• Өнөөдөр 2024-04-30

ААВ МИНЬ ЯГ ХҮҮХЭД ШИГ

2024-04-13,   5325

           Зургаан настай жаахан охин гартаа цэцэг бариад аавтайгаа хамт хорих ангийн гадна зогсоно. Энэ бол халхын суут хөвгүүн, яруу найрагч Р.Чойном гуай шоронгоос гарч буй өдөр юм. Олны түрүүнд зогсоо аав, охин хоёр бол Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав, түүний бага охин Өнөрсайхан. Түүнд аавтайгаа өнгөрүүлсэн дурсамж олон ч тэдгээрийн дотроос аав нь бусдыг гэдэг сэтгэлийн жимээр хамт хөтлөлцөн явж, олон ч хүний царайд аавынх нь ачаар баярын мишээл тодрон байгааг харсан дүр зураг, тэр мөчүүд илүүтэй ойрхон явдаг байна.

          Энэ талаар дээрхээс өөр нэгэн жишээг тэр өгүүлэхдээ “Нэг удаа аав намайг дагуулаад нэг хүнтэй хамт “Монцамэ” агентлаг хүрэв. Аав замдаа өнөө хүнд “За чи хичээдэг юм шүү, би энд хүнд ажил захисан байгаа. Ороод ажилтай болоод гараад ирээрэй” гэж захиад дотогш оруулсан. Өнөө хүн төд удалгүй “Ажилтай болчихлоо” гэж баярлаад гарч ирж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр хүн бол хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн гуай юм шүү дээ. Энэ мэтээр аавын минь бусдад тусладаг, бусдаас сайн сайхан, гэрэл гэгээтэй талыг нь олж харахыг хичээдэг зангийнх нь илрэл болсон олон сайхан жишээ бий” гэнэ.

            Цаг товлосны дагуу Зүүн дөрвөн замын автобусны буудал дээр байрлах Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд очлоо. Уулзахаар ярьсан зочин маань эндэхийн захирал. Үүдний жижүүр нь “Хэнтэй уулзах вэ” гэхэд, захиралтай нь уулзахаар цаг товлосон гэж хэлж болох байсан ч уншигч танд зочноо ч мөн танилцуулан хэлье гээд, “Ш.Сүрэнжав зохиолчийн охин Өнөрсайхан гэж хүнтэй уулзахаар утсаар яриад ирсэн” гэж зориуд хэлэв. Ингэж бид түүнтэй уулзсан юм. Тэр биднийг аавынхаа шүлгээр бүтсэн шинэхэн шүлгийн түүвэр болох “Нар шингэдэггүй юм” номыг эргүүлэн сууснаар угтсан юм. Мэдээж бидний яриа энэ шүлгийн түүврээс эхэлсэн.

...Үнэн цэх үйлс бүтээсэн хүний

Үлдээсэн нэр нь арилдаггүй юм.

Ургуулсан нар нь шингэдэггүй юм...

            “Аав минь 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд бурхан болсон өдрөөс хойш таван жил өнгөрч байна.  Энэ хугацаанд миний мэдэрсэн зүйл бол бид амьд сэрүүн ахуйд нь үгийг нь сонсож, тэмдэглэж авч байхгүй яав даа. Аав нутгийнхаа талаар олон ч дурсамж, түүх ярьдаг байсан. Жил бүр нутгаараа очиж, Авдарбаян уулаараа, Цантын энгэрээрээ, ногоон дов толгод дээрээ очиж хөрвөөдөг байлаа. Тэр бүрдээ бидэнд олон зүйл ярьдаг байсан ч залуу, гэнэн томоогүй, үргэлж л хамт хажууд байх шиг санаад, яг нэг тогтон тэмдэглэн авсан зүйл хомсхон юм билээ.

