Саяхан нээлтээ хийсэн “Эцсийн зогсоол 2” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Мишээлтэй ярилцлаа. Тэрбээр Youtube хуудсандаа 381 мянган дагагчтай хүүхэд багачуудын хайрыг татсан Youtuber билээ.
-Сайн байна уу, анхны гол дүр дээр ажилласан кино нь нээлтээ хийсэн. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу. Энэ бол миний жүжигчний замналын хамгийн том алхам байлаа. Кино театрт нээлтээ хийх мөчид айдас, баяр хөөр, догдлол зэрэгцэж байсан. Дэлгэцнээс өөрийгөө хараад бүх хүн намайг харж байна гэж бодоход үнэхээр сандарсан. Үзэж суухдаа өөрийн тоглолтыг байнга дүгнэж, дараагийн удаад илүү сайн тоглох ёстой гэж бодогдож байлаа.
-Урингийн дүр дээр хэрхэн ажилласан бэ?
-Урин бол надаас тэс өөр дүр. Орилж хашгирах, уйлах зэрэг хүчтэй эмоци шаардсан дүр. Эхэндээ надад хэцүү байсан ч “надтай хамт бурхан минь байна” гэж бодоод зориг гарган тоглосон. Нэг ёсондоо энэ дүр намайг өөрийгөө сорьж, шинэ талаа нээхэд хүргэсэн.
-Дүрийн онцлогийг та яаж харсан бэ?
Урин бол зоригтой атлаа сэтгэл санааны хувьд их эмзэг охин. Тэр дотоод зөрчилтэй, тэмцэлтэй. Энэ дүрийнхээ тусламжтайгаар би илүү гүн сэтгэл хөдлөлийг гаргаж сурах ёстой болсон.
-Зохиолоо унших үед дүрээ хэрхэн төсөөлсөн, бодит болгож тоглоход хамгийн хэцүү нь юу байв?
Зохиолоо анх уншихад Уриныг маш хүчтэй, шийдэмгий охин гэж төсөөлсөн. Гэхдээ бодит тоглолт дээр эмоцоо гаргаж, үзэгчид үнэмшүүлэх хамгийн хүнд сорилт байсан. Тэр үедээ багш, ах эгч жүжигчдийн зөвлөгөө өгч дүр дээрээ илүү сайн ажилласан.
-Гол дүрийн санал ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Маш их баярласан. Нэг талаас мөрөөдөл минь биелж байгаа мэт санагдсан бол нөгөө талаас “чадах болов уу” гэсэн айдас төрсөн. Гэсэн ч зориг гаргаж, өөрийгөө сорьё гэж шийдсэн.
-Youtube сувгаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
Хүмүүст аз жаргал, инээд хөөр өгөхийг багаасаа хүсдэг байсан. Youtube бол түүнийг хийх хамгийн боломжтой талбар байсан. Өнөөдөр хүүхдүүдийн хайр хүндлэл, дэмжлэгийг хүртэж байгаа нь миний хамгийн том шагнал. Энэ дэмжлэг л намайг кино урлаг руу зоригтой алхахад тус болсон.
-Кинонд хамт ажилласан уран бүтээлчдээс хамгийн их зөвлөгөө, чиглэл өгсөн нь хэн байв?
-Бүх хамт олон минь их тусалсан. Ялангуяа найруулагч маань дүрдээ яаж орж, эмоцоо хэрхэн зөв гаргах талаар маш их зөвлөсөн. Хамтран тоглосон ах, эгч нарынхаа туршлага, дэмжлэгийг мэдрэх үнэхээр сайхан байсан.
-Жүжигчин болох мөрөөдөл тань хэзээнээс эхэлсэн бэ?
Хүүхэд байхдаа л тайзан дээр гарч, олон хүний хайр хүндлэлийг авахыг мөрөөддөг байсан. Youtube дээр бичлэг хийж эхэлсэн ч энэ мөрөөдөл маань үргэлж байсан. Харин “Эцсийн зогсоол-2” кино бол миний мөрөөдлийг нэг алхмаар ойртуулсан гэж бодож байна.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
Нэгдүгээрт, жүжигчний ур чадвараа улам хөгжүүлэх. Илүү олон дүрээр өөрийгөө сорьж, үзэгчдэд шинэ өнгө төрх үзүүлэхийг хүсэж байна. Мөн Youtube сувгаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хүүхдүүддээ зориулсан сонирхолтой контент бүтээнэ. Цаашид олон сайхан уран бүтээлд тоглож, өөр өөр дүрээр туршлага хуримтлуулж явахыг мөрөөддөг.
-Ярицлсанд баярлалаа.
Б.МИШЭЭЛ: КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАРАХ МӨЧ МАРТАГДАШГҮЙ БАЙЛАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |