УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газар Европын комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг татвараас чөлөөлөх хүсэлтийг Европын Холбооноос тавьсан аж. Гишүүдийн олонх үүнийг дэмжиж, дээрх хуулийг баталлаа.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай улсын гадаад өр энэ оны зургадугаар сарын байдлаар 30.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс 19.1 тэрбум нь аж ахуйн нэгж, компанийнх аж. Харин 1.7 тэрбум ам.доллар нь арилжааны банк, 2.1 тэрбум нь Монголбанк, 7.9 тэрбум нь Засгийн газрын өр байгаа" хэмээн мэдээллээ.
Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталж, 2020 оны дөрөвдүгээр сараас гишүүн орнууддаа хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Үүний хүрээнд Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор тохиролцож, дээрх хэлэлцээрийг байгуулсан аж. Зээлийг 16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нь гурван жил чөлөөлөгдөх нөхцөлөөр, 1.1 хувийн хүүтэй авах гэнэ. Олон улсаас урт хугацаатай, хүү багатай хөнгөлөлттэй зээл авч байгааг дэмжиж буй ч үүнийгээ төсвийн алдагдлыг нөхөх болон үр ашигтай зарцуулахад анхаарахыг гишүүд хэлсэн юм. Ингээд Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталсан юм.
Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус ассоциацаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Засгийн газарт олгохоор болжээ. Үүний 10 саяыг нийгмийн даатгалын шимтгэлийн татан төвлөрүүлэлт, 6.5 саяыг арилжааны банкаар дамжуулан 5-10 сая төгрөгийн, 10-11 хувийн хүүтэй зээл олгоход зарцуулах аж. Уг зээлд 1400 орчим бичил бизнес эрхлэгч хамрагдаж, 4000 орчим ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ. Ингээд дээрх хуулийн төслийг 66 хувийн саналаар баталлаа.
Манай улс 50.8 сая еврогийн тусламж, 120 сая ам.долларын зээл авахаар боллоо |
|