Парист “Тримфуалная арка” буюу “Ялалтын хаалга”-ыг дэлхий даяараа л мэднэ дээ. Манай төв талбайтай адилсах Елисейн талбай гэдэгт нь байрших энэ дааман хаалгандаа үе үеийн Ерөнхийлөгчид нь элдэв баяр ёслолын үед хүндэтгэлийн цэцэг тавиад явж байдаг даа. Берлинд “Бранденбургийн хаалга” гээд бараг зуу шахам жилийн настай нэгэн түүхэн байгууламж бий. Бээжин, Ханой, Вьентьян гээд азийн олон хотуудад ёслол хүндэтгэлийн ийм хаалгууд байдагтай би таарч явсан. Манай нийслэлд “Цагаан хаалга” гээд байсныг зам шинэчлэхдээ буулгасан гэдэг.
Олон арван жилийн өмнө барьсан гэхээс биш ур хийц, түүхээрээ онцгойрох юм байгаагүй байх аа. Их тэнгэр лүү явдаг замд буюу “Маршалын” хэмээн нэрлэдэг гүүр дээр арваад жилийн өмнө барилгын нэгэн компани манай эртний хаадын тамганы дүрс, хөлөг баатруудын зураг хөрөг бүхий хүндэтгэлийн хаалга барьж ашиглалтад оруулсан нь эх оронч сайхан санаачлага байсан. Чанар чансаа нь урт настай байгаасай билээ... Бидний үзэж харсан сонирхол татах дараагийн архитектурын бүтээл бол “Астана Буржа халиф” юм. Дэлхийн хамгийн өндөр цамхагийн нэрээр нэрших энэ цамхагийн бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Хотын төв хэсэгт орших худалдаа үйлчилгээний хорин хэдэн давхар хос цамхагаас л өндөр болохоор харагдаж байна лээ. Бидний хөтөч Баатарчулууны ярих нь энэхүү цамхагийн санхүүжилтыг Дубайн Буржа Халиф цамхагийн эзэд хийж буй сурагтай гэх.
.jpg)
Ер нь Астанаг үндэслэн байгуулагч эрхэм Назарбаев шинэ нийслэлээ ойр тойрны хүчирхэг улс орнууд, шашин нэгт ард түмэн, бас улс төр, бизнесийн танил талуудынхаа оролцоо туслалцаатайгаар байгуулж буй гэх яриа хөөрөө таамаг байдаг нь үнэн байх гэцгээж байна... Оройдоо Зөвлөх Амарболдынд битүүлэхээр Элчин сайдын яам руу явцгааав. Манай Элчин яам энэ хотыг хуучин шинэ хэмээн заагласан Ишима голын нөгөө эрэгт буюу хуучин гэгдэх хэсэгт нь байршдаг юм байна. Хуучны энэ дүүргийг шинэчлээд орчин үеийн модерн загвартай байшин барилга болгочихсон нь Элчин сайдын яам руу явж байхад нүднээ илт байв. Гэрэл чимэглэл нь ч байшин барилгынхаа модерн хийцэд зохицсон өвөрмөц юм гэдэг нь анзаарагдаж байлаа.
Элчин яамандаа битүүлж, маргааш нь шинэлэв. Манай элчин яам тусдаа хэрмэн хашаатай, хашаан дотроо гурван давхар нэг том байр, түүний цаахантай хоёр давхар хаус маягийн нэг байшинтай юм. Сүүлийнх нь элчин яамны албан контор гэнэ. Гурван давхар байшин нь элчингийнхний орон сууц аж. Элчин сайд, Зөвлөх, бусад дипломатууд, жолооч гээд таван айл энэ сууцанд амьдардаг юм байна. Амарболд Зөвлөх, гэргий Нарангэрэлтэйгээ битүүлгийн ширээ, идээ будаагаа бэлтгэчихсэн биднийг угтлаа. “Идээ эзнээ танихгүй гэж ярьдаг даа, авчирсан зоогноосоо хүртэцгээ...” гээд жижиг тавагтай нутгийн хорхой ааруул, гурван үеэр таваглан зассан хэвийн боов, мах тэргүүтнийг зааж наргиж байх. Үүнд бас ч гэж үнэний хувь бий юм. Юу гэвэл яг сар шинийн өмнөхөн таарч бид наашаа зүглэх болсон болохоор Амараа генерал над руу ярьж хүүхдүүдийн бэлтгэсэн сар шинийн идээ цагаа, мах шөлний юмыг яаж ийгээд аваад ирэхийг үүрэгдсэн юм. Түүнийг нь би тээгээд ирсэн болохоор “Идээ эзнээ...” хэмээн ийн наргиж буй нь тэр. Битүүлгийн ширээний ард ажил алба, ойр зуурын элдвийг хүүрнэж сууцгаав. Саяхандаа Амараа зөвлөх маань Гадаад хэргийн сайдын айлчлалын бэлтгэлийг хангуулах гэж өглөө оройгүй баахан гүйж гүйж бүх юм жин тан болж байтал айлчлал хойшилж бүх ажил нь талаар өнгөрсөнийг нилээд харамсан ярьж байв. Нурсултан Назарбаев Ерөнхийлөгч Д.Цогтбаатар сайдыг “Ак Орда” өргөөндөө хүлээн авч уулзахаар болчихсон байсан гэнэ. Эдний Ерөнхийлөгч бусад орны сайдын түвшний төлөөлөгчдийг тэр бүрий хүлээн авч уулздаггүй протоколтой юм байх. Гадаад яам, Ерөнхийлөгчийн албаныхантай нь олон удаа уулзаж хүсэлт гуйлт болж байгаад ямар ч гэсэн зөвшөөрүүлчихээд байж. Энэ мэтээр сайдынхаа айлчлалын түвшинг ахиулах, үр нөлөөтэй болгох олон талын нөхцлийг бүрдүүлцгээсэн гэнэ манай Элчингийнхэн. Буух таван одтой буудал, манай талын санаачлагаар хийх зарим уулзалтын орон байр, танхим гээд л аж ахуй зохион байгуулалтын нүсэр ажлуудынхаа ард амжилттай гарцгаасан юм байх. Таван одтой зочид буудал, бас тэр зиндааны танхим савны үнэ өртөг энд их маш өндөр гэнэ. Тэдгээрийг нь төсөв төлөвлөгөөндөө тааруулах гэж хөөрхөн гуйлга түүлэг ч болж байж. Казах нөхөд манайхны байр байдлыг ойлгож аль болох нааштай хандаж тал бүрд ихээхэн хөнгөлөлт үзүүлсэн аж. Таван одтой “Ритц Карлтон” гэх дэлхийд нэртэй сүлжээ буудлын Ерөнхийлөгчийн гэгддэг люкс өрөөнд Гадаад хэргийн сайдаа буулгахаар зочид буудлынхантай тохиролцоод байцгааж элчингийн хэд маань. Тэгээд л айлчлал удахгүй эхэлнэ гэж байтал тов нь цуцлагдчихаж. Өмнө би нэгэнтээ цухас дурдсан нөгөө Миеэ Энхболдыгоо УИХ-ын даргын албанаас нь буулгах хуралдаантай холбоотойгоор УИХ-ын гишүүнийх нь нэг кноп хэрэгтэй байсны учир Казахстанд хийх байсан Д.Цогтбаатарын айлчлал тодорхойгүй хугацаагаар ийн царцаж Элчин яамныхны нөр их хөдөлмөр талаар өнгөрчээ. Казах нөхдийн нүүрийг харахад ч халуухан болсон гэнэ. Үүнд эмзэглэсэн Амараа зөвлөхийн санаа сэтгэл битүүний энэ өдөр ч гундуухан буй нь яриа хөөрөөнөөс нь мэдрэгдэж байлаа. Саяхан миний дайраад ирсэн Бишкекийнхэн бас тэр айлчлалд та нар шиг л бэлдэж бэлдчихээд гомдол тээж хоцорсон хүмүүс байна лээ гэж Амарболд Зөвлөхийг тайтгаруулах аядаж суув...
Шинийн нэгний өглөө бага үдээс өмнөхөн Л.Баатарчулуун зөвлөх ирж биднийг Элчин яамны золголт руу авч явахаар тохиролцсон юм. Эртхэн босоод буудлынхаа цайнд орцгоолоо. Бидэнд ширээ бэлдэж үйлчилж байсан ахимагдуу казах авгай “Та нар хаанахын хүмүүс вэ?...” гэж сүрхий сонирхон асууж байх юм. “Казах хүмүүс байна аа...” гэсэн чинь тэрээр итгэх янзгүй, “Казахууд бишээ та нар, узбек, киргиз ч биш...” гэж сүрхий итгэлтэй хэлээд хариу хүлээгээд хажууд зогсчихлоо. “Монгол гэж та мэдэх үү, бид монголчууд...” гэж хэлээд тэр авгайгаас би салахын түүс болов. Тэгтэл нөгөөх чинь хажууд бүр ойртож ирээд “Манай ресторанд нэг монгол хүү ажиллаж байгаа шүү” гэж шивнэж байх юм. Би ч тэр дороо сортосхийв. “Одоо тэр хүү байгаа юу? Байвал уулзах юмсан...” гэж түүнийг царайчлав. Тэр хүү үдээс хойш ээлжтэй, нэр нь “Тэнгис” гэдэг юм аа гэж тэр авгай дахин шивнэж өгөөд “Намайг хэлсэн энэ тэр гэж түүнд битгий яриарай” гэв. Уулзаж ярилцах хүн ийн нэгээр нэмэгдлээ. Москвагийн ангийн дарга, Казахстаны Парламентын гишүүн асан хатагтай Сейтмаганбетова Гульнартай үдээс хойш буудалдаа уулзахаар бас цаг товлочихсон байгаа... Бага үд дөхөж байхад Баатараа зөвлөх хүрээд ирлээ. Хаа газрын элчингийн ажилтнууд бүгд л жолоо барьчихдаг болсон болохоор амин хувьд ч, алба ажил талд ч амар болжээ. Элчин сайд л тухайлсан нэг жолоочтой байх нь манайхны элчин яамдад ер нь жишиг болсон нь энд тэнд явахад анзаарагддаг шүү... Зам зуур Баатараагаар Астана хотын гудамж талбайг тайлбарлуулан сониучирхаж явлаа. Ишима голын том гүүрээр гараад удаж төдөлгүй Элчин яам оршдог дүүрэг рүү ороод ирцгээв. Зөвлөхийн утсанд байсхийгээд л дуудлага ирэх юм. “Манайхны казах иргэд элчин яамныхаа золголтод оролцох гээд л асууж лавлацгаагаад байна” гэж байв Баатараа. Батаны хэмээх эр хэдэнтээ утасдаж байгаад бидний зам тосож суулаа. Тэрээр эндэхийн казах иргэдийнхээ ахлагч нь юм байна. Золголтод оролцох нөхдийн заримыг нь замдаа авахаар ярьчихсан гээд бидний замыг бага шиг хазайлгав. Түүнтэй танилцаж хэдэн үг солилоо. Түлш эрчим хүчний яам хавиар ажиллаж байгаад гуч шахам жилийн өмнө энэ Казахстанд ирж суурьшсан гэнэ. Батаныгийн ярих нь энэ Астанад ч гэр бүлээрээ аятай тухтай ажиллаж амьарч буй казах иргэд олон гэнэ. Өөрийн орон сууцтай, бүр хауст амьдардаг айл гэр ч хэд хэд бий гэх. Би өөрийн сайн таньж мэдэх Минисийн Болдыг түүнээс асуулаа. Казах нэр Болат байх. Гүн социализмын үед Намын Түүхийн Институтын Захирлаар ажиллаж байсан Минис докторыг тэр цаг үеийн сэхээтнүүд сайн мэдэх байх. Манайд өөрчлөн байгуулалт болж яам тамгын газар, шинжлэх ухааны байгууллагууд бужигнаж байх үеэр Казахстан руу одсон олон казах эрдэмтэдийн нэг нь тэр Минис доктор юм.
