• Өнөөдөр 2025-12-16

Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН

2025-12-16,   128

Сурагчдын амралт, шинэ жилийн баярыг тохиолдуулан Хүүхэлдэйн театр шинэ уран бүтээлүүдээ үзэгч хүүхдүүддээ хүргэж байгаа билээ. Тус театрын дараагийн уран бүтээл “12 сар” хүүхдийн жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин МУСТА Э.Ганчимэгтэй ярилцлаа.

-Шинэ жилийн ид шидийг мэдрүүлэх “12 сар” хүүхдийн жүжиг удахгүй хүүхдүүдэд хүрч эхлэх гэж байна. Бэлтгэлээ тун идэвхтэй хийж байна уу, жүжгийнхээ талаар ярихгүй юу?

                -Уран бүтээлч хүний хувьд тэр дундаа хүүхэлдэйн театрынхан хувьд шинэ жилийн баяр илүү өвөрмөц сайхан баяр болдог. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй шинэ жил шүү дээ. Тийм ч учраас манай театр маань шинэ жилд зориулсан уран бүтээлийн дээжсээсээ багачууддаа хүргээд эхэлсэн. 12 сар жүжгийн бэлтгэл эхэлсэн байгаа, хүүхдүүдтэйгээ шинэхэн жүжгээр уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна.

-Та тус уран бүтээлд ямар дүр дээр ажиллаж байна. Таны дүрийг хараад хүүхдүүд юу сурч, ойлгож мэдэх вэ?

                -Миний дүрийг хараад хүүхдүүд ундааны сав хүртэл шиддэг “Та чинь харин яасан муухай шуналтай хүн бэ” гээд орилно. Дүр минь хүн хэтэрхий их шуналтай байж болохгүй, муу зүйл хийвэл эцэст нь өөр дээр нь буруу зүйл ирнэ гэдгийг харуулдаг. Үзэгч хүүхдүүдийнхээ дундуур алхдаг хэсэг дээр хүүхдүүд чинь сэтгэлээсээ дургүйцлээ илэрхийлдэг дээ. Эсрэг дүрд тоглохын хэцүү нь тэр байдаг даа.

-Хүүхдүүд рүү чиглэсэн уран бүтээл гаргахын хамгийн сайхан нь юу байдаг вэ?

                -Хүүхдүүд томчуудаас илүү тухайн жүжиг дээр гарч байгаа зөрчлийг ойлгож мэддэг. Тэр үед ойлгосон зүйлээ насан туршдаа мартдаггүй юм. Биднийг бага байхад цэцэрлэг, сургуулийн шинэ жил дурсамж дүүрэн өнгөрч, тухайн жил юу сурч мэдсэнээ ээж аавдаа үзүүлээд, өвлийн өвгөнөөсөө бэлэг авдаг байлаа. Одоо цаг үеийн нөхцөл байдлаасаа болоод төдийлөн тэгж тэмдэглэж чадахаа больж. Үүнээс болж хүүхдүүд шинэ жилийн баярын сайхныг мэдэрч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Утас, интернэтээс болж амьд харилцаа ч багасаж байна, үүнээс болж театрыг зорьж ирэх багачууд ч багассан. Манай театр хүүхдүүд, эцэг эхийн дунд амьд харилцаа үүсгэхийн тулд үргэлж шинэ уран бүтээлээ хүргэхийг зорьдог.

-Уран бүтээлчид “12 сар” хүүхдийн жүжгээрээ ямар ид шидийг хүүхдүүдэд харуулж, хүүхдүүдэд юуг ойлгуулахыг хичээж байна?

                -Жүжгийн маань зохиол нь үнэхээр сайн, алдартай шүү дээ. Жүжгийг маань үзэхээр ирсэн хүүхдүүд муу зүйл хийвэл ямар үр дагаварт хүрдгийг хэтэрсэн шунал хүнд ямар гай зовлонг авчирдгийг үзэж, ойлгох байх. Хүүхдийн жүжгээс хүүхдүүд олон зүйлийг сурдаг, сайхан дурсамжтай ч үлддэг тиймээс эцэг эхчүүдийг Хүүхэлдэйн театрыг зорьж ирдэг байгаасай гэж хүсдэг.

