Төв аймгийн Монгол ардын намын хорооны даргын албан тушаалаас улс төрийн замналаа эхлүүлж, УИХ-ын гишүүнээр хоёр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож явсан, төрийн өндөр дээд албан тушаалаас буугаад арав гаруй жил өнгөрөөсөн ч тэрбээр одоог хүртэл Монголын төрд нөлөөтэй хэвээр. Тэр бүү хэл улс төрийн хүрээнээс холдох бодол түүнд өчүүхэн төдий ч байхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын төр Ерөнхийлөгч асан Н.Багабандид нэлээд өртэй бололтой.
Төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг экс Ерөнхийлөгч Оюутолгойн ТУЗ-д олон жил Монголын талыг төлөөлсөн. Гэвч Оюутолгойн ТУЗ-д ажиллах хугацаандаа энэ л түүний Монголын төлөө хийсэн ажил байна гээд жишээ татчих баримттай зүйл одоогоор алга. Хамгийн хачирхалтай нь, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх гурван гишүүний нэгээр Н.Багабанди дахин томилогдов. Угтаа бол тус компанийн ТУЗ есөн гишүүтэйгээс зургаа нь хөрөнгө оруулагч, гурав нь Монголын талыг төлөөлдөг. “Монголын талын гурван ТУЗ-ийн гишүүнийг бүгдийг нь солино” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ам гарсан ч Н.Багабанди дээр хүч нь хүрсэнгүй бололтой. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д дахиад дөрвөн жил суухаар боллоо. Үүнийг нь сонссон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байхдаа” хэмээн хатуухан хэлээд авсан. Мөн "Би Ерөнхий сайд болоод Н.Багабандийг Оюунтолгойн ТУЗ-аас болиулж байсан юм. Дахиад байгаад байгаа юм уу. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд байсан бол ёс зүйгээ бодоод, улс орноо бодоод, элдэв олон юм бодоод больчих байсан. Арай үлдчихээгүй байлгүй дээ. Би түүнд захидал бичнэ” хэмээсэн.
Үнэхээр ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон нь түүнд хангалтгүй байдаг юм уу гэж асуумаар. Түүний ХОМ-ийг сонирхвол нэг тэрбум 900 сая төгрөгийн хадгаламжтай, 400 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, “Toyota Land Cruiser 100” маркийн нэг, “Mercedes Benz ML350” маркийн нэг автомашинтай юм байна. Үүн дээр нэмээд Оюутолгойн ТУЗ-ын гишүүн сард 25 сая төгрөгийн цалин авдаг. Ийн Оюунтолгойн ТУЗ-д сонгогдсон гэх хэл ам нь намжаагүй байхад түүний бас нэгэн баримт нь дэлгэгдлээ.
.jpg)
Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн бичсэн “Титэм үг” номоо нэг бүрийг нь 25 мянган төгрөгөөр тооцож, нийт 25 сая төгрөгөөр “Эрдэнэт үйлдвэр”-т зарсан баримт ил болоод байна. Улмаар ном хэвлүүлэх зардал буюу 25 сая төгрөгийг өнгөрсөн зургадугаар сард “Говьтаван хишиг” гэх компани руу шилжүүлжээ. Энэ бол одоогоор олон нийтэд мэдэгдэж байгаа баримт. Түүний мэдэгдэлгүйгээр, мэдэгдэхгүйгээр хийж байгаа хэчнээн “шахаа” Монголын төрөөс түүнийг угжиж байгаа бол гэх хүн олон байна. Уг нь тэр өөрөө “Өсөхийн өлөн өтлөхөд арилдаггүй” хэмээн “айлдсан” байдаг билээ.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди “өлссөөр” л байгаа бололтой |
|