• Өнөөдөр 2025-07-26

ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР АЖЛЫН ХЭСГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-07-25,   237

Өчигдөр хоногт ихэнх нутгаар 5-10 м/с‑ийн салхи салхилж, зарим газраар хүчтэй бороо орсон байна. Борооны өмнө түр хугацаанд салхины хурд 24-33 м/с хүрч ширүүссэний улмаас хэд хэдэн аймаг, нийслэлийн зарим дүүрэгт ихээхэн хохирол учирчээ. Сүхбаатар аймгийн Халзан суманд хүчтэй салхины улмаас 27 айлын гэр, 20 хашаа, гурван байшингийн дээвэр нурж, цэцэрлэгийн тоглоомын хэрэгсэл болон хүлэмж сүйдсэн байна. Мөн үерийн далан сэтэрч, таван айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагын дагуу сумын мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллажээ. Уулбаян суманд 11 айлын гэр, нэг зөөврийн сууц, Түмэнцогт суманд нэг зөөврийн сууц нурж, хоёр автомашины салхины шил хагарсан байна. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутагт 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, салхины хурд 25-33 м/с хүрч ширүүссэн байна.
Үүний улмаас:
Аргалант суманд долоон айлын гэр,
Баянхангай суманд 36 айлын гэр,
Лүн суманд 13 айлын гэр,
Эрдэнэсант суманд хоёр айлын гэр тус тус нурж,
нийтдээ 58 айлын гэр, 13 хашаа сүйдэж, 16 автомашины салхины шил хагарсан байна.
Нийслэлд хүчтэй салхи, аадар борооны улмаас:
Сүхбаатар дүүрэгт нэг,
Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн байшингийн дээвэр хууларч, нийт таван байшингийн дээвэр эвдэрчээ.
Сонгинохайрхан дүүрэгт 28,
Чингэлтэйд нэг,
Хан-Уул дүүрэгт хоёр, нийт 31 айлын гэр нурж, нэг иргэн гэртээ дарагдсан тухай дуудлага ирсний дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж аюулгүй болгосон байна. Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчимд ус тогтсон дуудлагын дагуу Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээ авчээ. Одоогоор аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР АЖЛЫН ХЭСГҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188