УИХ-ын сонгуульд нэр дэвших дэвшигчдийн нэр тодорлоо. Донсолгоотой өдөр өнгөрлөө, өчигдөр. Намдаа дэнчингээ өгсөн ч дэвших эрхгүй болсон гишүүн намын Бага хурлынхаа хаалгыг “цөм” өшиглөөд гарч явлаа. “Би энэ намаас гарлаа, би энэ хүртэл зүтгэсэн шүү. Намайг занасаар байгаад дэвшүүлсэнгүй, гэхдээ би гомдоогүй” гээд л хоолойгоо чичрүүлэн байж ярилцлага өгөөд зогсож байх гишүүн ч байлаа. Бараа сүүдэр нь ч харагдахгүй, сүүлээ хавчаад зугтаах гишүүн ч байлаа. Намын гишүүддээ хаягдсан гологдогсод буюу гомдогсодыг танилцуулж байна.
Х.Болорчулуун намдаа “хаягдлаа”. Түүнийг нэр тойрогт нэр дэвшүүлэхгүй гэж үзлээ, МАН. Тэрбээр үүнийгээ Ч.Хүрэлбаатар сайдтай холбож, занаанд орсон гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр гомдоогүй, харин ч гурван удаа итгэл хүлээлгэсэн Дорнодын ард түмэнд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “"Би нэр дэвшсэнгүй. Намын гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Гурван удаа сонгож, итгэл үзүүлсэн Дорнод аймгийнхандаа баярлалаа. Рио болон гадаадын хөрөнгө оруулагчдын гар, хөл болсон Ч.Хүрэлбаатар "Чамайг нэр дэвшүүлэхгүй, харж байгаарай" гэж занаж байсан. Тэр хүний хэлж, занаж байснаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг нь эсэргүүцсэн. Түүнтэй дөрвөн жил тохой нийлүүлэн суусан, ямар хүн бэ гэдгийг нь мэднэ. Тэр хүн намд олон жил бугшсан, мөнгөтэй хүн шүү дээ. Увс аймгийн оюутнуудад мөнгө тарааж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж байна лээ. Ийм олон жил бугшиж, идээ бээр болсон хүнийг дахин битгий гараасай, бүү сонгоосой гэж хүсэж байна. Миний өндөр настай ээж "Миний хүү дахиж дэвших хэрэггүй. Одоо болно" гэж хэлсэн. Би энэ саналыг нь хэсэг хугацаанд бодлоо. Надад албан тушаал санал болгоогүй, би хүлээж авахгүй. Надад гомдох юм алга, ачаа хөнгөрсөн юм шиг сайхан байна" гэсэн.
Гэхдээ тэр өчигдрийг хүртэл дэвших бодолтой, дэнчингээ өгчихөөд, тойргоо усалж байсан. Хэдийгээр би гомдоогүй гэж байгаа ч гомдол нь ил, намын гишүүнтэйгээ түнжин муу байгаагаа ард түмэнд ил зарлав. Тэрбээр Монголын төрд 12 жил зүтгэхдээ нэр цэвэр байгаагүй. “Олон” ч хэрэгт шалгагдаж, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж явлааа. Одоо ч тэрбээр хууль хяналтын байгууллагаас салаагүй, шалгуулж байгаа. Тодруулбал, тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон билээ.
Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн дөрвөн жил хэлээ тасдуулчихсан хүн шиг аниргүй байсаар гэртээ “харилаа”. Тэр намдаа дэвших хүсэлтээ өгсөн ч өөрийнх нь хөтөлж, улс төрд оруулсан гэгддэг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тойргийг нь “булааж” нэр дэвшихээр болов. Ингэснээр Ж.Эрдэнэбат улс төрөөс завсарлага авах “эрх”-тэй боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс, найз Х.Бат-Эрдэнэ нартайгаа хуйвалдаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийн сухайтын нүүрсний уурхайн хажууд байх Улаан сайр-II гэх ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон нь илчлэгдэж, торны цаана сууж байсан. Тодруулбал, Засгийн газраас Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, тухайн байршлуудад олгогдсон байсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Улмаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудад нөхөн олговор хэлбэрээр өөр байршилд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай тогтоол гаргаж, улмаар “Элбэг орд” ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт XV-20923 дугаартай Улаан сайр-I , XV-20922 дугаартай Улаан сайр-II талбайг олгосон байдаг. Гэтэл үүнээс гурван сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Элбэг орд” ХХК нь XV-20922 дугаартай, 1463.8 га талбай бүхий Улаан сайр- II хайгуулын тусгай зөвшөөрлөө Ж.Эрдэнэбат, түүний Ж.Эрдэнэтөгс хоёрын хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Нарийн сухайтын нүүрсний уурхайтай хаяа залгаа Улаан сайр-II ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-д өгч, улмаар Ерөнхий сайдаас буусныхаа дараа тус орд газрыг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа шилжүүлж авсан гэсэн үг. Товчхондоо, Ж.Эрдэнэбат Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрийн болгохын тулд “Элбэг орд” ХХК-ийн нэрийг ашигласан. RЭрдэнэбат, Ж.Эрдэнэтөгс нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон ч хайгуулын ажлаа эхлүүлэх санхүүжилт хэрэгтэй болсон. Тиймээс Ж.Эрдэнэбат 2018 оны долдугаар сарын 5-нд XV-20922 дугаартай, Улаан сайр-II тусгай зөвшөөрлөө өөрийн найз “Алтай групп”-ийн Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлсэн. “Бэст лэнд майнинг” ХХК нь энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахаасаа хоёрхон сарын өмнө буюу 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Эрдэнэ нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг ашиглахад зориулж, “Бэст лэнд майнинг” ХХК-ийг байгуулсан гэдэг.
