• Өнөөдөр 2026-07-30

ТААНАГҮЙ ГОВЬ

…Говийн малчид урин хавраар соёолох өвсөө ”тоолон” баярлаж, үүлний сүүдэр, хурын үнэрийг андан тандан хүлээдэг юм. Элсэн манхан, халуун зун энэ нутгийн нэгэн өнгө. Гэхдээ цөлийг амьгүй хэмээн эндүүрэв. Амьдралын үнэ цэнийг хамгийн тод мэдрүүлдэг нутгийн нэг бол говийн аймгууд. Энд нэг булаг ширгэхэд нүүдлийн зам нь солигдож, бэлчээр нь хумигдаж, малчдынх нь ахуй амьдрал хүртэл даган өөрчлөгдөж байдаг. Угтаа газрын доройтол, цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний амьдрал, эдийн засаг, соёлын харилцан уялдаатай асуудал.

Дэлхийн эх газрын 11 хувийг гандуу газар нутаг эзэлдэг. Монголын хувьд ийм газар бол говийн бүс. Харин энэхүү гандуу газар нь маш олон хэлбэрийн биологийн олон янз байдлыг тэтгэж байдаг увидастай. Зарим нь дэлхийд ховордож, бүр устах аюулд өртсөн төрөл зүйлүүд багтдаг юм. Эрдэмтдийн тодорхойлсноор, гандуу нутаг нь маш бага хур тунадас унадаг газрыг хэлдэг. Уур амьсгалын ийм хуурай нөхцөл нь шим тэжээлтэй ургамал ургах, ач холбогдол өндөр ашигт малтмал бүрэлдэн бий болох нөхцөл бүрдүүлдэг онцлогтой. Тэгвэл говийн зарим сумдад цөлжилт, хуурайшилттай холбоотой ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?  

Өмнөговь аймгийн Номгон сумын малчин П.Манлайжав:

Манай сум таанын нутаг. Гэтэл зарим зун ургахгүй байна. Шим тэжээлтэй ургамлын нэг бол таана учраас монголчууд эрт үеэс хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Уураг тос их болохоор мал таргалуулахад онцгой сайн. Ер нь унаган нутагтаа цэцэглэхгүй өнждөг болсон нь хуурайшилт, цөлжилт хүчтэй нөлөөлж эхэлсний л дохио” гэв.

Говийн хөрс нэн эмзэг. Шим тэжээлтэй хөрсний давхарга нь нимгэн, зөөлөн байдгаараа онцлог. Иймдээ ч эвдэгдэж, талхлагдахдаа амархан. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг ургамлын зүйлийн жагсаалт жил тутамд нэмэгдсээр байгаа. Монгол орны хэмжээнд гэхэд хүний нөлөөтэйгээр ховордсон, устаж байгаа зүйлд 20 гаруй ургамал бүртгэгдээд байна.

Өмнөговь аймгийн Номгон сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан:  Үүл гараад, бороо орох нь уу даа гэтэл салхи ширүүсээд, хөөчихнө. Зуны дэлгэр цагт хавар шиг шороогоор шуураад, хүйтрээд байдаг боллоо. Энэ бол гангийн, гамшгийн нэг үзэгдэл гэж боддог. Ялангуяа сүүлийн хоёр жилд маш хүчтэй салхи, угалз, шороон болон цасан шуурганы тоо нэмэгдсэн. Цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэх анхааруулдаг ч зарим тохиолдолд огт мэдээлээгүй гамшигт үзэгдэл гэнэт болох явдал ч бий. Хөрс хуурай бүр хатчихаад байна гэж ярилаа.  

Экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтохын хэрээр дэлхийд нүүрлэх байгалийн гамшиг, халдварт өвчлөл нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамаглаж байсан. Доройтлын хурд энэ эрчээрээ үргэлжилбэл цөлжилт бүх дэлхийг нөмрөх аюул төлөвлөснөөс даруй хагас зуун жилээр наашлах түгшүүр бий.

Аймгийн алдарт уяач О.Дашзэгвэ: Монголын говь аргаль, янгир гээд ховор амьтан, эмийн ургамал элбэг баян нутаг. Харамсалтай нь, мал иддэг өвс нь улам л цөөрөөд, хог ургамал ихэссэн. Ялангуяа ургалт нь хөндий хоолойгоор маш багассан, уул руугаа арай дөнгүүр. Бараг бүтэн жилийн турш салхилаад байхаар яаж ч ургахав. Ерөнхийдөө ургамал ургах үеэр маш их салхилдаг болсон. Хөрсийг чийггүй болтол, шим тэжээлтэй өнгөн хэсгийг туучихаад байна. Ингээд хамар хатгах өвсгүй болгочихоор аль гайгүй газартаа бүгд хошуураад, бэлчээр нь даацаа дийлэхгүй талхагдаад дуусах жишээтэй болсон гэж ярилаа.

Говийн аймгуудад гантай жилийн давтамж нэмэгдсэнээр ургамлын гарц муудаж, багахан чийг аваад цухуйдаг таана хүртэл зарим суманд огт ургахгүй өнждөг үзэгдэл ийнхүү бичигдэж эхэллээ. Энэ нь гандуу, хуурай бүс нутгийн хувьд цөлжилт ямар хүчтэй явагдаж байгааг илтгэх нэг баталгаа.

Тэгвэл бид юу хийж чадах вэ? Говь нутгаа ТААНАГҮЙ болохоос өмнө аврах боломж уг нь бий. КОП17 хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулж байгаа түмэн шалтгааны нэг энэ. Хүчтэй салхи шуурга, элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас бий болгох, хөв цөөрөм байгуулах, хашаалж хамгаалах, бэлчээрээ зөв ашиглах гээд бид өөрсдөө хийж хэрэгжүүлэх боломжтой олон ажлын эхлэл энэ хурлаар тавигдах учиртай.


ТААНАГҮЙ ГОВЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188