Хөгжлийн банкны хэргээр хоёр сар хоригдож байсан Ж.Батзандан Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Төв талбайд жагсаж, "Шударга тав” хэмээн өөрсдийгөө цоллож байсан хүмүүсийн нэг нь тэр. Найман жил гишүүн байсан тэрбээр энэ жилийн сонгуулиар ч гандан буурахгүй нам сэлгэж, улс төрд дахин хүч үзэхээр Булган, Хөвсгөл, Орхон аймгаас нэр дэвшиж байгаа. Учир нь түүнийг "Төрд хэрэггүй хүн" хэмээн олон нийт ярих болсон. Түүнийг ямар хэрэгт холбогдон шалгагдаж байсан, төрд юу хийсэн талаар нь эргэн сануулъя. Манай сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамаарал бүхий этгээд буюу түүний туслах, шинэ намын дэд дарга Г.Аюулгүй Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байлаа. Мөн “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гэх хэргийн гол эзэн буюу нууц ноён нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсныг батлах схемийг баримтаар хүргэж байсан.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас 888 төсөл болон ЖДҮХС-ийн санхүүжилт бүхий зээлийг Капитал банкаар дамжуулан аваад эргэн төлөөгүй буюу дампуурахад нь нөлөө үзүүлсэн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудыг эзэмшигч Г.Аюулгүй гэгч нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах, ШИНЭ намын дэд дарга, басхүү түүний бизнесийн хамтрагч ажээ. Тодруулбал, Ж.Батзандан 2004 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж, төв талбайд жагсаж явсан. Тухайн үед Ж.Батзандангийн арын албанд Г.Аюулгүй хүчин зүтгэж явсан бөгөөд тэдний нөхөрлөл энэ үеэс эхлэлтэй аж. Улмаар 2012 онд Ж.Батзандан УИХ-ын гишүүн болоход Г.Аюулгүй түүний туслах, зөвлөхөөр нь ажиллаж эхэлжээ. Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иуд нь Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болсноос долоон сарын дараа Капитал банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл аваад, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс нь долоон сарын өмнө зээл авсан компаниудаа дампууруулжээ.
Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн “Азийн бамбар” ХХК нь 2013 оны нэгдүгээр сарын 31-нд “Эсгий, эсгий эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх, Монгол гэр төсөл"-өөр 4.5 тэрбум төгрөг авчээ. Энэхүү зээлийн санхүүжилт нь Капитал банкаар дамжсан болохоос биш Хөгжлийн банкны бондын санхүүжилттэй буюу 888 төслийн шугамаар олгогдсон дамжуулан зээл байжээ. Гэвч Г.Аюулгүй зээлээ төлөхгүй явсаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ний өдрийн 102/ШШ2019/03227 дугаартай шийдвэрээр “Азийн бамбар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар татан буулгажээ. “Капитал” банкны эрх хүлээн авагчийн зүгээс “Азийн бамбар” ХХК-иас 8.7 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд татан буугдсан учраас барьцаа хөрөнгүүдээр өрийг нь төлүүлэх шийдвэр гарчээ. Онцлоход, Капитал банкны зээлээ үл хөдлөх хөрөнгүүдээрээ төлж барагдуулах чадамжтай компанийг "Төлбөрийн чадваргүй" хэмээн татан буулгасан нь зээлээ төлөхөөс зайлсхийсэн арга гэж Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т хаягласан гомдолдоо тусгаж байжээ. Харин “Элит цамхаг” ХХК нь 2013 оны долдугаар сарын 22-ний өдөр “Блокны үйлдвэр байгуулах төсөл”-өөр 7.0 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зургаан жилийн хугацаанд авсан зээлийн тал хүрэхгүйг нь төлж, үлдсэнийг нь буюу 3.8 тэрбум төгрөгийг нь төлөөгүй тул “Капитал” банкны эрх хүлээн авагчийн зүгээс 7.7 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд ханджээ.
“Эрдэнэс таван толгой” ХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ үзэглэж, 379 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэдэг давуу эрхтэй компани бол “Грийт монгол транс” ХХК. Уг компанийг 2016 оны есдүгээр сарын 30-нд Улсын бүртгэлийн 6111297 регистрийн дугаартайгаар Гадаад худалдаа, Худалдааны зуучлал, Авто машины сэлбэгийн худалдаа, Авто машины засвар, үйлчилгээ, Авто машинаар ачаа тээвэрлэх, Хүнд машин механизмын түрээс, сэлбэгийн худалдаа, Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үүсгэн байгуулжээ. “Грийт монгол транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах Галсанжамцын Аюулгүй. Тэрбээр 2016 онд Цэрэннадмид Мөнхсайхан, Балдандорж Мөнх-Эрдэнэ гэх хүмүүстэй хамтран уг компанийг үүсгэн байгуулсан байна. Г.Аюулгүйн үүсгэн байгуулсан “Грийт монгол транс” ХХК нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэх. Гэхдээ Г.Аюулгүй хүмүүстэй хамтран эзэмшдэг байсан компаниудынхаа хувь эзэмшлээс нэрээ хасуулж, нүүрс тээврийн бизнесээс бүрэн гарсан гэж харагдахаар тэмдэглэл хийлгэсэн ч “Грийт монгол транс” ХХК-ийнхаа 60 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүй толгой мэдэж компани байгуулсан юм биш, “эзэн”-ийхээ даалгавраар компани байгуулж, ногоон гэрлээр нүүрс тээвэрлэж байгаа гэх. Ташрамд дурдахад, Хөгжлийн банкнаас 888 төсөл болон ЖДҮХС-ийн санхүүжилт бүхий зээлийг Капитал банкаар дамжуулан аваад эргэн төлөөгүй буюу дампуурахад нь нөлөө үзүүлсэн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудыг эзэмшигч Г.Аюулгүй гэгч нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах, ШИНЭ намын дэд дарга, басхүү түүний бизнесийн хамтрагч. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний төрсөн ах, дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, түүний туслах Г.Аюулгүй “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гол хүн, нууц ноёнтон байсан гэгдэх нь харагдаж байна.
Мөн түүний ах Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ Дарханы замтай холбоотойгоор бусдаас их хэмжээний авлига авч, бусдад давуу байдал олгосон, хөрөнгөжсөн байдал нь тодорхойгүй гэх хэргээр шалгагдаж, хоригдож байсан билээ. Тэрбээр 2020 оны долдугаар сард Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оны есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон байдаг. 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы зам юунаас болж удааширч байгаа нөхцөл байдалтай танилцахаар газар дээр нь ажилласан. Тухайн үед тэрбээр төслийн ажил удааширсан шалтгаан, алдагдсан боломжийн өртөгийг тооцоолох, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцох үүргийг АТГ-ынханд өгсөн байдаг. Үүний дагуу Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг холбогдуулан шалгаж байсан билээ.
2008 оны долдугаар сарын 1-ий үймээнээр таван иргэн амиа алдаж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тухайн үед амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн ЦЕГ-т гомдол гаргаж жагсаал эхлүүлсэн, үймээн болтол нь дэвэргэсэн хүмүүст хариуцлага тооцохыг дахин шаардаж, 16 жилийн өмнөх явдлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Долдугаар сарын 1-д үймээн самууныг Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг өдөөн турхирсан гэгддэг. Түүхийг нэхэн санавал, 2018 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын тав дахь удаагийн сонгууль явагдаж, МАХН 41, АН 29, бусад намууд дөрвөн суудал авсан. Маргааш нь буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өглөө БНН-ын дарга Б.Жаргалсайхан буюу “Буян” Жагаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, О.Магнай нар “МАХН-ынхан сонгууль луйвардсан” хэмээн хатгаж, ятгасан хэвлэлийн хурлууд хийж, иргэдийг төв талбайд цуглуулсан. Улмаар “Буян” Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нар төв талбайд жагсагчдыг МАХН-ын төв байр буюу одоогийн Тусгаар тогтнолын ордон руу дагуулан авч явсан. Ингэснээр МАХН-ын төв байрны гадаа цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, МАХН-ын байр шатаж, эцэст нь дөрвөн иргэн буудуулж, нэг иргэн шатаж амиа алдсан. Тухайн үед “Буян”-гийн Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нарыг жагсаал зохион байгуулсан, иргэдийг өдөөн турхирч, үймээн самуунд уруу татсан гэж үзэж Ганц худагт цагдан хорьсон боловч жил ч бололгүй батлан даалтад гаргаж, удалгүй Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон байдаг.
ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ЖАЛБАСҮРЭНГИЙН БАТЗАНДАН |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |