МАН-ынхан энэ жил ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, хүүхдийн мөнгийг нэмсэнээр УИХ-ын сонгуулийн пи-араа амархан хийчихсэн. Ингэснээр парламентад үнэмлэхүй олонх болж, Төрийн эрхийг найман жил барихаар болов. Тэд “Тэтгэврийн хэмжээг нэмнэ, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийнэ” гэх амлалтыг ч иргэдэд өгөөд буй.
Үүний хүрээнд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Н.Учрал нарын боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлж эхэлсэн. Уг хуулийн төсөлд хуримтлал суурьтай хувийн тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэврийн хуримтлал үр хүүхдэд нь өвлөгддөг, үр өгөөж нь тооцогддог байх зохицуулалтыг тусгасан. Одоогийн байдлаар Тэтгэврийн даатгалын санд иргэд 17 хувийн шимтгэлийг сар тутам төлдөг. Үүнээс иргэн өөрөө 8.5 хувийг, аж ахуй нэгж нь 8.5 хувийг төлж байгаа. Харин Хувийн тэтгэврийн тухай хуульд эхний ээлжинд шимтгэлийн дөрвөн хувийг иргэн хувийн тэтгэврийн санд сонгон байршуулж болохоор тусгасан байна. Ингэснээр даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлж байгааг хууль санаачлагчид онцолсон. Харин хуулийн төслийг харьяалагдах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл нь хуулийн төслийг унагаах шахав.
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтад 14 гишүүн оролцсоны долоон гишүүн нь дэмжиж, дөрвөн гишүүн нь санал хураалтын үед танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, нэг гишүүн кнопоо андуурч, хоёр гишүүн татгалзсан санал өгснөөр 7:7 гэсэн саналын харьцаатай санал тэнцсэн. Нийт гишүүдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд оруулж ирж буй саналыг дэмжээгүйд тооцдог журамтай. Ингээд хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Ганбаатар нар дэмжээгүй нь олон нийтийг гайхшруулаад авсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн нь ийн хуулийн төслийг дэмжээгүй нь анхааралд өртөөд байгаа юм. Энэ талаар С.Чинзориг гишүүн “Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ энэ хуулийн төслийн Засгийн газар тун удахгүй боловсруулж оруулж ирнэ. Тэгэхээр хуулийн төслийг хойшлуулаад, Засгийн газрын хуультай хамт хэлэлцэх хэрэгтэй. Томоохон шинэчлэл, тогтолцоо, концефцийн зөрүүтэй асуудлыг Засгийн газар, мэргэжлийн байгууллага, яам нь хийх нь зүйтэй. Юун түрүүнд Нийгмийн даатгалын шинэтгэлийн тухай хуулиа оруулаад ир” гэх байр суурь илэрхийлээд байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Одоо байгаа нийгмийн тогтолцоог татаж унагаж болохгүй. Хариуцлагыг төр үүрдэг. Хувийн тэтгэврийн тогтолцоо руу орлоо, арай ядан шимтгэлээ төлдөг малчид, жижиг наймаа эрхлэгчид орхигдоно. Нийгмийн даатгал дээр асуудал үүсэхэд хариуцагч нь шоронд явдаг. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг би эсэргүүцэж байна” хэмээгээд буй.
Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Засгийн газрын өргөн барих хууль нь зарчмын хувьд дээрх хуулийн төсөлтэй зөрчилдөөд байх зүйлгүй, бид холбогдох яам болон мэргэжилтнүүдтэй хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ хууль гарснаар олон тогтолцоот хувилбар бий болно. Өвлөгдөх, 50 хувийг нь авах гээд боломжууд нээгдэнэ. Баялгийн сангийн хуультай болох шаардлагатай. Иргэд тэдэн жил ажиллаад төдий хэмжээний мөнгө авна гэдгээ мэддэг болно” хэмээсэн. Ямартай ч Хувийн тэтгэврийн тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүдийн олонх хуулийн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Одоогийн татвар төлөгч иргэд төрд зүтгэснийхээ үр шимийг бүрэн дүүрэн хүртэж чадах эсэхийг шийдвэрлэх дээрх хуулиа улстөржүүлэлгүй батлаасай хэмээн иргэд хүлээж байгааг анхаараасай, эрхэм гишүүд.
С.Чинзориг, С.Ганбаатар нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжээгүйн учир юу вэ |
|