• Өнөөдөр 2025-12-16

Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ

2025-12-16,   206

          Арванхоёрдугаар сарын 24-нд орон нутгийн цагаар 18:47-д Австралийн Сидней хотын Бонди далайн эрэг дээр галт зэвсэг нээж 16 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед далайн эрэг дээр еврейчүүдийн үндэсний Ханука баярын олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байсан бөгөөд мянга гаруй хүн цугларсан байв. 
 
      Халдлагад амиа алдсан хохирогчдын дунд 10 настай охин, Холокостоос амьд үлдсэн нэгэн багтжээ. Мөн 42 хүн гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Австралийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, одоогоор Сидней хотын эмнэлгүүдэд 27 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний зургаан хүний биеийн байдал маш хүнд байна. 
 
        Шинэ Өмнөд Уэльс мужийн Эрүүл мэндийн сайд Райан Парк Даваа гарагт ABC News-д өгсөн ярилцлагадаа дөрвөн хүүхдийг Сиднейн Хүүхдийн эмнэлэгт шилжүүлсэн болохыг мэдэгджээ. Мөн цагдаагийн мэдээлснээр, халдлагын үеэр хоёр цагдаа буудуулж шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгааг мэдээлсэн юм.
 
        Халдлагыг үйлдсэн хүмүүсийг аав хүү хоёр болохыг цагдаагийн байгууллага тогтоожээ. Аав, Сажид Акрам нь 50 настай бөгөөд Австралид анх 1998 онд сурлагын визээр ирж, 2001 онд хамтрагчийн визэд шилжин, түүнээс хойш оршин суух эрхээ сэргээх визээр амьдарч байжээ. Хүү, Навид Акрам нь 24 настай бөгөөд Австралид төрсөн юм. Сажид Акрам нь ан агнуурын зориулалттай буу эзэмших лицензийн шаардлагыг хангаж, албан ёсны галт зэвсэг эзэмшигч байсан гэж Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газрын комиссар Мал Ланьон мэдэгдлээ. Түүний нэр дээр нийт зургаан галт зэвсэг бүртгэлтэй байсан бөгөөд эдгээр нь бүгд халдлагын үеэр ашиглагдсан байх магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзэж байна.
 
Тэдний машинаас “Исламын улс” (ISIS)-ын террорист үзэл сурталтай холбоотой далбаа, мөн гар хийцийн тэсрэх төхөөрөмжүүд олдсон тул цагдаа нар уг хоёр этгээдийг Исламын улсын үзэл сурталтай холбоотой эсэхийг мөн шалгаж байна.
 
     Халдлагын үеэр 43 настай жимсний худалдаачин Ахмед аль Ахмед буудалцааны зүг гүйж очин, нэг халдагчийг унагаан зэвсгийг нь салгаж, илүү олон хүний амь үрэгдэхээс сэргийлсэн байна. Тэрээр баруун гарандаа ойролцоогоор таван бууны шарх авсан бөгөөд одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Мөн нэг эмэгтэй гурван настай охиныг бууны сумнаас хамгаалан биеэрээ халхалж, өөрөө шархадсан ч хүүхдийн амийг аварсан байна. Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз аймшигт үйл явдлын дараа галт зэвсгийн хуулийг чангатгах амлалт өгчээ.
 
Эх сурвалж: BBC, Арванхоёрдугаар сарын 16.
 
 
Орчуулсан: Э.Эмүлэн

Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 13:32:57
    СУРЛАГЫН ВИЗ ГЭЖ БАС БАЙНАА??: СУРГАЛТЫНХ БАЙХ ДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 12:32:45
    Зочин: Энэ гадны шашинг яах ёстойм бэ арга хэмжээ ваачээ утгаа алдлаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188