Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан ээлжит УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр нь онцлон цувралаар хүргэж байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд орон даяар зохион байгуулагдана. Ирэх дөрвөн жилд УИХ-д ард түмнийг төлөөлөх парламент 126 гишүүнтэй байх бөгөөд тэдний 78-ийг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох юм. Энэ удаагийн сонгуулийн нийт 13 тойрогт тойрог, жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж байна. Тэгвэл сонгогчдын боловсрол зориулан цувралаар бэлтгэн хүргэх нэр дэвшигчдийг тухай нийтлэлийнхээ эхний дугаарт УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүсэд ХҮН-аас нэр дэвшиж буй есөн горилогчийг танилцуулъя.
УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүсэд ХҮН-аас нэр дэвшигчдийг загвар өмсөгч О.Билгүүн тэргүүлж байна. Тухайлбал, Монголд гудамж хоол хөгжүүлэхээр их хэмжээний хөрөнгө оруулж, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг тэрбээр загвар, өмсөгч жүжигчин гэдгээрээ нэг тойрогт дэвшиж байгаа ХҮН-ын “андуудаасаа” илүү олонд танигдсан.
ХҮН-аас сонгуулийн I тойрогт нэр дэвшиж байгаа О.Билгүүн 14 наснаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн бөгөөд 17 насандаа Азийн топ модель шалгаруулах олон улсын наадмын гран при шагнал хүртсэн байдаг аж. Тэрбээр 2010 онд Төмөр замын 73 дугаар дунд сургуулийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа Монголын Дизайнеруудын холбоо, “Монгол модель” агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд О.Билгүүн бага насныхаа талаар “Би 13 настайгаасаа барилга дээр туслах ажилчин хийж эхэлсэн. 14-16 насандаа зөөгч, бармен, цэвэрлэгч гээд бүгдийг нь хийсэн. Харин 17 настайгаасаа бизнес эрхлэх гэж оролдсон ч 36 бизнес эхлүүлснээс 33 шатаад дууссан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Өнгөрсөн онд ХҮН-д элсэхдээ “Цүнх баригч болох гэж би намд элсээгүй. Олон жилийн ажлын туршлагаараа шууд хэрэгжүүлэх ажилд хүчин зүтгэхээр орсон. Шаардлагатай тохиолдолд нэр дэвшинэ” хэмээж байсан загвар өмсөгч О.Билгүүн өдгөө ХҮН-ын Нарийн бичгийн даргын байр суурьтайгаар 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрог нэр дэвшиж байна.
ХҮН-аас сонгуулийн I тойрог нэр дэвшиж байгаа дараагийн хүн бол бизнес, зөвлөх үйлчилгээний төвийн менежер, МУИС-ийн багш Т.Булганмаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багшаар ажилладаг тэрбээр хамт нэр дэвшиж байгаа ХҮН-ын “андууд”-аасаа арай илүү сонгуулийн “туршлагатай” нь. Тухайлбал, Т.Булганмаа 2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд хүч үзэж байжээ. Харин улсын их сургууль, улс төр рүү орохоосоо өмнө тэрбээр ХААИС-ийн инженерийн сургуулийг хүнсний инженер, технологич мэргэжлээр төгсөж, санхүүгийн менежмент, бизнесийн удирдлагаар боловсролоо дээшлүүлж, БНХАУ-ын ГИС-ийн Эдийн засгийн сургуульд сурсан байдаг. Ажлын гараагаа хилийн чанадад төслийн менежерээр эхлүүлж, Шведийн “Erin ABB”-д Ерөнхий менежер, Монголын “Үндэсний стратегийн хүрээлэн” ТББ-д судлаачаар ажиллаж байсан бөгөөд өдгөө бизнес, зөвлөх үйлчилгээний төвийн менежер, МУИС-ийн бизнесийн сургуулийн багшаар ажиллаж байгаа нэгэн. Ташрамд дурдахад, Т.Булганмаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас хүч үзсэнээсээ хойш буюу 2021 оноос тус намын Төлөөлөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
Нийслэл Улаанбаатараар “овоглодог”, нэгэн цагт ХҮН-ын Өмнөговь дахь салбарыг хариуцаж байсан эдийн засагч мэргэжилтэй Д.Батмандах мөн I тойрогт ХҮН-аас нэр дэвшиж буй. Эрдмийн ухааны их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшиж, мэргэжлээ дээшлүүлсэн Д.Батмандах ажлын гараагаа “Сүлд” телевизийн Борлуулалтын албаны даргаар эхлүүлсэн байна. Улмаар Хөгжлийн банканд Стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, “Шивээ-Овоо” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө барилгын материалын худалдаа, засвар хийдэг “Этэрнал Эмэралд” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа нэгэн аж.
