• Өнөөдөр 2025-09-15

Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг

2025-09-15,   52

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Монголын эмэгтэй тамирчдын хоёр медаль, анхны мөнгөн медалийг хүртсэн, “Аврагч” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Лутсайханы Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ДАШТ-ий 48 кг-ын жингийн рингэнд цахиур хагалж, гал гарсан ширүүн тулааныг хийж дэлхийн аваргын мөнгөн, хүрэл медалийг эх орондоо авчирсан. Энэ амжилтад Л.Алтанцэцэгт амар хялбараар хүрээгүй. Олон жилийн бэлтгэл,  уйгагүй хичээл зүтгэлийн үр шим байлаа. Гэмтэл, бэртэл, саад бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван туулан, туучин гарч дэлхий шилдэг боксчдын нэг болсон билээ.

-Дорнод аймагт бага нас нь өнгөрсөн үү?

     -Тийм ээ, Дорнод аймгийн V хорооны нутагт миний бага нас өнгөрсөн. Эмээ, өвөө, аав, ээжтэйгээ бөөнөөрөө амьдарч байлаа. Багадаа спортоор хичээллэдэг, шатар тоглодог, барилддаг, хөнгөн атлетикаар хичээллэдэг хүүхэд байв. Ер нь надад шатрын спорт тэвчээртэй хүлээцтэй, уужуу тайван, аливаа зүйлийг олон талаас эргэцүүлэн бодох чадварыг олгосон. Харин жүдо, хөнгөн атлетик хөдөлгөөний чадвар, орон зайн мэдрэмж, хурд, хүч, тэсвэрийн эхлэлийг тавьж өгсөн гэж боддог.

-Жүдо бөхөөр хэр удаан хичээллэсэн бэ?

     -Жүдо бөхийн спортоор нэг жил хичээллэсэн. Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин шатрын Дорнод аймгийн аварга, “Цодгор хүү” тэмцээний хошой хүрэл, мөнгөн медальтай.

   Боксод  дан ганц хүч, бяраар давамгайлдаг юм биш. Шатар шиг сийрэг ухаанаар бодож, сэтгэн, хөлийн хурд, шилжилт хөдөлгөөн, цээж, толгойн займчсан хууралтаар өрсөлдөгчийн цохилтын хүчийг гаргаж, зальжин тулалдах хэрэгтэй. Тулааныг өөрөө удирдаж, өрсөлдөгчөөс түрүүлж ажиллах нь тамирчин бүрийн зорилго.

-Жүдо бөхөө орхиод бокс руу орсон тухайгаа ярьж өгөхгүй юу?

       -2010 онд өсвөрийн шатрын олон улсын тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд оролцож байхдаа эмэгтэй боксын тамирчид харсан. Тэд өөрийн эрхгүй бахархал төрүүлж, миний сэтгэлийг татаж, огшоосон. Тэгээд л Дорнодын боксын  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, ОУХМ Б.Эрдэнэбаяр багш нарын секцэнд бүртгүүлж бэлтгэл, сургуулилалтаа хийж эхэлсэн.

-Дорнод аймаг хэр олон эмэгтэй боксчинтой байсан бэ?

-Намайг боксоор хичээллэж эхлэх үед надаас Баярцэцэг гээд миний үеийн эмэгтэй эмэгтэй боксчинтой байсан. Дээд үеийн боксчин гэвэл Эрдэнэтуяа боксчны эгч Эрдэнэцэцэг эгч байв. Харин сүүлд Эрдэнэтуяа, Шинэцэцэг гээд охид нэмэгдсэн.

-Жүдо бөхөөс боксын спорт руу шилжихэд аав, ээж чинь хэрхэн хүлээж авсан бэ?

      -Боксоор хичээллэнэ гэхэд аав, ээж дургүйцсэн. Боксын спорт одоохондоо төдийлөн сайн хөгжөөгүй, эрсдэл ихтэй спорт гээд секцэнд явуулахгүй гэж эсэргүүцсэн. Би аливаа юмыг сонгосон бол тууштай зүтгэдэг зантай л даа. Тийм болохоор боксоор хичээллэнэ, эцсийг нь үзнэ гэж зөрүүдэлсэн.

-Дорнодын МУГД Ё.Төмөрбатаа багшийн шавь нар сайн боксчид. Багш нь хэр хатуу вэ, бэлтгэл, сургуулилалтыг өндөр ачаалалтай хийлгэдэг үү?

     -Манай багш тийм хатуу хүн биш. Бэлтгэлийн ачаалал ч гайгүй. Багш шавь нарынхаа тархи, оюун ухаанд их эерэг юм хийж өгдөг. “Шатрын нүүдэл шиг, боксыг оюун ухаанаараа удирдан тулалдах ёстой” гэж хэлдэг.

     Тийм болохоор магадгүй багшийн шавь нар нь техник, ур чадвар сайтай, сэтгэл зүй өндөртэй боксчид байдаг байх. Багш маш их ажигч, гярхай хүн. Яг л хурдан морины уяач шиг. Тухайн өдөр тамирчдын сэтгэл зүй, биеийн байдал ямар байгааг хараад л хүн, хүнд  таарч тохирсон бэлтгэл хийлгэдэг. Цохилтын техникийг маш олон удаа давтуулдаг. Тухайн тамирчны биед шингэтэл, цохилтын техникээр суулгаж өгөхийг чухалчилдаг юм. Багшийн тэр суулгаж өгсөн цохилт, ямарч хүнд тулаанд ялалт байгуулах чухал үндэс болдог.

-Боксын хичээллээд анхны медалиа ямар тэмцээнээс хүртэж байв?

      -Улаанбаатар хотод болсон “Хангайтан” клубийн тэмцээнээс анх мөнгөн медаль хүртэж байсан. Тэр үед дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч, 16 настай хүүхэд байлаа. Дараа нь насанд хүрэгчдийн УАШТ-д 2013 онд 50 кг-ын жинд 17 настайдаа байхдаа тулалдаж хүрэл медаль хүртсэн. Тэр УАШТ-ээс хойш 48 кг-д тулалдаж эхэлсэн. Т.Болортуул эгчтэйгээ олон жил өрсөлдсөн дөө. 2016 оны улсын аваргаас Нандиа эгч бил үү, Гүндэгмаа эгч хоёрын нэгэнд нь хожигдож мөнгөн медаль хүртсэн.

-Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл?

      -Мартагдашгүй сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн гэвэл Казахстанд 2016 онд болсон Дэлхийн аваргын медалийн төлөөх тулаан байдаг. Олимпын наадмын хүрэл медальтай, АНУ-ын тамирчинтай тулалдсан тэмцээн л дээ. Мөн 2023 оны ДАШТ-ий бүх тулаан хэзээ ч мартагдашгүй, сайхан дурсамж үлдээсэн. Сэтгэлд хоногшин үлдсэн нандин сайхан мөч олон л доо.

     Узбекистаны Фозиловаг 5:0-ээр хожиж ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан. Тэгээд мөнгөн медалийн төлөө Мароко Улсын Моуттаки Ясминыг ялж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө дэвжээний эзэн орон Энэтхэгийн боксчин Ниту Нитуатай тулалдсан юм. Уг нь түүнийг хожих хүсэл тэмүүлэл сэтгэлд буцалж байлаа. Бидний тулаан таарахгүй байсан.

     Би солгой, зүүн талын өрөлттэй. Энэтхэгийн Ниту Нитуа баруун өрөлттэй боксчин. Тийм болохоор бидний тал таарахгүй, эвгүй байсан. Ер нь Энэтхэгийн эмэгтэй боксчид тийм хүчтэй цохилттой биш. Харин хөлийн ажиллагаа сайтай, гарын сул сугсарсан олон давтамжтай товшилтоор оноо түүдэг.

-Европын боксчид  чац, мөч урттай, харин Азийн тамирчид хурдтай байдаг уу?

     -Европын боксчдын онцлог гэвэл чацаа, урт мөчөө ашиглаж тулалддаг. Их хүчтэй, техник сайтай, олонх нь зайнаас тулаан хийдэг. Зай мэдэрч, өөрийн зайнд орж, оновчтой цохилтоор оноо авдаг. Азийн боксчид хурдаар илүүрхэн тулалддаг. Харин миний хувьд тулж тулалддаг техниктэй боксчин биш. Өрсөлдөгчийг зайндаа оруулж, угтуулсан цохилт хийж, аль болох сийрэг, хөнгөн, зальжин тулалдахыг илүүд үздэг.

-Ер нь өөрийг тань “Хүнд гартай” гээд байдаг. Хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байв уу, өрсөлдөгчийнхээ хүнд цохилтод орж байсан үе бий юү?

      -Миний хувьд тэмцээн дээр хүнд цохилтод одоогоор орж үзээгүй. Харин бэлтгэл дээр эрэгтэй боксчидтой тулалдах үед хүнд цохилтод оногдож байсан. Тэмцээн дээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж, тоолуулж байсан тулаанууд бий.

-Өөрөө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцож, ямар амжилт гаргаж байсан бэ?

      -Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож, хошой хүрэл медаль хүртсэн. Гэхдээ Азийн наадамд оролцож үзээгүй. “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох бодолтой байсан боловч бэртэл, гэмтэлтэй байж таараад ороогүй. Харин манай ОУХМ О.Есүгэн маань 50 кг-ын жинд амжилттай тулалдаж хүрэл медаль хүртэж, “Парис-2024” олимпын эрх авч байлаа. Би Азийн наадам, олимп хоёрт л оролцож үзээгүй байна.

-Бокс эмэгтэй хүнд эрсдэлтэй их хүнд спорт. Бэртэл, гэмтэл авах үедээ шантарч, мохож байв уу?

       -Шантарч мохох үе зөндөө байсан. Тэр бүхнийг сайн баг, багш нарын урам дэм, сэтгэл зүйн хүчээр даван гарсан. Би авто машины хүнд осолд орж байлаа. Хавиргаа хугалж, толгойдоо хүнд бэртэл авсан. Бэртэл, гэмтэл хэзээ ч хэлж ирэхгүй.  Тэр болгоныг даван туулж, ард нь гарч чадсандаа баярладаг. Тэр үед өөрийгөө ялан дийлж чадахгүй сөхрөөд уначихсан бол өнөөгийн амжилтууд байхгүй байх байлаа.

-Эрэгтэй тамирчид дасгал сургуулилалт хийх үеэр таныг гэмтээж байв уу?

     -Эрэгтэй тамирчид бэлтгэлийн хүнд ачаалал аваад ирэх үед хурд, хүч нь нэмэгдээд цохилтын хүчээ мэдрэхгүй болчихдог шиг байгаа юм. Эмэгтэй хүнийг хайрлаж, хөнгөн цохино гэсэн ойлголт байхгүй. Манай Дорнодын эрэгтэй боксчид бүр ширүүн, хүнд цохилттой.

   Тухайн үед жаахан охин байсан болохоор юу ч мэдэхгүй, бэлтгэл дээр таарсан хүн бүхэнтэй тулалддаг байж. Харин одоо бол, хүнд  жингийн боксчидтой хамаагүй тулалдахгүй. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдгийг мэдэрсэн.  Гэхдээ яах вэ, эрэгтэй боксчидтой хүнд ширүүн бэлтгэл хийж явсны үр дүнд өнөөдрийн энэ хэмжээнд, өдий зэрэгт хүрсэн. 

-Жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй бүгдтэй нь тулалдсан уу?

       -Тийм ээ, жингийнхээ шилдэг бүх тамирчинтай тулалдаж үзсэн. 2023 оны ДАШТ дээр эхний тойргоос эхлээд дэлхий шилдэг тамирчидтай таарсан. Тэднийг буулган авч чадсандаа баяртай байдаг.

-Танай удамд танаас өөр спортын хүн бий юү?

      -Манай өвөө шатарчин. Харин аав барилддаг. Олон улс, тив, дэлхийн хэмжээний тамирчин бол байхгүй. Миний хувьд өөрийн чадах спортын төрлөө олж чадсан. Тийм болохоор алдаж, онох нь хамаагүй,  зөвхөн боксын спортдоо тууштай явах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Одоо хүртэл энэ зорьсон зорилгоосоо ухраагүй.

-Өрсөлдөгчөө өрөвдөж хөнгөн цохих, хүндлэх тохиолдол байдаг уу?

