• Өнөөдөр 2022-09-29

УЛСЫН ГАРДИ БАЯРААГИЙН ХҮҮ ТӨРМАГНАЙ: Дархан аварга өвөөтэйгөө, гарди аавтайгаа бэлтгэлд гарсан минь санаанаас гардаггүй юм даа

2022-08-20,   7085

               “Гарлаа, өрлөө, давлаа” хэмээн зон олондоо алдаршсан цуут бөх, дархан аварга Д.Дамдины ач, уран барилдаанаараа алдаршсан улсын гарди Д.Баяраагийн хүү аймгийн арслан Б.Төрмагнайтай энэ удаагийн “Үргэлжлэл” булангаараа ярилцлаа. Бид Уйлган голын гурван аваргын нэг болох Д.Дамдин аваргын тухай болон Д.Баяраа гардийн тухай сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч таны өмнө дэлгэж байна.

-МИНИЙ ӨВӨӨ ДАРИЙН ДАМДИН АВАРГА ИХ НАРГИАНЧ ХҮН БАЙЛАА-

-Та сайхан намаржиж байна уу. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам энэ жил сайхан болж өндөрлөлөө. Та баяр наадамдаа сайхан наадсан уу. Энэ жил улсын баяр наадамд зодоглов уу. Энэ талаар хоёулаа хөөрөлдөөнөө эхлэх үү?

                -Сайхан наадлаа. Юун түрүүнд Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн монголчууд та бүхэн минь сайхан намаржиж байна уу. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр давхацсан сайхан наадам болж өндөрлөлөө. Би энэ жил улсынхаа баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд гарч барилдсан. Хоёрын даваанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан Д.Аззаяад өвдөг шороодож, миний наадам өндөрлөсөн дөө.

-Та багаасаа аавыгаа дагаад бөхийн галаар очдог байв уу. Анх хэдэн настайдаа зодог, шуудаг өмсөж, бөхийн зүлэг ногоон дэвжээнд барилдаж байсан бэ?

                -Мэдээ орсон цагаасаа л бөхийн хүрээлэл дунд байсан. Тийм ч болохоор бөхийн амьдрал бол миний салшгүй нэг хэсэг. Би дунд сургуулиа төгсөөд үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Арван жилийн сургуульд байхдаа бусад хүүхдийн адилаар сагсан бөмбөг их тоглодог байсан даа. Харин сургуулиа төгсөөд 18, 19 настайгаасаа үндэснийхээ бөхөөр барилдаж, хичээллэж эхэлсэн.

Тухайн үед аавыг эд сайн барилдаж байхад хүмүүс “Ууртай, догшин хүн” гэж боддог байсан. Яг амьдрал дээр бол уул шиг түшигтэй, уян зөөлөн зантай хүн байлаа.

-Таны аавыг монголчууд андахгүй. Тэр дундаа бөх сонирхогчид илүү сайн мэдэх байх. Ер нь Д.Баяраа гарди ямар зан араншинтай, яаж бэлтгэлээ хийдэг хүн байсан бол?

                -Миний аавыг Монголын ард түмэн мэдэх байх. Аав минь дархан аварга Д.Дамдины хүү улсын гарди, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер хүн. Аав надад бага байхаас минь л бөх хүн ямар байх ёстой, хэрхэн ёс журамтай байх, бэлтгэлээ яаж хийвэл үр дүнтэй зэргийг үлгэрлэж харуулсан. Аав маань барилдаан болон бэлтгэл сургуулилалт дээрээ эрэмгий, түрэмгий байдаг хэрнээ амьдрал дээр гэр бүлдээ цаг их гаргадаг, өр зөөлөн, хань ижилдээ анхаарал хандуулдаг өрхийн тэргүүн, үр хүүхдүүддээ санаа тавьдаг сайн аав байсан. Аавыг эд сайн барилдаж байхад хүмүүс “ууртай, догшин хүн” гэж боддог байсан гэх яриа байдаг. Яг амьдрал дээр бол уул шиг түшигтэй, уян зөөлөн зантай хүн байсан даа.

Манай аав, өвөө хөл авдаг дархан мэхтэй бөхчүүд болохоор би ч гэсэн чадахаараа мэх хийж барилдах юм сан гэж хичээдэг

-Д.Баяраа гарди үеийн сайхан бөхчүүдтэйгээ бэлтгэлд гардаг байсан уу. Та ч мөн мэдээ орох багаасаа л аавыгаа дагаж бөхийн амьдралтай хөл нийлүүлсэн гэлээ. Тэгэхээр тухайн үеийн сайхан дурсамжаасаа манай сайтын уншигчдад сонирхуулж яривал?

                -Би дээрээ гурван эгчтэй, айлын отгон бас ганц хүү. Тэр утгаараа гурав, дөрвөн настайгаасаа л аавыгаа дагаад наадмын бэлтгэлд хамт явдаг байлаа. Яриад байвал олон сайхан дурсамж бий. Хамгийн санаанд ойр байгаа нэг дурсамж хуучилъя. Хэдэн онд гэдгийг нь сайн санахгүй байна. Гачууртын Шивэртийн аманд дархан аварга Д.Дамдин өвөөтэйгөө, аавтайгаа хамт наадмын бэлтгэлд гарч байсан. Энэ миний хамгийн сайхан дурсамж. Яагаад гэхээр аав, хүү, ач гээд гурван үеэрээ баяр наадмын бэлтгэлд гарна гэдэг сайхан бас ховор тохиолдол шүү. Тухайн үед аав минь улсын заан цолтой байлаа. Бөх гэдэг өв уламжлалаа дагаж өвлөгдөж, уламжлагдаж явдаг.  Тийм ч болохоор одоо бодоход гурван үеэрээ наадмын бэлтгэлд гарсан маань сайхан дурсамж даа.

-Тухайн үед бэлтгэлд гараад Д.Дамдин аварга хүүдээ ямар зөвлөгөө өгч хэрхэн бэлтгэл хийлгэдэг байсан бэ?

                -Өвөө нас дээр гарсан байлаа. Тиймээс биеэ чангаруулаад, баяр наадамдаа барилдахаар бэлтгэл хийж байсан. Харин аав өөрийгөө шахсан шаргуу бэлтгэл их хийгээд байдаггүй.  Өглөө эрт ургах нарнаар босон гүйж, сунгалтын дасгал хөдөлгөөн л хийдэг байсан. Ер нь бусад үед унтаж амардаг л байсан даа. Харин барилдаан дөхөхөөр өөрийнхөө дархан мэх болох хонгодох, хөл авах мэхээ давтана. Аавыг өөрийнхөө бэлтгэлийг яг сайхан тааруулаад барилддаг байжээ гэж бодох болсон. Яагаад гэхээр би өөрөө барилдаад явж байгаа болохоор ойлгож, мэдэрч байна. Хүүхэд насныхаа дурсамжуудыг эргээд харахаар аав минь хувийн зохион байгуулалт сайтай, бэлтгэлээ ямар байгааг сайн мэддэг хүн байжээ гэж боддог.

Бараг хүзүү, толгой хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Хойноос нь харахад нэг тийм үргэлжилсэн хүн л унтаж байдаг байв.

                Манай аав, өвөө хоёр хөл авдаг дархан мэхтэй бөхчүүд болохоор би ч гэсэн чадахаараа мэх хийж барилдах юм сан гэж хичээдэг. Түүнээс биш надад өөр ийм, тийм гэх дархан мэх байхгүй.

-Таны өвөө монгол түмний хайртай Д.Дамдин аварга. Энэ хүний тухай таныг сонирхолтой хууч дэлгэнэ гэж бодож байна?

                -Би бага байхдаа өвөөгийндөө их очдог байсан. Өвөө маань шооч, наргианч маягийн хүн байлаа. Мөн ямар ч хүнийг ялгаж харьцдаггүй, сайхан ярьж хөөрдөг, нэг тийм зангарагтай, ханагар зан чанартай байсан. Аливаа зүйлийг алиа хошин талаас ёжилж ярьдаг. Мөн үр хүүхэд, ач, зээ нартайгаа тоглож наргина. Өвөөгөөс хамгийн түрүүнд юу дурсаж байна вэ гэх юм бол инээж хөөрсөн, элэгсэг найрсаг зан нь сэтгэлд хамгийн түрүүнд буудаг. Өвөө маань 2002 онд бурхны оронд дэвшсэн. Би тухайн үед долдугаар ангийн хүүхэд байлаа. Өвөө маань өндөр хүн байгаагүй, бахимдуу биетэй, хурд, тэсрэлтэй хүн байв.  Бага байхдаа зарим үед өвөөг унтаж байхад гэрт очно. Өвөө цаашаа хараад хажуулдан толгой нь унжчихсан хурхираад унтаад л байна. Дэр хэрэглэнэ гэж байхгүй. Бараг хүзүү, толгой хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Хойноос нь харахад нэг тийм үргэлжилсэн хүн л унтаж байдаг байв. Аав, өвөө хоёрын адилхан унтахыг яана гээч. 

Циркийн хүчний үзүүлбэрээр 850 килограммыг дааж, өргөж байсан юм билээ

-Д.Дамдин аваргын бяр тэнхээний тухай үлгэр домог мэт яригддаг олон хууч байдаг. Та энэ талаар сонирхолтой яриа дэлгэвэл?

                -Манай өвөө монгол ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн. Тийм ч болохоор бяр тэнхээнийх нь тухай олон яриа бий. Өвөө маань социалист нийгмийн үед циркийн хүчний үзүүлбэрийг үзүүлдэг байсан. Дүрс бичлэг болон зураг хөргүүд нь ч олон байдаг. Циркийн хүчний үзүүлбэрээр 850 килограммыг дааж, өргөж байсан юм билээ. Ер нь циркийнхээ үзүүлбэр, бэлтгэл сургуулилалтыг хийж байгаад төрийнхөө наадам барилдчихдаг байсан гэдэг. Тухайн үед одоо шиг самбо, жүдо гээд бөхийн төрлүүд монгол хөгжөөгүй байсан л даа. Тийм болохоор цирк дээрээ л илүү цаг гаргаж ажилладаг байсан байх.

Д.Дамдин аварга яагаад циркийн урлагтай холбогдсон юм бол?

                -Өвөө маань одоогийн хүндэт харуулын ангид цэрэг болон ирсэн юм билээ. Цэрэгт байх хугацаанд циркийн урлагийн мэргэжилтнүүд сонирхоод татан оруулж байсан гэж ярьдаг. Цэргээс шууд циркт орж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулсан хүн дээ.

-Д.Дамдин аварга бол Уйлган голын гурван аваргын нэг шүү дээ. Уйлган голоос Ж.Цэвээнравдан,Ч.Бээжин аваргууд мөн л төрөн гарсан байдаг. Та энэ голоос эхтэй хүний нэг яахын аргагүй мөн. Тийм болохоор Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум тэр дундаа Уйлган голдоо хэр очиж байна вэ?

                -Манай өвөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумандаа төрж, өсөөд цэрэгт татагдатлаа нутагтаа амьдарч байсан. Манай аав өвөөг улсын баяр наадамд хоёр дахиа түрүүлэхэд нь буюу долдугаар сарын 13-ны өдөр эхээс мэндэлсэн. Хэдийгээр аав маань Улаанбаатар хотод төрсөн ч гэлээ арван сартайгаасаа өвөөгийн ээж болох Дарь гэдэг хүн дээр очиж, эрийн цээнд хүртлээ амьдарсан. Аав Цагаан-Үүр суманд төрөөгүй ч гэсэн  өссөн нутаг нь юм. Үүнээс гадна би аавыгаа 1988 оны долдугаар сарын 12 -ны заан болдог өдрийн өглөө нь төрсөн. Тухайн үед аав улсын начин цолтой байлаа. Би хэдийгээр нийслэл хотдоо төрж өссөн ч гэсэн мөн л Хөвсгөл аймгийнхаа Цагаан-Үүр суманд байнга очдог. Уйлган голоос төрөн гарсан бөхчүүд үндэсний бөхийн бүх цолыг авсан байдаг юм. Мөн Уйлган голын бөхчүүд улсын наадмын 90 шөвгийг хүртсэн байдаг л даа. Тэгэхээр яахын аргагүй бөхийн өлгий нутаг байгаа биз. Цагаан-Үүр сумандаа очиход хамгийн түрүүнд аав, өвөө минь л бодогддог доо.   

-Д.Дамдин аваргыг ээжээрээ овоглосон гэдэг. Яагаад ээжээрээ овоглох болсон юм бол?

                -Өвөөгийн ээж болох Дарь эмээ Пүрэв гэдэг хүнтэй гэр бүл болсон юм билээ. Тэгээд хоёр хүүтэй болсны нэг нь манай өвөө Дамдин. Пүрэв гэдэг хүн өвөөг таван настай байхад нь өөд болсон гэдэг. Тухайн үед өвөөгийн ахыг Пүрэвийн Жамсран гэж ааваар нь овоглосон байдаг. Харин өвөөг овоглох гэхээр байхгүй хүнээр овоглодоггүй байсан болохоор ээжээр нь овоглосон юм билээ.

 Аав бас Дарь эмээг их хатуу хүн байсан гэж ярьдаг байсан. Болж бүтэхгүй зүйл хийвэл түлээний мод бариад уулздаг хөгшин байсан гэж дурсдаг

-Та өөрийн өндөр эмээ болох Дарь гэдэг хүний талаар яриа дэлгэвэл?

                -Хүмүүсийн ярьж хэлж байгаагаар их ажилч, хөдөлмөрч хүн байсан гэдэг. Буриад л хүн л дээ. Улаан-Үд  талын гаргалтай. Пүрэв гэдэг хүнтэй танилцаж, айл гэр болоод Цагаан-Үүр суманд амьдрах болсон юм билээ. Пүрэв гэдэг хүнийг өөд болоход нутаг буцалгүй Цагаан-Үүр сумандаа суурьшиж, үлдсэн түүхтэй. Дарь эмээ аавыг ч тэр, өвөөг ч тэр хатуу гараар өсгөсөн гэж ярьдаг. Энхрийлж бөөцийлөхөөс илүү ажилч, хөдөлмөрч хүн болгох гэж хичээж байсан гэдэг. Үүнээс гадна нэг сонирхолтой түүх ярихад Дарь эмээ өвөөг бага байхад нь усанд явуулж л дээ. Гэтэл өвөө замдаа үеийнхээ хүүхдүүдтэй тааралдан барилдаж байгаад орой усгүй гэртээ иржээ. Тэгэхээр Дарь эмээ түлээний мод бариад зодох гэхэд өвөө зугтаж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутгийг дамнан урсдаг Үүрийн гол үертэй байхад үсрээд орчихсон гэсэн. Гэтэл Дарь эмээ “Би одоо хүүгээ айлгах гэж байгаад аминд нь хүрч, усанд живүүлчихлээ” гээд уйлаад байж байтал өвөө голын цаад эрэгт гарчихсан гуяа алгадаад гүйж явсан гэдэг. Үүнийг нь Дарь эмээ хараад “Миний хүү сайхан хийморьтой, хүчтэй, сайхан хүн болж байгаа юм байна” хэмээн ярьж байсан гэдэг. Энэ түүхийг нутгийнхан надад ярьж байлаа. Аав бас Дарь эмээг их хатуу хүн байсан гэж ярьдаг байсан. Болж бүтэхгүй зүйл хийвэл түлээний мод бариад уулздаг хөгшин байсан гэж дурсдаг даа.

Дарь эмээ“Би хүүгээ айлгах гэж байгаад аминд нь хүрч, усанд живүүлчихлээ”гээд уйлаад байж байтал өвөө голын цаад эрэгт гарчихсан гуяа алгадаад гүйж явсан гэдэг

-ААВТАЙГАА ХАМТ ЯВЖ БАЙХАД ХҮМҮҮС НАМАЙГ ЗААНЫ ТУГАЛ ГЭДЭГ БАЙВ-

-Баяраа гардийн хувьд хэр бяртай байсан бэ. Энэ талаар та хамгийн сайн мэднэ шүү дээ?

                -Манай аавын хувьд бусдаас илүү зүйл нь хоёр гарын шуу л байсан юм билээ. Тийм болохоор гараар ноёлж, илүүрхэж барилддаг байсан.

-Сүүлийн үед "Монгол бөхийн жудаг алдагдаж байна" гэж хүмүүс шүүмжлэх боллоо. Энэ талаар та юу гэж боддог вэ?

                -Гурван үеийн бөхийн удамтай хүний хувьд жудгийн талаар хэлэхэд ах захаа хүндэлдэг, эрэмбэ дараагаа мэддэг, худлаа хэлэхгүй, ёс зүйтэй байхыг хэлнэ. Нэг үгээр бол жудаг гэдэг хүндлэл шүү дээ.

-Бөх хүний гэргий байна гэдэг тийм амар зүйл биш гэж ярих нь олон. Давхар үүрэг хариуцлага өндөр байх хэрэгтэй гэгддэг. Тэгэхээр Монгол Улсын гарди цолтой бөхийн гэргий болох ээжийнхээ тухай та яриа дэлгэж болох уу?

                -Миний ээж Алимаа гэж үнэхээр сайхан хүн байлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Ээжийн маань аав, эмээ, өвөө нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүмүүс. Ээж, аав хоёр маань 1978 онд танилцаж, гэр бүл болсон байдаг. Ээж минь үнэхээр сайхан хүн байсан. Бурхны оронд явснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Дархан аваргын бэр, гардийн эхнэр гээд ээжид минь өндөр үүрэг, хариуцлага ноогдож байсан. Үүнийг дааж, гэр бүлээ сайхан авч явдаг амьд бурхан байлаа. Миний ээж МАН-д ажиллаж, хөдөлмөрлөдөг байсан даа.

                Ээж аавыг өглөө бэлтгэлдээ явахад нь хоол бэлтгэж өгөөд явуулна. Мөн намайг дагуулаад бэлтгэлийнх нь дундуур халуун, цай, чацарганын жүүс хүргэж өгөөд буцаад л алхаад гэртээ ирдэг байсан. Тухайн үед одоогийнх шиг унаа, тэрэг элбэг байгаагүй л дээ. Тэгээд орой аавыг ирэхээс өмнө хоол бэлтгэдэг байв. Үүнээс харахад бөхөд хайртай, аавд их итгэдэг байсан нь мэдрэгддэг.  

-Баяраа гарди наадмаас хэдэн хоногийн өмнө бэлтгэлдээ гардаг байсан бэ?

                -Зургадугаар сарын 15 гээд аав бэлтгэлдээ гардаг байсан. Тэр хугацаанд манайхаар хүн ирнэ гэж бараг байхгүй. Ёс, журамтай байдаг. Өглөө болгон ээж маань цагаан сүүнийхээ дээжийг тэнгэр, бурхан, уул овоондоо өргөнө. Баяр наадмын үеэр аав гэртээ амарч байхад манайх орой найман цагаас хойш зурагт, радио үзэхгүй. Би тухайн үед хүүхэд байсан. Хоол идэхээр бол гал тогооны өрөө рүү өлмий дээрээ зөөлөн гишгэн гэтэж явдаг байлаа. Яагаад вэ гэхээр аавыг тайван амраахын тулд л шүү дээ. Наадмын өглөө эртлэн босож цай, ундаа уугаад дээлээ өмсөөд аавыгаа дагаад гэр бүлээрээ наадмын талбай зорино.

-Баяраа гарди таныг бэлтгэлдээ дагуулж очдог байсан шиг бусад бөх бас хүүхдээ дагуулж очдог байсан байх. Тухайн үед тань шиг л аавынхаа бэлтгэл дээр ирдэг жаахан хүүхдүүдээс одоо барилдаж, улсын цолонд хүрсэн бөх бий юү?

                -Байлгүй яах вэ. Тухайн үед аав нар маань барилддаг байсан. Жишээлбэл Г.Намсрайжав харцага, Ж.Ганболд заан, Ч.Бямбадорж заан гээд олон бөх байдаг байсан. Энэ бөхчүүдийн үр хойч одоо сайхан барилдаж, төр түмнийхээ хайр хүндэтгэлийг алдахгүй, бөхөө дээдэлж яваа. Тухайлбал, Г.Намсрайжав харцагын хүү даян аварга Батсуурь, Ч.Бямбадорж зааны хүү улсын начин Заяамандах, Ж.Ганболд зааны хүү аймгийн хурц арслан Ганням гээд сайхан залуучууд байна. Г.Намсрайжав харцага аавтай их дотно найз байсан. Тиймээс даян аварга Батсуурь бид хоёр долоо, найман настайгаасаа л найзалж, нөхөрлөж эхэлсэн. Бид бөхчүүдийн хүүхдүүд гэдэг утгаар их дотно байдаг. Багасаа аав нарыгаа дагаж яваад их дотно, найз болчихсон. Одоо ч тэр хэвээрээ нөхөрлөөд явж байгаа минь сайхан шүү.

Баяр наадмын үеэр аав гэртээ амарч байхад манайх орой найман цагаас хойш зурагт, радио үзэхгүй

-Аавынхаа барилдахыг хараад олны дунд сууж байхдаа ааваараа хэр бахардаг байв?

                -Тухайн үед аавтай наадмын талбай орох үнэхээр сайхан байсан. Аавыг хүн болгон таньж ирж мэндэлж, хүндэтгэж байгааг хараад л өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. Заал, танхимын болон хөдөө орон нутгийн барилдаан, улсын баяр наадам гээд байнга л аавтайгаа явж байдаг байсан. Ямар сайндаа л намайг зааны тугал гэх вэ дээ. Заримдаа аавыг барилдаж байхад хүүхэд болсон хойно би үеийнхэнтэйгээ нийлээд гүйж, харайгаад тоглож өгнө. Заримдаа ядарна, өлсөнө. Бүр нэг удаа би “Аав та хурдхан уначих л даа. Би ядраад байна хурдхан гэртээ очъё” гэж гуйж байсан. Аав тухайн үед улсын заан цолтой байлаа. Доогуур даваанд унана гэж байхгүй. Шөвгөрнө эсвэл үзүүр, түрүүнд л барилддаг байв. Тийм ч болохоор “Аав хурдхан уначихаач дээ” гэж хэлж байсан. Хүүхэд болохоор ядарсандаа эртхэн харих гээд гаргаж байгаа санаа нь тэр байсан биз. Хүн бүр ааваараа бахардаг. Миний хувьд аав шиг минь хүчтэй, бяртай хүн байхгүй юм шиг. Ааваас өөр уул, овоо шиг нөмөртэй хүн үгүй юм шиг. Миний аав шиг мундаг хүн өөр хаа ч байхгүй юм шиг санагддаг байсан. Одоо ч тэр л хэвээрээ.

Миний ээж Алимаа гэж үнэхээр сайхан хүн байлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Ээжийн маань аав, эмээ, өвөө нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүмүүс

-Баяраа гарди ер нь эхээс хэдүүлээ юм бэ?

                -Аав маань эхээс тавуулаа. Дээрээ нэг ахтай, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Ааваас бусад нь бөхийн спортоор яваагүй. Өөр, өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Дамдин аваргын хүүхэд гээд бүгдээрээ барилдана гэж байхгүй шүү дээ. Бөх болоход хувь хүний сонирхол  хамгийн чухал шүү дээ.

-БАГА НАСНЫ ГОЁ ДУРСАМЖУУДТАЙ  БОЛОХООР ХҮҮХДҮҮДЭЭ БАС ТИЙМ БАЙЛГАХЫГ БОДОЖ, ХИЧЭЭЖ ЯВДАГ-

-Одоо та бас аав шигээ хүүхдүүдээ дагуулаад наадамд явдаг уу

                -Би хоёр сайхан үртэй. Тиймээс "Аав шигээ хүүхдүүдээ наадамд дагуулаад явах юм сан" гэж бодож дагуулаад явж эхэлж байгаа. Би ер нь гэр бүлсэг талдаа хүн. Тийм болохоор энхэр, хүүхдүүдтэйгээ хөдөө, наадмын барилдаан, амралт зугаалга гээд чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Би бага насандаа гоё дурсамжуудтай байсан болохоор хүүхдүүдээ бас тийм байлгахыг бодож, хичээж явдаг.  

-Таныг бага байхад Монголд ардчилсан хувьсгал гарч, нийгмийн шилжилтийн эд үе байсан шүү дээ. Тухайн үеийн хүмүүсийн амьдрал одоогийнх шиг байгаагүй нэлээд хүнд цаг үе байсан гэж ярьдаг. Мөн олон хүн ганзагын наймаанд явж, ар гэрээ тэжээж байсан түүх бий. Баяраа гардийн хувьд барилдахаас гадна өөр ажил хийдэг байсан уу?

                -Нийгмийн шилжилтийн эд үе байсан л даа. Юм их хомс байсан. Элбэг, дэлбэг байгаагүй нь үнэн. Тухайн үед аав амьдралаа зөвхөн бөхөөрөө барилдаж залгуулдаг байлаа. Барилдааныхаа бай, шагналын мөнгөөр долоо хоногийнхоо хоол, хүнсээ авдаг байв. Хөдөө, орон нутгаар явж барилдаад, шагналынхаа мөнгөөр нэг хонь аваад ирдэг тийм л цаг үе байсан. Одоогийнхыг бодвол харьцангуй өөр нийгэм байлаа шүү дээ. Олдох юм их ховор, хэцүү цаг үе байсан. Тэр үед үндэсний бөхдөө үнэнч байж барилдаж, ирсэн ахмад үеийн бөхчүүдээр бахархдаг. Тухайн үед заалны барилдаан долоо хоног бүр болно. Бараг худалч хүнд тэр мөнгөөр долоо хоногийн хэрэгцээгээ хангадаг байсан. Мөн одоогийнх шиг өндөр бай шагнал өгдөггүй байсан шүү дээ.

 

Тухайн үед аав амьдралаа зөвхөн бөх барилдаж залгуулдаг байлаа. Барилдааныхаа бай, шагналын мөнгөөр долоо хоногийнхоо хоол, хүнсээ авдаг байв

 -Та 2011 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд барилдаж, харцага цол хүртсэн энэ тухай сонирхолтой яриа дэлгэвэл?

                -Би 2011 онд Хөвсгөл аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн. Үүнээс өмнө аймгуудын барилдаанд түрүүлчихсэн гэж боддог байлаа. Гэтэл аймгийн барилдаанд очоод дөрөв тавын даваанд уначихдаг байсан. Энэ мэт явсаар байтал цолоо ахиулж чадахгүй 10 жил өнгөрсөн байв. Харин өнгөрсөн жил цол олгох 128 бөхийн барилдаан болсон. Энэ барилдаанд одтой сайхан барилдаж, түрүүлээд аймгийн арслан цолонд хүрч цолоо ахиулсан. 30 жилийн өмнө Хөвсгөл аймгийн 60 жилийн ойн баяр наадамд аав маань улсын заан Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар нарыг өвдөг шороодуулан түрүүлж байсан байдаг. Үүнээс хойш яг 30 жилийн дараа би Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. Аавынхаа амжилтыг давтаж түрүүлсэндээ баяртай байдаг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Хөөрөлдөөнийхөө төгсгөлд таныг бөхөд хайртай монгол түмэндээ дахин мэндчилгээ хүргэх байх гэж бодож байна?

                -Энэхүү ярилцлагыг уншиж, үзэж байгаа Монголынхоо ард түмэнд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол түмэн минь юун түрүүнд эвтэй, найртай байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.

 


УЛСЫН ГАРДИ БАЯРААГИЙН ХҮҮ ТӨРМАГНАЙ: Дархан аварга өвөөтэйгөө, гарди аавтайгаа бэлтгэлд гарсан минь санаанаас гардаггүй юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188