• Өнөөдөр 2024-03-29

ДОТНО ДУУ ХООЛОЙ

2021-01-20,   1213

       Түүнтэй би анх зургаан жилийн өмнө танилцаж байжээ. Тэрбээр “SPS телевизийн студиэс NBA-гийн тоглолтыг тайлбарлаж байсан юм. Би түүнтэй анх ингэж л танилцсан. Танилцсан гэхээсээ илүүтэй таньдаг болсон юм байна. Харин энэ удаа жинхнээсээ танилцах боломж тохиосон ч коронавирусийн халдвартай холбоотойгоор бид утсаар холбогдов. Таньдаг болсон цагаасаа хойш зургаан жилийн дараа ингэж л гар утасны цаанаас “уулзалдсан” юм. Хэдий харилцуурын цаанаас ярилцсан ч хэзээний л танил, дотно хоолой. Сагсан бөмбөг сонирхогчид бүгд түүнийг мэднэ. “Төмөрөөгийн радио шоу”-ны хөтлөгч, спортын сэтгүүлч, тайлбарлагч, аналист Б.Төмөр өөрийн дуу хоолойгоороо Монголын мянга, мянган сагсан бөмбөг сонирхогчдын дотно танил. Түүнтэй ийн ярилцлаа.

-БЕЙСБОЛЫН СПОРТОД САГСАН БӨМБӨГӨӨС ИЛҮҮ ДУРТАЙ-

-Өнгөрсөн 2020 онд таны ажил, бүтээлийн амжилт хэр байв аа. Аль эсвэл хөл хорионд хориулсаар оныг дуусгав уу?

       -2020 он их хэцүү жил болж өнгөрлөө. Харин яг одоо миний хийж буй ажил болоод олон зүйлс хэвийн болсон гэж хэлж болох байх. Гэвч зорьсон, хийхээр төлөвлөж байсан ажлуудаас зарим нь цар тахалтай холбоотойгоор биеллээ олоогүй. Тэр бүх ажил, төлөвлөсөн зүйлсээ энэ 2021 онд үргэлжлүүлж, гүйцэлдүүлэх төлөвлөгөөтэй байна. Ямартай ч өнгөрсөн онд эхэлсэн хоёр төсөл маань он гарснаас хойш боломжийн амжилттай яваа юм болов уу гэж дүгнэж буй.

-Өнгөрсөн онд биеллээ олоогүй,  өнөөг хүргэсэн төлөвлөгөө тань юу байв?     

     -Спортын сэтгүүлчийн ажил, мэргэжилтэй холбоотой телевизийн контент бэлтгэхээр олон ажил төлөвлөсөн байсан юм. Гэвч тэр маань хойшилсоор энэ хүрлээ. Энэ оны байдлаас харахад, өнөөх төлөвлөсөн ажлуудаа гүйцэлдүүлэхэд бас л бүрхэг байх нь. Харин оны дунд үеэс цар тахал гайгүй болж, цаг дээрдвэл төслөө үргэлжлүүлнэ. Уг нь анх контентоо бэлтгэхээр баг бүрдүүлж, төлөвлөгөөний дагуу ажилдаа орсон юм. Яг одоогоос жилийн өмнө бэлтгэсэн төлөвлөгөө маань хэдий нь цаасан дээр бууж, хамтран ажиллах байгууллагуудтай холбогдож, ажлаа эхлүүлэхэд бэлэн болгочихсон байлаа. Бидний бэлтгэж байсан контентууд маань тив, дэлхийн томоохон наадам, олимптой холбоотой. Гэтэл өнөө томоохон тэмцээн, уралдаанууд зогсож, хойшилсон нь бидний ажлыг ч мөн зогсоож, хойшлуулахад хүргэсэн.

-Олон үзэгч, сонсогчид таныг NBA-гийн сонирхогч, тайлбарлагч гэдгээр мэднэ. Гэсэн хэдий ч Төмөрөө гэж хүн бүх амьдралаа зөвхөн сагсан бөмбөгт зориулаагүй байх. Өөр ямар спорт сонирхож, шимтэн үздэг вэ?

      -Бага байхдаа хөл бөмбөгийн спортод их дуртай байлаа. Хөл бөмбөг бол дэлхийн хамгийн том спорт гэгддэг шүү дээ. 2000 оны эхэн үеэр хөл бөмбөгийг юу юунаас илүү шимтэж, үздэг байсан. 1999 онд “Manchester United”, “Bayern Munchen” клубүүд таарч, тоглосон “Аваргуудын лиг”-ийн финалаас хойш хөл бөмбөгт эргэлт буцалтгүй шимтэж, Дэвид Бекхэмийн улаан, ногоон фэн болж явлаа. Бекхэм, “Manchester United”, Английн шигшээ багаа ч олон жил дэмжлээ. Гэсэн ч дэмждэг баг, тамирчин маань тив, дэлхийн томоохон амжилтуудыг авч, хүртэж чадаагүй л явна. Харин сагсан бөмбөгийн хувьд Майкл Жорданы үеэс эхлээд л “Chicago Bulls”-ыг дэмждэг байсан. Америкт очиж, амьдарч байсан жилүүддээ бейсбол, Америк хөл бөмбөгт бусад спортоос илүү дуртай болсон доо. Харин эргэж, Монголдоо ирж, амьдрахаар болсноос хойш бейсболын спортоо өмнөх шигээ сайн үзэж чадахгүй байгаа. Ер нь бол бейсболлын спортод сагсан бөмбөгөөс илүү дуртай.

-АМЕРИКТ АМЬДАРЧ БАЙСАН ЦАГ ХУГАЦААНДАА ОДОО Ч ТАЛАРХДАГ-

-Таны хүү Испанийн “Barcelona” клуб, Неймарийг дэмждэг гэж ярьж байсныг санаж байна. Харин та хүүгээсээ өөр баг, тамирчныг дэмждэг юм байна. Хааяа аав, хүү хоёр хөл бөмбөгөөс болж, муудах, сайндах тохиолдол гарна биз?

       -Үгүй ээ, надад хүүтэйгээ хамт сууж хөл бөмбөг үзсэн тохиолдол бараг байдаггүй. Манай гэр бүлийнхэн АНУ-д амьдарч байгаа. Тэнд хүү маань сургуульд ороод ирэн очин л байдаг. Хамт сууж, хөл бөмбөг үзэж чаддаггүй. Мань эр бүр багаасаа л Неймарийг дэмждэг. Би аль чадахаараа л хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж, Неймарийг Барсад байхад нь Барсагийн өмсгөлийг, сүүлд “PSG” рүү явахад нь тухайн багийн Неймарийн өмсгөлийг бэлэглэхийг хичээнэ.

       Миний хувьд спортын сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй гэдгээрээ спортыг илүү анхаарч, хянаж үзнэ. Харин хүү маань одоохондоо жаахан байгаа болохоор тэгж үзэхгүй. Харин хүүгээ тухайн тоглогчийн харагдах байдал, стиль имиж зэргээс болж тоглогчид нь дуртай болсон юм болов уу гэж боддог. Би ч мөн Дэвид Бекхэмд дуртай болж байсан үедээ Бекхэмийн үсний засалт, хувцаслалт зэрэгт нь л татагдаж байсан. Харин яваандаа тоглолтуудыг нь илүү ойлгож үздэг болсон байх. Бага байхад Playstation их тоглодог байлаа. Тоглохдоо Английн шигшээ багийг юм уу, Манчестерийг л авч тоглоно. Тэр үеэс л спортыг илүү ойлгож, мэддэг болсон юм болов уу.

-Америкт хэдэн жил амьдарсан бэ. Энэ хугацаанд хувь хүн талаасаа хэр их өөрчлөгдөж, өсөж дэвжсэн бэ?

      -Би АНУ руу 2004 онд яваад, яг найман жил амьдраад 2012 онд буцаж ирсэн. Миний амьдралын хамгийн том өөрчлөлт тэнд гарсан гэж боддог. Өөрийгөө олсон. Амьдралд учирсан том тохиол бүр Америкт байсантай минь холбоотой. 24 настай залуу хүү очоод 32-той болоод Монголд ирэх хүртэл найман жил өнгөрсөн. Тэр бүх цаг хугацаа, тэрхүү цаг хугацаанд болж өнгөрсөн бүхий л зүйлс намайг өөрчилсөн. Тэнд очоод хийж байсан ажлууд, олон орны хүмүүстэй хамтарч ажиллахаас л өөрийгөө олж, төлөвшсөн. АНУ-д амьдарч байсан тэр цаг хугацаандаа би одоо ч талархдаг.

      Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд спортын сэтгүүлч болох хүсэл, тэмүүллээр дүүрэн байлаа. Яг энэ чиглэлээрээ Монголдоо их, дээд сургуульд элсээд, цаашид үргэлжлүүлэн сурч, ажиллая л гэж бодож байсан. Тэр үед спортын сэтгүүлчийг бэлддэг сургууль, албан газар байгаагүй. Харин Америкт очсон минь NBA-с авахуулаад “NFL”, “NHL”, “MLB” зэрэг томоохон спортын лигүүдийг илүү ойроос үзэх боломж олгосон. Тэр үеэс л спорттой илүү ойр болж, холбогдож, англи хэлээ ч сайжруулах зорилготой болсон. Америкт амьдарч байхдаа машиндаа зөвхөн радио л сонсоно. Надаас түрүүлээд тэнд очсон найз маань надад “Радио сонсож бай. Чихний бөглөө чинь гарна. Үгийг дуудлагаар нь хүлээж авах, сонсгол чинь сайжирна” гэж зөвлөж байлаа. Түүнээс хойш ер нь л машиндаа спортын радио сонсоод л явж байдаг болсон юм. Миний амьдарч байсан Чикаго хот хоёр спортын радиотой, бүхий л спортын талаар мэдээлнэ. Машиндаа орж, суув уу, үгүй юү өнөө л хоёр радио дээр сувгаа тааруулдаг байлаа даа. Сүүлд нутагтаа буцаж ирээд спортын сэтгүүлчээрээ ажиллахад радио сонсож байсан маань маш сайнаар нөлөөлсөн.

-БАРАГ БҮХ ХАР АЖЛЫГ ХИЙЖ ҮЗСЭН ДЭЭ-

-Анх спортын сэтгүүлч болох хүсэл, тэмүүллээ юунаас олж авсан бэ?

      -Би багадаа Оросын телевизийн сувгууд дээр гардаг сагсны бичлэг, нэвтрүүлгүүдийг хальсан дээр хуулж аваад ахин дахин үздэг, найзууддаа их л ярьдаг байлаа л даа. Байрныхаа найзуудад спортын алдартай тоглогч, багуудыг их ярьж өгдөг, тэднийхээ дунд спортод их дуртай, хамгийн ойрхон нь байжээ. Тэр үед найзуудыгаа тойруулж суулгаж байгаад тамирчид ингэдэг, тэгдэг гэх зэргээр их ярьж өгдөг байсан.

-Спортын сэтгүүлчээр ажиллах гараагаа хэрхэн тавьж байв?

     -2012 онд эх орондоо ирээд “Спортын тэмцээн гарах болов уу” гэж их санаа зовсон байртай суваг сольж байгаад, спортын тэмцээнүүдийг Монголд шууд дамжуулдаг болсныг нь мэдсэн. Тэгээд харж байхад их ерөнхий зүйлс яриад байсан юм. “Гурваас шидлээ”, “Хоёр оноо авлаа” гэдэг ч юм уу, ерөнхий болж байгаа зүйлийг нь ярьж, дэл, сул үг ашиглаж байгаа нь таалагдаагүй. “Идэж, ууж байна даа” гээд л  их хачин тайлбарладаг байлаа. Тэр үед найзуудтайгаа сууж байгаад “Эд нар яаж ийм сонин тайлбар хийж чадаж байгаа юм бэ. Энэ ёстой бүтэхгүй ээ” гэж хэлсэн юм. Тэгсэн манай нэг найз “Чи тэгээд өөрөө очоод тайлбарлаач. Чи багаасаа л бидэн дундаа сагсны мэдлэгтэй, зав л гарвал сагс ярьдаг байсан биз дээ” гэж хэлэхээр нь “Нээрээ яагаад болохгүй гэж” гээд Боловсрол телевизийн захиралтай уулзсан. Ингээд “Ийм байдлаар тайлбарлаад байж болохгүй. Би оролдож үзье. Би арай өөрөөр хийж чадах юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд шалгуулах гээд очтол манай Идэрээ, Ялалт хоёр байлаа. Тэдэнд “Та нарын тайлбар чинь жаахан ерөнхий байна. Сагсан бөмбөг тоглодог хүнд ийм тайлбар сонин сонсогдоно” гээд өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн.

-Тэгээд шууд л тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн үү?

