• Өнөөдөр 2024-04-20

З.ТҮМЭН-ӨЛЗИЙ:Би сурагч байхаасаа л “Үхэр монгол” хэмээх хэлцтэй тэмцэж, өнөөдрийн үйл хэргийг бүтээсэн

2020-11-27,   1498

Энэ музейд оршин буй юмс бүр байгаль эхийн хэвлийд бүрэлдэж, дараа нь ур ухаан төгс хүний гараар төгөлдөршин байх аж

Дэлхийд ганц “Олон улсын Оюун ухааны музей” манай нийслэлд бий. Байгаль дэлхий хэний ч гараар бүтээгүй, баялаг өлгий юм. Энэ музейд оршин буй юмс бүр байгаль эхийн хэвлийд бүрэлдэж, дараа нь ур ухаан төгс хүний гараар төгөлдөршин байх аж. Ийнхүү монгол хүний оюуны чадавхийг дэлхийд гайхуулсан төрөл бүрийн оньсон тоглоом, оньсон болон сийлбэртэй шатар, уран зураг зэрэг 11000 гаруй үзмэртэй тус музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

-Дэлхийд ганц хэмээгдэх “Олон улсын оюун ухааны музей”-г байгуулах санаа анх танд хэрхэн төрөв. Музей байгуулж байсан үеэ эргэн дурсаач?

-Манай музей 1990 оны наймдугаар сард нээгдсэн. “Монголын нууц товчоо” зохиолын 750 жилийн ойгоор байгуулагдаж, Монголын залуучуудын эвлэлийн төв хорооны гурван өрөө байранд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Анх байгуулагдахдаа “Үндэсний тоглоомын үзэсгэлэн” нэрээр үүд хаалгаа нээсэн. Дараа нь, 1996 онд “Үндэсний тоглоомын олон улсын үзэсгэлэн” нэртэй болж байв. 1998 онд “Оюун ухааны музей” болсон. Өнгөрсөн хугацаанд олон үзэсгэлэн худалдаанд орж байсан. Үзэсгэлэн гарах бүрд тухайн улсын үндэсний соёл, зан заншил болсон тоглоом наадгайг худалдан авч музейг баяжуулж байна. Хүмүүс манайхыг тоглоомын, оньсны музей гэж андуурдаг. Энэ нь шинжлэх ухааныг төрөл бүрийн тоглоомын аргаар хялбаршуулж, ойлгуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн музей юм.

 -Музейд хэчнээн үзмэр тоглоом байна вэ?

-130 гаруй улс орны оюун ухаан шингэсэн 11000 гаруй бүтээл дэлгэгдсэн байгаа. Тэдгээрийг үндсэн 15 зүйл ангид хуваан байршуулсан. Үзэгч зөвхөн хараад өнгөрөх биш, тоглож, ойлгож, мэдрэх боломжтой. Хоёр ширхгээс 673 хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньсон бүтээл байна. Хоёр модны оньсны задаргааг угсрахад нэг хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог. Мөн дэлхийд алдартай урлагийн бүтээлүүд, ертөнцийн долоон гайхамшгийн нэг алдарт Эйфелийн цамхаг, эрх чөлөөний хөшөө, сансрын хөлөг, хүн, сүм, хийд, байшин зэргийг зөвхөн оньсоор угсардаг байдлаар хийсэн нь дэлхийд хосгүй бүтээл юм.

 -Хийц, загвар хэмжээгээр ялгаатай хэчнээн төрлийн шатар байна вэ. Олон орны шатар цуглуулдаг гэсэн?

 -1950-аад оноос хойш социализмийн үеийн шаазан баарын үйлдвэрийн бүтэээлүүдийг цуглуулж, шатар хийсэн. Музейд хамгийн жижиг буюу дөрвөн миллиметр дүрстэй, 10 сантиметр хөлөгтэй, ясан шатраас эхлээд дахин давтагдашгүй 455 шатар бий. Түүний тал нь монгол, тал нь европ шатар. Дэлхийд хамгийн томд тооцогдох Ромбо хэлбэрийн шатар бөгөөд хөлөг нь 7-6 метр хэмжээтэй оньсоор задарч угсардаг. Шатрын хар талыг Монгол Улсын түүхэн хүн Чингис хаан, Цогт тайж, Мандухай сэцэн хатан зэргээр төлөөлүүлэн танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монголын алдартай хүмүүсээр төлөөлүүлэн сийлсэн. Далны ясан шатар нь Монгол, Япон сумочдыг хоёр тал болгон урлаж, 209 эрдэнийн чулуун шигтгээгээр чимэглэсэн. Хамгийн үнэтэй нь улаан, ногоон хашаар хийсэн шатар байна. Ширээг 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуугаар тоноглосон. Физикийн энерци, оптикийн хууралт, тэнцвэр, чөлөөт уналт зэрэг олон хуулиар бүтээсэн бүтээл ч бий. Мөн илбийн 30 гаруй бүтээл байна.

-Манай улс тоглоомын баялаг өв сантай ард түмэн. Хэдэн аймгийн, хэчнээн тоглоомоор нааддаг вэ?

-Монголчууд 15 ангийн тоглоомоор нааддаг. Өнгөрсөн 30 жилийн  хугацаанд гурван зүйлээр Монголын нэрийг дэлхийд гаргах зорилготой байсан. Нэгдүгээрт, м а н а й х оньслох ухаанаар дэлхийд тэргүүлдэг. Хоёрдугаарт, Монголоос шатар гаралтай гэдгийг нотлох гэж би насаа барлаа. Өнөөдрийн байдлаар хөлөгт тоглоом 534 байна. Түүнээс 455 нь шатар. Дэлхийн хамгийн олон шатартай музейгээр дээд амжилт тогтоосон. Музейд буй шатрын талыг монгол хүн урласан. Мөн гадаадаас шатар худалдан авдаг. Хэлбэр, хэмжээ, хийсэн ур, материал, дүрс бүгд өөр. Гуравдугаарт, байгальд ээлтэй жишиг байгууллага болох юм. Би бүтээлээ байгалийн хоёрдогч түүхий эдээр урласан байна. Тооцоолоод үзэхэд, бүтээлийн 90 гаруй хувийг хаягдал материалаар хийжээ. 1974 оноос модны ур, үндэс, мөчир, яс, эвэр, шил, чулуу, зэргээр орлуулж эхэлсэн байна. Тиймээс байгальд ээлтэй дэлхийн жишиг байгууллага болохыг зорьж байна.

-Та бүтээлээ бэлэг дурсгал болгож худалддаг уу. Жуулчид хэр сонирхдог вэ?

-Олон жуулчинтай болоход эхлээд бэлэг дурсгалыг нь шийддэг. Бэлэг, дурсгал бэлдэж байж жуулчдын тоо нэмэгддэг. Сүүлийн үед баяр ёслолын бэлгийг хот, хөдөөгүй манайхаас авдаг болсон. Хүмүүс гадаад орноор аялахдаа тухайн орны онцлог бүтээлийг авч хадгалдаг. Манай музей дэлхийн 60 гаруй орны 90-ээд үзэсгэлэнд оролцож байсан. Тухайн үедээ орон орны онцлох үзмэрүүдээр гайхуулдаг байв. Миний бүтээсэн тоглоом бэлэг, дурсгалд өгч болно. Байгалийн хаягдал бүтээгдэхүүнийг цэвэрлэгээ болгож ашигладаг. Ийм зүйлд дэлхийн хүн төрөлхтнийг дадлагажуулах, уламжлал болгохыг зорьдог.

 -Энэ музей таны хэдэн жилийн хөдөлмөр вэ. Анхны оньсоо хэрхэн бүтээж байсан бэ?

-Энэ музей миний 65 жилийн хөдөлмөрөөр өдий зэрэгтэй боссон. 1955 онд дөрөвдүгээр ангид байсан хавар манайх гишүү түүж, гал түлдэг байсан. Амралтын өдөр гишүүнд явах гэж байтал ээж хөлийнхөө авдрыг янзалж байснаа тостой дөрвөн мод гаргаж, надад үзүүлсэн. “Энэ ямар учиртай мод вэ” гэж асуухад “Оньс гэдэг юм билээ. Ухаантнууд тоглодог гэсэн. Манай аав Зэвэг Цахирч гэдэг хүн байсан. Баригдаж яваад сураггүй болсон” гэж ээж хэлсэн. Тэгэхээр нь “Үүнийг надад өгчих, би тоглоё” гээд авсан. Тухайн үед нэг сар эвлүүлэх гэж оролдоод чадаагүй. Нэг өдөр хоёр мод нэмж хийх санаа төрж, анхны оньсоо бүтээж байлаа. Одоогийн байдлаар нэг модноос 673 ширхэг мод хүртэлх 3500 оньс хийсэн. Бүгд угсрах арга нь өөр. Жишээлбэл, хоёр ширхэг модны 20 гаруй оньс бий. Монголчууд дээр үед ур, ухаан орсон бүтээлээ “оньсон техник” хэмээн нэрлэдэг байсан. Би 1986 онд ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлж, 673 модоор сансрын хөлөг хийсэн.

/ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэний таван жилийн ойгоор бүтээсэн оньсон хөлөг. 673 мод орсон/

 -Манайд оньслох ухааны хэдэн төрөл байна вэ?

-Энгийн оньс, сонгодог оньс гэж хоёр ангилдаг. Энгийн оньс нь геометрийн дүрстэй. Сонгодог оньсны гаднах дүрсийг ойлгож хийсэн гэсэн үг. Жишээ нь, арван хоёр жил бол геометрийн дүрс биш учир сонгодог оньс. Бүтээлийн нэр, сэтгэлгээ, арга барил өөр юм. 

-Хамгийн сонин түүх, утга агуулгатай ямар бүтээл байна вэ? 

-1994 оноос хойш алтаар бүрсэн мэлхийг арван минутад угсарсан хүнд 100 мянган ам.доллар өгнө гэж дэлхий даяар зарласан. Би онгироо, сагсуу эсвэл юм хожих гэсэндээ биш. Монгол хүнийг ур ухаан тэгш, оюунлаг ард түмэн гэдгийг батлах гэсэндээ оролцож байв.

-Та эдийн засагч  мэргэжилтэй юм билээ. Яагаад оньслох ухаанд суралцаж, бүтээл гаргахаар болсон бэ?

 -Би эдийн засагч  мэргэжилтэй. Тоглоом хүний авьяасыг илрүүлдэг. 65 жил тоглоомоор оролдсон учир миний зурах авьяас нээгдсэн. Би 300 гаруй хөрөг зурсан. Тэдний төлөөлөл аав, ээж хоёрын минь зураг. 3500 бүтээлээ Монголынх хэмээн дархалж, эрхийг нь хамгаалсан.

-Манай улсын оньслох ухаанаар дэлхийд тэргүүлдэг шалтгааныг та юу гэж хэлэх вэ?

-Гадаад орны оньс геометрийн дүрстэй. Харин манайх сонгодог оньсоор бодит бүтээл хийдэг гэсэн үг. Одоог хүртэл нүүдэлчдийн соёл иргэншлээс гараагүй учир оньс хөгжсөн хэвээрээ байна. Өндөр хөгжилтэй орнууд үндэсний тоглоомоо орхисон. Барби, интернэт гээд хөгжлийн хурд саарч эхэлсэн. Харин эргээд манайхаас туршлага судалж байна. Гадаад улсад очих бүрдээ лекц уншдаг. Манайх хувьсгал ялсны дараа оньсон тоглоомыг хаях дөхсөн. Өргөн уудам газар нутагтай учир оросын резенин тоглоом, машин техник Улаанбаатар хотод орж ирсэн. Малчид суурь, бригад үндэсний тоглоомоор тоглосон хэвээр байна.

-Музейн үзмэр үзэх үзэгч хэр байдаг вэ. Санхүүг нь хэрхэн зохицуулж байна?

-Манайх хамгийн олон үзэгчтэй музейгээр шалгарсан. Үзэгчдэд цэцэг шиг таашаал өгөх зорилготой. Манай музейг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга л хараахан үзэж амжаагүй байна. Манайх бүтээл зарж санхүүждэггүй. Харин гадаадын бүтээлийг худалдан авдаг. Тасалбарын орлого барилгын ус, дулаан, тог цахилгаанд хүрдэггүй. Тийм учир хандиваар санхүүждэг. н.Тэгшбаяр гэж хүн 10 сая төгрөгөөр “Буурал түүх” хэмээх 140 олны танил эрхмийг нэгэн талбайд зурж, манайд бэлэглэсэн. Малтай монголоос машинтай монгол болсон гэх зохиомжтой ховор сайхан зургийн нэг манайд өв болж хадгалагдаж байна.

-Танайх дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй шүү дээ. Бусад сургуулиас ямар онцлог, давуу талтай вэ?

-Бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаанд суралцах зорилготой хүүхдүүд манайд сурдаг. Дээд сургууль төгссөн мөртлөө амьдрах ухаанаа олж чадахгүй олон хүн бий. Ямар ч сургууль төгсөөгүй байж мянгат малчин ч болсон нь олон. Бүтээлч сэтгэлгээ гэдэг ямар нэгэн бэрхшээл, хүндрэлийг боломж болгон ашиглах чадварыг хэлдэг.

 -Та шинэ бүтээл хийж байна уу, эсвэл худалдан авч үзмэрээ арвижуулж байна уу?

-Залуу үеийн оюун ухаан, хөгшин хүний ухаан гэдэг асар зөрүүтэй байдаг юм байна. Үүнийг хөл хорионы үед ойлголоо. Өөрөө хийж зургийг нь зурсан бүтээлээ эвлүүлэх гэж зураг хараад ч барахгүй, бүтэн өдөр алдсан. Тэгэхээр, дахин давтагдашгүй ховор бүтээлийг худалдан авч байна.

-Оюун ухааныг  хөгжүүлэх ямар арга барил байна. Туршлагаасаа хуваалцвал?

-Хүний оюун ухааныг хөгжүүлдэг гурван зүйл байдаг. Нэгдүгээрт, хөдөлмөр. Хоёрдугаарт, тоглоом наадгай. Гуравдугаарт, сургууль соёл. Манайхан эхний хоёрыг нь хаяад сургууль соёл төгсвөл ухаантан болох мэт туйлширдаг. Мэдэхгүй, маргахгүй, шүүмжлэхгүй хүн үгүй болж. Гэтэл хийж чадах зүйл юу ч алга. Оюун ухааныг шалгах шалгуур гэж бий. Хэний оюун ухаан хөгжсөн гэдгийг дипломоор хэмждэггүй. Хэн илүү амьдрах чадвартай байна, тэр илүү ухаантай гэсэн үг. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шиг. Хоёрдугаарт, сайн муу, зөв, бурууг ялгах чадвар чухал. Гуравдугаарт, хүнд урам хайрлах чадвар хэрэгтэй. Ухаантай хүн хүнд урам л хайрладаг. Ухаан мунхаг хүн хүний сэтгэлийг сэвтээдэг. Түүнийгээ “Би шударга” хэмээн цагаатгадаг. Эцэст нь, эрүүл аж төрөх чадвар чухал юм даа. Оюун ухаан хөгжсөн хүн хэзээ ч буруу зүйл хийдэггүй.

-Манайх оюуны шавхагдашгүй нөөцтэй ард түмэн. Залуус эдгээр уламжлал болсон тоглоом наадгайг хэрхэн үргэлжлүүлэн хөгжүүлж, хадгалах ёстой вэ?

-Ямар ч ядуу айлд хөөрөг, шимийн архи уудаг мөнгөн тагш, гаанс байх ёстой. Энэ бүгдийг хэрэглэж байсан ард түмнийг хэн ч үхэр монгол, тэнэг монгол гэж хэлэх эрхгүй. Би сурагч байхаасаа “Үхэр монгол” гэдэг хэлцтэй тэмцэж ирсэн. Багштайгаа муудалцсан үе ч бий. Өнөөдөр эргэж харахад, энэ л намайг хурцалсан байна. Энэ үгний эсрэг тэмцэж, хурцлагдаж өнөөдрийн үйлийг бүтээсэн. “Тэнэг монгол” гэж  доромжлуулаагүй сэн бол өнөөдрийн З.Түмэн-Өлзий болж төлөвших байсан уу, оюун ухааныг эрхэмлэсэн музей нээх гэж тэмцэх байсан болов уу гэж үе үе боддог доо.


З.ТҮМЭН-ӨЛЗИЙ:Би сурагч байхаасаа л “Үхэр монгол” хэмээх хэлцтэй тэмцэж, өнөөдрийн үйл хэргийг бүтээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 16:03:01
    даш : Мөн монголын хөлөгт тоглоомоор баяжилт хийгээрэй үгэн тоглоомоор эмхтгэл гаргана биз бас утсан тоглоомоор бичлэг хийх байхаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188