Үүнийг илүүтэй мэдэрч байна. Мөн энэ бүхнээс харахад аав минь ямар сайхан зөв амьдарсан юм бэ, ямар олон хүнд тус өгөөжөө өгч байсныг мэдэрч, аав, ээжээс минь тус дэм авсан хүмүүсийн хайр халамжид халгиж, цалгиж, бялхаж байна. Тэгээд энэ удаад аавынхаа хаана ч хэвлүүлээгүй, гар бичмэлүүдийг нь  нэгтгэн хэвлүүлэх ажлын ард гарцгаасан байна. Анх “Нар шингэдэггүй юм” түүврийг хэвлүүлэх тухай охин минь надад хэлсэн л дээ. “Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа ах өвөөгийн бичвэрээс шилж байгаад шилмэл түүвэр гаргая” гэсэн гэж. Ингээд сонгон эмхэтгэж, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Нямдорж ариутган шүүж, охинтой минь хамтран бүтээсэн. Энэ хүүхдүүд өөрсдийн чин хүсэл эрмэлзлэлээр энэ түүврийг хэвлүүлсэн нь сайхан санагдаж байгаа” гээд тэр шинэхэн мэндэлсэн “Нар шингэдэггүй юм” шүлгийн түүврийг сөхөж,

“Атаархлыг амталбал

Гашуунаас гашуун бохь

Атаархлыг атгавал

Гар зүсэх хутга”.

              ***

“Үерхэнэ гэгч өнгө нэгтэй эд

Хээгээрээ нийлэхийг хэлжээ

Үерхэнэ гэгч үндэс нэгтэй мод

Мөчрөөрөө золгохыг хэлжээ” гэх хоёр богино шүлгээс нь дуудан уншлаа. Тэгээд “Ер нь ингээд ойлгоод үзэхэд нар бол уулын цаагуур ордог болохоос шингэдэггүй юм байна. Үүнтэй адил хүний амьд ахуйдаа хийж, бүтээж, зөв явсан үйл хэрэг гэдэг бол хүнийг бурхан болж, тэнгэрийн оронд явсан ч дурсагдан яригддаг  гэдгийг аавынхаа үйл хэрэг, зохиол бүтээлээс тод харж байна” гэж тэр шинэ түүврийнх нь тухайд болон ааваасаа хойших орон зайд ухаарч ойлгосон, үе үе ч бодолд нь ургаад буй бүхнээсээ уудлан ярилаа. Цааш бид Ш.Сүрэнжав гуай хүүхдүүддээ юу гэж захидаг байсан, зан чанар болон дууны үг, кино зохиол, ботиудынх нь тухай ярилцсан.

-ААВЫН ҮНЭТ ҮГ-

        “Аав минь бидэнд хүнд талархаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг сургасан. Алга болохгүй, хулгайд алдахгүй хамгийн найдвартай эд хөрөнгө бол толгой доторх эрдэм” гэж захидаг байлаа...”

         “Би 2005 онд БНХУ-д химийн бүтэц ба хавдрын эсрэг судалгаагаар докторын зэрэг хамгаалан сурч ирээд, өөрийгөө л их мундаг эрдэмтнээр бодож, ажлаа солих тухай аавд дуулгав аа. Тухайн үед Шангрилагийн байр баригдаж байсан. Тэгээд хятад хэлтэй, Хятадын талтай харилцаа холбоо сайтай хүн менежрээр авна гээд. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байсан цалин 120 мянга. Өнөө менежрээр авна гэсэн газар маань 600 долларын цалин амлаж байлаа. Тэгсэн аав харж байснаа “Ер нь чи яагаад ажлаа солих гээд байгаа юм” гэдэг юм байна. Би ч мөнгөтэй болно, ахиу цалинтай л гэлээ. Аав “Манай удамд мөнгөтэй чинээтэй, баян хүн байгаагүй. Харин эрдэм номтой улс хэд хэд байсан. Чи тэр мөнгөө юунд зарах гэсэн юм. Нөхөр чинь ажил хийгээд хүүхдүүд чинь болж л байна. Аав, ээж хоёр нь ч бас чамаас гар гарахгүй. Тэгэхээр миний охин мөнгөтэй болоод юунд зарах гэсэн юм. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жилдээ зовдог. Энэ сайхан хамт олон чинь чамд ийм сайхан хүндэтгэл үзүүлээд, чамайг эрдэм ном сурахад явуулаад, эргээд ирэхэд чинь сайхан угтаж байхад, ингэж мөнгөний хойноос өөр ажил хийх гэж байгаа чинь нэг л зохимжгүй юм даа” гэсэн. Тэгээд би тэр жилийнхээ аравдугаар сарын 1-нд буцаад ажилдаа орсноор өдгөө энэ байгууллагадаа 30 гаруй жил захирал нь болтлоо ажилласан байна. Аав минь тэгэхэд үнэхээр алсыг харж, үнэт үгийг надад хэлсэн байгаа юм. Ингэж биднийг ухаанаараа хүмүүжүүлж, хүн болгож, ажил амьдралын замд зөв залж байсан” гэнэ.

-ААВ БИДЭНТЭЙ ХАМТ ЭЭЖИЙН ХҮНД ӨГӨХ ГЭСЭН ХАМАГ ЧИХРИЙГ НЬ НУУЦААР ИДЧИХЭЭД, МЭДСЭН ХОЙНО НЬ ГАНЦААРАА БУРУУГАА ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА-

         Ш.Сүрэнжав зохиолчийнх дөрвөн хүүхэдтэй айл аж. Том охин нь МУИС-ийн монгол хэлний ангийг сэтгүүлчээр төгсөж аавынхаа ажлыг өвлөсөн бол хүү нь Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн ангийг төгссөн байна. Харин дунд охин нь эмч мэргэжилтэй бөгөөд Анагаахын ухааны доктор, клиникийн профессор цолтой, Улсын нэгдүгээр эмнэлгийн уушигны тасгийн эрхлэгчээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ сууж, өдгөө "Асралт мед" эмнэлэгт ажиллаж байгаа гэнэ. Харин зочин маань "Намайг хүмүүс эмнэлгийн салбарт ажилладаг болохоор эмч гэж ойлгодог. Би МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн шүү дээ. Тухайн үед хүнсний институд гэж байгаад одоо энэ байгууллагаа удирдан ажиллаж байна" гэв.

   Их зохиолч хүүхдүүдээ бага байхад нь номын сангийнхаа урд суучихаад номын худалдагч болон тоглодог байсан талаар Өнөрсайхан эгч хуучилна. “Аав их гоё номын сантай. Өөрөө ч “Хэрвээ бурхны орон, хойд төрөл гэж байдаг бол миний хоргодох юм энэ номын сан л юм шүү, өөр одоо би юунд ч энэ ертөнцөд хоргодохгүй” гэдэг байсан. Бид аавыгаа хүндлээд одоогоор номын санд нь гар хүрэхгүй байгаа. Нэг өдөр тухтайхан тойрч сууж байгаад аав минь номын сандаа ямар сайхан арвин эрдэнэс, хэчнээн гоё зүйлийг хадгалаад үлдээснийг задалж үзнэ гэж боддог" гэсэн нь аргагүй зохиолч хүний үр хүүхдэдээ үлдээдэг том хөрөнгө номын сан юм даа гэсэн бодлыг ч төрүүлж байв. 

-Таны ярианд аав тань эрдэм номоор та бүхнийг хүмүүжүүлж, амьдралын замд хөтөлсөн тухай олон дурдагдлаа. Хүүхэд шиг цайлган зантай, мөнхүү омог дүүрэн хүн байсныг нь цөөнгүй хүн дурссан байдаг. Охиных нь хувьд та зан чанарынх нь тухай илүү ойр өгүүлэх болов уу?

       -Аав минь яг хүүхэд шиг. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Цогзолмаа гуай “Гэнэн цайлган хүүхэд шиг зантай, бас тэгээд их тийм омголон” гэсэн нь аавыг минь их онож хэлж дээ гэж бодогддог юм. Айхтар хүний үг сонсоод хууртагдаад дуугүй томоотой явдаг хүн биш. Цагаан цайлган сэтгэлтэй мөртлөө хэлье гэсэн үгээ хэнд ч хэлдэг хүн байлаа. Харин багад бол их хөгжөөнтэй, сахилгагүй байсан санагддаг. Ямар сайндаа бидэнтэй нийлж ээжээс нууцаар чихэр хулгайлж идчихээд, “Ээждээ хэлэхгүй шүү” гэдэг байсан. Ээж минь их дэлгүүрийн ажилчдын бага цэцэрлэгт насаараа ажилласан хүн. Хайрцаг дүүрэн нар хамба, модтой чихэр авчраад шүүгээний дээд талд хийчихээр аав  бид тэндээс гаргаж идчихээд, сэмхэн хайрцгийг нь буцаагаад тавьдаг байв. Бидний энэ хэрэг манайд хүн орж ирэхэд л баригдаж байгаа юм даа. Ээж минь орж ирсэн хүнд чихэр гаргаж өгөх гэхдээ л чихэр идсэн хэргийг илрүүлж, “Хэн идсэн” гэхээр аав минь бидний өмнөөс буруугаа хүлээдэг байсан. Буруу хэрэг хийсэн бол үнэнээр л хэлдэг хүн байв. Энэ зөв зан чанар нь бид дөрөвт бий.