      -Намайг анх тайлбарлагч болохоор очиход цалин нь их бага байсан. Дадлагажих журмаар нэг сар ажиллана, дараа нь сарын цалин нь 350 мянга орчим. Америкаас дөнгөж ирсэн хүнд бага цалин шүү дээ. Цалингаа сарын 30 хоногт хуваахаар унаа, хоолны мөнгө гээд, бараг цалин авахгүй шахуу. Тэгэхээр нь “Ийм бага цалинтай байдаг юм бол хэцүү юм байна аа” гээд больсон. Тухайн үед надад өөр компаниас санал ирээд байлаа л даа. Тэр нь гаднын хөрөнгө оруулалттай компанид ажиллах санал байсан болохоор цалин нь их өндөр. Тэгээд тухайн компанитайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллах болсон чинь ажлын нөхцөл, бусад зүйл нь анх тавьж байсан саналаас тэс өөр болоод хувирчихсан. Уурхайн ажил болохоор 28 хоног ажиллаад, долоон хоног хотод ирдэг гэж эхний ярилцлагадаа хэлсэн юм. Гэтэл 56 хоног уурхай дээр ажиллаж, долоо хоног хотод ирдэг болж таарсан. Тэр нь миний санаанд ерөөсөө буухгүй шүү дээ. Америкт найман жил цэргийн алба хааснаас ялгаагүй юм болж ирчихээд, Монголд тийм ажил хийнэ гэдэг бүтэхгүй санаа. Тэгээд “Уучлаарай, ийм нөхцөлтэй бол би ажиллаж чадахгүй. Та нар анхнаасаа надад үнэн, зөв хэлээгүй юм байна” гээд больсон доо.

      Түүнээс хойш хэсэг хугацаанд найзуудтайгаа нийлж, медиа студид ажиллаж байгаад “SportBox” телевизтэй эргэж холбогдсон. Тэр үед цалин нь 500 мянгаас эхэлнэ гэхээр арай боломжийн санагдаад, хоёр долоо хоногийн хугацаанд хуучны тоглолтын дүрсүүд дээр тайлбар хийж дадлагажсан. Баясаа тэр үед “SportBox”-д ажиллаж байсан юм. Намайг бодвол туршлагатай, бас телевизийн редактор байсан болохоор намайг Баясаагийн шавь болгоод оруулж байлаа. Яг намайг “NBA” тайлбарлаж эхэлж байх үед бид хамтдаа их тайлбар хийдэг байлаа л даа. Анх тайлбарлаж эхэлсэн үед сагсан бөмбөгийн улирлын тоглолтууд хийсэх шиг л хурдан өнгөрсөн. Эхний жил дууссаны дараа олон хүнээс урмын үг сонсож, түүнээс хойш мэргэжлээрээ тууштай ажиллаж, өнөөг хүртэл идэвхтэй ажиллаж байна.

-Та дээр “Америкт цэргийн алба хааснаас ялгаагүй юм болж ирчихээд” гэлээ. Америкт ямар ажил эрхэлж байв?

       -Айл нүүлгэлт, барилгын дээвэр засах, хоол хүргэлт гээд бараг л бүх хар ажлыг хийж үзсэн дээ.

-Биеийн хүч, тэнхээ шаардсан тэрхүү ажлаас хоолой шаардах спортын тайлбарлагч хийхэд ямар санагдаж байв. Хүндрэлтэй зүйл байсан уу?

      -Ямар ч цаг үед сагсан бөмбөгтэйгөө ойр байсан болохоор хүндрэлтэй зүйл бараг л байгаагүй. Харин Америкаас ирээд анх тайлбар хийж байх үедээ англи үг их хольж ярьдаг байсан. Зарим тохиолдолд монгол үгийн хэллэг, шилжилтүүд зэрэг жаахан хэцүү санагдаж байсан болов уу. Ер нь бусдаар бол гайгүй. Монголд ирээд дасан зохицох хугацаа л хэрэгтэй байлаа. Ажлынхан маань дан залуучууд байсан болохоор тэдэнтэйгээ нэгдэн нийлж, ажилдаа шингэж үлдсэн. Анх ажиллаж эхлээд эхний зургаан сар спорттой холбоотой мэдээ бичиж, орчуулга хийсэн. Гэтэл Америкт найман жил болчихоод ирсэн надад монголоор бичих их хэцүү байлаа.

      Уг нь би багадаа монгол хэл, уран зохиолын хичээлдээ давгүй боломжийн хүүхэд байсан юм. Англи хэлний өгүүлбэрийн бүтэц, утга гаргах хэв маяг нь монгол хэлнээс өөр. Англиар ойлгосон зүйлээ монгол руу хөрвүүлнэ гэдэг их хэцүү. Анх хэд хэдэн баримтат кино орчуулж, монгол руу буулгаж байхдаа бөөн л юм болж, ёстой жинхэнэ үгээ хэлдэг байлаа. “Энийг нь юу гэх юм бэ”, “Энэ нь юу гэж байгаа юм бэ” гээд л. Түүнээс хойш жил гаруй ажиллаж байж л арай гайгүй болж, зүгширсэн байх шүү.

-САГСАН БӨМБӨГИЙН ТАЙЛБАРЛАГЧИД ДУНДАА ӨӨРИЙГӨӨ НОМЕР НЭГТ БАЙХ ЁСТОЙ Л ГЭЖ БОДДОГ-

-Таны үзэгчдэд хамгийн ихээр танигдсан нь “SPS” телевизэд ажиллаж байсан үе байх аа?

       -Миний бодлоор үзэгч, сонсогчдод хамгийн их танигдсан үе маань 2013 оны “NBA”-гийн финал юм болов уу. Тухайн үед Ялалт, Идэрээ, Баясаа бид дөрөв гол тоглолтыг тайлбарладаг байлаа. Гэхдээ дөрвүүлэхнээ тайлбарлана гэдэг хэцүү, ачаалал ихтэй. Зарим өдөр хоёр тоглолт дараалан ганцаараа тайлбар хийнэ. Тэгээд Амгаа, Цогтоо гээд дүү нараа сонгон шалгаруулалтаар тайлбарлагчаар аваад байсан юм. Гэтэл тэр үед Идэрээ “SportBox” телевизийн захирал байж байгаад ажлаа өгсөн. Харин Баясаа Америк руу финалын тоглолтыг сурвалжлах гээд яваад өгөв өө. Ард нь гол тоглолт тайлбарлахаар Ялалт бид хоёр үлдсэн. Финалын тоглолтууд эхлэхэд бид хоёр л тулсан тайлбар хийхээс өөр сонголтгүй. Тэр жилд финалын долоон тоглолт болж, бид хоёр бүгдийг нь тайлбарласан. Тийм ч учраас тэр жилийн финалын тоглолтуудын үеэр л өөрийгөө үзэгчдэд арай илүү танигдсан юм болов уу гэж боддог доо. Гэхдээ сүүлд “SPS” телевизэд ороход илүү олон хамт олон угтаж, “Шинэ залуу тайлбарлагчдыг гаргаж ир, сурга” гээд цаанаас бүх юмыг нь бэлдэж өгсөн нь мөн тодорхой хэмжээнд нөлөөлсөн л дөө.

-Таныг тайлбараа хийж байхдаа ямарваа нэгэн баг, тамирчныг хатуу шүүмжилдэгт үзэгчид дургүй байдаг юм билээ. Энэ тал дээр та өөрөө юу гэж боддог вэ?

    -Шүүмжлэл ирэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Бидэнд бүгдэд нь л шүүмжлэл ирнэ. Тухайн нөхцөлд өөрийнхөө юу харж, ойлгож буйгаа шууд л илэрхийлдэг. Хамгийн гол нь илэрхийлэхдээ зөв, голыг нь онож тайлбарлах ёстой гэж боддог. Харин баг, тамирчинд өгч буй шүүмжлэл нь тайлбарлагчийн л харж байгаа өнцөг. Хэрэв болж, бүтэхгүй байгаа зүйлийг нь бол хэлэхгүй өнгөрөөж болохгүй. Миний тайлбар хийдэг арга барил бол Америкийн тайлбарлагчдын олон жил сонсож, дассан өөрийнхөө харж байгаа өнцгөөс чөлөөтэй ярьдаг барилтай холбоотой.

     Миний дэмждэг “Chicago Bulls” багийн тоглолтуудыг олон жил тайлбарласан Стэйси Кинг гэх тайлбарлагч бий. Тэр хүний тайлбарыг сонсох дуртай, түүнээс маш их үлгэр дуурайл авдаг. Жишээ нь, тоглогчдыг өөрийн харж буй өнцгөөсөө ёжилж, нэр хоч өгдөг ч юм уу, тийм байдаг нь надад таалагддаг.

-“SPS телевизээс гарч, “Төмөрөөгийн радио шоу”-гаа эхлүүлэх болсон. Радио шоу тань хэр амжилттай байна вэ. Үзэгч, сонсогчид ямар байдлаар хүлээж авсан бэ?

