• Өнөөдөр 2024-04-27

ГУНИГТ НҮҮДЭЛЧИН

2022-04-04,   5011

“Хүнээс гарч байгаа тэр сайхан бүтээл хүний өвдөлт, эмзэглэлээс төрж байдаг гэсэн санаа мөн. Би ч тэгж боддог” хэмээсэн түүнийг би “Гунигт нүүдэлчин” гэж нэрлэхээр болсон юм. Тэр гэдэг нь яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаяр юм л даа.

            М.Батбаяр миний хувьд хэдэн жилийн өмнө алс холын “танихгүй” танил байлаа. Би түүнийг “Намрын тэмдэгтүүд”, “Бүгд өөрийн гунигтай” гэх хоёр номоор нь танина. Ганц ч удаа уулзаж үзээгүй атлаа нүдээр нь орчлонг харж, өөр дотроос нь шүлгүүдийг нь мэдэрч байгаа мэт явсаар гурван жилийн өмнөх зуны нэгэн үдшийн бороон дунд танилцаж байв. Өөрийн эмзэглэлийг ч өөрийнх нь мэт өрөөлд мэдрүүлж чаддаг түүний гурав дахь яруу найргийн ном “Өртөөн дээр хэлэгддэг үгс” номтой учирсан нь тэр байсан юм.

М.БАТБАЯР: “ДИН ТОСГОНЫ ЗҮҮД” РОМАНЫ СҮҮЛЧИЙН ӨГҮҮЛБЭРИЙГ ОРЧУУЛЖ, ЦЭГ ТАВИХЫН ТУЛД БҮТЭН ЖИЛИЙН ХУГАЦАА ЗАРЦУУЛСАН

Өнгөрсөн намрын Үндэсний номын баяраар М.Батбаяртай “Тагтаа” хэвлэлийн газрын асарт таарав. Анхны хүүрнэл зохиолын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номоо хэвлэлтээс гар дээрээ аваад удаагүй байсан түүнтэй ярилцлага хийх санал тавьсан ч, “Надад олигтой хийж бүтээсэн зүйл байгаа биш дээ. Ямар “Амьдрахуй”-гаа яриад байлтай биш. Би одоо Хятадын зохиолч Ян Лянкэгийн “Дин тосгоны зүүд” гэдэг янзын роман орчуулж байгаа. Тэр орчуулгаа дуусгаад хоёулаа ярилцъя, тэгэх үү” гээд саналыг минь хойшлуулсан билээ.

            Гэтэл Үндэсний номын баяраас хойш нэлээд сар өнгөрөөд байтал нэг өглөө эртээ М.Батбаяр над руу утас цохиж байна. Тэгээд “Дин тосгоны зүүд” романыхаа сүүлчийн өгүүлбэрийг орчуулж, цэг тавьлаа. Одоо хоёулаа ярилцах уу” гэснээр бид дахин уулзах болов. Түүнээс хэдэн өдрийн дараа сонирхолтой ярилцагч руугаа утас цохив. Төд удалгүй ногтон сахал тавьж, цэвэрхэн гэгч нь хувцасласан алгуурхан алхсаар ирлээ. Хүмүүний амьдралын өдөр тутмын аар, саархан зүйлсийн талаар ярилцаж, хамт алхсаар нэгэн ресторанд орж, булан бараадан суугаад түүний шинэхэн орчуулга “Дин тосгоны зүүд” романаас яриагаа эхэлсэн билээ.

 

-Хятадын зохиолч Ян Лянкэгийн “Дин тосгоны зүүд” романыг орчуулж дуусгасан танд баяр хүргэе. Зохиолч Ян Лянкэ “Дин тосгоны зүүд” романаа бичиж дуусгачихаад хэн нэгэнтэй ярилцахыг хачин их хүссэн тухай та дурссан байсан. Харин танд ямар хүсэл төрж байх юм?

            -Гарч, сайхан хүйтэн шар айраг олж уумаар л санагдсан даа. Ер нь нэг иймэрхүү ажлын ард гарах чинь асар хүчтэй оюун санааны оргазм, сэтгэлзүйн мастурбаци шүү дээ. Миний оюун санаа жилийн турш сүүлчийн өгүүлбэрийг орчуулаад цэг тавих тэр мөчийг хүлээсэн, өөрөөр хэлбэл орчуулсан энэ бүх хугацаанд хүлээлтийн горимтой байсан гэсэн үг. Сая тэр хүлээлт эцэслэж, тэр горим, тэр мацаг тайлагдаж байна гэсэн үг. Мэдээллийн урсгал үерлэж байгаа энэ үед зөвхөн нэг ном нухаад сууна гэдэг бол оюун санааны мацаг, кето дэглэм. Тэр мацаг л тайлагдаж байна. Тийм учраас хүйтэн шар айраг уунгаа энд тэндэхийн элдэв сонин хачин ярьж, хов жив сонсож, худлаа ярьж суух ердийн дэглэм рүүгээ орохыг хүсэж байгаа хэрэг.

-Орчуулгын төрлөөр олон өгүүллэг, дөрвөн ном хэвлүүлж, уншигчдад хүргэж, одоо нэг номоо удахгүй хэвлэлтэд шилжүүлэх гэж байгаа хүн. Энэ хугацаанд “муу зан” сууж байна уу?

            -Байхгүй дээ. Эсвэл би мэдэхгүй байна. Магадгүй, хаалга тогших, утас дуугарах, таньдаг хүнтэй таарахаас айдаг болчихдог юм болов уу.

-Таныг “Амьдрахуй” номыг орчуулж байх үед мөн “Тагтаа” хэвлэлийн газраас “Сайн уу гуниг минь”, “Нохойн зүрх” гэсэн номууд хэвлэгдэж байлаа. Гэсэн ч уншигчид таны номыг илүүтэй сайшааж, авч уншиж байв. Таныхаар уншигчид орчуулгын зохиолыг юугаар нь дүгнэж, юуг нь шүүж унших ёстой юм бэ?

            -Ойлгомжтой байдал. “Амьдрахуй” маш энгийн роман. Үсэг дөнгөж сураад дууссан хүүхэд ч уншаад ойлгоно. Хүмүүс ямар ном, бүтээлд дуртай байдаг вэ гэвэл уншаад ойлгосон ном, уншиж дууссан номдоо л их дуртай байдаг.  Хувь хүмүүсийн харилцаа ч тэр, уран зохиол ч тэр, дүрэм журам ч тэр ойлгомжтой, тодорхой байх хэнд ч сайхан биз дээ. Би хувьдаа уран зохиол, яруу найрагт ойлгомжтой, тодорхой байдлыг нэлээд дээгүүрт тавьдаг.

“Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог”

гээд уншихад ойлгомжтой амар байгаа биз дээ. Харин ямар утга санаа илэрхийлж байна гэдэг тусдаа асуудал. Тэгэхээр орчуулга байна уу, яруу найраг байна уу, юу нь байна уу хамаагүй ойлгомжтой, “эрүүл саруул” байх. Тэртэй, тэргүй амьдрал асар ойлгомжгүй зүйл. Уран зохиол тэр ойлгомжгүй, замбараагүй амьдралыг хайрцаглаж, ойлгомжтой эмх цэгцтэй болгож харуулдаг биз дээ. Яах вэ, би хэт реалист хандлагатай байж мэднэ. Гэхдээ  л энэ надад таалагддаг.  

-Таныг уншигчид зохиолч, яруу найрагч, орчуулагч гээд олон гуншингаар хэлж байдаг. Өөрийнхөө хувьд та алиных нь шалгуурыг давж, “гуншин”-даа тэнцсэн гэж боддог вэ?

            -Би бол яруу найрагч, орчуулагч. Зохиолч бол миний ирээдүй. Би салбарынхаа ах, дүү, анд нөхдөөсөө нэг л зүйлийг хүсдэг. Эхлээд хэн болмоор байгаа юм түүнийхээ хийх ёстой зүйлээ хийе ээ. Утга зохиолын судлаач, шүүмжлэгч болмоор байгаа бол эхлээд судлал, шүүмжээ бичдэг байя. Зохиолч юм бол эхлээд зохиолоо бичицгээе. Яруу найрагч болох гэсэн юм бол яруу найргаа урьдаар сайхан бүтээн туурвицгаая. Тэгчихээд дараа нь тэр гуншин, сэтрээ авцгаая. Манайхан түрүүлээд нэг, нэг гуншин зуураад авчихдаг. Зүйрлэвэл яг л нэг бурхан эрхтэн тараалаа гэдэг шиг хэн нэгэн мэргэжил тараахад дайрч очоод “Би зохиолчийг авна, би яруу найрагч гэдэг гуншинтай болно” гэж булаалдаж байгаа юм шиг. Харамсалтай нь, энэ бүхнийг эхлээд хийдэг, гуншин нэр нь түүний дараа ирдэг юм шүү дээ. Тиймээс эхлээд тарааж байгаа үнэгүй нэр авах гэлгүй өөрсдөө хийж бүтээж тэр нэрийг олж авах нь чухал гэж боддог.

            Тиймээс манайхан өөрийг нь зохиолч биш, яруу найрагч биш гээд хэлчихвэл дэлбэртлээ уурлана. “Биш гэчих вий” гэхээс сүнсээ зайлтал айна. Муу, сайн нь хамаагүй ямар нэгэн зохиол бичвэл зохиолч гэдэг сэтэр зүүнэ гэдэг чинь хамгийн энгийн логик шүү дээ. Гэвч манай зарим хүний хувьд МЗЭ-ийн шагнал гэдэг ч юм уу ямар нэгэн шагнал авчихвал зохиолч болно гэж боддог юм уу, яадаг юм хөлөө хугалчих шахан хөөцөлдөж яваа харагддаг. Тэгэхээр миний хувьд зохиол гэчихмээр юм одоогоор алга. Орчуулга, яруу найргийн юм гэвэл хүнд үзүүлчихээр хэдэн юм байна. Тэгэхээр сүүлийн хоёр нь юм уу даа.

 

-ӨВӨӨТЭЙГӨӨ ХАМТ ШҮЛЭГ, ЗУРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОЖ, ТЭР УРТ ӨВЛИЙН ШӨНҮҮДИЙГ ХУГАСЛАДАГ БАЙЖ ДЭЭ-

-М.Батбаяр гэж хүн анх хэрхэн, яаж яваад уран зохиол, яруу найраг руу “халтирчихав”?

            -Халтираагүй, мөлхөж яваад мөргөлдөж танилцсан шүү (инээв). Сургуульд орохдоо уншаад сурчихсан байлаа. Нэгдүгээр ангид оров. Нэг л мэдсэн нөгөө “Тунгалаг тамир” роман дээр “Сүрэнг заяагүй гэж чамд ямар шуламс шивэгнэчихээв” гэдэг шиг ямар чөтгөр нь шивэгнэсэн юм бүү мэд, тооны дэвтрийнхээ ард шүлэг бичээд эхэлсэн. Анхандаа нууж хулмалзаж явдаг байсан бол удалгүй тэгээд улаан цагаандаа гарсан даа. Сүүлдээ ч бүр түүгээрээ бахархах янзтай болоод ирсэн шүү. Шүлгийн дэвтэр энэ тэр гээд тусдаа дэвтэр нээж мээчихсэн мундаг амьтан байв шүү дээ. Одоо тэр дэвтрээ бага ангийн багшаасаа асуугаад эрээд олохгүй байгаа юм. Юу бичиж, бантанг нь хутгаж байсан бол гэхээс инээд хүрээд байдаг шүү.

            Нэгдүгээр анги. Хөөрхий өвөө минь амьд сэрүүн байлаа. Бид хоёр айлын хашаанд жижиг таван ханатад сууна. Орой хийх юм олдохгүй. Хөзөр тоглохоор өвөөгийн нүд үзэхгүй. Хоол болтол шийр зугаа гэж унтах болтол зугаа гаргах юм бодож олсон нь оройд зургийн болоод шүлгийн тэмцээн зохионо. Өвөө гарын дүйтэй, их аятайхан зурчихдаг хүн байсан болохоор илт илүүрхэж ялна л даа. Надад үлдсэн боломж нь шүлгээрээ ялах. Тийм маягаар л бид хоёр орой бүр “Тэмээ”, “Адуу”, “Уул”, “Ус” гэдэг ч юм уу нэг сэдэв сонгож аваад сэдвийн дор зураг зурж, шүлэг бичиж өвлийн шөнийг хугасладаг байсан даа. Гадар өөхний тосонд гамбир голдуухан хайрч идсэн нэг тийм хичээлийн жил өнгөрч билээ. Өвөө зун нь өөд болсон доо.

***

Ярилцагч маань бага насны тухайгаа, өвөөгийнхөө дурсамжийн талаар ийн ярьж байснаа гэнэт чимээгүй болж, хэсэг дуугаа хураав. Энэ үеэр л М.Батбаярын өвөөдөө зориулж бичсэн “Туулаа харж, өвөөгөө санана” тэмдэглэл санаанд тодхон орж ирсэн юм. “Туулаа харж, өвөөгөө санана. Энэ голоор гарах болгондоо санана. Энэ голын эрэгт, ирэх болгондоо санана.  Туул гол надад ашид өвөөг минь дурснам билээ. Туул голд миний бус миний өвөөгийн дурсамж бий. Тиймээс би эрэгт нь ирэхээр өвөөгөө санадаг билээ л” гэж эхэлдэг найруулалдаа тэр “Хатан туулын усанд хайрт өвөөгийн минь хархан залуугийн төрх тусаж, хөлс дусжээ” гэж бичсэн нь бодогдож, гэнэтхэн дуугаа хураасан ярилцагчаа “шавдуулж” түвдсэнгүй.

***

-Уншигчид таныг “уй гунигийн яруу найрагч” гэж тодорхойлох юм билээ. Олон ч хүн үүнийг батлах болов уу гэж бодож байна. Харин өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцаанд оролцож байгаа М.Батбаярт бичиж байгаа зүйл шигээ гуньж, гутарч, үхмээр юм шиг санагдаж байсан мөч тийм олон байсан юм уу?

            -Д.Намдаг гуай “Авьяас бол эмзэглэл юм” хэлсэн байдаг. Д.Батбаяр гуай авьяас билэгийг “Өргөст модны дуут шувуу”-тай зүйрлэсэн. Тэр шувуу юунд тийм сайхан дуугарна вэ гэхээр өргөсөнд хатгуулахын эрхэнд өөрийн мэдэлгүй тэгж дуугардаг гэжээ. Цаагуураа юу хэлэх гээд байна вэ гэхээр хүнээс гарч байгаа тэр сайхан бүтээл хүний өвдөлт, эмзэглэлээс төрж байдаг гэсэн санаа мөн биз. Би ч тэгж боддог. Авьяас бол аль ч утгаараа сувдтай адил зүйл гэж би хэлнэ. 

            Сувд өвдөлтөөс үүсдэг эрдэнэ юм гэнэ лээ. Хясаа руу санамсаргүйгээр орсон элсний ширхэгээс өөрийгөө хамгаалах гэж нэг төрлийн бодис ялгаруулан элсийг бүрхсээр тийм гайхалтай үнэт сувд бий болдог гэдэг. Тэгэхээр сэтгэлд нэг юм тээглэж, намайг өвтгөснөөс шүлэг төрдөг үү гэвэл төрдөг. Уй гунигийн тухай ийм л юм хэлэх байна даа. Т.Содномнамжил ламтан “Гуниглана гэдэг мунхрал ч мөн, гэгээрэл ч мөн” гэсэн байдаг шүү. Тэгэхээр юманд эмзэглээд, гуньж гутраад байхаар ч бичээд байдаг юм биш. Гуниглах, уйтгарлах гэдэг маань нэг талаараа дадал ч байж мэднэ. Яг л уур шиг. Юм юманд түүртээд уурлаад байхаар бүр л ууртай болоод байдаг шиг юм уу даа. Бүр өөр жишээ авъя. Булчин шиг. Хөдлөөд байвал хөгжөөд байна. Тэгэхээр надад уй гуниг их төрөөд байвал би “уй гунигийн гурван толгойт булчингаа л” дасгалжуулаад байгаа хэрэг. Гэхдээ би өөрийгөө тийм гутранги хүн гэж бодохгүй байна.

-Өөрийн эмзэглэл, уйтгар гуниг, өөрийгөө бичээд, түүнийгээ хэвлүүлээд хүнд уншуулж байна гэдгийг өөрөөр хэлбэл хэн нэгний урд нүцгэн зогсож байгаагаас ялгаагүй гэж болох байх. Өөрийн гэсэн бүхнээ бичиж, хэвлүүлж, хүмүүст хүргэсэндээ ичиж байсан үе байдаг уу?

            -Би тийм ичмээр юм бичдэггүй болохоор тэгж байгаагүй ээ. Хувьхан, өөрийн асуудлуудаа ч нэг их бичээд байдаггүй. “Хэнд хэрэгтэй юм, миний тэр” гэж боддог болохоор тэр биз. Тодорхой хэмжээнд бол байгаа гэхдээ маш бага хувь. Жишээ нь, “Өртөөн дээр хэлэгддэг үгс”-ийн шүлгүүдийг ангилаад үзвэл эхний бүлэг тэр чигтээ тэр хошуу нутгийн ахуй амьдрал, аж төрөхүйн тухай л байгаа. “Намрын тэмдэгтүүд” түүврийн шүлгүүд дотор огт бий байхгүй. Тэр зүгээр гэрэл зургийн альбом шиг ном. Байгалийн ч юм уу, тухайн агшныг л тэр хэвээр нь буулгасан шүлгүүд байдаг ч юм уу.

-Өнгөрсөн онд анх удаа хүүрнэл зохиолд “хөл тавьж”, анхны хүүрнэл зохиолын ном чинь тодорхой хэмжээнд хүмүүст хүрч, үнэлэгдсэн. “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” ном М.Батбаяр гэж хүний дурсамж, бусад хүний дурдатгал, түүхийг өгүүлсэн ном болсон. Харин одоогийн М.Батбаяр номон дээрх түүхтэй учирч, адал явдалтай нь тулж байсан үеэсээ хэр их өөрчлөгдсөн байна вэ?

            -Хүн болгон өдөр бүр, цаг, минут, хором бүрд өөрчлөгдөж байдаг байх. Бас үгүй байх. “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” бол тэмдэглэл, найруулал голдуу. Тэмдэглэл, найруулал бол нэгдүгээр биеэс бичдэг болохоор яруу найрагтай илүү төстэй.  Яруу найргаас хүүрнэл зохиол руу шилжиж байгаа үедээ тэр төрлүүдийг сонгож авч зүгширсэн гэх юм уу даа. Гэхдээ “Би хөлөө жийж суугаад амсхийх ногоон зүлэг олддоггүй хотын хүмүүс уншаад яг тийм зүлгэн дээр голын эрэгт суугаа мэт амсхийх мэдрэмж аваасай” гэж тэр зүйлсийг бичсэн. Харин дараагийн номондоо би тэс өөр зүйл бичнэ. Монголын хаа нэгтээ уулын аманд ч юм уу, голын хөвөөнд ч юм уу байгаа малчин хот айлууд одоо хэрхэн аж төрж байна вэ, тэр хүмүүст суурин соёл яаж нөлөөлж байна вэ, тэд хэрхэн дасан зохицож, юунд тэмүүлж байгааг бичмээр байна.

- ЯРУУ НАЙРАГЧ АМЬДАРСАН ШИГЭЭ БИЧДЭГ ЭСВЭЛ БИЧСЭН ШИГЭЭ АМЬДАРДАГ БАЙХАД БИ ДУРТАЙ-

-Дараагийн номондоо өмнөхөөсөө илүү нүүдэлчин ахуй руугаа “буцна” гэж ойлгож болох уу?

            -Хөдөө орон нутагт үй олон асуудал байна. Яагаад хүйсийн тэнцвэр тэнд алдагдчихав. Монголд хүйсийн харьцаа бараг 1:1 байдаг атлаа хөдөө, хотдоо тэгш бус. Эрэгтэй хүүхдээ мал дагуулж үлдээгээд, эмэгтэйгээ номын мөр хөөлгөөд хот суурин бараадуулдаг нийтлэг зүйл хөдөөгүүр ажиглагддаг. Хөдөө очихоор баахан хужаа мотоциклтой ганц бие залуус давхилдаж байна. Тэр хүн нэг бүрийн цаана асуудал байгаа л гэж харах хэрэгтэй . Хичээл завсардсан шалтгаанууд байгаа. Эцэг, эх нь “Сургуулиас гарна гэж зүтгэсээр байгаад гарлаа. Өөрөө мэдэж байгаа юм байлгүй” гэчихсэн сууж байдаг. Тэгтэл тэр хүүхэд нь юу тийм зүйл мэдэхтэй манатайгаа. Зүгээр гэрээ санаад, аав ээжээ санаад байранд, сургууль дээрээ гадуурхал, дарамтад өртөөд, айлд байхаар нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг ад үзэгдээд байхаар л гэр рүүгээ зугтаж байгаа. Бусдаар нэг их хөдөө гарч, насаа элэхээ хүүхэд өөрөө мэдэж шийдээд байгаа юм биш.

            Сумын төв, сургууль гэдэг чинь гадуурхал, шахалт дарамтны эх орон шүү дээ. Яагаад гэхээр банди нар нь сумын атаман ахаа харж, бахархаж, үлгэр жишээ болгож өсдөг. Өөр үзэж, харах юм байдаггүй. Сумын атаман гээд нэг дээрэлхүү нөхөр байж байдаг. Түүнийгээ л харж, жишээлж өсдөг. Тийм учраас ангийн атаман, сургуулийн атаман бүр болоогүй ангийн арван тав дахь атаман гээд дугаарлачихаад тууж явдаг шүү дээ. Энэ бүхний чинь цаана асуудал явж байгаа. Дарамт, гадуурхал явж байгаа. Хүүхдүүд нийгмээс айх айдастай болж байгаа. Өөрийгөө зоригтой илэрхийлж чаддаггүй дотогшоо хүн болоод тэр хүн том болохын хэрээр доторх асуудал нь томорч, удалгүй аймар аймар харгис хэргүүд үйлддэг.

             Эрчүүдийн асуудал дээрээ анхаарах цаг үнэхээр болсон. Сэтгэлзүй, боловсрол, хүмүүжил, төлөвшлийн асуудал чинь улаан гэрэл заачихсан байгаа. Тэгээд эхнэрээ хутгалаад, хүүгээ заазуурдаад, охиноо хүчиндээд байгаа юм аа. Дээрээс нь манайд нэг “Жинхэнэ эр хүн”, “Монгол эр хүн” гэсэн балай үг байна. Эрчүүдэд асар хортой. Ер нь хүнийг жинхэнэ, жинхэнэ биш гэж ангилж, ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ. Нэг талыг нь жинхэнэ гээд тэр хэв шинжид таарахгүйг нь эр хүн биш гэх гээд байгаа юм уу. “Эр хүн шиг учраа олъё” гээд бас нэг балай үг. Хэн нэгэн чамд ийм санал тавьбал хэзээ ч битгий зөвшөөр. Тийм галзуу солиотой юмнаас айж явсан нь дээр. Гэвч айчихаар эр хүн биш болчих гээд эр хүн шиг учраа олчихмоор санагдаад байвал нэг нь шоронд, нөгөө нь шороонд орно л гэсэн үг.  “Эр хүн шиг учраа олъё” гэдэг чинь “Булан тойроод зодолдъё” гэсэн үг шүү дээ. Эр хүн болох гээд булан тойроод зодуулна, түүний хэнд ч хэлэхгүй дуугүй хохироод үлдвэл бүр хоншоортой эр хүн болдог ч байх шиг. Харин арга эвээр учраа олох гэвэл “шалчига”, “хүүхэн шиг” болчихно. Тийм нөхцөлд өсөж байгаа хүүхэд “эр хүн” байхын тулд өнөө л сумын заан, атаман болохыг хүсэж байна.

            Сумын төвийн дотуур байранд хүчирхийлэлд өртөж байгаа сурагч охид бий. Гэтэл хүчирхийллийнхээ талаар бусдад мэдэгдэж, хэлэхээр манайхан хохирогчийг буруутгаад явчихдаг. “Энэ нэг юм өөрөө салтаганаж яваад эрийн өвөрт орсон байлгүй дээ” гэдэг. Үүнээс нь болоод хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд түүнийгээ хэлж, илэрхийлж чаддаггүй. Нууж хаадаг, тэгээд амиа хорлодог. Энэ мэт олон асуудлууд харагдаж байна. Тэр бүхэн миний дуугарах ёстой, гаргаж тавих ёстой асуудлууд байх. Нөгөө талаар хязгаар сумын төвд байдаг тэр асуудлуудыг би өөрөө туулаад гарсан болохоор өөрийгөө яг юун дундуур яваад ирчихэв гэдгээ эргэн харж байгаа ч гэж болно.

-Таны хувьд зохиолч, яруу найрагч хүмүүсийг биеэ хэрхэн авч явах, уншигчдадаа, нийгэмдээ ямар хандлага түгээх нь зөв гэж боддог вэ?

            -Зохиолч, яруу найрагч ч гэлтгүй ямар ч хүн нийгэмдээ, байгаа орчиндоо эерэг, зөв хандлага, уур амьсгал түгээж байх нь эргээд өөрт нь хэрэгтэй байлгүй дээ. Бид бүтээсэн нийгэмдээ өөрсдөө л амьдарна. Машиныхаа цонхоор хаясан тамхины иш хөглөрсөн замаараа өөрсдөө маргааш нь алхаж байгаа. Аваачиж хаясан хогтой Туулын бургасан дотроо эргээд өөрсдөө л амарч суухаар очиж байгаа. Сонгосон гишүүдийнхээ харалган шийдвэрийн хохирогч нь өөрсдөө л болж байгаа. Тэгэхээр аятайхан нийгэмд, аятайхан орчинд амьдармаар байгаа бол хүн бүр дор бүрнээ хичээх зүйтэй болов уу. Бусдаар энэ бол ямар нэгэн бүлэг хүний бүтээх ёстой зүйл биш.

            Үзэл санаандаа үнэнч, эх орондоо хайртай, эр зоригтой яруу найрагчдыг хүндэлдэг. Жишээ нь, Р.Чойном шиг. Тэр хүн айж хулчийсангүй, нам магтаж, шагнал авсангүй, удирдагчийн тухай урт урт магтаал бичсэнгүй. Намын хайр халамжаар дутахаас айсангүй. Таарахгүйгээ хэлээд түүнийхээ төлөө шоронд суулаа. Бас О.Дашбалбар агсан байна. Энэ нөхдүүдтэй ёстой л хамрынхаа хатуу зөөлнийг үзэж байсан.

***

М.Батбаяр бид хоёр суусан газартаа хоёр цаг орчим ярилцаад гарч иртэл нар хэдийнэ хэвийжээ. Нар жаргах агшинд Улаанбаатарын өндөр барилгуудын дунд гунигаа “үүрч” алхалж явсан М.Батбаяр гэнэт “Эрээнцавын” гэдгээрээ монголчуудын танил болсон Д.Нямсүрэн гуайн шүлгээс

“Хөдөө минь

Хөдөө минь

Хөдөөнөөсөө би явахгүй.

Хөх тэнгэр,

Салхинд сэрчигнэх өвс

Хүсэл мөрөөдөл,

Чиний нүдтэй учирсан

Хөдөөнөөсөө би холдохгүй”

хэмээгээд бидэн хоёр нэг хэсэг Д.Нямсүрэн гуайн тухай ярьж, шүлгийг нь уншиж явав.

***

-Бүтээх туурвих эрх чөлөө сайхан. Тэгвэл уран зохиолын сайхан нь юундаа байдаг гэж хэлэх вэ?

            -Сайхан гэдэг маш харьцангуй ойлголт. Олон хүний хувьд уран зохиол шиг утгагүй, балай юм байхгүй. Надад яагаад сайхан бэ гэхээр надад таалагддаг болохоороо л сайхан байгаа юм. Таашаал аваад байгаа болохоороо л надад сайхан санагдаад байгаа байхгүй юу. Эхэнд хэлсэн оюун санааны оргазм мэдрээд байгаа болохоороо л тэр. Бүх л зүйл дур таашаалд хөтлөгдөж оршдог шүү дээ. Бидний амьдрал ч тэр.

-“Амьдрал хайр дээр тогтдог” гээд байдаггүй бил үү?

-Хайр гэж байдаг юм уу?

-Тэгээд байдаггүй юм уу?

            -Миний хувьд бид олон өөр ойлголт, өөр ухагдахуунуудыг хайр гэж хувиргаж ойлгоод байх шиг санагддаг. Жишээ нь, дасал ээнэгшлээ ч юм уу. Зөв ёс суртахуун, зөв хүмүүжлээрээ хандахаар “Намайг хайрлаад байна” гэж боддог ч юм уу. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээ шохоорхож, сонирхож байгаа нь шулуухан хэлэхэд сэтгэл гэхээсээ илүү төмсөгтэй холбоотой. Бух болоод зэл амраахгүй байгаа бярууг засчихаар үнээ ээрэхээ больчихдог шиг чамайг эргүүлж байгаа залууг хөнгөлчих юм бол нөгөө их хайр гээд байгаа зүйл нь алга болчихно. Гүн ухамсарт нь тийм л амьтанлаг байгалийн зөн байгаа. Эргүүлж байгаа залуу чинь “Би чамд хайртай” гэж байвал “Би чамтай унтмаар байна” гэж байна гээд ойлгочиход нэг их буруудахгүй. “Би чамтай унтмаар байна” гэхээр аягүй муухай, соёлгүй сонсогдох гээд бид BX, Uka, 168 гэдэг шиг хайр гэдэг тайзны нэр бодож олж л дээ. “Би чамтай унтмаар байна” гэснээс “Би чамд хайртай” гэх нь чихэнд чимэгтэй биз дээ. Гээд ярихаар олон хос, гэр бүл хүлээн зөвшөөрөхгүй байх. Өөрсдийнх нь хайр гэж бодож явсан итгэл үнэмшил нь нураад уначих учраас.  Хосуудын яагаад “Чи анхных шигээ байхаа больсон, намайг гэхээ больсон” гэдэг хэрүүл гардаг юм бэ. Төмсөгний хүсэл нь л ханачихсан байхгүй юу. Урт удаан хамтын амьдрал бол үүрэг хариуцлага, дасал ээнэгшил, ёс суртахуун, хүн чанар ч юм уу иймэрхүү зүйлс барьж байдаг байх. Энэ бүхнийг нийлүүлж бид хайр гэж хувиргаж ойлгодог байх.

            Гэр бүл ч эцэстээ амьдрах нэг төрлийн арга, хэлбэр шүү дээ. Ихэнх нь ухамсаргүйгээр тийм замыг сонгодог. Ухаан ороод эргэн тойрноо харсан чинь л хүмүүс хоёр хоёроороо айл гэр бүл болж, амьдарч байсан аав ээж нь, ах эгч нь гээд л. Тэгээд яах вэ дээ “Аа ингэх ёстой юм байна” гээд ойлгочихгүй юу. Яг дотор нь ямар шившгийн булай, булай юмнууд байдгийг, ямар ой гутмаар залхмаар зүйлс туулдгийг мэдэхгүй л давхиад орчихож байгаа байхгүй юу. Хөдөө бол үнэхээр аргагүй. Ажлын хуваарь нь тэгж шаарддаг. Нэг нь ааруулаа хийж, нөгөө нь адуугаа услах хэрэгтэй болохоор эрэгтэй, эмэгтэй хамт байж байж л амь зууж, амьдарна. Бэр гуйх үг дээр гардаг биз дээ, “Буга намнадаг нь манайд, булга зүүдэг нь танайд” гээд л ажлын хуваариуд. Тэгэхээр амьдрах, амьд үлдэх арга хэлбэр л гэж хардаг. Нөгөөтэйгүүр ямар ч хүнд үхлийн зөн, үхнэ гэсэн айдас, үхлийг шохоорхон сонирхох зөн байгалиасаа байдаг учраас “Үүнтэй хамт би үхэх учраас үр удмаа үлдээж үргэлжлэх хэрэгтэй юм байна” гэдэг бодол хүчтэй төрдөг байх. Тэгэхээр үүдэл шалтгаан нь иймэрхүү л зүйл болов уу. Би ч ингэж хэлж байгаа юм биш.  Ийм санаа байдаг, түүнийг дэмжиж байгаа төдий шүү.

-Таныхаар “Одоо цагт хамтын амьдрал, гэр бүл хэрэггүй” гэсэн үг болж таарч байна уу?

            -Тийм утгаараа биш ээ. Хэрэгтэй байлгүй яах вэ дээ. Хүн мянган хүнтэй хамт байхдаа ч ганцаараа байдаг амьтан шүү дээ. Усны хоёр дусал шиг нэгдчихгүйгээс хойш хэнтэй ч хамт байсан хүн ганцаараа л байдаг. Хүний амьдрал чинь мөнхийн ганцаардал шүү дээ. Ганцаардлын аян. Чи энэ цонхоор хардаа зам дүүрэн машин зайгүй түгжирчихсэн. Гэхдээ л эд нар чинь тус тусдаа байгаа биз дээ. Яг л үүн шиг. Тэгэхээр хүнд хамтын юм гэж байхгүй. Би энэ амьдралыг мөнхийн ганцаардал л гэж ойлгодог. Чи үхэхэд чи л үхдэг. Чи өвдөхөд чи л өвддөг. Хамт байгаа хүн чинь яах вэ дээ санаа нь зовдог, шаналдаг байж болох юм. Миний бодлоор хамтын амьдрал, үерхэл гэдэг тольтой адилхан зүйл. Чамайг өөрт чинь харуулах. Тэгэхээр хүн хамт байх хүнээ сонгож буй мэт боловч өөрийнхөө ямар дүртэй хамт баймаар байгаагаа л сонгож байгаа хэрэг. Чамайг “Арчаагүй муу архичин минь” гэх нэг хүн таарна, аан бас “Аягүй хүн чанартай сайн залуу” гэх өөр нэг хүн таарна. Чи ийм сонголтуудаас өөрт таалагдсан өөрийгөө сонгодог. Цаад хүн чинь чамайг чамд ямар хүн гэж харуулж, мэдрүүлж байна. Тэдэн дотроос л чи өөрийгөө сонгодог. “Би ийм хүн юм байна. Би ийм зүйлд дургүй, иймд дуртай, ийм зүйл дээр залхуурах, ийм зүйлийг дуугүй тэвчээд гарах хүн юм байна” гэдгээ хүмүүс хоорондын харилцаанаас л мэдэж авдаг шиг байгаа юм. Тэгэхээр хувь хүн төлөвших, бий болоход хүн хоорондын харилцаа асар чухал үүрэгтэй.

-Эргээд нөгөө уран зохиолын тухай яриа руугаа оръё. Яруу найраг таныхаар юутай төстэй зүйл вэ?

-Хүнтэй. Тэр тусмаа миний хувьд эмэгтэй хүнтэй.

-Яагаад эмэгтэй хүнтэй гэж?

            -Нэг тийм сэтгэл хөрөх, сэтгэл буруулахыг анддаггүй айхтар хар сэртэй зүйл санагддаг шүү дээ, яруу найраг. Өөрийг нь тоохгүй жаахан мөнгө бодоод давхичихыг анддаггүй. Байнга л хойноос нь гүйж байхгүй бол яршигтай ааштай даа (инээв). Нөгөө талаас дээр би хүнтэй хамт байх, хүн хоорондын харилцаа хүнийг өөрт нь харуулж таниулж байдаг гэснээ дээ. Яруу найраг яг тийм.

 

-Хэрэв яруу найраг эмэгтэй хүнтэй ижилхэн юм бол үүнд ч гэсэн таны хайрын тухай, хамт байхын бодол нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу?

            -Тийм болоод олон хүн бичихээ больдог байлгүй дээ. Залуу зандан, бэлгийн бойжилтын үе дээрээ олон залуус шүлэг бичиж байгаад алга болчихдог шд. Хэзээ нэгэн цагт би ч бас тэгэхийг үгүйсгэхгүй. Орчуулга, хүүрнэл зохиол түлхүү сонирхож байна гэдэг ч бас яруу найргаасаа таашаал авах нь багасаад өөр зүйл сэтгэл татаж байгаа ч байж мэднэ. Тийм болохоор л уран зохиолын энэ олон төрөл чинь хүмүүс шиг байхгүй юу. Өөр өөрийн араншинтай. Жишээлбэл, яруу найргаас мэдрээгүй мэдрэмжээ чи найруулал, өгүүллэг бичээд мэдэрнэ. Энэ хоёроос авч чадахгүй байгаа юмаа орчуулга хийвэл авна гэдэг ч юм уу. Бүгд өөрийн өөрийн сайхантай, бас өөр өөрийн жигшим муухай араншинтай. Нөгөө талаас энэ олон төрөл, зүйл бол илэрхийлэх аргууд л юм.

***

Ярилцлагаа өндөрлүүлээд салж явахдаа ч, ногтон сахалтай, ганцаардсан эрийн тухай бодол толгойноос салсангүй. Хорвоо ертөнцийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөө гуньж, эмзэглэж яваа М.Батбаярын одод шиг гялалзах гудамжны гэрэлтүүлэг дундуур нуруугаа үүрч алхалсаар харанхуй руу одсон нь ч санаанаас үл гарах. Тэгээд

“...Ирээгүй цаг хугацаа, учраагүй юмс

Итгэлийг минь эвдэхгүй гэдэгт

Эргэлзэхгүй болтлоо

Энэ орчлонд дассан байна...”

хэмээсэн “Гунигт нүүдэлчин”-ий нэгэн шүлгийг санаж, амандаа уншиж явав. Өнө, хожид бидний ийн ярилцаж суусан нь ч түүнд дурсамж аль эсвэл бүтээлээ “өлгийдөх” эмзэглэл болох биз ээ.

 


ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-07 17:19:41
    Zzzzzzz: Жинхэнэ яруу найрагч гэж боддог.Өнгө, мөнгө, нэр,хэлбэр хөөцөлддггүй хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 19:17:43
    Эрдэнэтөгс: Ганцаардав.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 14:44:12
    Д.С: энэ азсайхан гэдэг чинв бас шүлэг бичдэг хүү байх шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 11:26:41
    нандин: тун сайхан ярилцлага болжээ. Мө-гийн мэдрэмж, ертөнц тэс ондоо өөр мэдрэгддэг, санагддаг, уншиж байхдаа хамт ярилцаад сууж байгаа мэт л сайхан санагдав.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188