Тэртээх алс зэрэглээ талын хаяаг эмжээрлэх Өндөрийн овооноос Хамарын уул хүртэлх ногоон талын зун хүүхэд насны минь дурсамжинд тодоос тод үлдсэн. Энэ л нутгаа эргэн дурсахад аавын минь дүр нүдэнд торойж, сүүтэй хээрийн давхил санаанд зурдаг.
Тэр жилийн зун Өндөрийн тал хөндийд хур бороо элбэгшиж, айл гэр, адуу мал багширч, өмнөх жилүүдийн зуныг бодвол сайхан зуншлага боллоо. Аав бид хоёр зун болгон авга ахындаа очиж хурдан хүлгүүдээ уяж, сойно. Адуугаа тэр айлд хурааж, зуны гурван сарыг адууны дэл салхинд өнгөрөөдөг. Харин тэр зун аав Сүхбаатар аймаг руу хурдан адууны арилжаа хийхээр намайг үлдээгээд явлаа. Би ид уралдааны морь унаж, гар хөлийн үзүүрт гүйсэн балчир унаач байсан болохоор өдөр хоногийг ихэд завгүй өнгөрөөнө.
Аавынхаа энгэрээс салж чаддаггүй, хаана ч явсан дагаж явдаг байлаа. Аав энэ удаа анх намайг үлдээгээд холыг зорьсон нь энэ л дээ. Аавын эзгүй нэг сар уйтгартай атлаа ганцаардмал өнгөрлөө. Нар голлож халуу дүүгсэн говийн гурван сар тэсэхийн аргагүйд хүргэж сүүдэрт хоргодох хүн мал элбэгшиж байлаа.
Хонинд ноолдог номхон саарал мориныхоо цээжин доор хэвтэж сүүдэрлэх зуур нойрондоо дийлдэж унтаад өгөв. Дуг нойрондоо нозоорон байхад хэн нэгэн нуруунаас тас хийтэл цохиод авах шиг болов. Цочиж сэрээд харвал номхон саарал ялаархаад нуруун дундуур толгойгоороо намайг ивж “Одоо сэрэх цаг боллоо” гэсэн шиг ноолж гарав. Цээжин доороо хоёр цаг намайг унтуулаад нэг ч хөдлөлгүй сүүдрээ надад дэвссэн номхон Сааралтайгаа олон жил ижилдэн дассан даа. Удалгүй тэнгэрийн хаяа улайран нар жаргах үед талын хязгаараас тоос манаран үзэгдэв. Хоёр морь ачсан цэнхэр өнгийн авто машин нааш торойн давхиж байлаа. Яалт ч үгүй аавын бараа мөн. Гүйж харайн дэгдэж номхон Сааралаа гэчирт нь уяхаа ч мартан тэр зүг нүд салгалгүй ширтлээ. Аав уяаны урд тээгнэж зогсоод холоос худалдаж авсан хээр зүсмийн шүдлэн адууг эхийнх нь хамт буулгаж харагдлаа. Надруу инээвхийлэн дөлгөөн харцаар харснаа “Аав нь хурд авчирлаа” хэмээн дотроо баярлаж буй нь нүдэнд ил байлаа. Хээр шүдлэн үрээг харахад толигор зоон дээр нь жаргаж буй нарны туяа хүрч ядан гялтганаж, өө сэвгүй цэвэрхэн нимгэн арьс мэлтийнэ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төгрөг хэмээх газар наадмын их сорилго болж байх үесээр аав Сүүтэй хээрийг эзэнтэйгээ зогсож байх үед нь шинжиж, таниад нэлээд үнэтэй худалдан авчээ. Сүүтэй хээрийн уяа сойлго жигдэрч уралдаан бэлэн болсон байлаа. Үүнээс тав хоногийн дараа аав бид хоёр ойролцоох Овооны тахилга наадамд айргийн тавд хурдлан ирэв. Нүднээс баярын нулимс сул асгарч байгаагаа хүнээс нууж бутны цаагуур орж хэсэг уйлж, эхийнхээ дэлэнг зулгаах хурдан хээрээ байн, байн харж хийморь минь тогтож ядан байлаа. Ийм их баярыг амссан хүүхэд насны минь тийм торгон мөч сэтгэлээс огт тасардаггүй. Наадамд цугларсан хүмүүс хээрийг минь их л шохоорхон уяа дүүрэн хүн бүчив. Олны харцнаас хүлгээ харамлан өмнүүр нь гүйж харайн, эхтэй нь хамт хөтлөөд зугтчихав. Араас дуулдах аавын чимээ чихний хажуугаар зөрж өнгөрөөд, эргэж харах ч сөхөөгүй хээрийг хөтлөөд гүйлээ. Томоогүй даруухан хүүхэд байсан мөртлөө тийм дэггүй үйлдэл гаргах болсон шалтгаан нь хурдан хээрийгээ бүхнээс дээгүүр тавьж, хайрлаж хамгаалах гэсэн гэнэн зан байх л даа. Наадамд морио айрагдуулсан эзэн, унаач хоёр хэсэгтээ л баяр хөөр дүүрэн сэтгэл тэнүүн байв. Шагналд авсан медалийг нь өдөр болгон өнгөлж, тордоод нүд салгалгүй ширтэж, барианы зурхайд орж ирэхийг нь нүдэндээ төсөөлж бодлоороо тэмтрэн харж суудаг байлаа. Энэ мэдрэмж, үйлдэл бүхнээ дахин мэдрэхийг одоо ч ихэд хүсэж сууна даа.
.jpg)
Дараагийн наадмын товыг хүлээж нууцхан догдлох сэтгэлээ гийнгоонд хөглөж уяагаа өдөржин эргэж тойрно. Урьд нь чихэр, ундаанаас өөр зүйл толгойд огт орж ирдэггүй тэрсхэн хүүхэд хурдан хүлгийнхээ төлөө санаа зовнин, сэтгэлээ гэгэлзүүлэн сууж аавынхаа эрэмбэд хүрэх уяач, хүний бодохыг бодож, хийхийг хийх шиг л болно. Сүүтэй хээрийн дараагийн наадмын тов хүйн холбоотой төрсөн нутаг Төгрөгийн тал дээр болохоор болсоныг дуулаад, бургасан ташуураа гартаа бариад, гутлынхаа жийргийг дутуу ороогоод номхон саарлаараа хээр үрээгээ адуунаас нь авахаар явлаа. Төд удалгүй хөл хорсож өвдөөд, зовиуртай гэгчин хөндүүрлэж, гутлаа тайлаад үзтэл холгосон байв. Наадмын чимээ дуулаад ухаанаа алдан хөөрцөглөж гүйсэн дэггүй зангаасаа болж хөлгүй болох шахав. Ээжийн минь хайр энэрэл байгаа цагт өвдөлт болгон тэр дороо л намддаг хойно, эхүүн үнэртэй гаврын тосыг шархандаа түрхүүлээд тэвчихийн аргагүй өвдөлт мэдрээд уйлж суулаа. Одоо бодоход нулимс нь ойрхон хүүхэд байж дээ.
Алдарт ширээтийн цагаан адуутай Сүхбаатар нутгийн наадамд Сүүтэй хээрээ хөтлөөд өглөөн нартай уралдан байж очлоо. Хөөрсөн зангаасаа болж хөлөө гэмтээсэн болохоор өөр хүүхэд унаж уралдах боллоо. Би өөрөө сүүтэй хээрийнхээ эхийг нь хөтлөөд барианы зурхай дээр хүлээж зогсов. “Төрсөн нутагтаа ирж шандас сорьсон хүлэг минь айрагт хурдалж чадах болов уу, нутгийн минь уул та намайг сонсоорой, морийг минь айрагдуулж өгөөрэй” хэмээн дотроо хүслээ шивнээд, хээр гүү бид хоёр ижил сэтгэлээр хүлээн зогсоно. Морьдын тоос хөтөлийн цаанаас босон өндийж, морьд эргэжээ. Сэтгэл гэгэлзээд дороо зогсож чадахгүй, хээр гүүнийхээ наана, цаана орж байж ядан хүлээлээ. Аав минь сүүтэй хээрээ дагана гээд нутгийн ахын унаанд суугаад явчихсан байлаа. Морьдын зулай ил гарч ирэхэд хээр гүү тэр зүгт байн байн сортолзон чих нь хулганаж үүрсэнэ. Эх, бид хоёрын сэтгэл наадмын дэнж дээрээс тогтож чадахгүй хүлээнэ. Хөлийн хурд ихтэй ганцаар тасран холдох нэгэн бараан морь айл саахалтын зайтай наашлаж байлаа. Чиглүүлэгч машин яаравчлан ирээд миний дэргэд зогсоход жолооч ахаас хүмүүс “Хэний морь, ямар зүстэй байна” гэхчлэн шалгаахад “Хэнийх гэдгийг нь мэдэхгүй ч хээр зүстэй, хүүхэд нь ташуураа гээсэн байхад хөлийн эрч нь улам нэмэгдэх хурдан хүлэг байна” гэлээ. Хажууд нь дагах машинаас нэгэн хүн байн байн гараа даллаж унаач хүүхдэд дохио өгөх нь нэг л танил болоод аавын төрх бага багаар тодорч үзэгдэв. Сүүтэй хээрийн давхил, төрсөн газраа бөмбөрдөж түрүүлэн ирэх мөчид хээр гүү бид хоёр зүс танин гэгэлзэж, цээжний гүнээс гүүглэх дуу өөрийн эрхгүй цуурайтан түглээ. Нулимсаа хорьж ядан түрүүлэн ирэх хүлгээ тосон хөл газар хүрэхгүй гийнгоолон гүйлээ. Унаач хүүхэд ташуураа гээсэн ч гар нь дэрвээстэй холын хол тасран түрүүлж ирэв. Аавын минь шанаагаар хөлс нь нэг нэгээрээ цувж, сэтгэлийх нь оч нүүрэнд тодорч харагдана. Би хэзээ ч энэ мөчийг өмнө нь олж хараагүй. Хаанаас ч олж боломгүй баярын торгон агшинг энэ наадмаас л мэдэрч дээ. Арван зуны наадам ард хоцорч, аавтайгаа үзсэн сүүлийн энэ наадам сэтгэлд хоргодсоор, Сүүтэй хээрийн давхил сэтгэлийн хязгаарт одоо ч бөмбөрдсөөр, зүрхний цохилт түргэснэ... Ай миний аавтайгаа үзсэн наадам.
О.Алтангэрэл
| СҮҮТЭЙ ХЭЭРИЙН НААДАМ |
|
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
Б.ДАШПҮРЭВ: Наймдугаар сарын 15-аас шатахууны хязгаарлалт хэвийн болно
2026-08-12 17:14:03
Ш.Отгонжаргал Францын Засгийн газрын “Эрдмийн гавьяаны III зэргийн одон” хүртжээ
2026-08-12 16:13:27
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 15:53:17
З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзав
2026-08-12 15:47:52
2026-08-12 15:31:33
Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2026-08-12 15:07:36
Ч.НОМИН: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлтэй боллоо
2026-08-12 14:38:34
Р.НЯМДАВАА: Дэлхийн зарим улс оронд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн
2026-08-12 13:59:49
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд 56 мянга гаруй хүүхдийн хүсэлт иржээ
2026-08-12 09:44:27
АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-д зочиллоо
2026-08-12 09:39:49
Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-12 09:24:58
“COP17” бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-12 09:15:59
Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв
2026-08-12 09:02:16
Солонгосын Үндэсний спортын их сургуулийн төлөөлөгчид ирлээ
2026-08-12 08:38:42
Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт эхэллээ
2026-08-12 08:25:11
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |