-Уран зохиолд дурласан тэртээ бага нас, хөвгүүн явсан үеэ та эргэн нэг дурссан болов уу гэж санаж байна. Ямар зан чанартай, сонирхол, мөрөөдөлтэй хүүхэд байв?
-Бидний бага насанд чухамдаа номтой нөхөрлөх л ахуй орчин байсан нь азтай зүйл болсон юм. Тэр үед одооных шиг гар утас, цахим сүлжээ, телевиз, FM гэж байсангүй. Тиймээс “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн хэлц үгтэй, түүндээ үхтэлээ итгэчихсэн хүүхдүүд байсан. Тэдний л нэг нь би байсан байх. Азтай гэх үү, бага дунд ангийн сурагч байхад надад олдсон ном голдуу уран зохиолын ном байж. Ахлах ангид ороод харин зөгнөлт голдуу зохиол сонгон уншдаг болсон. Сурагч байхдаа номонд донтож, лаа дуусгалаа гэж зэмлүүлж, хөнжлөө нөмрөн ном уншиж байгаад үүрэглэж шатах шахаж бангадуулж байсан нь утга зохиолын ертөнцтэй учирч байсан “Хорвоотой танилцсан түүх” минь байсан болов уу. Миний бага нас их нүүдэллэсэн л он цаг байсан даа. Манайх Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Улаанбаатар хотод шилжин нүүдэлж явсан тул би дунд сургуулиа төгсөхдөө хангай, говь, хот хөдөөг үзчихсэн, сайн мууг ялгахтайгаа болж хэрсүүжсэн хүүхэд болчихсон байсан. Гэхдээ их дотогшоогоо, хэр баргийн дуугараад байдаггүй, дэндүү гэмээр даруухан байсан болов уу.
Сонирхол, мөрөөдөл хоёр байнга мөргөлдөнө, яг л зөгнөлт зохиол шиг адал явдлаар дүүрэн, сэтгэлдээ бол сагатал мөрөөдөж, гаднаа бол гял цал юмнаас зайлсхийдэг хүүхэд байсан санагдана.

-Төрүүлж, өсгөж, өндийлгөсөн аав, ээжийгээ мөн эдгээр өдрүүдэд хамгийн их хайрлаж, олон сайхан дурсамж нэхэн бодогдож байгаа болов уу. Аав, ээж тань ямар хүмүүс байв. Нэг сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?
-Хөөрхий, аав ээж хоёр минь хамгийн түрүүнд бодогдож, баруун зүүн хацрыг үнсээд, үнэрлээд байх шиг санагдсан. Миний аавыг Цэдэвийн Үржин, ээжийг маань Сандуйн Лхагважав гэдэг. Хоёулаа Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул хүмүүс. Аавын маань идэр залуу үед социализмын бүтээн байгуулалт ид өрнөж байсан. Аав маань модны хөрөө рам ажиллуулдаг, дизель мотор асааж гэрэл цахилгаан түгээдэг, мотоцикль машин трактор барьдаг тэр үедээ техникийн өндөр мэдлэгтэй хүн байсан тул хаана бүтээн байгуулалт өрнөнө, тэнд хэрэг болж хүчин зүтгэдэг шинэлэг сэтгэлгээтэй авъяас билэгт хүн байсан юм билээ. Энэ нь хүүхдүүд бидний нүдийг нээж орчлон ертөнцийг эргэцүүлэх танин мэдэхүйн аялал болдог байсан нь эргэлзээгүй. Цаасан дээр бичигдээгүй энэ ном, цаасанд бичигдсэн ном хоёр нэгэн биеийн балчир оюунд зэрэгцэн орших болсон нь намайг уран бүтээлч болох тавиланд хөтөлсөн гэж боддог. Ээж маань эдүгээ ерэн насны босгыг давж яваа буянтай буурал бий. Ээжийн ээж Өнөр гэж зүү ороож хатгамал хийдэг уран хүн байсан. Хүүхдүүд нь цөм гарын уртай, ухааны бядтай хүмүүс. Тиймээс миний төрсөн ах, дүү бидэнд уран сайхны сэтгэлгээ магадгүй ээжийн талаас удамшсан гэж хэлж болох байх. Миний уран бүтээлд ээжийн сэдэвт дуу нэлээд бий. Түүний эх дүр нь мэдээж миний ээж. Бид ах дүү арвуулаа. Тэдгээрээс Ардын уран зохиолч нэг, гавьяат хоёр, эрдмийн зэрэг хамгаалсан гурван хүн байна. Цаашид ч үр хүүхдүүд, ач зээ гээд боловсрол мэдлэгтэй алдартнууд үргэлжлэх байх. Би бага ч атугай замыг нь засаж, заяа буяныг нь өргөж явахыг хүсдэг дээ.
-Багадаа мөрөөдсөн мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлсэн гэж та боддог вэ?
-Санааны зоргоор сансарт дүүлж сар наран дээр дэлдэж явсан багын мөрөөдөл бага настай цуг үлдсэн. Хувилж бодвол арваад хувиас хэтрэхгүй байх. Харин дээд сургууль төгсөөд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болсон тэр үедээ жаран нас хүртлэх төлөвлөгөөгөө зохиож байснаа эргэн харахад бас л гуч, дөчин хувиас хэтрээгүй яваа юм билээ. Том мөрөөдөлд хөтлөгдөх нь тоомжиргүй салан палан урсахаас хамаагүй дээр гэдгийг эрт ухаарсан минь аз байсан байх.
-Алтайн өндөр уулс, өсөж, өндийсөн газрын тань ахуй, соёл таны шүлэг, найраг, бүтээлд хэр тусгалаа олдог бол. Магад хамгийн их хөглөдөг нь байх?
-Төрсөн газар нутаг бол тухайн хүний сүнслэг орчин юм. Төрсөн гэрийнхээ бууринд хөрвөөдөг нь төрөлх сүнслэг орчинд орж буй хэрэг. Би л тэгж боддог. Миний төрсөн тоонот бол алдарт Шаргын говийн Өгөөмөрийн голын Хүүхдийн овоо. Эх байгалийн хөрсөнд буй биеэрээ унаж төрнө гэдэг гайхалтай зүйл. Бидний үеийнхнээс хойш эмнэлэгт төрдөг болчихсон. Тэдний буруу гэж юу байх вэ. Бас л нэгэн ариун сүнслэг орчин. Уран бүтээлч, зохиолч хүний сэтгэлгээ төрмөл боловч ахуй, соёлын тусгал болон төлөвшдөг. Монгол ахуй, зан заншил, өв соёл, өвгөдийн сургаал тэр аяараа ухаарал, уран чадварын их сургууль. Миний ямар ч бүтээлийг ухахад монгол сэтгэлгээ л гарна. Яагаад гэвэл бага наснаасаа туулсан амьдрал цөм монгол ахуйн монгол сэтгэлгээний үр хөврөл билээ. Говь-Алтайн сэдэвт дууны “Алтайн дуулал” гэж ном хэвлүүлсэн. Түүний хоёр дуу нь Алтай хотын Шүтээний өндөрлөгт дууны хөшөө болчихсон байгаа. Нутгийн тухай хэчнээн дуу, шүлэг маань хэчнээн хүний зүрх сэтгэлд дуун хөшөө болон эгшиглэж явааг ёстой таашгүй.
Юутай ч уран бүтээлийн маань өнө мөнхийн сэдэв Алтайн өндөр уулс, Шаргын говийн шанзан аялгуут зэрэглээн дунд бөртөн бөртөн хатирч яваа бөхөн шиг санагдаг. Уул, талыг хослуулан уг гарвалаа баясааж эзэгнэнхэн төрнө гэдэг хувь заяаны дуудлага юм байлгүй.

-Анхны юм бүхэн тод, мартагдашгүй байдаг. Та анхны шүлгээсээ бидэнтэй хуваалцаж болох уу. Хэдэн настайдаа юун тухай бичиж байв?
-Анхны шүлэг маань тавдугаар ангидаа уран зохиолын хичээл дээр бичсэн ээжийн тухай байсан. Ээжийн сэдвээр бүгд л шүлэг бичсэн. Харин миний шүлгийг багш маань онцолж хичээл дээр уншиж, “Пионерийн үнэн” сонинд гэж хаяглан сумын шуудан руу намайг гүйлгэж байсан нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Багш тэр үед сонинд хэвлэгдсэн гэж хэлж байсан. Харин би түүнийг үзээгүй, тэр үеийн сонинг шүүрдээд олж чадаагүй. Дутуу үзсэн ч байж мэднэ. Миний анхны шүлгийн гар бичмэл миний дүү Ү.Болдсайханд хадгалагдаж байгаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод дунд сургуульд сурч байхдаа шүлэг бичих дур сонирхолтой болсон. Ширхэнцэг уул, Хараа голын тухай, ангийнхандаа зориулж шүлэг бичдэг байлаа. Улаанбаатарын 12 дугаар дунд сургуульд Д.Өлзийбаяр багштай учирсан нь уран зохиолын шүүмж судлал руу эрчимтэй ороход хүргэсэн. Утга зохиолын ертөнцтэй танилцах суурь ойлголтыг багш нар маань л мэдрүүлсэн.
-Анх бичгийн эрдэмд зам мөрийг тань чиглүүлсэн, авьяас билгийг тань илрүүлсэн хүн хэн байв. Хүн хүнээ хөтөлдөг нэг тийм зүй тогтол бидний энэ ертөнцөд байдаг шүү дээ. Магад эгэл жирийн нэгэн багш, эсвэл зохиолч хүн бий болов уу?
-Эхлээд та хэл уран зохиолоор сураад, дараа нь сэтгүүлч мэргэжлээр суралцсан байдаг. Сэтгүүлч болоход тань эх хэл, уран зохиол ихэд сайн суурь болж өгсөн байх?
-Хөдөө төрж, хар багаасаа монгол ахуй дунд ахан дүүс арвуулаа монгол гэрт өссөн минь монгол суурь хүмүүжил, монгол сэтгэлгээтэй болгосон гайхамшигтай орчин байсан. Тэндээс олж авсан хамгийн чухал зүйл нь төрөлх монгол хэл минь байж. Монгол хэлээ чамгүй гадарлаж өснө гэдэг монгол сэтгэлгээний их сургуульд сурна гэсэн үг. Би үнэндээ эмээгийн хүүхэд л дээ. Тэдний ярьж байсан үлгэр домог, үлгэрлэж байсан ахуйн сургаал намайг монгол хүн болгосон гэж боддог. Би УБДС-ийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, Шинжлэх ухааны академид театр судлаачаар томилогдон ажилласан, дараа нь Улаанбаатар хотын төв хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинд татагдаж сэтгүүлчийн салбар руу орсон зэрэг миний амьдралын эрс эргэлтийн жилүүд сонирхол татдаг. Бас л тохиолдол юм шиг атлаа тохиолдол бус хувь заяаны зурлага юм шиг санагддаг. Энэ бүхний элбэгжүүхэн суурь нь таны асуусан эх хэл сайн суурь болсон гэдэг нь маргаангүй.

-Унгарт суралцаж байсан үед сайхан дурсамж олон бий байх. Санаанаас гардаггүй нэг сайхан дурсамжаасаа та хуваалцаач?
-Тийм, мартагдашүй дурсамж. 1988 он шүү дээ, Чинагийн Галсангаар ахлуулсан хэсэг залуус Унгар улсын Будапешт хотод Олон улсын сэтгүүлчдийн дээд сургуульд одоогоор бол дээд курсэд суралцсан юм. Тэнд Б.Долгион, Д.Төрбат, Ш.Содномжамц тэргүүтэн суралцсан. Бидний орчуулагч нь хэн байсан гэж бодож байна. Мөнөөх алдарт Бямбын Ринчений охин, мөнөөх алдарт Хар Доржийн гэргий Шанз. Төрийн шагналт Дамбын Төрбат бид хоёр нэг өрөөнд амьдарна. Д.Төрбат маань нэг улаан тэмдэглэлийн дэвтэрт хичээл дээр хүртэл зохиолоо бичээд л сууна. Тэр үед арван хоёр жилээр нэрлэсэн арван хоёр роман бичнэ гэж ярьдаг байснаа эхлүүлсэн нь энэ. Тэнд сурч байхдаа би Будапешт хотын оройн сонинд хэд хэдэн нийтлэл бичсэн нь хэвлэгдсэн. Хэвлэгдсэн өглөө нь сургуулийн захирал маань хичээл дээр ирж сонинг үзүүлж манай оюутны нийтлэл гарсан гэж бахархан ярина. Төгсөх үе дөхөж байхад бичлэгийн шагнал гэж их мөнгө авлаа. Шанз ахайтан бид хоёр хэдэн өдөр дэлгүүр хэсээд дуусгаж чадаагүй юм даг.