Зөвлөлт гүрэн тарж холбооны улсууд нь өөр өөрийн зам мөрийг сонгоход Казахстан орон ч Москвагийн нөлөөнөөс ангижирч өөрчлөн байгуулалт, шинэчлэл рүүгээ шилжсэн тийм л цаг. Тэр үеийн статистик мэдээллээр бол орос иргэд Казахстаны нийт хүн амын бараг тал хувийг эзэлдэг гэж байсан санагдана. 1986 онд ЗХУКН Намын Төв Хорооны гишүүн, Ульяновск мужийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Колбин гэх орос иргэнийг Казахстан орны удирдлагаар тавьж Алма-Ата нийслэлд суурьшуулж байсан түүхтэй. Өмнө нь Динемухадов Кунаев гэх казах эр бараг гучаад жил улс орноо удирдаж байсныг бид мэднэ. Мэдээж Москвагаас хамаардаг л байсан байх. Гэхдээ л казах үндэстэн улс орныхоо төрийн тэргүүн нь байлаа. Колбиныг казахууд мэдээж баяртай угтаагүй. Нийт иргэдийнх нь тал хувь нь орос болчихсон болохоор орос иргэнээр даргалуулахад огт болохгүй юм ч байгаагүй биз. Оросууд нь Москвагаас ирсэн Колбиноо баяртайгаар дэмжиж байсан нь ойлгомжтой. Удаа ч үгүй казах оюутнууд, казах иргэдийн бослого гарч Колбиныг нутаг орноос нь зайлахыг шаардаж эмх замбараагүй байдал, үймээн дэгдээсэн байдаг. Энэхүү үймээн, бослого тэмцлийг тухайн үед цэрэг цагдаагийн хүчээр дор нь дарсан түүхтэй аж. Сүүлд хэвлэл мэдээлэлд ил болсноор бол энэхүү бослогод оролцсон олон мянган хүнээс 8500 гаруйг нь баривчилж хорьж цагдсан гэдэг. Бослого тэмцлийн үеэр 200 гаруй иргэн амь үрэгдсэн гэх. Үүний дараа ч орос Колбин Казахстан орныг удирдсан хэвээр л байж. Гурван жилийн дараа Зөвлөлт гүрэнд өөрчлөн байгуулалт эхэлж Холбооны улсууд харьцангуй бие даах болсноор Казахстанд өөрөө өөрийгөө удирдах боломж гарч ирсэн хэрэг. Казахстан улс 1990 онд өөрийн анхны Ерөнхийлөгчөөр Нурсултан Абишулы Назарбаевыг сонгосон. Энэ сонгууль хэцүүхэн нөхцөлд болсон аж. Нийт иргэдийн тал хувийг бүрдүүлж байсан орос иргэд мэдээж өөр тийш чангаасан байж таараа. Тун бага хувиар Назарбаев ялсан гэдэг. Ингээд л шинэ Ерөнхийлөгч бараг л анхныхаа зарлиг тушаалаар даян дэлхийгээс өөрийн казах үндэстнээ нутаг орондоо дуудсан түүхтэй. Тэр үеийн мэдээллээр 15 сая шахам казах дэлхийн таван тивд суурьшин амьдарч байгаагаас Хятадад 2,2 сая, Узбект 2,5 сая, Орост 1,3 сая, Монголд 120 мянга, Туркменд 125 мянга, Афганд 45 мянган казах иргэн амьдардаг гэх статистик гарч байж. Тэр дундаа Монголын казахууд нь казах хэл, зан заншил, уламжлалаа арай илүү хадгалсан хэмээн үнэлэгддэг байсан юм билээ. Тэр утгаар нь монголын казахуудыг Казахстаны засаг захиргаа илүү сонирхож байсан байх талтай. Манайд зах зээлийн нийгмийн шилжилт хөдөлгөөн, засаглалын өөрчлөлт болоод 1990 ээд оны эхэн үед нийгмийн амьдрал нилээд донсолгоотой байсан болохоор олон арван казах иргэд ч Казахстаны Ерөнхийлөгчийн дуудлагыг илүүтэй сонирхон харсан хэрэг.
Тэр үед миний сонсож байснаар Монголоос очсон иргэдэд орон байр, нэг удаагийн мөнгөн тэтгэлэг, хөдөө амьдрах иргэдэд тодорхой тооны мал өгч байсан гэдэг. Бидний ойрхноос дээр нэгэнтээ нэр дурдсан Минис докторын хүү, манай “Ардын эрх” сонинд Хариуцлагатай нарийн бичгээр ажиллаж байсан Болд (Казах нэр нь Болат) гэр бүлээрээ Казахстан явсан юм. Гурав дөрвөн жилийн дараа сонин дээрээ ирчихсэн манайхантай уулзаад найз нөхдөө казах шарзаар дайлаад явж байсан даг. Тэнд амьдрал дажгүй гэж ярьж байсан. Дараагийн жил нь “Каракуль шубны наймаа хийж байна, та гэргийдээ аваач...” гээд хар, саарал хэдэн шуб үзүүлээд явж байлаа. Аав нь Казахстаны ШУА-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан хийж байгаа гэж ярьж байсан даг. Өөрийнх нь эхнэр улсын байгууллагад мэргэжилтэн хийгээд амьдрал ахуй давгүй гэж байлаа. Манай казах эрдэмтэдээс нилээд хэд нь Казахстан явсан байх. Кинаятын Зардыхан гэх улс төрч, эрдэмтэн бас тийш явж ажилласан. Манай Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын Бага Хурлын орлогч даргаар 1990 ээд оны эхээр ажиллаж байсан хүн. Социализмын үед МҮЭ-ийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Тэрбээр Алма-Атад түүхийн чиглэлээр их, дээд сургуулиудад багшилж байсан гэдэг. Монгол Улсын болоод Казахстаны гавьяат жүжигчин Хавлаашийг манайхан “Зулай цагаан Алтай” дуугаар нь андахгүй. Казахстаны их зохиолч Х.Абайн нэрэмжит Алматы хотын Драмын эрдмийн театрт тэрээр дуулж буй гэх сураг байсан. Казахстаны парламентад хүч сорьж яваа Алмасбек гэх залуу байдаг гэх. Тэрбээр Казахстаны Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны зөвлөхийн албан тушаалд ажилладаг сураг байх юм билээ. Мөн Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Х.Зарыккан, Хилийн цэргийн удирдах газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал Жэкэй гээд монголын казахуудын лидер гэгддэг олон иргэн Казахстанд гарсан. Дэлхийн олон арван орноос ч казах иргэд Назарбаевын дуудлагаар Казахстанд очсон байх. Одоо нийт иргэдийн 60 гаруй хувь нь казах болж Назарбаевын чин хүсэл биелэжээ. Батынаа миний асуусан Болат буюу Болдыг Алма-Атад амьдарч байгаа байх, аав Минис докторыг нь сайн танина, бас энд тэнд уулзаж тааралдаж явсан шүү гэж ярьж байлаа. Астанад аятай таатай амьдарч байгаа Х.Хулыбекийнхэн, ах дүү залуу бизнесч Нурбулак, Джамбулак гээд нэр сонсогдож байв. Иймэрхүү яриа үргэлжилж байтал Батынаа гуайн утсанд дуудлага ирлээ.
Тэрээр утсаар хэн нэгэнтээ хэсэг казахаар ярьснаа “Манайхан нэгнийдээ цугларч байгаад хамтдаа золголтод очно гээд намайг тийш дуудаж байна, Баатараа чи намайг дараагийн гудамж өгсөөгөөд буулгачих...” гэж байна. Удалгүй Батынаа гуай машинаас бууж бид хоёр яриагаа золголтод ирэхээр нь үргэлжлүүлэхээр болов. Удаж төдөлгүй бид ч Элчин яамандаа хүрээд ирэв. Улаан тоосгон хэрмэн хашааны хаалга ч өөрөө нээгдлээ. Өчигдөр шөнөөр ирсэн болохоор хашаан доторхи байр байдлыг төдий л анзаараагүй юм. Золголт Элчин яамны төв байранд болж буй гэв. Үүднийх нь цаахантай алтан соёмбот маань мандсан бага шиг хоёр давхар байшин руу бид зүглэв. Оройны миний битүүлсэн гурван давхар том байшин бол элчингийн ажилтнуудын орон сууц аж. Элчин яамны хүлээн авалтын танхимд сар шинийн золголт эхэлчихсэн байв. Элчин сайд Л.Баттулга, Зөвлөх Ч.Амарболд, цэргийн атташе Б.Дамба нар гэргий нартайгаа ширээний эхэнд суудлаа эзэлчихэж. Биднийг замчлан ирсэн Зөвлөх Л.Баатарчулуун ч гэргийнхээ хажууд суудлаа эзлэв. Жолооч, аж ахуйн ажилтнууд, элчингийнхний хүүхэд залуус үйлчилгээ эрхэлж буй бололтой. Гаднын хүнгүй халуун ам бүлээрээ шинэлж буй нь энэ байх. Элчин сайд хар хөх даавуун дээл, эхнэр нь цайвар саарал торгон дээлээр гоёсон байлаа.
Монголын төр засгийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Сономын Лувсангийн хүү гэдгээр нь Баттулга Элчин сайдыг хүмүүс мэдэх байх. Гадаад Хэргийн сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун сайдын төрсөн дүү нь юм. Л.Баттулга сайдтай би өмнө нь нутагтаа ч, хилийн чанадад ч хэдэнтээ уулзалдаж явсан билээ. Одоогоос хорь шахам жилийн өмнө түүнийг Москвад Элчин зөвлөхөөр сууж байхад нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинтэй Нью-Йоркт нэг хуралд ороод буцах замдаа Москвад гэрээр нь орж дайлуулж цайлуулж явсан юм. Гэргий Жаргалантай нь ч бас хуучны танил байв. “Чингис” зочид буудлын удирдлагад ажиллаж байхад нь буудалд нь зочин гийчин буулгах, тэр талын гэрээ хийх гэх мэт ажлаар хэдэнтээ уулзаж энэ чиглэлд хамтран ажиллаж явсан түншүүд байлаа. Харилцааны ийм зам мөр байсан болохоор тэдэнтэй хуучин танилын ёсоор уулзаж золгоцгоолоо.
.png)
Сар шинийн идээ будаа, цай цагаа болцгоолоо. Төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлж сар шинэ, баяр ёслолыг хатуу ундаагүй тэмдэглэдэг болоод хоёр гурван жил өнгөрч хамт олон маань ч дасаж дадаж байна даа гэж Элчин сайд хүүрнэж байв. “Айраг цагаагаар л бид тэмдэглэчихдэг болсон, манай айраг ямар байна” гэж сайд асууж байв. Казахууд манайхан шиг гүү барьж айраг хийдэг ард түмэн. Дэлгүүр хоршоонд нь айраг, саам элбэг байдаг гэнэ. Өвөл зунгүй үйл ажиллагаа явуулдаг гүүний фермүүд ч олон байдаг юм байх. Казах айраг амталж, нутгийнхаа мах, буузаар дайлуулж цаг шахам яриа хөөрөө болж сууцгаагаад Элчин яамны золголт өндөрлөв. Нөгөө замд буусан Батынаа нөхдөө дагуулаад ороод ирэх болов уу гэж би өндөлзөн хүлээж суусан хэдий ч тэд ирж амжсангүй. “Хэдүүлээ зургаа авахуулцгаая...” гээд сайдыг уриалсан чинь дээшээ манай өрөөнд арай дээр байх гээд хоёр давхарлуу гар зангаж байна. Ингээд өрөөнд нь оров. Монгол Казахстаны харилцааны тухайд өчигдөр шөнө цахимаас нилээд мэдээлэл уншчихсан юм. Манай хоёр орон 1992 оны эхээр дипломат харилцаа тогтоож мөн ондоо манайх Элчин сайдын яамаа Алма-Атад нээсэн юм билээ. Казахстаны тал харин таван жилийн дараа буюу 1997 оны зун Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй аж. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1993 онд манайд анхны албан ёсны айлчлал хийснээсээ хойш 1997, 2008 онд тус тус айлчилсан юм байна.
Манай талаас Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 1998 онд, Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2007 онд Казахстанд айлчилж байж. Манай Ерөнхий сайд П.Жасрай, УИХ-ын дарга С.Төмөр-Очир нар мөн Алма-Ата, Астанад айлчилж, тэдний талаас Ерөнхий сайд Е.Терещенко, Гадаад хэргийн сайд К.Токаев нар хариу айлчлал хийж байсан түүхтэй юм байна. Казахстан нь манайхаас 6 дахин олон буюу 18 сая гаруй хүн амтай, эдийн засгийн хувьд ч нилээд хүчирхэг орон. Нэг хүнд оногдох нийгмийн нийт бүтээгдэхүүн гэхэд л манайхаас тав дахин их буюу 2018 оны байдлаар бараг 28 мянган ам долларт хүрээд буй юм билээ. Манайд болсон “АСЕМ- 2016” Дээд хэмжээний чуулга уулзалтад Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов оролцож, дараа нь албан ёсны айлчлал хийж Баян-Өлгий аймагт зочилж байж. Тэр жилийн зун Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг арилгахад хүмүүнлэгийн туслалцаа болгон 200 мянган долларыг Казахстаны Засгийн газар манайд хандивласан юм билээ. Манай хоёр орны хоорондын худалдаа 2017 оны байдлаар 68,2 сая ам. доллар гэж тооцогдож буйгаас манайх дөнгөж 1,8 сая ам. долларын экспорт хийсэн нь төдий л хангалттай үзүүлэлт биш байх. Казахстан бол байгалийн баялаг бас ихтэй орон. Нүүрс, зэс, алт, газрын тос олборлож өөрсдөө боловсруулдаг, боловсруулах үйлдвэртэй улс орон. Социализмын үед Зөвлөлт гүрнийг талх тариагаар хангаж байсан бүс нутаг болохоор өнөө ч бас газар тариалангийн үйлдвэрлэлээ боломжийн хэмжээнд аваад үлдчихсэн орон... Иймэрхүү мэдээллийг би сайтаас урд шөнө харчихсан болохоор сайдаас би элдвийг асууж албан яриа хөөрөө болсонгүй. “Гадаад хэргийн сайд маань айлчлана гээд Элчин яамаараа л бид ойрын хэдэн өдөр шаргуу хөдөллөө. Астанад нүүж ирснээсээ хойш огт засвар хийгээгүй байснаас элчингийн байр маань нилээд муудчихсан байсныг засаж янзлаад өөд нь татаад авлаа. Сайдын айлчлалын бэлтгэл болгоод эдний яам тамгынхантай ч бид олон уулзалт хийж асуудлуудаа харилцан ярилцаад авцгаалаа... Харамсалтай нь айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо” гэж Элчин сайд Л.Баттулга ярьж зогсов. Шинийн нэгний өдөр болохоор иймэрхүү ойр зуурыг ярьцгааж байгаад зургаа авахуулцгаагаад уулзалтаа өндөрлөцгөөв.
.jpg)
Доошоо буухдаа нөгөө казах нөхдөө ирчихсэн болов уу гээд асууж сураглалаа. Тэд ирж амжсангүй бололтой. Уг нь тэдэнтэй танилцаж, энд аль хэр суурьшин амьдарч байна гэдгийг нь өөрсдөөс нь сонсож, сонирхолтой яриа хөөрөө өрнүүлэх юмсан гэж хүсч байсан юм. Тэр бүтээгүй болохоор нэг юм дутуу дулим санагдаад л...
Тэнгис хүү болон Хулыбек, Нурбулакынхан. Зочид буудалдаа ирчихээд Тэнгис хүүг сураглав. Холоос эрэх шаардлага ч гарсангүй, нэг давхрын бааранд ажиллаж байж. Эрдэнэт хотод төрсөн гэнэ. Аав нь халх, ээж нь Ховдын уугуул казах аж. Аймгийн 10 жилийн сургуулийн математикийн багш Ховдобай гэх эрхэм энэ хүүгийн нагац өвөө нь юм байна. “Нутаг усандаа нэртэй сэхээтэн, хүмүүс ч нагац өвөөг нь маань их мэддэг юм билээ” гэж Тэнгис хүү ярьж байлаа. Тэр монголоор олигтой ярьж чадахгүй болохоор бид хоёр оросоор л харьцаж байв. Хоёр жилийн өмнө эндээ барилгын коллеж төгссөн гэнэ. Энэ ресторанд ажилд ороод хэдхэн сар болж байгаа аж. Одоохондоо дагалдан үйлчлэгч хийж байгаа гэв.
Зүүн гараас эхнийх нь Г.Тэнгис
Энэ мэтийг ярьж байгаад аав ээж, гэр орных нь талаар асууж эхэлсэн чинь “Та манай ээжтэй ярьчих, би утас руу нь залгачихъя...” гээд ээжтэйгээ казахаар хэдэн үг солиод утсаа надад өгөв. Ээжийг нь Баршагүл гэдэг юм байна.
.jpg)
Тэнгис ээжтэйгээ дүрсээ хараад ярьчихдаг юм байна. Хүрэн ноосон цамцтай тавь гаруй насны авгай ширээний араас мэнд мэдэж байх. Хүүтэй нь танилцсан тухайгаа, монголоос өчигдөр ирсэнээ ярьж амьдрал ахуй нь ямар байгаа асууж ярилцлаа. Баршагүл гэдэг бүсгүй юм байна. Эрдэнэтийн 10 жилд багшилж байгаад 2000 аад оны эхээр Казахстанд ирсэн аж. Тэнгис том хүү нь юм байна. Амина гэдэг охин нь өнгөрсөн жил Москвагийн нэгэн дээд сургуульд эчнээгээр элссэн гэх. Тэнд амьжиргааны өртөг өндөр, ажил бас олдохгүй, тэгээд л охин нь Астанад эдэнтэйгээ хамтдаа амьдарч буй аж. Гурван өрөө байрных түрээс 120 мянган тэнгэ гэв. Манайхаар бол 800 аад мянган төгрөг юм уу даа. Анх энд ирээд нөхөртэйгээ хамт барилгын шавар шохойны ажил хийсэн гэнэ. Хожмоо сургууль цэцэрлэг бараадаж ойр зуурын ажил алба эрхэлсэн юм байх. Уг нь Эрдэнэтийн 10 жилийн сургуульд багшилж байсан дадлага туршлагатай сурган хүмүүжүүлэгч гэж өөрийгөө илэрхийлэв. Нөхөр нь Булган аймгийн уугуул Рэнчингийн Ганбат гэнэ. Өндөр настай эх нь өөд болоод түүнийхээ ажил явдалд оролцохоор тэрээр Монгол яваад хараахан буцаж ирээгүй байгаа аж. Бас гай болоход Ганбат маань ээжийнхээ амьдарч байсан тэр сумын гудамжны согтуучуудад зодуулаад тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт хэвтчихэж. Ажлаасаа чөлөө аваад аавыгаа авчрахаар ээжтэйгээ хамт сарын дараа Монгол руу явахаас аргагүй болоод байна гэж Тэнгис ярьж байлаа. Хүмүүжил төлөвшил тааруу согтуучуудын балаг айл гэр, хүмүүст ийм л гай гамшиг тарьчихаж... Ер нь энэ Астана хот хавиар суурьшин амьдарч буй манай Монголын казах иргэдийн амьдрал эрээнтэй бараантай янз бүр гэнэ. Орос, казах хэлтэй бол нийслэл болон том хотуудад ажил олдох нь арай дээр гэх юм билээ. Монголоос анх ирсэн орос хэл мэдэхгүй казахуудын нэг хэсэг нь мал маллаж хөдөөгүүр амьдрах болсон бол нөгөө нэг хэсэг нь хот суурин бараадаж үйлдвэр барилга хавиар хар бор ажил эрхэлж амьдралаа залгуулах болсон аж. Зүтгээд зүтгээд амьдрал ахуй нь нутагтаа амьдарч байснаас нь дээрдэхгүй болохоор Монгол руугаа буцсан айл гэр, амьтан хүн бас ч цөөнгүй гэсэн. Мал сайн маллаж ахуй амьдралаа сайжруулж үр хүүхдүүдээ сургууль соёлоор явуулж тав тухтай иргэншсэн нь ч бий гэж Батынаа ахлагч өгүүлж байсан. Тэдний нэг төлөөлөл болох Х.Хулыбек монголдоо Худалдааны техникум, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн инженер хүн аж. Баян-Өлгийдөө ХААУГазарт газар хэлтсийн дарга хийж байгаад 1990 онд МАХН-ын дээд удирдлагуудыг огцруулах хөдөлгөөний хүрээнд хамрагдан огцорч байж. Тэгээд л ажил албагүй болчихоод байсан үедээ Назарбаевын уриалга дуудлагыг хүлээн авч Алма-Атаг зорьжээ. Гэргий М.Булбул нь ч ажилсаг нэгэн гэнэ. Шинийн нэгний өдөр хальт тааралдаж мэнд мэдэлцээд өнгөрсөн Батынаа хэмээх ахлагчийн ярианд нэр дурдагдсан энэ эрхэм биднийг Казахстанаас буцаж ирсэний дараахантай манай нэгэн телевизийн “Миний аялсан 1000 хот” нэвтрүүлгийн зочин болоод гарч байх юм. Эднийх одоо хотын төвд тохилог орон сууцтай болчихсон, хүүхдүүд нь сургууль соёл төгсөөд тус тусын ажил амьдралтай яваа аж. Том хүү Жупар нь арав гаруйхан настай ирж тосгоны сургуульд орж байж. Ээж нь М.Булбул нь хүүхдүүдээ харж тосгонд, аав Х.Хулыбек нь хөдөө талд мал маллаад тосгон хөдөөгийн хооронд хорин жил амьдарсан гэх. Энэ гэр бүлийн хоёр телевизийн багийнхантай Астанагийн нэгэн том сүмд тааралдаад гэртээ урьж тэднийг дайлж цайлцгаасан тухай нь тэр нэвтрүүлгээр өгүүлж байв.
Х.Хулыбек эрхэм Астанад гэртээ
Багш хатагтай М.Булбул
Нэвтрүүлгийн төгсгөлийн хэсэгт хатагтай М.Булбул сүүлийн хэдэн жил сургуульд багшилсанаа баяр хөөртэй ярьж байна лээ. Батынаа ахлагчийн бас нэг нэр дурдаж байсан айл гэрийнхний тухай сайхан нэвтрүүлгийг телевизийн энэ багийнхан бүтээснийг би бас саяхандаа харж суулаа. Нурбулак, Джамбулак гэх ах дүү залуус ээж болон гэр бүлийнхэнтэйгээ Астанад тав тухтай сайхан амьдарцгааж буйг сурвалжилсан байв. Ээж нь Серикбул нь монголдоо ажиллаж амьдарч байгаад хэдэн жилийн өмнө хүүхдүүд дээрээ иржээ. Том хүү Нурбулак нь багаасаа энэ Казахстанд ирж суралцаж дунд, дээд
.png)
сургуулиа дүүргээд өөрийн барилгын компани байгуулаад амжилттай ажиллаж яваа залуу юм. Дунд хүү Джамбулак нь Улаанбаатарт их дээд сургууль төгсөөд МҮИС-д багшилж байсан юм билээ. Сүүлийн хоёр жил Монгол телевизэд хөтлөгчөөр ажиллаж байгаад Астанад шилжин суурьшсан гэнэ. Астанагийн Евро Азийн дээд сургуульд суралцаж мастер хамгаалаад одоо тэр сургуульдаа багшилж буй аж. Бага охин Айдума нь Астанагийн Анагаах ухааны дээд сургуульд оюутан гэнэ. Эднийхэн хашаа хороотой, том эзэмшил газартаа хоёр давхар том хауст төрөл төрөгсдөөрөө тав тухтай амьдарцгааж буйг тэр нэвтрүүлгээр гаргана лээ.
Барилгын компанийн эзэн, захирал Нурбулак
Эрхэм Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дуудлагаар очсон манайхны казах иргэдийн зарим төлөөлөл энэ нутаг оронд ийн тав тухтай амьдарч байна...
Ангийн даргатайгаа Астанад уулзав. Гучаад жилийн өмнө МосквагийнНамын дээд сургуульд хамтдаа сурч байсан Гульнар хэмээх казах бүсгүйгээ энэ аялалд явахаасаа өмнөхөнтээ хайж байгаад олоод авсан тухай нийтлэлийнхээ эхэнд нэгэнтээ дурдсан даа. Казахстаны Шевченко гэх том хотын коммунист намын хороонд удирдах ажил хийж байгаад элссэн болохоор нь сургуулийн удирдлага манай ангийн даргаар томилчихсон хэрэг. Манайх хоёр немц, болгар, монгол, казах, украин тус бүр нэгтэй, дөрвөн оростой, нийтдээ 10 сонсогчтой цомхондуу бүрэлдэхүүн. Ангийн дарга маань анхнаасаа л сүрхий ажил хэрэгч бүсгүй байсандаг. Москвад төгсч оччихоод төрөлх хотынхоо намын хороонд хэдэн жил удирдах ажил хийж. Тэгж байгаад л Казахстаны төрийн Думын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшиж ялалт байгуулаад Думын гишүүн болчихож. Ийн төрийн өндөрлөгт гарчихсан болохоор миний хувьд сураг ажиг тавьж олоход арай дөхөм болсон хэрэг. Зочид буудлынхаа нэг давхрын бааранд Тэнгис хүүтэй танилцаж уулзчихаад ангийн дарга Гульнартайгаа тэнд залгуулаад уулзав. Ус ундаа, кофе болонгоо Москвагийн оюутан ахуй цаг, ангийн нөхдөө дурсаж миний авч очсон тэр үеийн зарим фотог үзэж Лениний уул, Лев Толстойн музей, Тула хотын аялал, ангийн анд Валерагийн хурим мэтийг тэндээс сэргээж дурсамж хөврүүлж суулаа.
Евро Азийн дээд сургуулийн багш Джамбулак гэргийн хамт
“Хоёронтоо сонгогдсон Төрийн Думын гишүүн, ангийн даргатайгаа уулзчихаад ажил алба эрхэлдэг Төрийн ордонд нь орж үзэхгүй буцна гэдэг санаанд нэг л багтахгүй байна...” гэж Гульнарт
би хэллээ. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын Бунхант ордонд ч хөл тавиад үзчихмээр байна гэв.
Гульнар ч хүсэл сонирхлыг минь ойлгож байв. Казахстаны Парламент завсарлачихсан, гишүүд тойрогтоо ажиллаад ордонд хүн хүлээж авахгүй талдаа байгаа гэнэ. Тэр тусмаа гадны иргэн ямар ажил хэргээр орох вэ? гээд л асуудал хүнд талдаа юм гээд тэрээр санаа зовинож байлаа. Ерөнхийлөгчийн “Акорда” ордон ч бүр цаашаа гэнэ. Гэсэн хэдий ч Гууля (Манай ангийнхан түүнийг Москвад ийн дууддаг байв) ийш тийш баахан утасдлаа. Их Хурлын нэг гишүүнтэй холбогдоод зав зай, цаг нар асууж байв. Ашгүй нөгөө гишүүн нь зөвшөөрч маргааш өглөө цагаа хэлэхээр болж. Ямар ч гэсэн Казахстаны Их Хурлын ордонд маргааш орох болж байх шиг. “Хотоор явж юм үзэцгээсэн үү, та хоёрт хөтөч хийж болж байна” гэж Гууля санал гаргав. Өчигдөр бид “Байтерек” цамхагт очоод хаах цаг нь болоод орж чадаагүй юм. Ойрхоноор нь түүнийг үзчихэж болох юм гээд хамтдаа гарцгаав. Буудлаас гурван зуугаад метрийн цаахантайх тэр цамхаг хүртэл хэсэг алхахдаа арай л хийсчихсэнгүй, заримдаа гурвуулаа гар гараасаа барьж түр зогсож, салхи шуурга өнгөрөөцгөөж байлаа. Ийн босон сууж, цасан шуурганд нүүр нүдгүй шавхуурдуулсаар “Байтерек”-т арайхийн хүрч ирцгээв. Харуул хамгаалалтынх нь алба бидний бие, цүнх сав, аппарат хэрэгсэлд үзлэг хийгээд дотогш нэвтрүүллээ. Билетийн кассанд хэдэн хүн дараалалд зогсож байв. Биднийг тэнд дөхөж байхад үйлчилгээний дүрэмт хувцастай хоёр бүсгүй цахилгаан шатнаас гарч ирээд хүмүүс рүү дөхөн ирснээ Гууляг танив бололтой “Сайн байна уу депутат аа...” гээд дотноор мэндчилж “Хэсэг үйлчлүүлэгчээ бид түр хүлээлгэчихээд, салхины байдлыг харсан юм аа, тэгтэл салхи улам ширүүсчихлээ, одоо цамхаг руу гаргах ямар ч боломжгүй болчихлоо, уучлаарай...” гээд түүнд ч, бас бидэнд ч хандаж ийн ярив. Гульнар ч “Холоос ирсэн зочиддоо цамхагаа үзүүлчих санаатай ирсэн юмсан...” гээд тэр хоёр бүсгүйтэй хэдэн үг солиод биднээс холдов. Салхины хүч тодорхой тоонд хүрэхээр цамхаг даялчихдаг аж. Ийм үед олон хүн дээшээ гарахаар ачаалал нэмэгдэж эрсдэл учрах аюултай тул үйлчилгээг зогсоохоос аргагүй болдог гэнэ. Ингээд бид хоёрдахь удаагаа “Байтерек” цамхагт орж чадсангүй хаалгыг нь мөргөөд буцав. Гудамжнаа гарахад салхи шуурга улам ширүүсчихэж. Бид ч буудал руугаа арайхийн орж, Гууля гэртээ буцав... Өглөө Гульнар утасдаж үдээс хойш 15.00 цагт Парламентын нөгөө гишүүн биднийг хүлээн авахаар болсоныг дуулгав. Оройхондоо бид хоёр Туркийн Стамбулаар дамжин Каир нисэх хуваарьтай байсан тул хоёр удаа очоод амжиж үзэж чадаагүй “Байтерек” цамхагаа үзэхээр буудлаасаа гарав. Салхи шуургагүй, нартай намуухан сайхан өглөө байв. Хэн хүнд телевизийн дэлгэц, ном сэтгүүлийн хуудаснаас аль хэдийнээ танил болсон Астанагийн нэрийн хуудас “Байтерек” хэмээх энэ цамхаг Астана нийслэлийн төв хэсэгт Ерөнхийлөгчийн Ак Орда өргөө, Парламент, Засгийн газрын ордны чанх өөдөөс харан оршдог юм байна.
Цамхаг нь өндрөөшөө 97 метр нь Астана нийслэлийг 1997 онд үүсгэн байгуулсны билэгдэл, бас Казахын ард түмний шинэ хөгжлийн эхлэл он цаг нь энэ 97 гэх тоо хэмээн үзэж ийм өндөртэйгээр цамхагаа зохион бүтээжээ. Ер нь “Байтерек” цамхаг олон билэгдэл домгийн нийлбэр аж. Царс модыг казахаар “Байтерек” гэдэг юм байна. “Байтерек” цамхагийг алсаас харахад үнэхээр л мөчир салаагаа сагсайлгасан асар өндөр царс модыг санагдуулам аж. Аварга царс модны тухай нэгэн домог казахын ард түмний дунд яригдаж ирсэнийг цамхагийн архитектор, уран бүтээлчид энэ бүтээн байгуулалтдаа тусгасан гэнэ. “Зах хязгаар нь үл харагдах далайн эрэгт өнгөрсөн, одоо, ирээдүйн билэгдэл болсон аварга царс мод ургадаг байжээ. Түүний оройд нь Самрук гэх аварга шувуу үүрээ засаж алтан өндөгөө төрүүлжээ. Энэ алтан өндөг нь нар юм байна. Ид шидийн энэ аварга царс модны газар доорхи үндэснийх нь хэсэгт Айдарах хэмээх хорт луу хоргодож хүмүүст гэрэл гэгээ болгон төрүүлж өгсөн тэр алтан нарыг нь хулгайлж аваад л залгичихдаг болж. Аварга шувуу байсхийгээд л өндөглөнө. Хорт луу дахиад л түүнийг нь хулгайлж залгина... “ Өдөр, шөнө болох, бас өвөл, зун солигдох, бас хорвоогийн сайн муу ээлжлэх гэх утгыг аварга царсын орой дээрх аварга шувууны үүрэндэх алтан бөмбөлөг нь шөнөдөө өнгө өнгөөр анивчин солигдож илэрхийлдэг гэх. “Байтерек”-ийн шилэн бөмбөлөг нь хамелеон тул өдөр ч ялгаагүй нарны гэрэл, үүлний байрлалаас хамаарч өнгөө бас ертөнцийн амьдрал шиг ойр ойрхон сольдог юм байх. Казахын ард түмний домгийг ийн амьдруулжээ.
ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-II |
|