• Өнөөдөр 2024-04-25

Их говийн хаяаг гатлан Өлзийтийн тойромдоо очих сон

2022-07-15,   723

   Салхины үзүүр агь таанын толгойд эрхлээд, саран авхай ботгон толгодын оройд гөеөдсөн Дэлгэрэхийн хонгор талд одоо зуны дэлгэр цаг налайн байгаа даа гэхээс сэтгэл минь хөнгөн үүлс адил аль хэдийнээ тэр зүгт нисэн хөөрөх юм. 

 
   Хөлд орох цагаасаа л би шилбүүрийн толгой гандтал гүйж, Өндөрийн хөх чулуудтай ижилдэж өслөө дөө. Нутагтаа очилгүй олон сарыг үджээ. Ижий нутаг хоёроо үүнээс илүү яаж санах билээ дээ. Дотроо л тээж, сэтгэлийнхээ гүнд тэмтрэн үгүйлэхээс өөр зүйлгүй өдөр хоногийг өнгөрөөнө. Дурсан санаж суухын оронд үзэг дэвтэр нийлүүлэн бичих нь бага ч болтугай санааны үзүүр дэвтээх шиг.
Аав, ээж хоёр бага байхаас минь л малынхаа бэлчээрт амьдралаа эхлүүлж, голын хөв, Цантын энгэр, Өндөрийн хормойд айл гэр болон товхиносон. Би ч Өндөрийн овооныхоо оройд өдөржин сумын төвийн бараа ширтээд суучихдаг хүүхэд байлаа. Овооныхоо оройд гарахад 20 км алсад сумын төвийн бараа өдрийн зэрэглээнд үелзэн харагдах нь балчирхан надад сонин бөгөөд сайхан харагддаг. Ээж маань уулын энгэрээс цэцгэн хээтэй алчуураараа даллаж намайг дуудна. Энэ дүр зургийг одоо хүртэл хаа нэгтээ уулын орой дээр гарахдаа тодоос тод төсөөлөн санадаг.
 
   Миний өвөө сумын алдарт уяач хүн билээ. Тийм ч учраас аав минь идэр залуугаасаа хурдан морины хорхойтон болж, адууны захаас холддоггүй хүн байлаа. Намайг дөнгөж л дөрвөн насанд хүрэхэд эр хүний замын эхийг таниулж морины зоон дээр тавьсан. Тэр цагаас хойш ойр дотныхоо хүний бүхий л хурдан хүлгийг унаж, унасан хурдалсан адууныхаа зан аашийг ч андахгүй таньдаг сэргэлэн цовоо хүүхэд байсан. Бургасан шилбүүрээ унаад хэдхэн шогших зайд манай авга ахынх зусдаг байлаа. Тэдний уяанд сум аймгийн наадмын цуутай хүлгүүд уяа сойлго жигдрэн байдаг. Авга ахынх маань дөрвөн хүүтэй. Багаасаа л  үеэлүүдтэйгээ говийн намхан толгодыг хотойтол тоглож шуугьж өссөн сөн. 
 
   Жил жилийн наадмаар хурдан соёолон, хусран даага, хурд шандас нь багтаж ядан уяа эргэцсэн морьд тоос татуулан хурдалдаг уралдааны замын хажууханд манайх, тэднийх байдаг болохоор бага сунгааны үеэр айл саахалт нийлсэн уяачдын хурдан хүлэг тоосоо өргөхөд нь үеэлүүдтэйгээ амдаж тосоод шилбүүрийнхээ хойд үзүүрийг хугартал давхидаг сан. Тэгсээр байтал нэг өдөр, олон сар ижилдэн дассан бургасан шилбүүрээ хугалчхаад, номхон хээрээ алдчихсан юм шиг л сэтгэл гонсойх болсон доо. Ааваасаа шилбүүр хийж өгөхийг хүсэн гуйхад, адууныхаа захаас салдаггүй хүн болохоор төдий л зав гарахгүй. Нар талын хаяанд нойрсон бөхийж, ойр саахалтын хүмүүсийн хууч хөөрөх яриа чихэн дээр тусч, царцаа өвсний толгой хоёр хоршилдон царгих орой аав шарга азаргатай адуугаа туугаад ирэв бололтой. Адууны туурай газар товшин, тэр дундаас шарга азарга ижлээ толгойлон үүрсэх сонсогдоно. Ажин түнжингүй зуны нэгэн оройн амар амгалан гэж үүнийг л хэлэх байх даа. Дурсан бичихэд цээжний гүнд морь янцгаах шиг л болох юм. Тэр орой аав адуунаасаа надад хөл хөнгөн, зан ааш дөлгөөн, жижигхэн саарал морийг хазаарлаж өгөөд, бургасан шилбүүрийн минь оронд боргилхон янцгаах хүлэг барьж өгсөн юм даа. Түүнтэйгээ олон жилийг тойрмын ижил тогоруу шиг хамтдаа хөөрөлдөн давхиж өнгөрөөсөн.
  Өндөрийн хөвөөнөөс Гашууны нуур хүртэлх эгц талын хооронд, дэрс захалсан олон цөөрөмтэй бөгөөд зүсэн зүйлийн шувууд цуглан дуу хуурдах шиг болохыг номхон саарал бид хоёр чих тавин сонсох ихэд дуртай байдаг сан. Чихээ сортолзуулан, толгойгоо байсхийгээд шувуудын ганганалдах зүгт хандуулна. Сургууль соёлын замд хөл нийлүүлээд дэндүү сайхан нутаг, дэрвэсэн саарал мориноосоо холдож олон жилийг үдлээ. Гэсэн хэдий ч бодлын минь үзүүрт үг болон хэлхэлдээд хэзээд миний дурсамж, дуртгалыг хөглөж байгаад нь дотор уужирна. Нүүдлийн шувууд хоргодон гансраад, илүү сар өнжин буцдаг тийм сайхан нутгаа эргээд зорин очихын хүслэн оргилж ядан байна. Их говийн хаяа гатлан Өлзийтийн тойром дээр очин алсыг ширтэхэд нутгийн минь салхинаас аавын үнэр ханхлах шиг болдог. Саяхан би гэрийнхээ хуучин авдрыг ухаж суухдаа аавынхаа зун намаргүй өмсдөг хүрэн дээлийг гаргаж, бүр ёроолоос нь сэмэрсэн хадганд боолттой номхон саарлынхаа сүүлний туг үсийг, надтай хамт давхилдсан гэгээн хонгор өдрүүдийн буртаг тоос нь ч арилаагүй хэвээр нь олоод өнгөрсөн бүхнээ нулимстайгаа хамт асгаж орхисон доо.    Ай даа сайхан нутагтаа мянган зуныг үдэж, мянган намрыг угтах сан би. 
 

Их говийн хаяаг гатлан Өлзийтийн тойромдоо очих сон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188