• Өнөөдөр 2025-12-16

БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ

2025-12-16,   876

“Бахиар шүд авдаг ногоон дээлтэй, Баруунбаян-Улаан сумын бага эмч Д.Ариунболдын амьдралын түүхийг уншигч танд хүргэж байна.

            Францчуудын хийсэн баримтат кинонд оролцсон нь сонин тохиолдол болсон юм аа. 1998 оны хавар Баянхонгорын Богдод ургийн баяр болоод, зэргэлдээ сум, холын хамаатан учраас би хээр морьтойгоо давхиулаад очлоо. Хоёр өдөр шахам найрлаад гэр рүүгээ буцаад шогшуулж явтал Зүүн Богд уулын Баянбүрдийн ойролцоо хоёр “Фургон” машинтай Франц жуулчид амарч байдаг юм байна. Тэдэн дунд монгол хэлтэй орчуулагч, телевизийн зураглаач бололтой техник хэрэгсэлтэй хүмүүс байсан. Явдал учрыг нь асуутал тэд багийн эмчээр баримтат кино хийх гээд хайж яваа гэдэг юм даа. Хэсэг буу халж байгаад “Би Баруунбаян-Улаан сумын гуравдугаар багт багийн эмчээр ажилладаг” гээд хэлээд тавилаа. Нөгөөдүүл чинь бүчиж аваад л, намайг сонирхоод эхэлсэн. Буцах гэж байснаа болиод, хоёр өдөр намайг шалгаалаа. “Багийн эмч хэрхэн, яаж ажилладаг” гээд асуугаагүй юм байхгүй.

            Би чинь аравдугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээдэд орох гээд найзтайгаа хамт шалгалт өгсөн юм. Багаасаа л цэргийн хүн болох мөрөөдөлтэй, өөр мэргэжлийн тухай бодож ч байсангүй. Гэтэл суурь хичээлийнхээ шалгалтыг гурав үнэлгээтэй, муу өгдөг юм даа. Өнөөх найз маань Цэргийн дээдийн хуваарь аваад явчихсан, би гэдэг хүн сургууль ч үгүй, мэргэжил ч үгүй хоцорлоо. Арга ядаад, аймгийнхаа Техникум дээр давхиад очтол эрэгтэй хүүхэд авахаар хуваарь алга. Гадаадын ТМС, анагаахын дундын хэдэн хуваарь байхаар нь “За, би ч гадаадын ТМС л авдаг юм уу даа” гэтэл тухайн үеийн тенхикумын хуваарь хийж байсан Ганхуяг ах “Чамайг дипломтой сувилагч гуйж байдаг юм уу” гэж аашлаад, “Чи зүгээр дуугай наад дипломтой сувилагчаа ав” гэдэг юм. Эвлэлийн хорооны дарга загнаад байхад би яаж үгнээс нь зөрөх билээ дээ. Тэгээд сувилагчийн хуваарь аваад гэртээ ирлээ, сургуульдаа бараг явахгүй ухааны л юм бодож байсан. Зунжин таваргаж байтал намар найман сар дөнгөж гараад хүүхдүүд эхнээсээ хот руу сургуульдаа явж эхэллээ. Сэтгэл догдлоод, хөөрөөд эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгээд модон хайрцгаа чирээд, Өвөрхангайгаасаа Дарханы анагаахын дунд руу давхиулчихсан даа. Ингэж л би анх удаагаа анагаах гэдэг “хол”-ын мэргэжил олгодог сургуульд хөл тавьсан юм даа. Тэгээд болоогүй, жирийн ч сувилагч биш, Дарханы анагаахын дундын хамгийн сүүлд төгсгөсөн хүүхдийн сувилагч боллоо.

         Хоёр жилийн дараа 1988 онд Өвөрхангай аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагчаар томилогдсон. Нутагтаа жил орчим ажиллаад байж байтал эмнэлгийн удирдлага “Баруунбаян-Улаан сумын багийн бага эмчээр ажиллах уу” л гэж байна. Надад асууж, зөвлөх хүн ч ховор байлаа. Аав маань бага байхад бурхан болж, муу ижий минь сургууль төгсдөг жил нас барсан юм. Ээжийнхээ ах руу гүйж очоод “Баруунбаян-Улаанд ажиллах уу” гэнэ. Ах аа би яах вэ” гэлээ. Нагац ах “Аав, ээжийнхээ нутагт очиж ажиллалгүй яах вэ, сайхан шүү дээ” гэж байна. Тэгээд л эргэлзэж, тээнэгэлзэх юм байхгүй аав, ээжийнхээ төрсөн нутаг Баруунбаян-Улаан сум руу томилолтод өвөртлөөд 1989 онд ирсэн юм даа. Тухайн үед Баруунбаян-Улаан сумын маань Эрүүл мэндийн дарга намайг аймагт ажиллаж байгааг мэдээд, “Сумынхаа хүнийг сум руугаа татаж авъя” гэж хэлсэн юм билээ. Дан биетэй, даавуун тэрлэгтэй, түрийтэй гутал өмсөх нь бүү хэл морины нуруун дээр ч гарч үзээгүй 20 гаруй настай хүүг багийнхан минь их сайхан хүлээж авсан. Сортой болгоноо зүсэлж, номхон болгоноо уналгад минь эдлүүлж, дуудлага бүрд минь хамт байлаа. Шинэ ногт, чөдөр зангидаад, морь унахыг зааж сургасан нутгийн хөгшчүүдийн буянаар өдий зэрэгт хүрсэн дээ. Манай говийнхон хамаг “юм” нь ил байдаг, их сайхан хүмүүс ээ.

            Ингээд Баруунбаян-Улаан сумын гуравдугаар багийн эмчээр 10 орчим жил ажиллаад байхдаа дээрх баримтат киноныхонтой таарсан нь тэр. Нөгөөдүүл чинь хоёр хоног намайг ээрч байгаад эргэж ирээд, баримтат кино хийнэ гээд нутаг буцлаа. Би ч сүүлдээ мартаж орхисон, тэдний эргэж ирээд баримтат кино хийх ч зангааны үлгэр байлгүй гэж бодож байсан юм.

1998 оны аравдугаар сар. Францаас цахилгаан ирлээ.

            Аравдугаар сарын эхээр сумын төв рүү тариа будаа авах гээд яваад орлоо. Сумын холбооны хүн учиргүй дуудаад, францаас цахилгаан ирсэн гэв. Нөгөөхийг автал “Удахгүй очно. Баримтат киногоо хийнэ. Биднийг байрлуулах гэр бэлдээрэй” гэсэн байна. Би чинь түргэн авчихсан, өвөлжөө рүүгээ нүүх гэж байсан дүүгийнхээ том гэрийг тэмээн тэргэн дээрээ ачаад, гэрийнхээ гадаа бариад авлаа. Ядахад тэр намар дуудлага тасраагүй. Зүүн нуруу, Тахь, Бор овоо, Хүнхрээгийн Бүрдээр хөтөлгөө морь, тэмээтэй хүн гараад ирвэл манайхыг л зорьж яваа гэсэн үг. Шөнө дөлөөр ноход боргоод эхэлбэл дуудлага ирж байна гээд босоод суучихдаг байлаа. Аль зүгээс чимээ гарч, хаанаас морь, тэмээ хөтөлсөн хүн ирж байгааг нь хараад, хэнийхээс дуудлага ирж байгааг нь гадарладаг болчихдог. Тэгээд хэд хоногийн дараа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй францчууд манайд ирлээ дээ. Хоёр хүн нь камер бариад, намайг ёстой нохой шиг 14 хоног дагасан. Гаран, орон  салахгүй дагаж, зураг, бичлэг хийсэн. Тэр үед амьдрал тун хэцүү байсан шүү. Багийн эмчид багаж, зэвсэг гээд байх юм байхгүй. Ганцхан чагнууртай, хэдэн эм, тариатай л байдаг байлаа шүү дээ. Баримтат киноныхон миний 14 хоногийн дуудлага, хөдөлгөөн, үйлдэл бүрийг бичиж аваад нутаг буцлаа. Тэр хооронд чинь бахиар шүд авлаа, толгой тархи өвдсөн, халуурсан, унаж, туссан хэд хэдэн дуудлага ирсэн. Нөгөөдүүл чинь бараг шоконд орсон байх, би ч гэхдээ тухайн үедээ мэдсэнгүй. Өдөр тутам хийдэг ердийн ажлаа л хийж байгаа нь тэр шүү дээ.