-Цаашлаад сонинд ажиллаж, өөрөө ч олон сайхан сонин байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт, зохиолчдын бүтээлийн судалгааг түгээн дэлгэрүүлэх, ном бүтээлийн эмхэтгэл гээд утга уран зохиол, сэтгүүл зүй талд та амьдралынхаа бүх цаг хугацааг зориулсан байдаг. Одоо сонингийн газар их цөөн болсон. Бүх л зүйл цахимжаж байгаа нь нэг талаараа сэтгүүлчдийн ажилладаг хамгийн халуун тэр цэгийг ховордуулсан шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Баярлалаа. Ерэн оны ардчилсан хувьсгал монголчуудад хамгийн түрүүнд хэвлэлийн эрх чөлөөг өгсөн. Чөлөөт хэвлэлийг цэцэглүүлсэн. Гэвч нийгмийн шилжилтийн үед төр, засаг өөрийн дуу хоолойтой байхгүй бол бодлого хэрэгжихэд хүндрэлтэй. Энэ санааны үүднээс нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл, “Улаанбаатар” сонин, Цагдаагийн төв хэвлэл, “Нүгэл буян” сонин, Гаалийн ерөнхий газрын төв хэвлэл, “Алтан босго” сонинг үүсгэн байгуулж, Ерөнхий эрхлэгчээр нь ажилласан. Бас “Улаанбаатарын үдэш”, “Шинэ Улаанбаатар” зэрэг сонинг байгуулж, “Арга билиг” сонинг хавсран гаргаж байв. Мөн ерээд оны эдийн засгийн хүндрэлтэй үед Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг эрхлэн гаргаж байлаа.Та яг голыг нь олж хэллээ. Үнэхээр би эр бяр тэгшрэх насандаа, хийж бүтээхийн хүслэн болсон идэр насандаа сэтгүүл зүй, уран зохиолд амьдралаа зориулсан нь үнэн юм. Нийгмийн соён гэгээрэл, хэвлэл мэдээллийн байгууллагын өсөлт хөгжилтөд залуу насаа бэлэглэсэндээ би сэтгэл хангалуун явдаг. Зарим хүн намайг шүүмжилж энэ сайхан эрч хүчээ тарамдуулахгүй, бүгдийг хаяад зөвхөн хувийн уран бүтээлээ хөөх ёстой байсан гэдэг. Үнэний ортой боловч миний натур тэр биш л дээ.
Би өөрөө сонины хүн. Тиймээс цаасан сонинд нугасгүй хайртай. Сонины тасархай хэвтэж байхад шүүрч аваад л уншдаг хүн. Цагийн эрхээр цаасан сонин шахагдаж цөөрч байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь устаж байна гэсэн үг огтхон ч биш. Бүх юм, нийгэм тэр аяараа цахимжиж байхад сонин цахимжихгүй бол харин устана. Өөрөөр хэлбэл сонины тухай бидний мэддэг тодорхойлолт хуучирч шинэчлэгдэж байна гэж би ухаардаг. Шуудхан хэлэхэд цаасан сонин, цахин сонин хоёр энх тайвнаар зэрэгцэн орших учиртай. Тэднийг өрсөлдүүлэх бус нэг завинд суулгаж нэгдмэл сэлүүрээр сэлүүрдэж гэмээ нь хожно. Гагцхүү мэргэжлийн байр сууриа алдаж болохгүй. Би саваагүйтээд цахим сонин, цахин уран зохиол гэж сэдэж бичиж үзсэн. Болох л юм билээ. Хамгийн товч, хамгийн хурдтай, хамгийн сонирхолтой хувилбар энэ байж мэднэ.
-Та бас олон ч ном, бүтээлийн шүүмж бичсэн байдаг. Энэ амттай мөртлөө бас л амаргүй ажил байх. Түүхийн эздээс ч баримтат кинонд мөнхжүүлсэн шүү дээ. Мөн таны шүлгээр бүтсэн олон сайхан дуу бий. Хөгжмийн зохиолч Л.Балхжав гуай та хоёр их хоршдог. “Ангир ижий”-гээс өгсүүлээд ард түмний хайртай олон сайхан дууг хамтран бүтээсэн. Нээрээ, “Ангир ижий” дууг та ээждээ зориулан бичсэн үү. Эсвэл танд ээждээ зориулсан өөр бүтээл бий юү?
-Оюутан байхдаа шүүмж бичиж эхэлсэн. Яагаад гэвэл дунд сургуульд байхаасаа олж авсан уран зохиолын суурь мэдлэг амьдрал болж буй зүйлтэй зөрчилдөж эхэлсэн. Оюутан болоод намрын ажилд дайчлагдан Батсүмбэр явлаа. Авч явсан номын дотор С.Лочингийн “Газрын дуун” гэдэг ном надад жигтэйхэн сайхан санагдлаа. Гэтэл “Утга зохиол урлаг” сонинд Ч.Энхдалай гэдэг хүний “Газрын дуун” номын тухай гэдэг шүүмж нийтлэглэж миний бахархан уншсан зүйлийг ёстой нэг бут авсан байв. Би хямарлаа. Миний уран зохиолын мэдлэг, мэдрэмж буруу юм болов уу гэж бодлоо. Гэвч “Газрын дуун” номыг ингэтлээ газар дор ортол нь муулахтай эвлэрч чадсангүй. Тэгээд “Бичсэн болгон шүүмж болохгүй” гэж хариу шүүмж бичиж “Утга зохиол урлаг” сонинд өгсөн. Энэ шүүмж одоо хүртэл хэвлэгдээгүй, эх нь С.Лочинд хадгалагдаж байгаа боловч намайг шүүмж судлаачдын хүрээнд танилцуулсан юм шүү.
Миний хамгийн анх хэвлэгдсэн шүүмж бол “Эх бүрдийн домог” юм. “Хөдөлмөр” сонинд хэвлэгдсэн тэр дугаарыг Төв шуудан, Их дэлгүүр зэрэг хэд хэдэн сонины зардаг цэгээс хуу хаман худалдан аваад таньдаг тарьдаггүй хүмүүст тарааж байснаа санахад ихэд баярлаж хөөрч байсных биз. Тэгээд “Хүний амь”, “Хонины найр”, “Эргэж бодох бодол” зэрэг киноны шүүмж, концертын шүүмж, номын шүүмж бичиж эхэлсэн дээ. Утга зохиол, урлагийн шүүмж судлал руу орсон маань намайг яалт ч үгүй өсөх, хичээх их хөдөлмөр рүү хөтөлсөн билээ. Тиймээс уран бүтээлээр өөрийгөө хөглөх, туршихын тулд уран бүтээлийн гал тогоо барихад хүрсэн. Тэр туршицын нэг нь тайз, дэлгэцийн бүтээл бичиж жаргал зовлонг нь биеэр эдлэх явдал байлаа. Энэ зорилгын үүднээс баримтат кино гэхэд “Арван гурав дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай”, “Арслангийн гарын үсэг”, “Удирдахуйн ухааны сүүн булаг”, “Наран дороос мандсан наран”, “Дэнж нь булгихгүй бол …” зэрэг баримтат кино бичиж байлаа.
Дууны тухайд ярьвал далай болно. Миний хувьд дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам юм. Тиймээс энэ дөт замыг сонгож буй хэрэг. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав бол миний шүтээн найз минь. Миний шүлгийг хамгийн гүн тэмтэрдэг, мэдэрдэг хүн бол энэ хүн. “Ангир ижий” дууг С.Сэрчмаа дуулсан нь эзнээ олсон хэрэг. Энэ дуу “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны дуу. Гэхдээ ээжийн сэдэвт дууны мөн чанар болсон ээжээ бодож л бичсэн хэрэг. Ээжид зориулсан олон дуу бий. Ер нь ээжийнхээ насны тоогоор ээжийн тухай дуу бичих юмсан гэж мөрөөддөг.