УИХ-ын сонгуулийн I тойрогт ХҮН-аас нэр дэвшиж байгаа Баянхонгор аймгийн уугуул Ү.Гантиг инженер мэргэжилтэй. Тэрбээр ШУТИС-д газар зохион байгуулалт, кадастрын инженер, геодезийн инженер, барилгын инженер мэргэжлээр сурч, боловсрол дээшлүүлсэн бөгөөд төрийн удирдлагын докторант аж. Намтрыг нь судлаад үзвэл Ү.Гантиг ажлын гараагаа 2008 онд “АТТП” ХХК-д Геодозийн асуудал хариуцсан ажилтнаар эхэлж, Газар зохион байгуулалт, зураг зүйн газарт Газар зохион байгуулалтын стратегийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан түүхтэй аж. Харин өдгөө гадар, байгаль орчны үнэлгээний “Үзмон” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Засгийн газрын хоёр ч сайд нэр дэвших I тойрогт нэр дэвшиж байгаа сонин содон шиг нэр дэвшигчдийн нэг хүндэт донор Ч.Мөнх-Амгалан. Тэрбээр АШУҮИС-ийн эм зүйн сургуульд эм зүйч мэргэжлээр бакалавр хамгаалсан бөгөөд Өвөрмонголын их сургуульд эм зүйн ухааны магистр, биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн аж. Анагаах ухааны салбарын зэрэгцээ донор болж, 2021 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт донор болжээ. Харин ажил, мэргэжлийн намтрыг нь шүүж үзвэл Ч.Мөнх-Амгалан нь “Монос” эмийн үйлдвэрт мастер-технологич, Эм судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Монфа Царгис” ХХК-д үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар ажилласан байсан нэгэн юм байна.
Батсүрэнгийн Урангоо нь монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжилтэй бөгөөд хэл бичгийн ухааны доктор гэнэ. Тэрбээр МУБИС-ийг төгсөж, Глобал удирдагч их сургууль, СУИС-ийн ТУС, Идэр их сургуульд багшилж байсан бөгөөд өдгөө Монголын зохиолдын эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга, Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төвийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг юм байна.
УИХ-ын сонгуулийн I тойрог ХҮН-аас нэр дэвшиж байгаа ээлжит нэгэн содон дүр нь малчин П.Тамир. Түүний хувьд хуучнаар Цагдаагийн дээд сургуулийг тус мэргэжлээр дүүргэж, Булган аймгийн цагдаагийн хэсэгт ажиллаж байжээ. Харин мэргэжлээрээ тав орчим жил ажиллаад гарсан бөгөөд өдгөө нутагтаа мал маллаж амьдардаг гэх...
Ганбаатарын Бүтэмж нь бизнесийн удирдлагын чиглэлээр Эрдмийн их сургуульд дээд боловсрол эзэмшсэн нэгэн аж. Харин ажлын гараагаа 2013 онд “Би Эс Би электроникс” ХХК-ийн няраваар эхлүүлж, 2017-2019 онд “Транс Капитал” ББСБ-д санхүүгийн зөвлөх, 2019 оноос одоог хүртэл ундаа усны үйлдвэрлэл, худалдааны “Хээвэн энтерпрайс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын сонгуулийн I тойрог ХҮН-аас нэр дэвшиж буй сүүлийн хүн бол эрх зүйч, орчуулагч мэргэжилтэй Г.Долгормаа. Тэрбээр Шихихутаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйн мэргэжил эзэшиж, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гэрээний мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлжээ. Харин өдгөө “Каусэл финанс Хонконг лимитед” компанид хуулийн зөвлөх, нүүрсний ачаа тээврийн “Гоби коул нэтворк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн аж.
I ТОЙРОГ: ЗАГВАР ӨМСӨГЧ, ЭДИЙН ЗАСАГЧ, ДОНОР, МАЛЧДААС БҮРДСЭН “БҮХ ОДОД”-ЫН БАГ БУЮУ ХҮН-ААС НЭР ДЭВШИГЧИД |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |