• Өнөөдөр 2024-04-26

Намар шувтрах цагаар нутагтаа, нагацдаа яарах юм даа

2023-11-12,   1273

         Намар шувтарч, цас малгайлахтай зэрэгцээд нагацындаа очих сон гэж хачин их яардаг юм. Нутгаа санасан сэтгэлийн зөн үү, идшиндээ яарсан ходоодны зөн үү, мэдэхгүй. Өрх гэр толгойлох болсноосоо хойш өвлийн яг энэ үед нагацындаа очсоор дасал, дадал болж дээ. Өчигдөр өглөө нэвсийтэл цас орчихсон байхтай зэрэг нагац руугаа утасдлаа. Нутагт минь урт намар болж, өвөлтэй өнөтэй золгож байна гэнэ. Дэлбэрхэйн өвөлжөөгөө урилж бариад, давгүй тохижоод амжжээ, аштай юу. Амжвал энэ сарын сүүлээр ухасхийж ирэх тухайгаа хэлэхэд “Аа чамайг мэдэхгүй биш, хүйт орохтой зэрэг хөлдөөгч чинь хоосон санагдаад эхлээ биз” гээд мар мар инээж байна. Хөөрхий минь, аав, ээжийг ажил, амьдрал хөөж хот бараадахад “Хөлөө олчихоод хүүгээ авахгүй юу даа” гээд намайг өөр дээрээ авч үлдсэн нагац минь юм, намайг хүн болгосон юм, намайг мэдэхгүй гээд яах билээ. Тиймдээ ч би түүнд эрх байдаг юм. 
 

Үүр хаяарах үед хотоос гарахад харуй бүрийтэй уралдаж очдог юм, манай нутагт. Дэлбэрхэйн хөндийгөөр өгсөж, нагацынхаа өвөлжөөний хойд хөтлөөр давахад дүнзэн байшингаас утаа суунаглаж, Дун хаан уул минь дүнхийж угтдаг. Дөрвөн уулын дунд багталцаж ядан, багтарч амьдардгаа тэр үед л илүү мэдэрдэг юм. Хүлээснээс тайлагдсан шиг, харийн орноос эх орондоо бууж байгаа шиг хачин сайхан мэдрэмж тэр байдаг даа. 

 
         Нагац минь нас явахын хэрээр өвөөтэй өвчсөн мэт адилхан болж буйг нь очих бүрдээ анзаардаг юм. Намайг багад барилдаж, ноцолддог, хурдан морины сүүл боодог ханхайсан сайхан залуу явлаа шүү. Цагийн эрхэнд сахал, үс нь цагаан сор татаад, харцных нь гүнд бодол тунарах болсон байна лээ. Идэшний цагаар ирж нэг баярлуулахаас бусдаар хүн болгосон ачийг нь хариулж, гийгүүлсэн гавьяа юу билээ гэж хааяа боддог л юм. Яах вэ, хотоос гарлаа гэж утасдахад “ганц юм” захина аа, авч очиход баярлана. Сархадад ухаан тавиад байдаг хүн биш ч гэлээ намайг авч очиход сайхан байдаг шиг байгаа юм. Хоол цайны дараа хоёр, гурван хундага татчихаад таглаад авдрынхаа араар хийчихнэ. Тэгээд л “За, хот орноор сонин сайхан...” гээд л ярьж эхэлдэг дээ, миний нагац. Үг дуу цөөтэй нагац минь намайг очихоор хэлд орсон шиг болдог гэж бэр эгч минь ярьдаг юм. Хүн болгосон “хүү” нь хүрээд очихоор баярласандаа л тэр биз дээ, хөөрхий. Нагац ахыгаа санах үед санаанд харвадаг дурсамжууд надад дэндүү олон бий. Өвөлдөө бид уулнаас мод цагаална, тэмээн тэргээр өвс зөөнө, намартаа тарвага, гөрөөс агнахад нь эргүүлдэж өгнө, зундаа уясан мориных нь унаач хийнэ. Зэргэлдээ сумын наадамд зургаан морь хөтөлж очоод хоёр айраг аваад ирж байсан дурсамжийг ер мартдаггүй юм. Бэр эгчийн хайрч өгсөн боорцгийг өдөртөө идэж, хатаасан борцоороо оройд нь шөл хийж идээд зургаа хоног явж билээ. Хүүхэд ахуй насны минь гэгэлгэн үеийн дурсамжид нагац минь том зай эзэлдэг дээ. 

Ер нь бодоод байхад, бид хотод амьдраад ирэхээрээ хэнэггүй ч гэх үү, хуншгүй ч гэх үү нэг зантай болчихдог шиг. Дөрвөн улирлын эргэлтэд дөрөө мултлах завгүй шахам малаа маллаж, наранд борлож, жаварт жиндэж яваа хөдөөгийн ах дүүсээ намар оройн идэшний цагаар л сая нэг санаж, очицгоодог. Гэхдээ тэд минь ийм юманд гомдож, гоморхохгүй нь сайхан юм даа. Ааруул хурууд, шар тосны боорцог, шаргалтсан цайтай гээд аль байгаагаа дэлгээд, амар мэнд үү, ажил төрөл нь сайн уу гээд л хоймортоо залж угтах нь даанч сайхан. 

 
          Ингээд бичиж суухад нагацдаа очих өдрөө улам ч их хүлээх шиг. Нагацдаа нэг үнсүүлчихээд, нутгийнхаа агаарыг цээж дүүртэл амьсгалчихаад ирвэл... Мартсанаас нагацындаа ноднин очиход хачин хоосон мэдрэмж төрүүлсэн нэг зүйлийн тухай бичихгүй байж болохгүй нь. Намайг очих бүрийд дөрвөн “нүдтэй” соотон халтар нохой нь зам тосон гүйж ирдэг лаа, бүр ёс юм шиг. Халтар нь очих бүрийд хөгширсөөр, ноднин өвөл очиход тосож ирээгүй юм, яасныг нь асуугаагүй. Нагац маань түүнийгээ нүдээ нээгээгүй байхад нь айлаас өвөртөлж авчирсан гэдэг юм. Тэгсэн мөртөө нэр өгөөгүй, эсвэл өгсөн ч юм уу, ямартай ч зүсээр нь халтар л гэж дууддаг сан. Айлчин ирэхэд сүрхий боргож сүйдлэхгүй, ялангуяа нагацын дэргэд хүн рүү хялам ч гэж харахгүй, гэхдээ л сүрдэж, жийрхмээр сүр бараатай, бадируун, барвагар ч гэж жигтэйхэн. Айлчин болгоныг айлгаж ичээхгүй ч хулгайн мөртэй нөхдийг үнэрээр нь таниад сүйд хийнэ, хотоо манах тал дээр буутай цэрэг л гэсэн үг гэж нагац минь сайрхдаг байж билээ. Бой хийхэд барагтай л бол ойртохгүй, баруун хаяандаа л хэвтэж байдаг байсан. “Хотын нохой бол нойтон махны үнэрт галзуурах шахаад, хойгуур, урдуур гүйж амар заяа үзүүлэхгүй байсан даа” гэж нэг өвөл очихдоо нагацдаа хэлэхэд “Энэ л хоолоор дутав гэж, ганц юм хөөрхий” гэж их л додигор хариулж байж билээ. Харин ноднин өвөл очиход байгаагүйд нь хачин хоосон оргих ч шиг болж, хуучны танил мэдрэмжээс нэг зүйл дутаад байх шиг санагдаж билээ. Малчны хотны нохой өрхийн гишүүн шиг л дотно, чухал нэгэн байдаг хойно доо. 

Намар шувтрах цагаар нутагтаа, нагацдаа яарах юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-12 16:34:19
    zochin: Ene xunii bichsen niitleliig unshaad xuduu oront nutagt baisan xuuxed nasnii dursamjuud ergen dursagdaj setgel zurx mini bayar bayasgalan az jargalaar uneed xuuruur byalxaj baina daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-20 21:58:11
    тиймдээ: ах дүүгээ санадаг арван нэгдүгээр сараа гэж ..........
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188