• Өнөөдөр 2025-07-07

БАЯН-ӨЛГИЙГ “БАЗСАН” ГУРВАЛ БУЮУ III ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧДИЙН ХУУДУУ

2024-06-14,   532

Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаа III тойрогт Ардчилсан намаас хүч үзэж буй гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.

2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр орон даяар зохион байгуулагдах УИХ-ын сонгуулиар сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулийн нийт 13 тойрогт болон жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн III тойрог Ардчилсан намаас нэр дэвшиж буй Б.Бейсен, Ш.Жандос, Х.Дармен нарыг танилцуулж байна.

-БАЯН-ӨЛГИЙН ХАМГИЙН ТОМ ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭН Б.БЕЙСЕН-

Ээлжит парламентын сонгуулийн III тойрог буюу Баян-Өлгийн аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийг 2020-2024 оны УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүлж буй. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул бөгөөд ажлын гараагаа нутгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр эхэлж, тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай.

Нэр дэвшигч Б.Бейсен нь Баян-Өлгий аймагтаа “Бэйс-Шипа” нэртэй томоохон хувийн эмнэлэгтэй, өөрөө зөвлөх эмчээр ажилладаг. Харин түүний охин Б.Ботажан нь тус эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч, охин Б.Маралдын нь дотрын их эмч, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмч, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр ажилладаг гэнэ. Түүнчлэн охин Б.Маралдымынх нь нөхөр, Б.Бейсений хүргэн М.Калимат нь Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын барилга, их засвар, гудамж, талбайн тохижилтын тендерүүдийг “түүдэг” “Айкамат” ХХК-ийн Ерөнхий захирал аж. Тухайлбал, “Айкамат” ХХК нь Баян-Өлгий аймагт казахстан хороолол барих 504 сая, Сагсай сумын дотуур байрны их засварын 35.5 сая, Онцгой байдлын газрын шалган нэвтрүүлэх байрны 39 сая, Буянт сумын соёлын төвийн 40 сая, стадионы засварын 44 сая зэрэг төрийн есөн тендер шалгарч байжээ.

Мөн Б.Бейсений орон нутгийн мэс заслын эмчээс эхлээд эмнэлгийн дарга болтлоо ажилласан цагаан халадтай буурал эмчийн “дүр”-ийн цаана томоохон авлигын сүлжээ нуугдаж байж болзошгүй ноцтой баримтыг манай сайт 2020 оны намар дэлгэсэн. Тодруулбал, Б.Бейсений насаараа ажиллаж, удирдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмч бүлэглэж, эрүүл саруул иргэдэд “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх хуурамч тодорхойлолт гаргаж өгч, группт оруулдаг байсан. Ингэхдээ нэг иргэнээс 500 мянгаас 2.0 сая төгрөгийн хахууль авч байсан гэнэ. Түүнчлэн хуурамч тодорхойлолтоор группт оруулдаг эл “халамжийн бүлэглэл”-ийн толгойлогч нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Б.Бейсен байж болзошгүй сэжүүр, баримтуудыг илчилсэн. Энэ хэргийн мөрөөр ЦЕГ болон АТГ-ын мөрдөгчид Баян-Өлгийд очиж, хэлгүй, дүлий гэх оноштой, сар бүр халамжийн мөнгө авдаг 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 иргэн нь эрүүл саруул буюу хуурамч оноштой байсан нь тогтоогдсон байдаг. Ингээд УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүтэй авлига авсан, өгсөн нийт 611 хүнийг ЦЕГ, АТГ-аас хамтран шалгаж эхэлсэн ч уг хэрэг прокурорт шилжсэнээсээ хойш сураг алдраад байгаа юм.

-ЖИЛИЙН ДОТОР ГАДААД ДАХЬ ХАДГАЛАМЖИЙН ДАНСНААС НЬ 74.9 ТЭРБУМ ТӨГРӨГ “СОХ ДУТСАН” Ш.ЖАНДОС-

УИХ-ын сонгуулийн III тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа дараагийн хүн бол АН-ын дэд дарга Ш.Жандос. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын угшилтай бөгөөд аав С.Шарив нь аймгийнхаа МСУХ-г тэргүүлдэг, Ардчилсан намынхаа хууччуулын нэг. Харин багаасаа аавыгаа уяан дээр ч, “улс төр”-д дагаж явсан Ш.Жандос 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болмогц туслахаар ажиллаж эхэлсэн түүхтэй аж.