     -Би Америкт амьдарч, олон цагаар радио сонсдог байхдаа өөрийн гэсэн дуртай, байнга сонсдог хэд хэдэн шоу, нэвтрүүлэгтэй байсан юм. “Монголд очихоороо яагаад өөрийн гэсэн радио сувагтай болж, спортын талаар ярьж болохгүй гэж" гэсэн бодлоо тээсээр 2017 онд ажил хэрэг болгосон. Тэгээд анх удаа радиогоор нэг нэвтрүүлэг хийхэд хандалт нэлээн боломжийн байсан. Нэвтрүүлгээ цацсан их монгол радиогийнхон ч “Манай амралтын өдөр хийдэг контент дээр ийм олон хандалт авч байгаагүй. Чиний нэвтрүүлэг их үр дүнтэй байна” гэснээс хойш нэг жилийн хугацаанд радио нэвтрүүлгээ хийсэн. Харин дараа нь радиогоор хийхээ болиод, онлайнаар нэвтрүүлгээ цацаж байна.

     Анх эхэлж байсан үеэ бодвол боломжийн зүгширсэн, чигээ олсон. Ер нь спортын сэтгүүлч, тайлбарлагчид бүгдээрээ л радио шоу ч юм уу, аль эсвэл онлайн нэвтрүүлэгтэй байх хэрэгтэй байх л гэж боддог доо. Энэ бол өөрийн харж байгаа өнцөг, үзэл бодлоо хүссэнээрээ илэрхийлэх талбар. Өмнө нь би "SPS" телевизийн эфирээр гарч байхдаа хэлж, ярьж болохгүй зүйлс байсан. Тэр бүрээ радио шоун дээрээ чөлөөтэй ярих маань надад их таалагдаж байгаа. Мөн үзэгч, сонсогчидтой холбогдож, олон нийтийн санал бодлыг сонсож, сэтгэгдлээ хуваалцах нь шууд эфирийн үеэр боломжгүй. Радио шоу, нэвтрүүлэг байгуулах нь миний хүсэж, мөрөөдөж байсан зүйл. Үүнийгээ ч цааш нь хөгжүүлж, өөрийгөө сайжруулах бодлоо орхиогүй байгаа. Мөн Монголын анхны спортын радиог бүтээхээр зориг шулуудсан.

-Анх таныг дэлхийн томоохон спортын тэмцээнүүдийг тайлбарлаж байсан үеийг бодвол өнөө үед спортын сэтгүүлч, тайлбарлагчид олон болжээ. Харин таны хувьд тэр бүх спортын сэтгүүлч, тайлбарлагчдын дунд өөрийгөө ямар байр суурь эзэлдэг гэж боддог вэ?

      -Миний ямар байр суурь эзлэхийг үзэгчид л мэднэ шүү дээ. Хэрэв надаас хувь хүн талаасаа ямар байр суурь эзэлдэг вэ гэхээс илүүтэйгээр өөрийгөө ямар хэмжээнд үнэлдэг вэ гэж асуувал би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр, би аливаа зүйлсийг хийхдээ хамгийн шилдэг нь байхын төлөө л зорьсон. Багадаа сагс тоглохдоо ч хамгийн шилдэг нь байхын тулд л хамгийн их бэлтгэл, сургуулилалт хийж, бусдаасаа илүү байхын тулд илүү хичээж, хичээллэдэг байлаа. Тэгж байж л  сайн үр дүн гарна. Тайлбар хийдэг байхдаа ч маргаашийн тоглолтоо судалж, хоёр багийн онцлогоос авахуулаад л маш их судалгаа хийдэг байсан. Сүүлд шинэ баг бүрдүүлээд ажиллаж байхдаа ч залуус, дүү нараасаа  шаарддаг зүйл маань тэр л байлаа. Сагсан бөмбөгийн тайлбарлагчид дундаа өөрийгөө номер нэгт байх ёстой л гэж боддог.


ДОТНО ДУУ ХООЛОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:02:03
    pee: zass Number 1 gevel Lebronii number 1 hater l baih. Sps-eese onigoogo chireed hoogdsonoo yariach dandaa hun amitantai muudaltsaj bdagaa yariach. Mongoliin leage-t tgd yamar bair suuri ezlej bsan yumda bugdengees n iluu hodolmorlodog bsan gehin Avarga bsiimu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188