-Ээжид тань зориулсан олон сайхан шүлэг байдаг шүү дээ. Дуу болсноос “Намуун үдэш” байх аа?

        -Тийм ээ. Ээжид минь зориулан 19 настайдаа бичсэн  “Намуун үдэш” шүлгээр бүтсэн дуу бол хүмүүсийн дунд ардын дуу шиг хүрсэн дуу.

“Намуун үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтнуунд

Уужим хорвоо онцгой сайхнаа...” гээд 1960 онд бичиж байсан шүлэг нь. Өөр зөндөө шүлэг бий. Тухайлбал,

“Цэндээ гэдэг бүсгүйг

Орчлон надад

Оноож өгснөөс хойш

Хайрынхаа өргөөний

Хаалгыг

Хадагтай та нарт

Нээхээ больсон хүн дээ би…” гэж 1979 онд бичсэн шүлэг нь байдаг.

-“Миний ардын сэтгэл цагаан”, “Төрсөн нутгийн бараа”, “Итгэлийн дуу”, “Бүсгүйчүүд”, "Сувилагч тандаа баярлалаа" зэрэг олон сайхан дууны үг, “Багш” найраглал, “Ерэн баатарын дууль”, “Нэр”, “Гар”, "Би тэнгэрийн хүү" гээд олон сайхан бүтээлийг нь бид амтархан уншиж, өдгөө ч цээжилсээр байна шүү дээ. Мөн “Цэц магнай”, “Гарьд магнай”, “Тод магнай” гурван дэлгэцийн бүтээл нь байна. Өөрөө бүтээлээ үзэх дуртай хүн байсан уу. Та мөн одоо дууг нь сонсоод, киног нь үзэх бүрд аав тань санагдаж, үгүйлэгддэг болов уу?

              -Мэдээж тэгэлгүй яах вэ. Аав өөрөө киногоо их үзнэ. Өөрийгөө телевизийн хүн гэж ярьдаг. Монгол Улсад анх телевиз байгуулагдахад хамгийн анхны нэвтрүүлгийг аав минь хөтөлсөн. Олон ч зүйлийн анхдагч болж байсан. Анх сансарт монгол хүн нисэхэд, Жанрайсаг бурхан манай улсад анх нээлтээ хийхэд хөтлөн хүргэж байсан хүн мөн л аав юм билээ. Өөрийнхөө зохиолыг нь бичсэн гурван киног наадмаар гарах бүрд нь үзэх дуртай байсан. Хүмүүс бол ихэнхдээ "Гарьд магнай" киног үзэх дуртай байдаг бол миний хувьд харин "Цэц магнай" киног айхтар улс төрийн агуулгатай, залуу хойч үедээ эх орноо хайрлах ухаарал хайрласан бүтээл юм даа гэдгийг үзэх бүрдээ мэдэрдэг. Аав минь ямар ч бүтээлээ хувьчлахгүй. Энэ бол түмний бүтээл. Олон хүн үзэж байх нь надад сайхан гэнэ. "Багш" найраглалын ойн баярыг хийж байхад нэг судлаач аавын бичсэн "Багш"  найраглалыг олон улсын бүтээлтэй харьцуулсан байсан. Тэгэхдээ "Энэ бол дэлхийд ховор найраглал юм. Ингэж мэргэжлээр нь бичсэн шүлэгч ховор. Ихэнх нь тухайн хүнд зориулж бичсэн байдаг бол мэргэжлээр нь ингэж бичсэн тохиолдол бараг байдаггүй гэсэн байсан. Харин МУИС- ийн багш нарын хийсэн судалгаагаар "Багш" найраглалыг багш нарын гарын авлага. Багш ямар чадвартай, юуг хийж сурсан байх ёстой, ямар ёс зүйтэй байхыг бүгдийг  нь энэ найраглалд багтааж гэсэн. Үнэхээр уншаад, бодохоор  тийм байгаа юм. "Ерэн баатарын дууль" шүлгээ харин зохиолч С.Удвал гуайтай явж байгаад бичсэн гэдэг.

-Аав тань аль үед илүү зохиол бүтээлээ бичдэг байсан бэ?

             -Аав минь ихэвчлэн шөнийн цагаар бичнэ. Харин шүлэг, зохиолдоо огт засвар хийдэггүй. Нэг суугаад л санаж бодсон зүйлээ байгалийн авьяас, өгөгдөл онгодоороо бичдэг хүн байсан. Үүнийгээ эмээтэйгээ холбон ярьдаг. Эмээтэйгээ есөн нас хүртлээ хөдөө хамт амьдарсан байдаг. Шарав гэж өвөө маань хот руу цэрэгт яваад буцаж ирээгүй юм билээ. Эмээ минь Батцэнд гэх хүнтэй амьдралаа холбож, аав минь гурван сайхан дүүтэй болсон байдаг. Нэг дүү нь Пүрэвсүх гээд "Мандухай цэцэн хатан", "Чингис хаан" киноны зураачаар ажиллаж байгаад 43 насандаа өөд болсон хүн бий. Ах, дүү хоёр Төрийн шагналт гээд хүмүүс их сайн мэднэ. Аавын минь нутаг усныхан нь өөрсдөө нэг тийм толгой холбож ярьдаг, эмээгийнх уран цэцэн үг их зохиолч болоход нь нөлөөлсөн.  "Хэрлэнгийн баръяа" зохиол  нь тэр чигтээ аавын минь амьдралын тухай өгүүлдэг. Тэгэхээр аав бол төрөлх нутаг ус, байгалиас заяасан авьяас билгээ боловсролоор хөглөж баталгаажуулсан хүн. "Говийн зэрэглээ" киноны Арслангийн дүрд тоглодог Г.Доржсамбуу найруулагчийн "Алмай тэнэгүүдийн бүх насаараа хийж чадаагүйг авьяас билэгтэй нь арван хоромд хийнэ" гэх үгийг их хэлдэг, авьяасыг боловсролоор тордохгүй бол зэвэрнэ гэж сургадаг байлаа.

-Сурагч байхад нь хичээлийнх нь сурах бичиг дээр аавын тань шүлэг зохиол байхаар танд ямар санагддаг байсан бэ. Ангийн хүүхдүүддээ бахархан ярьдаг байв уу?

     -Багад бол тийм мэдрэмж бага. Би нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн. Манай ангид Ардын зураач А.Сэнгэцохиогийн охин Одончимэг, "Норовын намтар"-ын зохиолч Д.Содномдорж зохиолчийн охин Навчаа нар сурдаг байлаа. Тухайн үед 120 мянгатын байранд дандаа урлаг соёлын томчууд амьдардаг байж. "Үер" киноны Дэнзэн өвгөний дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Д.Чимэд- Осор гуай, ард түмэндээ алаг морьт хэмээн алдаршсан Л.Дандар баатар, Ардын жүжигчин, нэрт дуучин Г.Түмэндэмбэрэл, Ардын жүжигчин Л.Жамсранжав гэх гайхалтай авьяастнууд аж төрдөг байлаа. Бид чинь хүүхэд болохоор том уран бүтээлчид, нэр алдартай хүмүүс гэхээс илүү нэгнийхээ аав, ээжийг л гэж харна. Аавыгаа дагаад айлд ороод тоглоод л явдаг байсан. Эргээд бодоход эгэлгүй сайхан хүмүүс байсан байгаа юм. Тийм ч болохоор би айхтар аав минь зохиолч гэж онцлоогүй санагддаг. Одоо харин би авьяас билэгтэй, мундаг зохиолчийн охин гэдгээрээ бахархдаг.

-ААВЫН ОМГОЛОН ЗАНГ ЭЭЖ УХААНААРАА ДАРДАГ БАЙЛАА-

     "Аав минь хааяа бухимдаж суудаг сан. Манайх, аавынхтай ойрхон болохоор би ажлаа тараад дандаа ордог. Нэг удаа яваад орсон чинь “Өө ёстой муу сайн зэвхийнүүд амьд байхад худлаа ярихгүй. Би нэг юм бичсэн, энийг хэвлүүлнэ ээ" гээд их цухалдуу сууж байна. Тэр нь "Зохиолчдийн тухай үнэнийг хүүрнэхүй"  гар бичмэл байсан. Аавыг тийн ууртай үед нь ээж минь ухаанаараа дарж, аргаддаг байлаа. Амттай хоолонд их дуртай учир гоё хоол хийж өгөөд л тайвшран ярилцаж, нэг мэдэхэд л инээд цалгиулан суугаа харагддаг. Аав харин бие тааруухан байхдаа "Энэ номыг намайг бурхан болохоор хэвлүүлээрэй. Ээж чинь хорьсоор байгаад хэвлүүлээгүй" гээд өнөө гар бичмэлээ надад өгсөн. Би хэвлүүлэхээр хадгалж байгаа. Удахгүй бүтээл болон хүрэх байх. Аав “Хаана тавтай байна чиний эх орон" гэж ярьцгааж байна. Юу гэсэн үг вэ, эх орон, тусгаар тогтнол гэдэг юунаас ч үнэтэй эрхэм зүйл. Хэрэв эх орон хаана ч байж болдог юм бол тэр олон баатарлаг хүмүүс юуны төлөө тэмцэж, амиа өргөсөн болох вэ” гээд их бухимдаж байсан. Түүнээсээ улбаалж “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” кино, "Ерэн баатарын дууль" шүлэг,  "Торгон хилийн зүг" дууны үг бичсэн. Мөн Ю.Цэдэнбал даргад их харамсдаг байсан. Тэгээд “Бал дарга аа магтан дуулья” дууны үг, Бал даргын тухай кино зохиол ч бичсэн. Удахгүй кино болон гарах байх аа" гэж тэр мөн өгүүлнэ. Үргэлжлүүлэн тэдний аавынхаа зохиол, бүтээлийг түгээн дэлгэрүүлж, мөнхжүүлэх гол ажил болох "Шаравын Сүрэнжав" сангийн үйл ажиллагааны талаар бидний яриа өрнөлөө.

-ШАРАВЫН СҮРЭНЖАВ САН-

               "Бид  сангийнхаа хүрээнд нэлээд ажил тогтмол хийдэг. Тухайлбал, Баянгол дүүргийн 78 дугаар сургууль  Ш.Сүрэнжавын шүлэг, зохиолыг хэн мэдэх вэ уралдааныг багш, хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг. Мөн залуу уран бүтээлчдийг урамшуулах, тэдний бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор яруу найргийн баяр наадмыг хоёр жилд нэг удаа хийж байсан. Мөн өөрийг нь амьд сэрүүн байхаас өгсүүлээд Боловсролын яамнаас зохион байгуулж байсан “Багш” найраглалын ойг таван жилийн хугацаатай зохион байгуулсан. Үүний 40 жилийн ойг нь ирэх жил хийхээр бэлтгэл ажил хийж байна. Мөн өөрийнх нь суралцаж байсан Монгол хэл, уран зохиолын ангийн тэхимийг тохижуулах, гэрийнх нь гадаа буюу Хан-Уул дүүргийн 120 мянгатын ханан дээр “Амьдарч байсан” гэсэн хүндэтгэлийн пайз хадах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийнхэн яруу найргийн номын нээлтээ хийдэг тайз талбай байгуулах ажлыг сангийн хүрээнд хийж эхэлсэн" гэнэ. 

   С.Өнөрсайхан эгч өдгөө 130 хүнтэй байгууллагыг удирдаж, эмнэлгийн энэ салбартаа үнэнч тууштай яваа нь аав, ээжийнх нь уугуул хүмүүжил, сургаж залсан эрдэм боловсрол хамгийн их нөлөөтэй гэдгийг давтан өгүүлж, бид дөрөв нэр төртэй, хийсэн бүтээсэн үйлстэй, ард олонтойгоо явсан аав, ээжийн хүүхдүүд гэдгээрээ үргэлж бахархаж, өөрсдийн ажиллаж буй салбартаа толгой өндөр, мөр цэх явахыг эрхэмлэн боддог. Хүний уул натур зан чанарыг гарцаагүй аав, ээж, гэрийн хүмүүжил олгодог гэдгийг нас нэмэх тусам улам ч ихээр мэдэрч, талархаж сууна даа" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.


ААВ МИНЬ ЯГ ХҮҮХЭД ШИГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 03:35:07
    Зочин: Үхээд л өнгөрөх хорвоод ханиа гомдоохгүй байвал хамгийн том гавьяа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 20:55:10
    Уншигч: Ер бусын зөн билэгтэй, онгод авьяас цалгисан онц содон хүн байсан. Залуу насандаа ууж байсан нь үнэн, нэг л өдөр ор тас хаячихсан, жинхэнэ найрагчийн тавилангаар амьдарсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 20:54:00
    Уншигч: Ер бусын зөн билэгтэй, онгод авьяас цалгисан онц содон хүн байсан. Залуу насандаа ууж байсан нь үнэн, нэг л өдөр ор тас хаячихсан, жинхэнэ найрагчийн тавилангаар амьдарсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 17:12:56
    Бямбаа: Өнөөдөр бидэнд ямар зохиол, найраглал үлдсэн нь чухал юмуу ? Хувийн амьдрал нь чухал юм уу? Сайханы өмнө нүд буруугүй, тухайн үед архи идээний дээж, хүндлэлийн нэг хэлбэр байсан шүү, мэдэхгүй юмаа сургаар бүү бич. Хүний дотоод мөн чанар, дотоод сэтгэл гэж хэнбугай ч таньж мэддэггүй, мэдсэн ч таньсанаа хүлээн авдаггүй хар санаа бас байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 10:41:47
    Зочин : Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оруулья гэхэд Тэнгэрт нэг нар байдаг Төв аймагт нэг найрагч байх естой гээд оруулаагүй гэсэн цуу үг сонсож байсан. Сайхан дуунуудтай хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:33:32
    ХУЯГАА: АГУУ ДАА. ЧОЙНОМТОЙ НӨХӨРЛӨЖ ТҮҮНИЙГ ӨМӨӨРЧ БАВУУГИЙН БАВГАРТАЙ 3 УДАА ЗОДОЛСОН ТҮҮХИЙГ СОНСООД "ЭСЭРГҮҮТЭЙ ЭР УЛС НӨХӨРЛӨСӨН ГЭДГЭЭР НЬ БАХАРХДАГ. ТЭР ЭР ХҮН ШИГ ЭР ХҮН ЯВЖЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 09:33:14
    ХУЯГАА: АГУУ ДАА. ЧОЙНОМТОЙ НӨХӨРЛӨЖ ТҮҮНИЙГ ӨМӨӨРЧ БАВУУГИЙН БАВГАРТАЙ 3 УДАА ЗОДОЛСОН ТҮҮХИЙГ СОНСООД "ЭСЭРГҮҮТЭЙ ЭР УЛС НӨХӨРЛӨСӨН ГЭДГЭЭР НЬ БАХАРХДАГ. ТЭР ЭР ХҮН ШИГ ЭР ХҮН ЯВЖЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 20:57:15
    buudai: arhichin ch bai tsootsood duralsan ch bai ehner huuhdee hayagui said darga nariig dolooj sain nuhduu hayagui hovor aviyastnuudiin neg lhagvasuren purevdorj badarch durenjav gedeg aguu amitad 90 baatariin duuliig ni unshaad sonsood uzdee tugsugchdiin suld duu uniar tatsaan havriin oroiiii geed aylaad uzdee nus nulims origuulsan bayr tsengeld avtuulsan aguu amitanshdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 22:28:42
    Иргэн: Авьяастай ч гэлээ архичин хүн байсан гэсэн биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 09:36:13
    Зочин: Сүрэнжав гуйа ч Цогзолмаа минь гээд балайраад явдаг эхнэр хүүхэд гэхээсээ илүү дуучин явдалтай эмээгийнд очоод хэвтчихсэн эхнэр хүүхдийн өөр йн нэрээ боддогүй яруу найрагч байлаа. Залуу байхад зурагтаар Гэр бүлээ бус Цоцо гээд солиороод шүлэг уншаад л бас үлгэр дууриалгүй цайрцан юм бээ гэж боддог байжээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188