-Багачууд хэний анзаараагүйг анзаарч мэдэх гярхай үзэгчид шүү дээ. Тиймээс хүүхдийн жүжгийн дүр таныг илүү сорьж байгаа байх даа?

                -Тиймээ үнэхээр гярхай шүү, тиймээс үнэн тоглох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй, дүрээ өөртөө шингээгүй байвал тэд хүлээж авахгүй шүү дээ.

-Хүүхэд бүр багадаа үзэж байгаа хүүхэлдэйн киноны баатрынхаа оронд өөрийгөө төсөөлдөг шүү дээ. Тэгвэл өөрийгөө нэг үлгэрийн баатартай зүйрлээч гэвэл хэн байх вэ?

                -Багадаа 12 сар хүүхэлдэйн киног их үздэг байлаа. Тухайн үед цасан охиных нь дүрд тоглоно гэж бодож, мөрөөддөг байлаа. Гэсэн ч одоо эсрэг дүрд нь тоглож байна, хөгжилтэй шүү дээ. Охид бүгд л цагаан морьтой ханхүүтэй гүнжийн дүрд тоглохыг хүсдэг байх. Би ч мөн адил өөрийгөө гүнжээр л төсөөлдөг байлаа даа.

ХҮҮХДИЙН ЖҮЖГЭЭС ХҮҮХДҮҮД ОЛОН ЗҮЙЛ СУРЧ, ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ САЙХАН ДУРСАМЖТАЙ ҮЛДДЭГ 

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ. Тэр дундаа хүүхэлдэйн театрын жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?

                -Би цэцэрлэгт байхын уран уншдаг хүүхэд байлаа. Уран уншдаг, тод хэллэгтэй хүүхэд учраас хөтлөгч болно гэж боддог байсан ч сургуулиа төгсөхдөө жүжигчин болохоор шийдсэн. Их сургуулиа төгсөөд эргэлзэлгүйгээр хүүхэлдэйн театрт орсон.

-Та яагаад хүүхэлдэйн театрын уран бүтээлч болсон юм бэ?

                -Төгсөх курсийн оюутан байхдаа Хүүхэлдэйн театрт дадлага хийсэн юм. Тэр үед хүүхдүүд жүжгийг яг л бодитоор хүлээн авч “Чоно тийшээ орсон битгий тийшээ яв” гээд чин сэтгэлээсээ хэлж байгаа нь миний сэтгэлийг татсан. Томчууд жүжиг үзэхдээ хэзээ ч тэгдэггүй шүү дээ. Жүжгийг чин сэтгэлээсээ хүлээн авч хүүхдүүд намайг энэ театр руу татсан даа. Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийг хүүхдүүд л танина бусад жүжигчид шиг олны танил болохгүй ээ. Гэхдээ тэдэнд жүжигчин байхын хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг бяцхан үзэгчид нь үнэ цэнтэй байдаг юм.Хүүхэлдэйн театрт эрэгтэй хүүхдийн дүрийн эмэгтэй жүжигчин гаргах нь элбэг байдаг юм. Учир нь дуу хоолой нь хамгийн сайн таардаг хэрэг л дээ. Ер нь хүүхэлдэйн театрын жүжигчин яг л дуу оруулагч шиг л хоолойныхоо өнгийг өөрчлөх шаардлага их гардаг. Хүүхэлдэйн театрт бүх юм амьтай, нар, сар, өвс, ургамал нь хүртэл өөрсдийн дуу хоолой, өгүүлэх түүхтэй учраас хүүхдүүдийн мөрөөдлийн ид шидийн ертөнц гэсэн үг.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө мөрөөдөл юу вэ?

                -Би таван хүүхдийн ээж, ирээдүйд хүүхдийн цэцэрлэгтэй болохыг мөрөөддөг. Цэцэрлэгт минь жижигхэн театр байх болно.

 


Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-12-16 10:09:02
    jj: ene teatr ch dee dampuurwal taarna doo
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188