• Өнөөдөр 2025-04-22

ХҮН-ААС ЖАГСААЛТАД ЖАГСАГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-05-23,   1030

      Т.Доржханд МАН-ын халаасанд дөрвөн жил “бойжиж”, улс төрийн “хөзөр” нь болж явсныхаа хүчинд ХҮН анх удаа сонгуульд дангаараа оролцохоор боллоо. Эрх баригч намынхаа хаяаг нь маналцаж, хэлсэн болгоныг нь хийхгүй бол улс төрөөс “няслуулчих” гээд байсан Т.Доржханд нам толгойлох дархлаатай болжээ хэмээн иргэд харж байна. Тус нам 2024 оны УИХ-ын сонгуулиар авлига, хулгайд цэг тавьж, хөгжил цэцэглэлт рүү хөтөлсөн үр дүн гаргах цаг нь болсон гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тэдний энэ зорилго, тодорхойлолт ч олон нийтэд ихээхэн таалагдаж, гурав дахь сөрөг хүчинтэй болох нь гэх хүлээлттэй байгаа гэнэ. Харин тус намын жасгаалтад жагсагчдын заримыг нь хэн бэ гэдгийг товчхон дурдъя. 

-МАН-ЫН “УТСАН ХҮҮХЭЛДЭЙ” Т.ДОРЖХАНД ЖАГСААЛТАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

      МАН-ынхантай харцаараа ойлголцдог гэх Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригч намын хаяанаас салсангүй. Түүнийг МАН-ынхантай гар барилцсан гэдгийг улстөрчид хүртэл чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан удаатай. ХҮН энэ жилийн сонгуулиар парламентад суух суудлынхаа тоог нэмэхийн тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ынхны өгсөн даалгавар бүрийг нэг бүрчлэн биелүүлж, үлээх ёстой шүгэл бүрийг нь үлээсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд нүүрсний хулгай, ногоон автобусны хэргийг тэрбээр гуравдагч сөрөг хүчний дүрд орж “сэвдэг” байсныг ард түмэн гадарлаж байгаа. Мөн тэрбээр эрх баригч намынхаа ах нарыг ах дүү, үр хүүхэд, хамаатан садныхаа бамбай болгож явсан. Түүний төрсөн ах Т.Лувсандорж нь нүүрсний бүлэглэлийн хамгийн том төлөөллийн нэг гэгддэг. Бас Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид гэх. Мөн түүний хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33.454 ам.долларын зээл авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан. Улмаар 2022 оноос Лондонгийн “JP Morgan” компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж байгаа ажээ. Харин Т.Доржханд өөрөө Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд АНУ руу явсан. Улмаар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2015 он хүртэл хоёр жил гаруй ажилласан байдаг. 

-ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ О.СИЙЛЭГМАА МАН-ЫН ХҮН ҮҮ

       Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлэгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийн бусдын боломжийг хулгайлж, БЗС-аас зээл авч, гадаадад сурсан болохыг олон нийтэд зарласан. БЗС-гийн хулгайг ерөнхийдөө ухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд асан одоогийн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дээр тусдаг. Тэрбээр БЗС-гийн хэрэгтэй лав гурван сэжмээр холбогддог. Тухайлбал, тэрбээр сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус зээлийг бусдад давуу байдлаар олгосон гэдэг. Хоёрдугаар охиноо БЗС-гийн зээлээр гадаадад сургасан болох нь задарсан. Гуравдугаарт, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдын зээлийг тэглэсэн асуудал нь түүнийг Ардчилсан намын тойрогт нэр дэвшээгүй гол шалтгаан болсон байж мэдэх. БЗС-гийн асуудал бол түүний хувьд хамгийн эмзэг сэдэв нь. Тус хулгайн хэрэгт АН, МАН-ын аль алиных нь гишүүд нэр холбогдож байсан ч хамгийн дуулиантай нь, хэргийг нуруун дээрээ “үүрэх нь” Л.Гантөмөр болчихоод байгаа. Тийм учраас Хөгжлийн банк, нүүрсний хэргийн араас МАН-ынхан О.Сийлэгмаагаар Л.Гантөмөрийг муухай харагдуулах шүгэл үлээлгэсэн байж мэдэх.

-Д.ГАНТУЛГА Х.БАТТУЛГЫН ХҮН ГЭВ ҮҮ

       ХҮН-ын Д.Гантулгыг “Суруга Монгол”-ын хэрэгт буюу А.Гансүхийн дүүгийн мэдлийн “Монгол корпорэйшн” ХХК-д хамаарал бүхий хүн гэж зарим улстөрчид үздэг. Ингээд тэр “Буурал” хочит А.Гансүхэд харьяалагдах болсон. Харин “Буурал” А.Гансүх нь  Ардчилсан намаас угшилтай. Тэр дундаа Х.Баттулгын хүн гэгддэг. Тухайлбал, Х.Баттулгыг Зам, тээврийн сайд байхад нь дэд сайдаар нь ажиллаж байсан. Ерөнхийлөгч болж дэвшихэд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболдын туслахаар ажиллаж байсан гэхээр яах аргагүй Ардчилсан намын хүн болчихоод байгаа. 

-ЛУТААГИЙН ЭНХНАСАН

       ХҮН-аас 2024 оны парламентын сонгуульд жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 хүнээс жагсаалтын хоёрдугаарт Л.Энхнасан бичигдэж байна. Тэрбээр олон улсын аялал жуулчлалын мэргэжилтэн бөгөөд 2022 оноос одоог хүртэл ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй юм. 2004-2005 онд "Зам тээвэр, аялал жуулчлалын яамны АЖБЗГазар"-т Аялал жуулчлалын мэргэжилтэн, 2007-2009 онд "Зам тээвэр, аялал жуулчлалын яамны АЖБЗГазар"-т мэргэжилтэн, 2009-2010 онд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга, 2010-2024 онд “Тахько” ХК-нд Гүйцэтгэх захирал, 2024 оноос “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

ТӨРСӨН НУТГААСАА ТЕНДЕР “ТОНШИГЧ” П.ГАНЗОРИГ

      ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг улстөрч болохоосоо өмнө тэр “Даатгал”-ын П.Ганзориг гэж танигдсан. Одоо бол НИТХ-ын төлөөлөгч Пүрэвжавын Ганзориг. Гэхдээ хувийн бизнесүүд нь хувьсгалын ажлаас нь илүүтэй цэцэглэж байгаа. Тэр хувьд төрсөн дүү нар болох П.Гантогоо, П.Гантулга, П.Эрдэнэбаатар болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн нартай хамтран барилга, даатгалын бизнес эрхэлдэг. Тухайлбал, төлөөлөгч П.Ганзориг түүний төрсөн дүү Пүрэвжавын Гантогоо, УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр Уламбаярын Сийлэн нар “Их эрин констракшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг байсан. Харин 2020 оны сонгуулийн өмнөхөн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн, Төлөөлөгч П.Ганзориг нар нэрээ хасуулж, түүний төрсөн дүү П.Гантогоо ганцаараа эзэмших болжээ. “Их эрин констракшн” ХХК нь хот, хөдөөгүй барилга барьдаг. Гэхдээ төлөөлөгч П.Ганзоригийн гэр бүлийнхэн Хөвсгөл аймгаас гаралтай тул түүний дүү П.Гантогоо нь “Их эрин констракшн” ХХК-иараа Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийн барилгын тендерүүдийг илүүтэй “түүдэг” болсон. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, спорт заал барих 10.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих 4.0 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Үүнээс өмнө нийслэлийн хэд хэдэн тендерүүдэд оролцож явсан гэх.

-УИХ-ЫН ДАРГА АСАН ГОНЧИГДОРЖИЙН УЯНГАХИШИГ ХҮН-ААС НЭР ДЭВШСЭН ШАЛТГААН ЮУ ВЭ

      Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалсан. Хуулийн компанид мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Үүний дараа “Шунхлай групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар хоёр жил, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар гурван жил ажилласан. Одоо “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх. Түүний аав Р.Гончигдорж нь Монголын нэрт математикч, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтнээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргын албыг хашиж ирсэн туршлагатай парламентч гэдгийг олон нийт мэднэ. Харин одоо Г.Уянгахишиг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр УИХ-ын гишүүн болохоор хүч үзэж байгаа. Түүнийг Ардчилсан намаас биш ХҮН-аас нэр дэвшсэнд олон хүн гайхаж байгаа.  

-ХУУРАМ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДСЭН ГЭГДДЭГ БАДРАХЫН НАЙДАЛАА

       ХҮН-ын УЗ-ийн дарга Б.Найдалаа, Т.Доржханд нарыг хуурамч бичиг баримт үйлдэн ардчилалд аюулд учруулж, улс төрийн тогтолцоог бүхэлд нь гажуудуулах уршигтай, “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, хуурамч баримт бичиг үйлдэн ашигласан гэх хэрэг гарч байв. мөн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хангалттай үндэслэл, баримт тогтоогдсон зэрэг үндэслэлээр Энэ бүх хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад иргэд хандсан байдаг. Тэрбээр СЭЗДС-д багш, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан. Сүүлийн үед улстөрд идэвхтэй оролцох болсон юм. Тэрбээр жилийн 55 сая төгрөгийн орлоготой. 620 сая төгрөгийн нийтийн хоёр орон сууц, 80 сая төгрөгийн Lexus 570 автомашинтай. Мөн 180 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 30 сая төгрөгийн хадгаламж, 361 сая төгрөгийн зээл, 41 сая төгрөгийн авлагатай. "ЭсДиБи" ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

-ХҮН-ЫН ЛИДЕРҮҮДИЙН НЭГ Б.МӨНХСОЁЛ

      Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Б.Мөнхсоёл жилийн 12 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2.2 тэрбум төгрөг. Мөн 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 367.9 сая төгрөгийн автомашин, 367 сая төгрөгийн үнэт эдлэл, 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Эн Си Си Эс ХХК, Токикен ХХК, Токикен Интернэйшнл ХХК, Т-Ар-Кю ХК-иудын хувьцаа эзэмшдэг байна. 

-16 НАСТАЙДАА АНГЛИ ХЭЛНИЙ БАГШААР АЖИЛЛАСАН Ц.АЛТАНСОР

    16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 20 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал. Тэрбээр МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна.

-ЗОДООН ХИЙДЭГ Д.ҮҮРЦАЙХ

      ХҮН-ын гишүүн Д.Үүрцайхтай “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцож байхдаа Х.Бат-Ялалттай маргалдаж, зодолдож буй бичлэг нь ил болсон. Тэрбээр тухайн үедээ  “Аргумент” нэвтрүүлэгт гурвуулаа оролцсон. Нэвтрүүлэг эхэлснээс хойш Х.Бат-Ялалт бид хоёрыг яриулахгүй, хөтлөгчийн зааврыг ч дагахгүй бүдүүлэг зан гаргасан. Мөн намайг “Үзэл бодолгүй” хэмээн доромжилсон. Түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор миний эрх чөлөөнд халдсан. “Та нар амьдрал мэдэхгүй” гэхээр нь би “Надад ядарсан ах, дүү, найз нөхөд бий. Бас боломжтой нь ч бий” гэтэл намайг “Дуугүй бай” гэсэн. Тэгэхээр нь би “Чи миний дуугүй байхыг заахгүй шүү” гэсэн чинь босож ирээд цохисон хэмээж байсан юм. 

       ХҮН-ын жагсаалтад багтагсад улс төрд удаагүй салбар, салбарын төлөөлөлүүд байгаа аж. Т.Доржханд "Төвийн бүсэд инженерүүдийг, хангайн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх багаа явуулж байгаа. Харин говийн бүсэд инженер, эдийн засагчдын багаа явуулж байгаа. Зүүн бүсэд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг, Хан-Уул дүүрэгт эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ. ХҮН санал авахын тулд гишүүдээ нэр дэвшүүлнэ гэж бодохгүй байна. Олонд танигдаагүй ч номын санд олон сар, жил суусан, үзэл бодолтой, ажил хэрэгч гишүүдээ нэр дэвшүүлээгүй. Энэ бол Хүн намын ялгарал. Нэр дэвшигчдийн 70 хувь нь доктор, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй байна. Монголын төрд мэдлэг, боловсролтой мэргэжлийн багийг бүрдүүлсэн нам бий болсон. Манай намынхан худал хэлж, хулгай хийхгүй гэдгийг хэлье” гэж байсан билээ. Түүний адилаар улстөрд шинэ боловсон хүчингүүд хүч сорин өрсөлдөж байна.


ХҮН-ААС ЖАГСААЛТАД ЖАГСАГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 12:17:06
    S: SEKSEER ZYGAATSI80955877 40DSH
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 11:41:30
    Zochin: Naidalaa, Munkhsoyol, Gantulga, Uurtsaih 4 iiguu Dorjhandiin araas 2,3,4,5-t bairluulaachee. Olond tanigdsanaaraa ch ene 4 ingej bairlah erhtei. Tegehgui bol tanai namd sanalaa ugmuurgui bolj bna.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188