• Өнөөдөр 2025-12-15

БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…

      Арванхоёрдугаар сарын догдлол дүүрэн өдрүүдийг илүү ид шидийн, ер бусын болгодог зүйлсийн нэг бол Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет. Тус тоглолтыг энэ жил арванхоёрдугаар сарын 28-н хүртэл цөөн өдрүүдэд тоглоод дуусах бөгөөд ид шидийн ертөнцөд саатаж, хүүхэд насандаа эргэн очохыг хүсвэл амжиж үзээрэй. Бид тус балетын Па-Де-Труа, Амттаны дагинын дүрд тоглож буй балетчин Б.Маралтай ярилцлаа.

-Үзэгчдийн хувьд “Цөмөөхэй” тоглож байгаа гоё өдрүүд өнгөрч байна. Уран бүтээлчдийн хувьд ч догдлол дүүрэн байгаа байх. Энэ жилийн онцлог юу байна вэ?
 
        -Арванхоёрдугаар сар бол тэр чигээрээ дэлхий даяараа “Цөмөөхэй”-гээр амьсгалдаг. Манай театрын хувьд энэ жил 12 удаа тоглож байна. Миний хувьд өнөөдөр Амттаны дагинын дүрд тоглох гэж байна. Онцлог гэвэл Япон Улсаас Клара маань хүрч ирж тоглож байна.
 
-Таны хувьд хэд дэх удаагаа тоглож байгаа вэ?
 
     -Миний хувьд хоёр дахь удаагаа Амттаны дагинын дүрд тоглох гэж байна. Түрүү жил өдийд мөн энэ дүрд бүжиглэж байсан. Үүнээс өмнө бол бусад дүрд тоглож байсан. Хоёрдугаар үзэгдэл бол тэр чигтээ ид шидийн, үлгэрийн ертөнцөд байгаа мэт онцлогтой. 
-Таны хувьд энэ жил ямар амжилттай жил болж өнгөрсөн бэ. Мэдээж Дуурь, бүжгийн эрдмийн театрын хувьд тасралтгүй тоглолтуудаа хүргэсэн?
 
     -Энэ жилийн тухайд Японд урилгаар очиж тоглосон. Мөн. Хятадад болсон олон улсын тэмцээнд балетчин Б.Анандтайгаа хамтран оролцсон. Тэгээд аравдугаар сард манай театр “Хунт нуур” балетаар улирлаа нээсэн. Түүний дараа Жизель, одоо ингээд “Цөмөөхэй” гээд тоглож байна.
 
-Театрт орсноос хойших хугацаанд олон ч балетын гол болон туслах дүрд тоглосон байх. Өөрийн чинь хувьд хамгийн их сорьсон нь аль дүр бол?
 
       -2017 онд театрт орж байсан. Ороод энэ тухайн үед тоглож байсан бүх уран бүтээлийн массын, туслах дүр, олон улсын бүжигт бүжиглэсэн. Тэгээд 2021 оноос гол дүрүүдэд гоцолж эхэлсэн. Анхны дүр маань “Уран хас” бүжгэн жүжгийн Хандармаагийн дүр. Түүний араас “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрд гарсан. Эхнээсээ ингээд мөрөөдлөө биелүүлээд, өшөө гоё дүрүүдэд гарахыг хүсэж эрмэлзэж байна.
-Яагаад балетчин больё гэж бодсон юм бэ. Аав, ээж хэн нэгний нөлөө, тусгал байдаг уу?
 
         -Арван настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид балетаар хичээллэж эхэлсэн. Түүнээс өмнө Хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэгээд Хүүхдийн ордны багш мэргэжлийн сургуульд нь очиж шалгуулахыг зөвлөсөн. Тухайн үед сонгодог, ардын аль ч бүжигт нь орно гэж бодоогүй. Зүгээр л бүжгийн ангид нь очиж шалгуулъя гэж очсон. Тэгсэн сонгодог бүжигт шалгалт авч таараад, тэнцсэнээр орж байлаа. Намайг бүжигчнээр шалгуулах зөвлөгөө өгсөн Хүүхдийн ордны багшдаа мөн баярлаж явдаг.
 
-Хөгжим бүжигт байхдаа ч театрт ороод ч уралдаан, тэмцээнд өөрийгөө сорьж үзэх, давхар суралцах зүйл байсан болов уу. Амжилтаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?
 
        -Хамгийн сүүлд Москва руу тэмцээнд яваад ирлээ. Дөрвөн жилдээ нэг удаа болдог балетын олимп гэж хэлж болох тэмцээн л дээ. Тэгээд ирээд, Соёлын элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит олон улсын балетын тэмцээн II уралдаан болоод, том насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн. Түүнээс өмнө Монголдоо болон Улаан-Үд, Япон гээд оролцсон.
 
-Балетчнаар сурч байхдаа тоглохыг хүсдэг дүр байсан байх?
 
   -Тэгэлгүй яах вэ, бүх жүжиг гоё санагддаг. Дээрээс нь сургуульд байхдаа театрт бид тоглолтод оролцоод явдаг. Тэгэх бүрд ах, эгч нарыгаа хараад шүтдэг байсан л даа. “Ямар гоё юм бэ, би яг энэ эгч шиг болно” гээд театрын мундаг, мундаг ах, эгч нарыгаа хараад урам зориг аваад, өшөө илүү хичээх хэрэгтэй юм байна гэж боддог байсан. Сургуульд байхдаа “Хунт нуур” балетад гоцлохыг мөрөөддөг байсан.
 
-Сонгодог урлагийнхан их төлөв даруу санагддаг. Тэмцээн, уралдаанд орсон ч чимээгүй төдийлөн мэдэгддэггүй?
 
     -Тийм ээ, ер нь төлөв даруу талдаа шүү.
 
-Таны хувьд балетаар хичээллээд олж авсан давуу талууд юу бол?
 
           -Балетаар хичээллэсэн хүн наад захын гоё мэдрэмжтэй болно. Биеэ гоё авч явна. Дээрээс их хариуцлагатай, тэсвэр тэвчээртэй болох гээд давуу тал олон бий.
 
Түүнтэй өмнө бид мөн ярилцаж байсан яриаг энд дарж уншаарай.
 

БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188