Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 21-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллалаа.
Шадар сайд Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн байна. Коронавирусийн улмаас Монголын хамгийн том боомт Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгал эрс буурсан бөгөөд БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх ачаа тээвэрт гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Өдөрт 100-гаас хэтрэхгүй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж байгаа бол энэ тоог нэмэгдүүлж өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцохоор болсон байна. Элдэв хорио цээр тогтоогоогүй жирийн үед өдөртөө тус боомтоор 6-8 мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-150 орчим ачааны машин байнга орж гарч байдаг.
Замын-Үүдийн боомтоор нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулж автомашины ариутгал халдваргүйжилтийг тогтоосон стандартын дагуу сайжруулж ажиллахыг үүрэг болгосон байна.
Шадар сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ажиллав. Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал болон холбогдох албаныхан ажилласан байна.
Замын-Үүдийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ |
|