            Тэд буцаж, хэсэг хугацааны дараа над руу илгээмж явууллаа. Захиан дээрээ баримтат киногоо хийгээд дууссан тухайгаа бичсэн байлаа. Надад хоёр хайрцаг дүүрэн багаж, хэрэгсэл явуулсан. Миний өмнө хэзээ ч харж байгаагүй шүдний багаж, эм тан гээд байхгүй юм байхгүй. Би ер нь ашиглаж ч барахааргүй эд байсан байх. Тэгэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлгийн таньдаг эмчдээ очоод “Надад францаас ийм багаж, эм хэрэгсэл ирлээ. Та нар хэрэглэх үү, арай нарийн мэргэжлийн хүмүүс байна” гэсэн юм. Тэгсэн чинь тасгийнхаа бүх эмчийг дуудаад, “Энийг чи ав, энэ чамд хэрэгтэй” гээд бүгдийг нь тарааж дуусаад, санхүүгээсээ “Ариунболдод 25 мянган төгрөг бэлнээр гаргаж өгөөрэй” гэдэг юм даа. Тэр үед чинь миний цалин 39 мянган төгрөг байсан бил үү дээ. Өнөөх 25 мянган төгрөгөөрөө багийнхаа хүмүүст эм тариа нэмж аваад, баг руугаа шогшуулж байсан юм.

2000 он, Франц руу цахилгаан явууллаа.

            Тэгээд тэд чимээгүй алга болчихсон. Нөгөө киногоо ч би үзэж чадаагүй. Би мэргэжил дээшлүүлэх гээд Анагаахын дээдэд 32 настайдаа элслээ дээ. Аймгаасаа УИХ-д сонгогдсон гишүүнээр яриулж байгаад энэ боломжийг олж авсан. Тухайн үед чинь багийн эмч гэдэг чинь сонгуульд жинхэнэ нэр дэвшигч шиг ажилладаг, багийнхаа хүмүүсийг мэддэг байлаа. Багийн төвөөсөө дөрвөн ханатай гэрээ, эхнэр, хоёр хүүхдээ аваад Улаанбаатарыг бараадсан. Миний амьдралын гэнэтийн сорилтын нэг нь энэ. Их сургуулийн төлбөр жилийн 380 мянган төгрөг гээд байдаг. Би зургаан жил сурна гэхээр хоёр сая гаруй төгрөг болно. 39 мянган төгрөгийн цалинтай, тэгээд ажлаасаа гараад ирсэн надад тийм их мөнгө байхгүй. Тэгээд франц руу цахилгаан явууллаа даа. Тэдний ирсэн аялал жуулчлалын компанийн хүнийг би таньдаг, миний хуурай эгч байсан юм. Хот руу орж ирээд, нөгөө эгчдээ үнэн учраа хэлтэл “Би удахгүй франц явуулна. Чи өөрийнхөө гараар үнэн учраа хэлээд захиа явуул” гэдэг юм. Тэгээд би ёстой долоон булчирхайгаа тоочих нь холгүй, зургаан жил сурна, сургалтын төлбөр 380 мянга, хүний их эмч болно гээд бичсэн. Хэд хоногийн дараа эгч залгаад “Би чамд францаас  бэлэгтэй ирсэн, чи гялс хүрээд ир” гэхээр нь яваад орлоо. Тэгсэн чинь баримтат киноныхон надад дундаасаа мөнгө цуглуулаад 1500 ам.доллар дугтуйнд хийгээд, захиа явуулсан байсан. Бүүр зургаан жилийн төлбөрийг маань явуулсан гээд боддоо.

Даанч харамсалтай нь би гэж урагшгүй амьтан амьдралын аахар, шаахар асуудлаас болоод нэг жил сураад сургуулиасаа гарсан. Хүний амьдрал гэдэг чинь тэгээд алга эргүүлэхийн зайтай л өөрчлөгдчихдөг юм байна лээ. Айлын хашаанд нүүгээд ирчихсэн, хоёр жаахан хүүхэдтэй, цалингүй аав хүнд цаг үе хэцүү шүү дээ. Тэгээд нэг орой “Би чинь 38 настайдаа сургуулиа төгсөнө. Намайг сургууль төгсөх жил том хүү маань оюутан болно. Би ер нь сургалтын төлбөрийн дороос гарахгүй байсаар өнгөрөх хүн байна” гэж бодонгуутаа сургуулиа хаячихсан. Тэгээд бүүр болоогүй сувилагчийн ажлаа ч орхисон. Ингээд “Да хүрээ”-гийн авто зах руу машины ченж хийх гээд явчихсан юм даа. 16 жил зах дээр солонгос машин зарж, дугуй засвар ажиллуулсан. Одоо ч би гүрийгээд эмч болчихгүй яав даа гэж харамсдаг юм. Миний амьдралын бас л нэг тэнэг алхам байлаа даа. Гэхдээ хөвгүүдээ ч их сургуулийг төгсгөсөн, тусад нь гаргасан. Ахиад хоёр хүүхэдтэй боллоо. Бас л нэг орой сууж байгаад “Ер нь нутгаа бараадаж, хоёр багийгаа агаарт хүн болгоё” гэж шийдээд Баруунбаян-Улаан сум руугаа 2016 онд нүүж ирсэн. Буцахдаа болоогүй сувилагчийн лицензээ сунгуулаад ирсэн юм. Тэгээд мал ахуйгаа харж байтал лицензийн хугацаа ч дууслаа. Нэг өдөр сумын маань эмч “Ариука ах та сумандаа сувилагчаараа ажиллах бодол байна уу. Та сувилагчийн лицензээ сунгуул” гэдэг юм. Тэгээд л гурван жилийн өмнөөс сумынхаа эмнэлэгт ажиллаж эхэлсэн дээ. Арав гаруй жил “тэнэж” ирсэн надад сувилагчийн ажил маань сайхнаар барахгүй, дөнгөж төгссөн оюутан шиг л байна даа. Би гэдэг хүн будилж, амьдралаа босгож явсаар эрүүл мэндийнхээ салбарт эргэж ирээд удаагүй байна даа.

Гурван жилийн өмнө киногоо үзсэн нь.

            Эргээд францчуудтайгаа холбоо барьж чадаагүй. Ямар нүүрээрээ тэдэнтэй холбогдох вэ дээ. Кинонд тоглосон гэдгээ ч мартсан байтал гурван жилийн өмнө “Бахиар шүд авдаг ногоон дээлтэй, Баруунбаян-Улаан сумын эмч” гээд сошиалаар шуугиад явчихсан. Тэгсэн миний тоглосон кино фэйсбүүкт тавигдаад, хүмүүс үзсэн юм байна лээ. Тэр үед чинь бахь байтугай хөдөлсөн шүдийг дурдан бүсээрээ ороож байгаад л гараараа суга татчихдаг байсан. Гартаа өмсөх нэг удаагийн бээлийн ч байхгүй, гараа угааж байгаад тариагаа тарина. Нөхцөл байдал нь л тийм байсан, түүгээрээ л баримтат кинонд бууж үлдсэн байна лээ. Хэрэв одоо цагт ч бахиар шүд авбал шоронд явах байх л даа. Баримтад киноны үеэр дүрс нь гарсан хүмүүс олонх нь бурхан болцгоосон. Харин татаж унаад, толгой нь өвдөөд байсан жаахан хүү байсан даа. Эмнэлгийн машиныг дуудаад, хэвтүүлсэн тэр хүү одоо эдгээд, эрүүл саруул болсон. Хоёр, гурван хүүхдийн аав болж, малаа маллаж байгаа. Хүмүүсийн сэтгэгдлийг уншаагүй ээ, бараг амиа хорлож магадгүй юм байна лээ. Би гэж иймэрхүү түүхтэй хүн л энэ хорвоод амьдарч байна даа.

 


БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 17:14:02
    Соёлгэрэл: Сэтгэл хөдөлгөсөн түүх байна .амжилт хүсьe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 11:59:08
    Д. Батжаргал: Эр хүн …!!! Бидний үед ч гар дор тааралдсан бүхнээрээ ажил албаа хэл амгүй залгуулаад л явдаг байж дээ !!! Дүү хүү ч бас болж байна аа баримтат кинотой …!!! Одоо мань мэтийг юм ярихаар хүүхдүүд юун баримтат кино шиг юм яриад байгаа юм бэ гэх юм. Би хариуд нь миний амьдралын замнал өөрөө л баримтат кино түүх шүү дээ …!!! Гэдэг дээ !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188