Г.Амартүвшин өчигдрийнх шиг ганцаараа байгаагүй юм шүү, урьд нь. Тэр ахтай бол ахтай, дүүтэй бол дүүтэй, анд нөхөдтэй бол анд нөхөдтэй явлаа. Хөгжлийн банкийг “дампууруулалцсан” гурвалын нэг “шарк” Г.Амартүвшин жийгдэж, харин Х.Ганхуяг, Г.Дамдинням нар нэр дэвшихээр эрхээ авав. Нэгэн цагт хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгч, “халаас нэгтэй” явсан гурвал энэ сонгуулиар нэгнээ жийж үлдээгээд нөгөө хоёр нь нэр дэвшиж, парламентын суудалд горилох эрхтэй болсон нь улс төрийн байдаг л үзэгдэл, урвалт болж байх шиг.
Хөгжлийн банк дампуурал зарлах эрсдэл дээрээ тулж байх үед олны анхаарлыг хамгийн их татсан хэрэг нь Г.Амартүвшингийн хамаарал бүхий компанидаа 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн явдал байв. Тухайлбал, “шарк” Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-даа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Харин үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг шалгаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт үйлдэн зээл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүнчлэн шалгалтын явцад Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компанидаа гаргуулж авсан 33 тэрбум төгрөгийг зориулалтын бус аргаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байсан. Улмаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффис болон тэдний ах, дүү нарынх гэрт нэгжлэг хийсэн байдаг.
Хачирхалтай нь, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг цагаатгаж, Г.Амартүвшинг улс төрийн тоглолтоос бүр мөсөн гаргаж орхилоо.
Тэр Монголын төрд гай ч тарьсангүй, гавьяа ч байгуулсангүй 12 жил “бүгсэн”. Эцэст нь, Төрийн ордныг орхиж, гэрийн бараа харахаар болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нутгийн ахаа хажуудаа авч, сайдын суудал өгсөн ч Засгийн газрынхаа нэрийг “баастах” дөхсөн нь ч нууц биш. Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс Парис-2024 оны олимпийн наадамд золтой л цагаан тугны дор орчихоогүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын анхааралд орж, ажлын хэсэг байгуулах хүртэл нь төвөг удсан нь ч нууц биш. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрынхаа бодлогын эсрэг зүйлс ярьж нутгийн дүүгийхээ чихнээс хонх уяад амжсан удаатай. Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний компанитай, нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй баримт ч бий. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойш Содномын Жаргалсайхантай хамтран “Атар чандгана сүү” ХХК-ийг эзэмшиж байгаа. Б.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд сүүний чиглэлийн үхрийн ферм ажиллуулж, сүүгээ С.Жаргалсайхан өөрийнхөө “Витафит” ХХК-д авдаг. “Витафит” ХХК нь “Өглөө”, “Өлзий” нэрийн савлагаатай сүүг зах зээлд нийлүүлдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтарч 12 жил сүүний бизнес хийсэн С.Жаргалсайхан 2021 онд нүүрсний бизнест хөл тавьсан. Тодруулбал, С.Жаргалсайхан 2021 оны хоёрдугаар сарын 7-нд “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшигч болсон. Улмаар ганцхан сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг. Энэ мэт маргаантай асуудал түүнд байсаар байтал залуу үедээ зайгаа тавьж өгөх хүсэлгүй байсаар тэр өчигдөр намын Бага хуралдаа оролцлоо. Нэр дэвших хүсэлтээ өгсөн ч нам нь түүнийг дэвшүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл, “Одоо болно доо, амар” гэх шиг боллоо.
Телевизийн эфирээс сонгогдсон Б.Жаргалмаа Монголын ард түмний хүндэтгэл, итгэлийг хүлээж чадсангүй. Судалгаагаар түүнийг муу ажилласан нь илчлэгдэж, дахин сонгогдох нүүргүй болжээ. Намынхан нь үүнийг ч мэдэж, эртнээс “гадуурхаж” ирсэн байна. Намдаа дэвших хүсэлтээ өгсөн эсэхийг мэдэхгүй, ямартай ч тэр дэвших эрхгүй боллоо.
Мөн үүний нэгэн адилаар телевизийн захирал хатагтай, Эрүүл мэндийн сайд асан, иргэдээ улных гэж ангилж, гадуурхаж байсан Д.Сарангэрэл нэр дэвшигчдээс хасагдлаа.
Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур айлыг хэлэхдээ “улны” айл хэмээдэг гэж хэлсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг иргэдийг амьжиргааны түвшингээр нь ялгаварлан гадуурахсан гэх үндэслэлээр сайдын албан тушаалаас нь огцруулсан билээ. Үүний дараахан Д.Сарангэрэл Байнгын хорооны хуралдааны үеэр "Манай дэд сайд ул гэдэг үгийг бид хэрэглэдэггүй гээд зогсож байна. Яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж байна. Тэр батугай судалгаанд ашигласан байна. Үүнийг хэллээ гэж баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Амьжиргааны түвшин доогуур зорилтод бүлэгт хүрч чадахгүй байгаа айлуудаа ингэж нэрлэдэг. Ийм нөхцөлд орчихоод байхад төрийн түвшинд энэ үгийг хүргэхгүй өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөөд байна. Манай монголчууд үгээр хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг ядуу айлууд гэж ойлгоорой. Тэнд очиж ажиллах ёстой" гэж байсан.
Энэ өдрөөс хойш үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж харагдаагүй Д.Сарангэрэл УИХ-д нэр дэвших эрхгүй болсон гомдогсодын нэг болоод байна.
ГОМДОГСОД БУЮУ ГОЛОГДОГСОД |
|
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |