• Өнөөдөр 2024-05-12

Гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан хуульч С.Батхүлэг гэж хэн бэ

УИХ-ын гишүүд төрийн дээд албанд нэр дэвшигчийг дэмжихгүй хэмээн хуралдаанаа олонхоороо орхиж гарсан тохиолдол ховор. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хорооны гишүүд ийн хуралдаанаа орхин гарч, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг дэмжихгүй хэмээн бойкот хийв. 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт, шүүгч, өмгөөлөгч С.Батхүлэг нарыг  томилуулахаар нэрийг нь оруулж ирээд байсан юм. Тэднийг өнгөрсөн лхагва гарагийн Байнгын хорооны хуралдаанаар оруулж, танилцуулсан ч гишүүд шүүгч, өмгөөлөгч С.Батхүлэгийн эрх ашгийн зөрчилтэй хэмээн дэмжээгүй. Ингээд шүүхийн ерөнхий зөвлөлийг С.Батхүлэггийн нэрийг буцаан татахыг сануулсан ч дахин танилцуулсанд гишүүд нэлээд дургүйлхэв. Танилын нүүр халуун гэгчээр түүнийг нутгийн гишүүд нь дэмжиж буйгаар илэрхийлж, дахин зүтгүүлэх бололтой.
 
С.Батхүлэг нь Ховд аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймагт өссөн гэдэг. ОХУ-ын Кубанийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Түүнийг дэмжихгүй гэх шалтгаанаа гишүүд “Голомт банканд удаан хугацаанд ажилласан. Голомт банкны хууль, хуулийн хэлтсийн захирал, удирдлагын зөвлөхөөр олон жил ажилласан учраас эрх ашгийн зөрчил үүснэ” хэмээн тайлбарлаад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Бид шүүх хараат бус байх ёстой гэсэн гол зарчмыг баримталдаг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарчим алдагдаад байна. Өмнө нь бид Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулна гээд шүүхийн эрх зүйн дадлага туршлагагүй хүмүүсийг процессийн болон эрх зүйн алдаа гаргах эрсдэлтэй гэж үзсэн шүү дээ. Гэтэл хоёр дахь удаагаа энэ хүнийг дахиад оруулаад ирлээ. Хуульч хүнийхээ хувьд эрх нь байгаа ч шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй хүн байна. Монгол Улсын шүүхийн байгууллага ямарч чадваргүй дадлага туршлагагүй, хүний нөөцгүй болчихсон юм уу” хэмээсэн.
 
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Батбаяр аа, миний хөгшин одоо болио. Хуулийн шаардлага хангахгүй хүнийг удаа дараа оруулж ирж байгаа нь УИХ болон УИХ-аар дамжуулж ард түмнээ доромжилж байгаа хэрэг. Энэ хүн таван жил өмгөөллийн товчоонд ажиллаж, 2005 оноос 2015 он хүртэл Голомт банканд ажиллаж байжээ. Голомт банкны ажилтан гэсэн үг” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Иргэд цөхөрч луйварчдаас намайг хамгаална гэж шүүх дээр очдог. Гэтэл луйварчдыг хамгаалаад гаргачихдаг газар нь шүүх өөрөө болчихоод байна. Бид шудрага ёс ярьдагч бүх хэрэг нь шүүх дээр шийдэгддэг. Хуулийн шаардлага хангахгүй байгаа хүнийг нэрээ тат гэж би удаа дараа хэлсэн. Гэтэл ичиж, улайхгүй орж ирээд суучихсан байх юм. Шүүгчдээсээ бас ичээч ээ. Өөрөөс чинь илүү шүүгч байгаа шүү дээ. Би иргэн хүний хувьд чамаас айж байна” хэмээн хатуухан шүүмжилсэн. 
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Энэ хүн 2006 онд өмгөөлөгч болчихсон. Үүнийг чинь бид биш, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо хүлээн зөвшөөрчихсөн. Гишүүд яагаад эсэргүүцээд байгааг би мэдэхгүй. Үндсэн хуульд зааснаар хуульчдаас шүүгчийг шилж, сонгох чиг үүрэг нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд, шүүгчийг бүх насаар нь томилох зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид байдаг юм. УИХ-д танилцуулах үүрэгтэй болохоос гишүүд үүнийг шийдэхгүй. Би энэ хүний нэрийг татах эрх ч байхгүй” гэсэн юм. Ийн С.Батхүлэгийг хувийн байгууллагад ажиллаж байсан хүн Улсын дээд шүүхэд ажиллах эрхгүй гэцгээсэн юм.  
 
С.Батхүлэг нь Голомт банканд арван жил ажилладаг байснаас гадна хэд хэдэн хувийн аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэг юм байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” хэмээх нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” компанийн хувьцааг эзэмшдэг аж. Түүнчлэн “МНКТ пропертиз” буюу үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгдэг ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний ундаа үйлдвэрлэлээр үйл ажиллагаа нь бүртгэлтэй “Эн Ай Жи” ХХК-д хувьцаа эзэмшигч юм байна. 
Ямартай ч түүний болон түүнийг дэмжигчдийн Улсын дээд шүүхийн шүүгч болох, болгох гэсэн энэ удаагийн оролдлогыг УИХ-ын гишүүд таслав бололтой.

Гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан хуульч С.Батхүлэг гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188