• Өнөөдөр 2025-12-16

АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ

2025-12-16,   119

       Түүнд удирдаагүй балет, дуурь ч гэж бараг үгүй. Тиймдээ ч сонгодгуудын сонгодог удирдаач гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг Монголын болон гадны улсын театрын тайзнаа удирдсан дууриуд нь гэрчилдэг. Тухайлбал, ОХУ-ын  Буриадын нийслэл Улан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковскийн "Евгений Онегин", Ж.Базегийн "Кармен", Ж.Вердийн "Трубадур" зэрэг дуурийг удирдсан байдаг. 

       Мөн Новосибирск хотын театрт Ж.Пуччинигийн "Тоска" дуурь, БНАСАУ-ын симфони оркестрт “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд”, ОХУ-ын Владивосток хотын Номхон далайн оркестртой П.И.Чайковский “Нэгдүгээр концерт” зэрэг дуурь,тоглолтыг удирдан тоглуулж өндөр үнэлэлт авсан байдаг.
 
      Амьдралынх нь түүх ч амжилт шигээ баялаг эхэлсэн юм билээ. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 13 хүүхэдтэй айлд мэндэлж, Жагварал гэх хүмүүнд өргөгдөж, хүний энхрий ганц хүүхэд болон өсжээ. Багаасаа л хөгжимд дуртай, бүр хүн бүрийн ойлгож, мэдье гээд байдаггүй нотыг хүртэл сурах гэж мэрийдэг хүүхэд байж. Ингэж явсаар 17 настайдаа Улаанбаатарт орж ирж, Монголын театрын нэрт хүмүүн Э.Оюун гуайд шалгуулж, театрт жүжигчин, хөгжимчнөөр тэнцсэн байна. Хөгжим гэж хөг аялгуу дүүрэн энэ зэмсэг түүний сэтгэлийг татан татсаар эрхгүй тэр зүгт хөтөлж, Улсын багшийн дээд сургуульд хөгжмийн удирдаач, зохиолчийн анги нээгдэхэд уухайн тас л элссэн гэдэг. Тэнд тэр мэдээж Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун гуайтай багш шавийн барилдлагаар учралгүй яах вэ. Тэгэхэд ч түүнээс хойш ч тэр л хүмүүн хөгжим хэмээх ертөнцийн хөг аялгууг бүтээгч нь байж өнөөдөр ч яригдаж байхад. Ингээд л хэн болох замдаа нэгэнт ороод авсан Ж.Бүрэнбэх сургуулиа төгсөөд Ленинград хотын консерваторт явж, дуурь, симфоны удирдаач мэргэжлээр суралцжээ.
Түүний Монголынхоо төдийгүй дэлхийн тайзнаа тавигдах бүх л сонгодгуудыг удирдах он жил нь 1979 оноос эхэлж, 2015 оноос Ерөнхий удирдаачаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр "Удирдаач хүн тухайн бүтээлийг өөрөө дээд зэргээр судалж мэдсэний үндсэн дээр тэрхүү зүрх сэтгэлийн онгод хөгөөрөө дуучид, хөгжимчдийг удирдан тоглуулдаг. Хэчнээн мундаг гоцлол дуучин, хөгжимчин, ямар ч шилдэг найрал байлаа гээд удирдаачийн зааварчилгаагүй тоглож болохгүй" гэж удирдаач хүн юугаараа чухлыг ярьна. Мөн “Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй, хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ” гэнэ.
 
     Мэдээж цааш бид бүтээсэн дүрийнх нь тухай онцлохгүй өнгөрч болохгүй.  Тэрбээр "Нийслэл хүү", "Сэтгэлийн дуудлагаар", "Балга ус” зэрэг кинонд тоглосон байдаг. "Нийслэл хүү" киноны Батхишигийн дүрийг бүтээх болсон тухайгаа тэрбээр "1968 онд Гавьяат жүжигчин Лувсан гуайнх найр хийж байлаа. Манай театрынхан очоод сууж байтал нэг хүн орж ирээд, "Монгол кино үйлдвэрээс явж байна. Ж.Бүрэнбэх гэж хэн юм" гээд намайг дууддаг юм байна. Киног тухайн үед улсын хөрөнгөөр бүтээдэг байсан болохоор Соёлын яам кинонд тоглох гол дүрийг сонгодог байсан. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай.
Тэрбээр кино багийнханд "Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн" гэж хэлснээр намайг сурч ирсэн нь тэр юм билээ. Тэгж л би энэ дүрийг бүтээх болсон юм" гэж ярьсан байдаг. 
 
          Ийм л нэгэн хүмүүн хүний сэтгэлд хоногшсон дүр бүтээхээс гадна Монголын театрын урлагт нэгэн насаа зориулж, удирдаач гэх нандин мэргэжлээрээ өнөөдөр ч тайзнаа гарч явна. Цав цагаан үстэй болсон ч залуугийнх шигээ жавхаалаг хөдөлгөөнтэй, хэзээний сурцтай нь аргагүй тайзнаа гарч ирээд дуурь удирдах түүнийг "Гүн гэрийн гүнж" дууриар тайзнаа гарч ирэхийг хараад эрхгүй бахархах сэтгэл төрсөн. Тэр эрхэм нөхрийнхөө 75 насны ойд хүндэтгэл үзүүлж, ийн зогсохдоо тэртээд хоёул энэ дуурийг тайзнаа амилуулахаар хөөцөлдөж, хөөрөлдөж суусан үеэ эрхгүй дурссан байх аа.

АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188