Улмаар Ш.Жандос Ерөнхий сайдын туслах, зөвлөхөөр ажиллаж байгаад 2013 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын даргаар томилогдсон байдаг. Гэсэн ч Ш.Жандос баруун, солгойгүй халаа, сэлгээ хийсэн тухай мэдээлэл олон нийтэд түгж, хэвлэлийнхний анхаарлыг татсанаас болж хоёр жил ажиллаад албан тушаалаа хүлээлгэж өгчээ. Харин дараа нь 2015 онд Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдож, тэндээсээ 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон. Улмаар Ш.Жандос 2020 оны орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2023 онд Ардчилсан намын 15 дэд даргын нэгээр сонгогдсон байдаг. Түүнчлэн Ардчилсан намын “акул”-ууд Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын туслах, зөвлөх хийж байсан гэдгээрээ нам дотроо том артайд тооцогддог гэх нь ч бий.

                                  Нэр дэвшигч Шаривын Жандос 2022 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь дансандаа 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг. Харин саяхан сонгуульд нэр дэвшигчийн хувиар хөрөнгө орлогоо мэдүүлэхэд гадаад дахь хадгаламж нь 15.8 сая төгрөг болтлоо буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын төлөөлөгчөөс нэр дэвшигчийн хувиар хөрөнгө орлогоо мэдүүлэх ердөө жил гаруйн хугацаанд гадаад дахь хадгаламжийн данснаас нь 74.9 тэрбум төгрөг “сох дутаж”, ард түмэнд “ядуу” дүртэй нэгэн болж харагдаж байгаа аж.

-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ЯМАР Ч ӨРСӨЛДӨГЧГҮЙ СОНГОГДОЖ БАЙСАН ӨЛГИЙНХНӨӨС ӨӨР “ХЭН Ч МЭДЭХГҮЙ” Х.ДАРМЕН-

УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй сүүлийн хүн бол Хузкейн Дармен. Эрчим хүчний инженер мэргэжилтэй ч аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдож, Засаг дарга ч болж явсан түүнийг “Өлгийнхнөөс өөр хүн сайн мэдэхгүй” гэдэг гэнэ.

Нэр дэвшигч Х.Дармены намтар, түүхийг нь судлаад үзвэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын уугуул, өдгөө эхнэр, хүүхдүүдийн хамт төрсөн нутагтаа амьдарч байгаа гэнэ. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургууль төгсөж, Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн, эрчим хүчний салбарт инженерээс эхлээд Ерөнхий инженер, дарга гээд 30 гаруй жил ажилласан нэгэн аж. Хэдий “Өлгийнхнөөс өөр хүн сайн мэдэхгүй” гэдэг ч Х.Дармен нь Ардчилсан холбоо, Ардчилсан намын анхны гишүүдийн нэг бөгөөд аймгийн Ардчилсан намдаа нөлөө бүхий нэгэн гэх. Тэрбээр 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд аймгийн Ардчилсан намд нөлөө бүхий түүнийг Засаг даргад нэр дэвшихдээ ямар ч өрсөлдөгчгүй тодорсон гэдэг юм байна. Нөгөөтээгүүр түүнийг аймгийн даргаар томилогдох тохироогоо сайн хийсэн ч гэж тухайн үед олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолж байжээ.

                         Ташрамд дурдахад, Х.Дармен нэр дэвшигчийн хувиар АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 37 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 55 сая төгрөг гэжээ. Мөн 70 саяар үнэлэгдэх гэр, хашаа байшинтай, 35 саяын “Ланд-Крузер-80” маркийн автомашин, 22.2 саяар үнэлэгдэх мал, 45 саяын газартай, хадгаламждаа хоёр сая төгрөгтэй гэж мэдүүлсэн байна.

 


БАЯН-ӨЛГИЙГ “БАЗСАН” ГУРВАЛ БУЮУ III ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧДИЙН ХУУДУУ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188