо авч,  хүссэн сургуульдаа элсэхийг хүсдэг. Энэ жил шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 36253 сурагчид ч  800 оноо авах зорилгыг урдаа тавин хичээж байгаа. Хэн нэгэн эрдэмтний үг бус өөрийн биеэр туулж мэдсэн хүний туршлага хамгийн хэрэгтэй байдгийг санаж өнгөрсөн жил физикийн хичээлээр 800, математик 725, англи хэл 756 оноо авсан ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн оюутан Тогтохын Эмүжинтэй холбогдсон юм. Эмүжин  удахгүй шалгалт өгөх гэж байгаа дүү нартаа өөрийнхөө шалгалтаа бэлдсэн туршлагаасаа инээмсэглэл тодруулсаар хуваалцсан юм. Түүний хувьд анх элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх зорилгоор бус физикийн хичээлдээ дуртай, сонирхолтой байсан учир  арваннэгдүгээр ангид байхдаа давтлагад явж эхэлжээ. Ингээд үргэлжлүүлэн ЭЕШ бэлдэх зорилгоор шалгалт өгөх хүртлээ үргэлжлүүлж суралцсан байна.

Тэрбээр “Шалгалтад бэлдэхдээ өмнөх онуудын ЭЕШ-ын материал дээр их ажиллаж, блюпринтэд орсон сэдвүүдээ түлхүү бэлдсэн мөн шалгалтад бэлдэх зориулалттай апплейкшин ашигласан. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхана  гэдэг чухал шүү дээ. Дасгалын ном том учраас гар утсан дээр бэлдсэн хувилбарууд амар санагдсан.  Манай сургалтын төв долоо  хоног бүр бүрэн хэмжээний өнгөрсөн жилүүдийн  шалгалтын  жишгүүдээр яг ЭЕШ дээр байгаа юм шиг шалгалт авдаг байсан нь сэтгэл зүйгээ бэлдэхэд их тус болсон. Ер нь бие дааж шалгалтдаа бэлдэж байгаа хүүхдүүд ч гэсэн цаг тавиад номоос  харалгүйгээр “шалгалт өгч байна”  гэж төсөөлөөд бэлдэх нь яг шалгалтын үед цагаа зөв тооцоолоход тусалдаг юм билээ. Миний хувьд физикийн хичээлдээ итгэлтэй байсан учраас шалгалт өгч байхдаа сандраагүй. Харин математикийн хичээлдээ бага зэрэг санаа зовж байсан болохоор шалгалт  дээрээ жаахан сандарсан. Тэгэхээр сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд бас өөртөө хангалттай гэж бодох хэмжээндээ хүртэл тухайн хичээлээ бэлдэх чухал санагдсан. Шалгалтад орохдоо сандарна гэдэг  маш харамсмаар, мэддэг, хийж чаддаг зүйлээ сандарснаасаа болоод мартчихдаг юм. Манай гэрийнхэн надад  хичээлээ хийхийг шаардаж тулгаж байгаагүй нь намайг ямар нэгэн дарамтгүйгээр сурахад дэм болсон байх. Харин ч эцэг эхийнхээ мөнгөөр сургалт давтлагад явж байгаа, мөн өөртөө тавьсан зорилго байсан учраас аль болох л өндөр оноо авахыг хүсэж хичээсэн. Одоо шалгалт өгөх гэж байгаа сурагчдыг тайван, өөртөө итгэлтэй шалгалтад орохоос гадна заавал бугуйн цаг зүүгээрэй” гэж хэлсэн юм. Цаг зүүж шалгалтад орсноор өөртөө цагийн хуваарилалт хийх боломжийг олгодог ажээ.

    

      Биологийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Балдорж овогтой Тогтуунсувд ЭЕШ өгөх гэж байгаа сурагчдад зориулан өөрийнхөө шалгалтад бэлдсэн туршлагаасаа хуваалцсан юм."Би 12 дугаар ангид ороод төгсөх хүртлээ шалгалтдаа бэлдсэн. Миний хувьд надад хичээл заасан багш нарын ур чадвар сайн байсан нь нөлөөлсөн гэж боддог. Хичээлээ сайтар ойлгож уншаад буцааж өөртэйгөө ярьдаг байсан минь хичээлээ илүү ойлгож тогтооход нөлөөлсөн. Шалгалтад бэлдэх үедээ автоматаар цээжлэх бус утгыг нь ойлгож уншиж цээжлэх нь илүү өөрт үлддэг юм билээ. Шалгалтад орохдоо сандраагүй ч өмнө нь бага зэргийн түгшүүр байсан. Ингээд харахад миний өндөр оноо авсан нь хичээлээ ойлгож уншдагт мөн багшийн туршлага, чадвар нөлөөлсөн юм байна" хэмээлээ. Мөн тэрбээр хамгийн чухал нь тухайн хүүхдийн хичээл зүтгэл байдгийг сануулсан юм.

-АМЬДРАЛ ОЙРХОН БОДИТ ЖИШЭЭГЭЭР ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛЭЭ ЗААЖ ӨГДӨГ-

        Тэд ингэж өндөр оноо авахад  нь нөлөөлж, зааж чадсан багш нарынх нь талаар  сонирхлоо. “Eduzone” сургалтын төвийн багш Д. Алтаншагай  сургалтад нь ирж суугаад түүнд итгэн хичээл заалгаж байгаа шавь нараа хараад илүү их ажиллах эрч хүчийг авдаг гэнэ. Өнгөрсөн гурван  жилийн хугацаанд нийт  67 хүүхэд ЭЕШ-д бэлдсэн бөгөөд тэдний 10 нь 700 дээш оноо авсан бол хоёр нь 800 оноо авчээ. Тэрбээр сурагчдаа бэлдэхдээ “Нэгдүгээрт сэдвийн хоцрогдол дээр ажилладаг. VI ангиас нь хойш XII анги хүртэлх бүх сэдвүүдийг нэгийг нь ч орхилгүй үздэг. Ингэхдээ эхлээд физикт дуртай болгохыг хичээдэг. Тэгэхийн тулд амьдрал дээрх бодит  жишээ авч ярих эсвэл сонирхолтой баримт хуваалцах замаар  зааж өгдөг. Хичээлдээ дуртай болсон байхад хүүхдүүд  цаашаа хичээлээ урамтай үздэг. Хоёрдугаарт сэтгэлзүйтэй нь ажилладаг. Шалгалтыг энгийн сорил авч байгаа юм шиг өгдөг болгохын тулд байнга давтамжтайгаар  сорил авдаг. Ер нь шалгалт өгөх сурагчтай 6-12 сарын хичээлийг нь бэлдүүлж хамтран ажилладаг”  гэнэ.

       Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн амралт эхэлж, сургуулийн орчин нам гүм байлаа. Дотогш ороход хэдхэн ангийн хаалга онгорхой бөгөөд  дотор нь  шалгалтдаа бэлдэж суугаа ахлан ангийнхан байх аж. “Одоо цөөхөн хоног байна. Бэлдээд л байгаа хэр нь  сандраад, айгаад байх юм” гэсээр ахлах  ангийн хоёр сурагч сургуулийн коридорт алхана. Сурагчдын нэгийг   М.Эрдэнэбулган  гэдэг.  Энэ жил төгсөх ангийн сурагч бөгөөд барилгын инженер болохоор шийдсэн ажээ. Тэрбээр “Шалгалт болох гэж байгаа болохоор сандарч байна. Миний ирээдүйн ажил мэргэжлийг тодорхойлоход хүчтэй нөлөө үзүүлэх учраас илүү их сандарч байгаа. Шалгалтад бэлдэхдээ 2-3 сарыг зориулсан. Миний хувьд ЭЕШ-д бэлдэх сургалтад суусан нь их хэрэг болж, өөртөө итгэлтэй байхад тусалсан. Багш нар давтлага их өгсөн бөгөөд хамгийн сайнаараа анхаарлаа төлөвлөж, даалгавруудыг хийхдээ аль чадах, хамгийн сайн мэддэг хэсгээсээ эхэлж, цагаа зөв тооцоолохыг зөвлөсөн” хэмээн ярьсаар бид сургуулийн хоёр давхарт гарч ирлээ.

    205 тоот ангид ЭЕШ-ын хянагч багшаар хоёр жил ажилласан монгол хэлний багш Н.Сайнтуяатай суудаг байна. Түүнтэй уулзаж хүүхдүүдийн шалгалтын явцад ямар байдаг талаар хэсэгхэн хором ярилцлаа. "Хүүхдүүд ЭЕШ-ын олон хичээлээс доод тал нь хоёр хичээлээр шалгалт өгдөг. Тэгэхээр хамгийн эхний өдөр шалгалт өгөхөөр орж ирсэн сурагч яаж хийхээ мэдэхгүй, орчиндоо дасаагүй учир сандрал ихтэй байдаг. Эхний өдрийн авсан сандрал дараагийн өдрөө орж ирэхэд илт багассан харагддаг. Мэдээж шалгалт гэдэг утгаар хүүхэд  бүр тодорхой хэмжээний сандралтай орж ирдэг. Хүүхдүүдийг орж ирэхэд нь шалгалтын үед хийхийг хориглосон заалтуудыг уншиж өгдөг. ЭЕШ бол хүүхдүүдийн их дээд сургуульд ороход шууд утгаар нөлөөлдөг учраас эртнээс бэлддэг. Ажигласнаар хүүхдүүд өнгөрсөн жилүүдийн шалгалтуудын материалыг сайтар хийх хэрэгтэй юм шиг санагддаг" гэлээ. 

-ШАЛГАЛТАНД БЭЛДЭЖ ЭХЭЛСЭН ЦАГААСАА СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ДАВХАР БЭЛДЭХ ЁСТОЙ-

    Дараагийн  зорьсон газар хүүхэд бүрийн асуудал болсон шалгалтын өмнөх айдсаа хэрхэн давах, сэтгэл зүйгээ бэлдэх талаар лавлахаар танил болсон сэтгэл зүйчтэйгээ уулзахаар түүний ажлын зүг явлаа. Харин явах замдаа олон улсад төгсөх шалгалт өгөх үйл явц ямар байдаг талаар сонирхсон юм.

       Солонгос Улсад элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүд эртнээс бэлддэг бөгөөд сурагчид болон багш, эцэг эхчүүд энэ шалгалт дээр онцгой анхаарч ажилладаг байна. Шалгалтын өдөр цагдаагийн  автомашинууд тодорхой цэгүүдэд байрладаг бөгөөд шалгалтаасаа хоцорч байгаа сурагчийг хүргэж өгөх үүрэг хүлээдэг гэнэ. Мөн шалгалт авч байгаа сургуулийн ойролцоо автомашины дуут дохио, чанга дуу чимээ гаргахыг хориглодог ажээ. Хамгийн сонирхолтой нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа сурагчийн сонсохыг хориглосон дууны жагсаалт байдаг бөгөөд шалтгаан нь тус дууны ая мартагдахгүй анхаарал төвлөрөхөд саад  болно гэж үздэг ажээ.

     Зорьсон газартаа ирэхэд 33 дугаар сургуулийн боловсролын сэтгэл зүйч Г.Нацаг-Юн биднийг угтлаа. 

Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагч бүр шалгалтын түгшүүртэй байгаа. Тухайн түгшүүр, айдсыг хүн бүрийн өөрийн онцлогоор даван туулдаг. Шалгалтаа өгч байж л тухайн түгшүүр арилна. Хүүхдүүд шалгалтад бэлдэхийг  зөвхөн хичээлээ сайн хийхийг л хэлдэг гэж боддог. Гэхдээ анхнаасаа  сурах  чадвар, сэтгэл зүй, зөв амьдралын хэмнэл гурвыг зэрэгцүүлэн бэлдэх ёстой. Ингэснээр тухайн сурагчийн шалгалт амжилттай болоход нөлөөлдөг. Зөв амьдралын  хэмнэл нь нойроо зөв авч, эрүүл хүнс хэрэглэхээс гадна өөрийгөө ядраалгүй  чанартай тогтсон хугацаанд хичээлээ давтах явдал юм. Мөн өөрийн сэтгэл зүйн айдас түгшүүрийг яаж даван туулдаг талаараа мэдлэгтэй болох хэрэгтэй.  Хүүхэд бүр өөр. Зарим нь сандарч байхад огт айдаггүй хүүхэд ч байна.  Мөн шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн гэр бүл тухайн хүүхдийг сайн нойр авах, чанартай хоол унд идэх болон тайван хичээлээ бэлдэх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Орхигдуулж болохгүй зүйл гэвэл угаасаа эцэг эхийн дэмжлэг, урам хамгаас чухал. Шалгалт аваад онц авах нь чухал бус тухайн хүүхэд өөрийн хүссэн мөрөөдөл зорилго руу явж байна уу гэдэгт анхаарч, шалгалт бол зүгээр давах ёстой нэг даваа гэдгийг ойлгуулж хамт бэлдэх чухал. Багш нарын хувьд хүүхэд бүрийн сурах арга барилыг олох хэрэгтэй 40 хүүхдэд нэг арга техникээр хичээл заахад хүлээж авах хүний тоо цөөн байдаг. Миний хувьд шалгалт өгөх гэж байгаа сурагчдадаа өөрсдийнх нь хувьд хичээл давахад хамгийн тухай орчныг олж, богино хугацаанд чанартай хичээлээ бэдэхийг санал болгож зөвлөсөн” гэв.

       Эцэг эх ч мөн адил хүүхдийнхээ шалгалтын бэлтгэх явцад нөлөөлдгийг мэдсэн учир өнгөрсөн 2020 онд Монгол хэлний элсэлтийн ерөнхий онооны шалгалтдаа 800 оноо авсан Х.Ганчимэгийн ээж Наранчимэгтэй холбогдож түүний туршлагаас хуваалцахыг хүсэхэд “Охиноосоо асууж ярилцаад хичээлийг нь бэлдүүлэх давтлага хайж сургалтад суулгасан. Хэчнээн дотроо бусад хүүхдүүдээс өндөр оноо аваасай гэж бодсон ч угаасаа өөрөө өөртөө ачаалал өгч хэцүү байгаа нь харагдсан учраас ямар ч дүн авсан хамаагүй. Босго оноондоо хүрэхгүй байвал хувийн сургуульд ч орсон болно гэж хэлсэн. Дараа нь манай охин ээжийнхээ  тэр үгэнд тайвширч, ээжийнхээ урмыг хугалж болохгүй шүү гэсэн айдас нь алга болсон талаар хэлсэн. Угаасаа л нүдэн дээр хэтэрхий их ачаалал аваад байгаа нь мэдэгдсэн, сэтгэл санаа нь тогтворгүй болоод эхэлсэн. Тэр үед нь чи заавал 800 оноо авах ёстой гэж хэлж чадахгүй юм билээ” гэсэн юм. Одоо харахад эцэг эхийн хүүхдэдээ итгэсэн итгэл нь тэдэнд томоохон урам болж “Ээж аавынхаа "нүүрийг түлчихгүйхэн" шиг их сургуульд орох юм сан” гэх айдсаас чөлөөлж өгдөг байна.

         Ингээд харахад шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн сэтгэл зүйн байдал хамгийн чухал ажээ. Учир нь нь дутуу бэлдсэн гэдгээ өөрөө мэдэж байгаа учраас шалгалтад орохдоо өөртөө итгэлгүй орж, мэддэг зүйлээ ч түрхэн зуурын сандралаас үүдэн мартдаг байна. Мөн сурагчид зөвхөн хичээлдээ анхаарах бус, өөрийн сэтгэл зүйгээ шалгалтад хамгаас сайн бэлдэх хэрэгтэй гэдгийг  сэтгэл зүйч, багш, болон амжилттай төгссөн сурагчид дурдсан юм. Мэдээж өндөр оноо авахад хамгийн их нөлөө үзүүлэх хүчин зүйл нь тухайн сурагчийн хичээл зүтгэл гэдгийг мартаж болохгүй.


 


ЭЕШ-Д 800 ОНООТОЙ ТЭНЦЭХДЭЭ БЭЛДСЭН НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 00:16:24
    Лайлым : Лайлым
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 00:16:22
    Лайлым : Лайлым
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188