• Өнөөдөр 2025-04-22

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГУУЛЬД НЭР ДЭВШЛЭЭ

2024-05-21,   456

      УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвслүүд тойргоос болон жагсаалтаар нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд тогтоолоо өргөн мэдүүлснээ мэдэгдсэн. Намууд энэ жилийн сонгуульд салбар салбарын төлөөллүүдийг жагсаалтад багтаана гэдгээ мэдэгдсэн. Улмаар жагсаалтын эхэнд инженер, эрдэмтдийн төлөөлийг эрэмбэлж байгаагаа албан ёсоор зарласан билээ. Харин тэдний дунд сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн байгууллага удирдаж байгаад УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан хэвлэлийн төлөөлөгч нар нэр дэвшиж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, УИХ-ын даргын ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжцамц, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Д.Энхтуяа, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Энхзул нар нэр дэвшихээр болсон. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА Ө.ЗОЛБАЯР

     Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр долдугаар тойрогт буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгаас нэр дэвшихээр болсон. Тэрбээр 2017 оноос У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед нь хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан байсан юм. Сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхлээд 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос  “Ийгл” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан. Ингээд тэрбээр цахилгаан системийн инженер мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллалгүй сэтгүүлзүйн салбарын хүн болсон. 2017 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоход телевизээсээ гарч Засгийн газрын хэвлэлийн албанд ирсэн байдаг. 2021 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдсон билээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР

      Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Тэрбээр өмнө нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж, түүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан гэдэг. 

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.БОЛОРТУЯА ГЭЖ ХЭН БЭ

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг Ч.Болортуяа МАН-аас жагсаалтаар нэр дэвшихээр болсон. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 20-оод жил ажиллаж байгаа юм. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. Мөн АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн гэх. Тэрбээр 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2007-2013 онд "GoGo.mn" сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор, 2013-2021 онд “IKon.mn” сайтын Ерөнхий редактор, 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ.

УИХ-ЫН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ПАРЛАМЕНТЫН СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА Л.НИНЖЦАМЦ ГЭЖ ХЭН БЭ

     Лувсандашийн Нинжжамц 2024 оны сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч, “Петровис” компанийн PR зөвлөх, Статистикийн хорооноос зохион байгуулсан “Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR  зөвлөх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албыг хашиж байгаад 2021 оноос УИХ-ын даргын ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар ажиллаж байна.

 

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Д.ЭНХТУЯА

     Д.Энхзул Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Тэрбээр Олон улсын сэтгүүлч, улс төр судлаач мэргэжилтэй. Тэрбээр 1994-1997 онд Гадаад хэлний дээд сургууль, англи орос хэлний багш орчуулагч, 1998-2004 онд Герман Улсын Карлсруэ хотын Их сургууль, олон улсын сэтгүүлч, 2016-2018 онд Английн Лондон хотын Метрополитаны Их сургууль, Олон улсын харилцаа, Улс төр судлалын Магистрант. Мөн 1992-1998 онд Монголын Үндэсний телевиз сэтгүүлч, хөтлөгч, 2004-2010 онд “Eagle TV”, мэдээний албаны дарга, Ерөнхий редактор, сэтгүүлч, 2010-2012 онд “NTV” телевиз, Мэдээ, шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 онд МҮОНРТ, дэд захирал, 2018 онд "ТВ2" телевизийн Ерөнхий захиралаар ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН ДАРГА А.ЭНХЗУЛ

     Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Энхзул МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Тэрбээр 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН АСАН Ч.ЛОДОЙСАМБУУ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИНЭ 

     Тэднээс гадна яаманд хэвлэлийн төлөөлөгч хийж байсан хүмүүс сонгуульд нэр дэвшиж эхлээд байгаа. Тэдний нэг нь 2012-2016 онд Боловсролын Яамны Хэвлэлийн албанд ажиллаж байсан Ч.Лодойсамбуу Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа. Тэрбээр 2016 онд "Улаан бал" нэвтрүүлгээ хийж эхэлсэн. 2005-2009 онд “Хэвлэлийн хүрээлэн”-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, төгссөн. 2007-2010 онд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, дизайны албаны даргаар ажиллаж байсан. 2009 онд “Өнөөгийн төр” гэрэл зургаараа “Оны шилдэг гэрэл зураг” Гран при шагнал хүртэж байжээ. Мөн 2010-2011 онд “ShuuD.mn” сайтад гэрэл зургийн сурвалжлагч, 2011 оны эхэн үеэс “Шууд” телевизид “Гамбир” ток шоуг хөтөлж, мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байжээ. 

 
 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СОНГУУЛЬД НЭР ДЭВШЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 08:51:26
    зочин : Лодой Шижир энэтэр илүү байнаа хэрэггүй амьтас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188