• Өнөөдөр 2024-04-26

Вакцины төлөөх өрсөлдөөн

2020-10-13,   664


Цар тахлын хоёр дахь давлагаа цөөнгүй оронд  эхэлж, цуцлаад байсан хөл хорионы дэглэмийг сэргээж эхэллээ. Улс орнууд өөр өөрсдийн аргаар коронавирусийн халдвартай тэмцэж байна. Вакцины судалгаа, туршилт хэрхэж байгааг бид онцолж байна. 
 

Тулгамдсан асуудал 


БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар “Ковид-19”-ээс сэргийлэх вакцин энэ оны хамгийн тулгамдсан, чухал асуудал болоод байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар байгууллага, компаниуд коронавирусийн эсрэг 200 гаруй вакцины төсөл  хэрэгжүүлж буйн долоог нь эмнэл зүйн III шатанд туршиж байна. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр ДЭМБ коронавирусийн вакциныг гарган авах хугацааг 18 сар гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн ч шинэ төрлийн коронавирус хурдан мутацид орж, хувирч буй нь судалгаа, туршилтын явцыг удаашруулж буй юм. 
“Ковид-19” халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийг 2019 оны арванхоёрдугаар сард илрүүлж, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд вирусийн геном буюу генетик мэдээллийг  Хятадын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд бүрэн тайлж, олон нийтэд дэлгэсэн. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 300 гаруй судалгааг шинжлэх ухааны байгууллага, компаниуд хийж байгаа бөгөөд ДЭМБ-аас дөрөвдүгээр сарын 23-нд мэдээлснээр 83 вакциныг гаргаж авч байгаа гэж мэдэгдсэн бөгөөд тэдний 77-г нь  клиникийн өмнөх шатанд туршсан байна. Ташрамд вирусийг судлахаас эхлээд вакцин үйлдвэрлэх хүртэлх явц долоон хэсгээс бүрддэг бөгөөд 10—15 жилийн хугацаа шаарддаг. 

Хэзээ, хэнд эхний тун ногдох вэ 


ДЭМБ, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага коронавирусийн вакциныг тэгш хуваарилах асуудлыг чухалчилж байгаа ч өндөр хөгжилтэй орнууд олон сая тунгаар урьдчилан захиалж байна. Одоогоор коронавирусээс хамгаалах үр дүнтэй, аюулгүй вакциныг албан ёсоор гаргаагүй, зарим төсөл гуравдугаар шатны туршилт дээрээ явж буй ч АНУ, Их Британи, Япон тэргүүтэй орнууд нийтдээ 1.3 тэрбум тунг урьдчилан захиалсан тухай “Bloomberg” мэдээлжээ. Бэлэн болоогүй, туршилтын шатанд яваа вакциныг ийнхүү үнэ хаян захиалж буй нь орлогын зөрүү, эдийн засгийн үзүүлэлтээс үүдсэн тэгш бус байдлыг улам тодоор харуулж буйг судлаачид онцолно. 

"Хувиа хичээх" ёстой юу 


2009 онд ДЭМБ-ын Вакцины судалгааг ахалж асан Мари-Поль Кини аливаа вакцин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, бэлдмэлийг бүгдэд хүртээмжтэй, тэгш хуваарилах нөхцөл бүрдүүлэхийн чухлыг онцолж байв. Мөн онд гахайн томуу буюу H1N1 вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг хэд хэдэн оронд гарган авсны дунд Австрали ч багтаж байлаа. Вакциныг гаргаж авсан компанид эрх баригчид эхний ээлжинд дотоодынхоо хэрэгцээг хангаад, дараа нь гаднын орнууд руу нийлүүлэхийг үүрэг болгож байв. Цар тахлын энэ үед ч коронавирусийн вакцин гарган авсан тохиолдолд мөн л ийм явдал давтагдах нь дамжиггүй. Хөгжил буурай, эдийн засгийн чадавх муу улс орнууд вакцины араас дугаарласан урт дарааллын хаахна байх вэ, вакциныг хэн, хэрхэн хуваарилах вэ, хамгийн түрүүнд хэнд эхний тунг өгөх вэ зэрэг олон асуудлыг ДЭМБ судалж байна. 
Тус байгууллагын гишүүн орнуудаас гаргаж буйс санаачилгаас харвал, вакцины эхний ээлжийн тунг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг буюу эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд хүртэх ёстой гэнэ. Гэлээ ч вакцин гарсан тохиолдолд “хар амиа бодох” зарчим л үйлчилж, улс орнууд эхний ээлжинд өөрсдийн ард иргэддээ  өгөх, дараа нь гаднын орон руу нийлүүлнэ гэж судлаачид онцолж буй. Жонс Хопкинсын их сургуулийн халдварт өвчин, цар тахал судлаач, мэргэжилтэн Амеш Адальягийн таамаглаж буйгаар хамгийн түрүүнд вакцин гарган авсан улс энэхүү бүтээгдэхүүнд экспортын хориг тавих магадлал өндөр аж. Хэдийгээр НҮБ, ДЭМБ зэрэг байгууллага, улс орнуудын удирдагчид цар тахлын үед хар амиа хичээх зарчмаар явж болохгүйг сануулж, вакциныг тэгш хуваарилахыг уриалж буй ч нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй байна. 


Удаан хүлээж магадгүй 


Вакцин гаргаж авах, турших, үйлдвэрлэх зэрэг бүх л үйл явцад улс орнууд хүчээ нэгтгэх нь зүйтэй гэсэн санаачилгыг Европын орнууд гаргаж буй ч одоогоор цөөнгүй компани, улс орон бие даан судалгаа, туршилт хийж буй. 
ДЭМБ-аас вакцин гарган авахаар ажиллаж буй улс орнууд, төвүүд, компанийн жагсаалтыг гаргаж, мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцах үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гэлээ ч одоогоор найдвартай, хүний эрүүл мэндэд аюулгүй, үр дүнтэй вакцины эрэл үргэлжилсээр. Судлаачдын онцолж буйгаар цар тахлыг зогсоохын тулд бүх нийтийн вакцинжуулалт хийх шаардлагатай агаад хүн бүрт ногдох тунг үйлдвэрлэхэд чамгүй урт хугацаа, их хөрөнгө, хүч орно. “Economist” сэтгүүлийн гаргасан тооцоогоор өдгөө дэлхий дахинд жил бүр таван тэрбум тун вакцин үйлдвэрлэж буйн 1.5 тэрбум нь улирлын чанартай ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бэлдмэл байдаг аж. Вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг энэ тоогоор баримжаалбал 7.8 тэрбум хүнд ногдох тунг үйлдвэрлэхэд хамгийн багадаа 1.5 жилийн хугацаа шаардлагатай болох нь. Асуудлын гол нь коронавирусийн дархлаа тогтоохын тулд нэг тун вакцин хангалтгүй байж магадгүй. Хэрэв вакциныг давтан хийх шаардлагатай бол 12-15 тэрбум тун хэрэгтэй. 
ДЭМБ CEPI буюу Эпидемиологийн бэлэн байдал, шинэчлэлийн эвсэлтэй хамтран коронавирусийн халдвар тусах өндөр эрсдэлтэй бүлгийнхэнд зориулан хоёр тэрбум тун вакцин  худалдан авахаар төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөний дагуу 2021 онд эмч, эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насныхан, чихрийн шижинтэй иргэдэд  “Covid-19”-ийн вакцин хийх аж. Гэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 18.1 тэрбум ам.доллар шаардлагатай. 
 


Вакцины төлөөх өрсөлдөөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188