• Өнөөдөр 2025-12-16

“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО

2025-12-16,   285

    Манай улсад хамгийн хүчтэй спорт хороо гэвэл Цагдаагийн ерөнхий газрын дэргэд дэх “Хүч” спорт хороо, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хороод байлаа. Гэтэл сүүлийн үед “Хүч” спорт хорооны хүч суларч, “Сульдайтай хүүхэд” шиг эрч нь сулраад удаж байна. Сүүлийн 30 жил Монгол Улсын төр, засгийн эрхийг барьж буй намынхан тендер, шахааны бизнес, луйвар, хулгай хийж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, “Гарын салаагаар”-аа төрийн мөнгийг урсгах болсон. Энэ нь улс орны эдийн засгийг “Элгээр нь хэвтүүлэх”  үндсэн шалтгаан болчихсон. Тэд ард түмнийг “Бүсээ чангал” гэсээр 30 жил болчихлоо. Харин өөрсдөө төрөөс төрсөн “Тэрбумтан” болчихсон. Иргэд биднийг “Улныхан” хэмээн доромжилж суугаа.  

    “Даахгүй нохой булуу цуглуулна” гэдэг шиг төр бизнесийн олон салбар руу ханцуй шамлан дайрч, оролцох болов. Олон аж ахуйн нэгж, компанийг татварын хууль гэгчээр “татаж унагаж” эхэлсэн. Өрсөлдөгчгүй зах зээлд төрийн өмчит компаниуд давуу эрхтэй болоод авсан. Төр барилга бариад, газар зараад, жижиг, дунд үйлдвэр, гадаад худалдаа, түлш, эрчим хүч, тээвэр, зам харилцаа, банк, санхүү гээд оролцохгүй салбар, хийхгүй бизнес гэж байхгүй болоод байгаа. Ардчилсан Монгол Улс буцаад л төлөвлөгөөт эдийн засагтай, социализмийн үеийн коммунист дэглэм рүү ухралт хийгээд эхэлсэн. Харин өөрсдийн хийсэн буруу бүхнийг ардчилалсан нийгэм рүү чихэж болсон билээ.

 Төрийн явуулж буй бодлого нь алдаатай, төрийн өмчийн компаниудын бүгд алдалтай ажиллаад эхэлсэн. Тэр бүхнийг засаж залруулах гэж Төрийн хэмнэлтийн тухай хууль гэгчийг батлан гаргасан байдаг. Төрийн хэмнэлтийн хуулиар алдалтай ажиллаж буй төрийн мэдлийн 100 гаруй компани, УИХ-ын 126 гишүүн, сайд дарга нарынхаа тоог цөөл гэж ард түмэн шаардахаар шаардлагыг биелүүлж байгаа царай нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж байгаа төрийн байгууллагын дэргэдэх хамгийн хэрэгтэй нэгж, байгууллагыг татан буулгаад эхэлсэн нь “Эмгэнэлтэй” үзэгдэл болоод байгаа юм.

     Одоогоор төрийн өмчит болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компанийн тоо 100 хол давж хэтэрчээ. Мэдээж эдгээр төрийн өмчит, оролцоотой компаниудын асуудлыг нэгдсэн байдлаар харж, менежмент хийх ёстой байгууллага нь бол  Төрийн өмчийн хороо. Төрийн өмчит компаниуд л хамгийн их алдагдалтай ажилладаг. Төрийн өмчийн компаниудын дарга нар 5-10 сая төгрөгийн цалин авч, хамгийн үнэтэй тансаг машин унаж, нэмэлт урамшуулал, ахуй хангамж, эдлэн гадаад, дотоодоор аялж, зугаалаад явахаар компани нь алдагдалтай, ашиггүй ажиллахгүй яах вэ дээ.

    Төрийн өмчийн хороо, төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулахын тулд захиргааны зардлыг бууруулах ажлаа ЦЕГ-ын дэргэдэх “Хүч” спорт хорооны хүчийг сулруулахаас ажлаа эхэлсэн бололтой. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг , тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучныг ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр, санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журамд заагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хориглоно гэсэн нэмэлт заалтыг оруулчихжээ. Тэгээд л “Хүч” спорт хороог онилон  төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж байгаа  аж.

     Тус спорт хороо нь 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдаж, МАХН-ын, Төв хорооны нарийн бичгийн даргын 1972 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 91, БНМАУ-ын, Сайдын нарын зөвлөлийн 1972 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаар тогтоолоор Нийгмийн аюулаас хамгаалах яамны Биеийн тамирын сайн дурын “Хүч” нийгэмлэгийг байгуулж, одоогийн Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны үндэс суурийг тавьсан байна.

     Өдгөө 75 жилийн түүхтэй тус спорт хороо нь Дэлхийн цагдаагийн спортын болон Олон Улсын “Динамо” нийгэмлэгүүдийн гишүүн байгууллага юм. Монгол Улсад нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх тамирчид бэлтгэх, хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх, чийрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах үйлсэд хувь нэмэр оруулсан. Тус спорт хороо цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн бие, бялдар, бэлтгэлжилтийн стандарт тогтоох, алба хаагчдын түвшинг тодорхойлох, бие, бялдар бэлтгэлжилтийг зохих түвшинд нь хүргэх биеийн тамир, спортын арга хэмжээг хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байлаа.

     Үндэсний болон их спортыг хослуулан хөгжүүлж буй энэхүү хамт олны дундаас Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэж байв. Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос боксын төрлөөр хүрэл медаль хүртэж байлаа.

     Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны дэлхий аварга, олимпын хүрэл медальтан болсон. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ээс хүрэл медаль зүүж байсан бол чөлөөт бөхийн төрлөөр гавьяат тамирчин Б.Наранбаатар, О.Бурмаа, Д.Нармандах, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, Т.Тулга, самбо, жүдо бөхийн төрлөөр  гавьяат тамирчин Н.Баатарболд, О.Одгэрэл, Х.Батхишиг, С.Мияарагчаа төрөн гарсан.

   Үүнээс гадна хүндийн өргөлтийн төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа, хөнгөн атлетиктийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од, уулын спортын төрөлд гавьяат тамирчин Т.Гүррагчаа, буудлагын төрлөөр гавьяат тамирчин Ц.Мөнхзул, мэргэжлийн боксын төрлөөр гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв нар төрөн гарсан байдаг. Хүчингүй төрийн өмнө сөхөрсөн “Хүч” спорт хороо, сөнөж сүйрч эхэллээ.

 


“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 09:56:02
    Иргэн: Хэрэггүй спорт хороо, тараавал таарна ! Ард түмний жагсаал цуглаан мэтий г хүчирхийлэн тараахад цагдаагийн нэмэлт хүчин болох зориулалттай хүчи рхийллийн байгууллага ш дээ, тараа тараа !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188