• Өнөөдөр 2025-04-24

УГААРТАЖ НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙН ДҮҮ: ЭГЧ МИНЬ ХҮҮГЭЭ ГЭРТЭЭ ОРОХОД ХУРХИРААД УНТАЖ БАЙСАН ГЭСЭН

2023-06-08,   13936

       Тавдугаар сарын 31-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 10, 28, 33 дугаар хорооны 15 иргэн угаартсан дуудлага өгчээ. Тодруулбал, 10 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр айлын есөн хүн, 28 дугаар хорооны тоот хаягт орших суух хоёр хүн, 33 дугаар хорооны дөрвөн хүн угаартсан байна. Харамсалтай нь, эл дүүрэгт угаартсан 15 хүний хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Амиа алдсан хоёр хүний нэг нь 46 настай эмэгтэй, нөгөө нь дөрвөн настай хүүхэд байжээ. Одоогийн байдлаар амьд гарсан 13 хүний 10 нь хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 18 настай охин ухаангүй, сэхээн амьдруулах тасагт байна. Амиа алдсан болон угаартсан иргэдийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн нэг, хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

АРВАНХОЁРДУГААР АНГИЙН ОХИН СЭХЭЭНИЙ ТАСАГТ УХААНГҮЙ БАЙНА

        Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны дугаар тоот. Хашаанд байшин, гэр байх бөгөөд эгч, дүүгийнх айл амьдардаг. 46 настай эмэгтэй 18, 19 настай охин, хүүтэйгээ хамт гэрт байдаг ажээ. Харамсалтай нь, тавудгаар сарын 31-нд угаартаж,  ээж нь газар дээрээ амьсгал хурааж, хүү, охин хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар талийгаачийн 18 настай охин Цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчлүүлж байгаа ажээ.

          Охин эмнэлэгт очоод, дөрөв дэх хоног дээрээ ухаан орсон ч хяналтаас гарч, сэтгэл санааны хувьд тогтворгүй, өөрийгөө гэмтээх, бусдад хохирол учруулж болзошгүй байдалтай байсан учраас эмч нар тариа траьсан байна. Түүнийг ээжийнх нь төрсөн дүү Д сахиж байгаа аж.  Тэдний амьдарч байсан гэрийн тооно хөө тортог болж, харлажээ. Гэрийнх нь тавилгыг гаргаж, хашаа налуулж тавьсан байлаа.

             Иргэн Д “Охин дүүгээ л босгоод авахыг хүсэж байна. Дүү маань  нэрээр нь дуудахад нүд нь аниатай, нулимс нь зогсоо зайгүй хацар даган урсаж байна. Гар, хөлийн нь алга хүйтэн байгаа учраас эргэлтээр орох болгондоо дулаацуулдаг. Дүү минь өчигдөр шөнө сэргээд эмчтэйгээ юм ярьсан байна лээ. “Найзууд, гэрийнхэн чинь чамайг сахиж байна. Өдөр болгон эргэж ирж байгааг мэдсэн үү” гэж эмч асуухад “Тийм ээ, бүгдийг нь мэдэж байна гэж хариулсан гэсэн. Бас нурууг нь илээд өгөх үү гэхээр толгойгоо дохиж, хариу үйлдэл үзүүлж байгаа. Эмч нар хэлэхдээ тархи үхжээгүй, тархинд асуудалгүй байхгүй гэж хэлсэн. Харин дүү маань идсэн хоолоороо бөөлжиж, уушгиа гэмтээсэн гэсэн. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Босоод л ирвэл эмчилгээ нь ч яах вэ. Эгч тэр өдөр охиныхоо хонхны баярт оролцоод гэртээ ирсэн юм байна лээ. Охиндоо амттай хоол хийж өгөөд унтацгаасан гэсэн. Хүү нь халтууранд яваад оройтож ирсэн юм байна лээ. Гэхдээ эгч тэр өдөр гал түлээгүй байх. Өмнөх өдөр нь гал түлж, гэрээ дулаацуулсан байгаа юм.  Тэгээд өглөө нь явахдаа бороо орж байсан учир яндангаа аваад, өрхөө бүтээсэн гэсэн. орой нь ирээд өрхнийхөө бүтээлгийг хойш нь татаагүй байна лээ. Тэгэхээр тэр орой гал түлээгүй байх. Өмнөх өдрийн гал нь дутуу ассан байсан юм шиг байна. Албаныхан гэийн зуухнаас асаж дуусаагүй, ноцоогүй хоёр, гурван бондгор нүүрс олсон байна лээ. Эд мөрийн баримтаар хурааж аваад, шинжилгээнд явуулсан байх. Гэхдээ охин сэргэж байж л тэр өдөр гал түлсэн үү, юу болсон гэдгийг хэлнэ. Бид осол болохын өмнөх өдөр уулзалдаагүй учраас мэдэхгүй. Гэхдээ яндангаа аваад, өрхөө бүтээсэнд ихээхэн гайхаж байна. Эгч маань өмнө нь “Хүмүүс яндангаа аваад, өрхөө бүтээгээд угаартсан гээд байна. Яагаад өрхөө бүтээдэг байдаг байна. Тийм тэнэг зүйл гэж юу байх вэ дээ” гэж ярьж байсан шүү дээ. Эгчийгээ алдчихлаа, охиныг нь босгоод авахыг л хүсэж байна” гэв.

УГААРТСАН ХҮҮ: ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД ХЭВТСЭН ЧИНЬ ТӨД УДАЛГҮЙ ГЭДЭС БАЗЛААД, ТОЛГОЙ ДҮҮРЭЭД ЯВЧИХСАН. ХААЛГААР ГАРТАЛ ДӨРВӨН МӨЧ МЭДЭЭГҮЙ БОЛООД УХААН АЛДААД УНАЧИХСАН

          Талийгаач эмэгтэйг галаа түлээд, яндангаа сугалж авсан гэдэгт гэрийнхэн нь итгэхгүй байгаа аж. Тэд хууль хяналтын байгууллагынхныг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүслээ. Талийгаач эмэгтэйн охин сэхээний тасагт байгаа бол хүү нь хэд хоногийн өмнө эмнэлгээс гарчээ. Тэрбээр ээжийнхээ буяны ажлыг өчигдөр гүйцэтгэж, гэрийнхээ эд хогшлыг цэвэрлэж байсан юм. Бид түүнээс юу болсон талаар тодрууллаа.

            -Биеийн байдал нь ямар байна вэ. Ямар зовиур илэрч байгаа вэ?

-Одоохондоо зүгээр байна. Заримдаа толгой л өвдөөд байх юм. Гэхдээ би зүгээрээ дүү минь л босоод ирвэл зүгээр.

-Тэр өдөр чи гэртээ хэдэн цагт ирсэн юм бэ?

-Ажил хийж байгаад шөнийн 03:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд өрх бүтээлттэй, ээж, дүү хоёр унтаж байсан. Орж ирэхэд тэр хоёр учиргүй хурхираад байсан. Тэгэхээр нь сайхан унтаж байна даа гэж бодсон. Гэр дулаахан, ямар ч утаа униар үнэртэхгүй байсан. Би гэрийнхээ өрхийг хойшлуулчихаад унтахаар хэвтсэн. Унтаад удаагүй байхад гэнэт толгой эргээд, дүүрээд, гэдэс хүчтэй базлаад явчихсан. Босоод гарах гээд алхаж байтал дөрвөн мөч мэдээгүй болоод, хаалгаар гараад л ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ довжоон дээр хэвтэж байсан. Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй байна.

-Ээж, дүүгээ угаартсаныг хэзээ мэдсэн юм бэ?

-Гэнэт сэрээд гэртээ орсон. Ухаан балартаад, толгой эргээд сонин болсон. Тэгээд ор руугаа явж байтал ээжийн цаад талд унтаж байсан дүү минь сонин дуугараад байсан. Гэрлээ асуугаад гүйгээд очтол амнаас нь цагаан хөөс сахраад таталт өгсөн байдалтай байсан. Тэгээд ээжийг дуудаад “Ээж ээ, дүү татаад байна” гээд хашхирсан чинь сэрээгүй, бие нь хөрчихсөн байсан. Гар утсаараа ах руугаа залгаад, хүмүүс дуудсан. Тэгээд л юу болсныг санахгүй байна. Тэр үед дүү маань бага зэргийн ухаантай байх шиг байсан. Ах, дүү нар маань ирээд, түргэн, цагдаа дуудахыг мэдээд байх шиг байсан.

-Танайх өмнө нь өрхөө бүтээдэг байсан уу?

-Үгүй ээ. Ээж маань угаартана, эрсдэлтэй гэдгийг мэддэг байсан. Би уг нь өрхөө бүтээчихсэн байхаар нь хойшлуулсан шүү дээ. Тэр үед ээж угаартаж байсан юм шиг байна лээ. Хурхираад байна гэсэн чинь угаартаж байсан юм шиг. Бусад зүйлсийг сайн мэдэхгүй байна.

-Утаа мэдрэгч байдаг уу?  

-Тийм ээ, байдаг. дулаан орчихсон болохоор нь салгачихсан байсан.

19 настай хүү ч бас угаартаж, эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Шүүх шинжилгээнийхэн ээжийнх нь цогцост задлан хийсэн байна. Дүгнэлт нь 21 хоногийн дараа гарах ажээ. Мөн түлсэн түлшнээс нь дээж авч шинжилж байгаа гэнэ. талийгаачийн гэрийн зуухнаас асаагүй гурван шиг бондгор гүүрс гарган авчээ.

 


 

 


УГААРТАЖ НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙН ДҮҮ: ЭГЧ МИНЬ ХҮҮГЭЭ ГЭРТЭЭ ОРОХОД ХУРХИРААД УНТАЖ БАЙСАН ГЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 21:28:41
    зочин: Хүрэлсүх Оюцн-эрдэнэ гэж золбин 2 Өөрсдөө ингээд үхээсэй билээ хараал идмэрүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 09:46:27
    Ххх: Өрх бүтээдэг шүү бороо орохоор яндаг авчдаг ихэнх угаартсан хүмүүс зөндөө шүү нүдээрээ хараагүй болхоор итгэхгүйлдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188