-Яасан гэж өрсөлдөгчөө өрөвдөж, хөнгөн цохих юм. Надад тулааны үед өрсөлдөгчөө өрөвдөж байсан тохиолдол байхгүй. Хэрэв өрсөлдөгчийг өрөвдөх юм бол би ялагдана. Харин хүндлэлийн тухайд бол өрсөлдөгчөө ялсан, ялагдсан ямарч үед хүндлэх ёстой.

-2023 оны ДАШТ-ий хамгийн хүнд, ширүүн, амттай гоё тулааныг аль улсын боксчинтой хийсэн бэ?

-Улс бүрийн шилдэг, тив дэлхийн медальтай тамирчид оролцож байгаа болохоор бүх тулаан ширүүн, хүнд болсон. Хамгийн сэтгэлдээ хүрсэн тулааныг  Хятадын боксчинтой хийсэн. Тэр холимог тулаан, кик боксын аварга, их хурдтай, туршлагатай тамирчин байсан. Өрсөлдөгчдөө хурдаар, техник, ур чадвараар илүүрхэн ялаад байсан юм.

    Манай багш нар “За, Хятадын боксчны хурдыг чи гүйцэхгүй байх. Түүнээс оноо салгах, сул талыг нь хайж тулалдана шүү” гэж захисан. Рингэнд гараад тулаан эхэлсэн чинь би Хятадын тамирчнаас илүү хурдтай байгаагаа мэдэрсэн. Хятадын боксчин миний хурдыг гүйцэхгүй, “шок”-д орж, тулааны хэмнэл, удирдлагаа алдаж, яаж тулалдах арга эвээ олохгүй байгаа нь мэдрэгдсэн. Хятадын боксчинтой хүнд тулаан хийсэн ч, би хөл дээрээ хөнгөн ажиллан, инээж тулалдаад ялалт авсан.

-Боксыг  луйвар ихтэй спорт гэдэг. Шүүгчдийн буруу шүүлтээс болж ялагдал хүлээж байсан тохиолдол байдаг уу?

       -Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг. Тамирчин хүн ялагдсан буруугаа бусдаас хайх биш, өөрөөсөө л олох ёстой. Өрсөлдөгчөөсөө илүү байж чадаагүй болоод шүүгчийн нүдэнд муу харагдсан байж таарна. Манайхан ярьдаг даа, “Шүүгчтэй нь хамт ялах хэрэгтэй” гэж. Үнэхээр өрсөлдөгчөөсөө илүү сайн байгаа бол шүүгчид яаж ч чадахгүй.

Ер нь сүүлийн жилүүдэд луйвар хийдэг шүүгч бараг л байхгүй болсон. Ах нарын үед олимп, дэлхий аварга дээр шүүгчдийн илт луйвар хийсэн тохиолдлууд гардаг байсан. Манай тамирчид өөрийн алдаагаа олж харахыг хүсдэггүй. Бусдыг л буруутгах гээд байдаг. Надад ч гэсэн өөрийн алдаагаа олж хардаггүй тийм омогтой, шазруун үе байсан. Тэр бүхнээс болж олон амжилт, ялалтаа алдсан. Ялагдалтайгаа эвлэрч, түүндээ дүгнэлт хийж, алдаагаа засаж чадахгүй үед амжилт хэзээ ч ирэхгүй.

-Спортоор хичээллэхийг хүсэж байгаа хүүхэд, багачууд, залууст та юу зөвлөх вэ?

      -Аливаа спортыг сонгосон бол тууштай, хичээнгүй зүтгэх хэрэгтэй. Шантарч, мохох үе зөндөө л гарна. Ар гэрийн амьдрал, найз нөхөд, хосуудын асуудал гээд шалтаг мундахгүй.  Энэ бүх асуудал хүн бүхний амьдралд тулгардаг зүйл. Тэр бүхнийг ухаалгаар даван туулах ёстой. Амжилт гэдэг хүссэн бүхэнд ирдэг зүйл биш. Хичээнгүй, тууштай хөдөлмөр зүтгэл, хөлс хүч, их, бага хэмжээний золиос гаргаж байж амжилтад хүрдэг юм шүү. Өөр нэг чухал зүйл нь ямар шашин шүтлэгтэй байх нь хамаагүй. Эцэг, эхээ үргэлж шүтэж явах хэрэгтэй. Аав, ээжээс илүү шүтээн, илүү их ачтан хаана ч байдаггүй гэж хэлье дээ.

 

 


 

 


Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188