-Хайрын тухай та их бичиж, олон сайхан дуу бүтсэн байх юм. Магад сайхан хайртай учирсан хүнээс тийм их хайрын тухай шүлэг ундрах болов уу. Ханийнхаа тухай яриа дэлгэж болох уу. Таны хань ямар зан чанартай хүн бэ?
-Эзэнгүй сэдэв, эх дүр үгүй уран бүтээл гэж байхгүй. Тиймээс хайр сэтгэлийн сэдэвт дуу бүхний эх дүр нь миний хань юм. Түүнийг Лувсанчүлтэмийн Эрдэнэ гэдэг. Хан Хэнтий Жаргалтхааны бүсгүй. Дунд сургуульдаа бүжиглэдэг, концерт хөтөлдөг авьяаслаг хүүхэд байсан тул урлаг утга зохиолд ойр өссөн гэсэн үг. Монгол хэл уран зохиолын мэргэжилтэй тул бид хоёрын яриа хөөрөө яв цав нийлдэг юм. Сайн хүн, сайхан бүсгүйтэй учирна, ханилна гэдэг үнэндээ хувь заяаны хишиг юм. Амьдралын утга учир, хувь тавилан бол ханилсан ханийн өгөгдөл, бурхдын залбирал юм шүү дээ. Миний хань сайн ч хүн сайхан ч бүсгүй. Хамгийн гол нь сайхан сэтгэлтэй, хэзээ ч буруу бодол тээж яваагүй хүн. Айлын өргөмөл ганц охин болохоор хар багаасаа ийм хүмүүжилтэй зөв хүн болсон байх. Энэ төрөлх зан чанар нь өрх гэрийг эерүү сайхан уур амьсгалаар өдөр тутам гэрэлтүүлж байна гэсэн үг. Би ханьдаа тухайлан олон дуу зориулж зохиосон. Бас хайрын дууны эх үүсгэл болгож ханиа бодож сэтгэж, сэрж, мэдэрч зохиосон нь нийтлэг.

-Та өөрийнхөө шүлгийг нь бичсэн дуунуудаас аль дуунд хамгийн их хайртай бол. Мэдээж бүгдийг нь ижил сэтгэлээр бүтээсэн байх. Тэр дундаа дурсамж, сэтгэлд илүүхэн тунасан ямар шүлэг байдаг бол?
-Хамгийн хүнд асуулт энэ байна. Шинэ дуу бүхэн тухайн эгшинд хамгийн сайн нь, хамгийн хайртай нь байдаг. Тэгээд дараагийнх нь гарч ирнэ. Энэ нь хайрын тухай хайртай дууны алтан хэлхээ, амин үргэлжлэл мөн байх. Тодорхой дуу нэрлэ гэвэл “Хайрын бурхан”, “Ангир ижий”, “Үггүй хайр”, “Эрх саран”, “Амьдрал надад бүхнийг өгсөн”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Чамд чам шиг дурлахсан” зэргийг дурдаж болох байх. Ер нь зохиох гэж дуншиж байгаа дуундаа илүү хайртай юм байна л даа.
-Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа та нэг зүйлтэй зүйрлээч гэвэл юутай зүйрлэх бол?
-Их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзага юм болов уу.
-Одоо та хэнд, юунд хамгийн их талархаж байна вэ?
-Ухаантай, судалгаатай эерүү сайхан асуулт асууж надад талархаж баяр хүргэсэн хүн бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг хэлэх боломж олгосон талархаж байна. Таньдаг, таньдаггүй ч надад талархал дэвшүүлсэн хүн бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.
-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Хар хорум” музыкл болон томоохон судалгаан дээр ажиллаж байна. Гол нь эхийг нь бэлтгэчихсэн хорь гаруй номноосоо хэвлүүлж эхэлнэ.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |