• Өнөөдөр 2024-05-02

VIII ТОЙРОГ: СОНСГОЛЧИН, ШҮГЭЛЧИН, ХСҮТ-ИЙН БОСС БА БААРНЫ ЭЗЭД БУЮУ МАН-ЫН ТАВАН ГОРИЛОГЧ

2024-04-21,   4756

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид говийн бүсийн VII тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад Баянзүрх дүүрэг буюу VIII тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. 

АШИГ СОНИРХОЛ “ХАНХЛУУЛСАН” СОНСГОЛЧИН Б.ЭНХБАЯР

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр- Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өсөж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. Дараа нь МУИС-ийг хуульчаар төгсөж, 2000 онд УИХ-ын гишүүн, “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэнгийн туслах болж, төрийн ордны босго алхаж байв. Улмаар 2003 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2009 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга гэж хурган даргын суудал тасралтгүй дамжсан. Ингээд 2011 онд МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болж, Тусгаар тогтнолын ордонд бууриа засаж байв. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн ажиллаад, 2020 онд УИХ-ын гишүүнээр Баянзүрх дүүргээс сонгогдсон. Улмаар өнгөрөгч 2023 онд Х.Нямбаатарын хойд дүр болж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтийд заларсан намтартай. 
 
      Өнгөрсөн хугацаанд Б.Энхбаяр хөгжлийн банкны болон нүүрсний хулгайн нээлттэй сонсголуудыг ахалсан. Удахгүй газрыг сонсголыг ч ахална. Товчхондоо, шулуун зантай, шударга дүртэй харагдаж ирсэн. Тиймдээ ч ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшихээ зарлаад буй. Гэвч Б.Энхбаярын ард ашиг сонирхлын ямар зөрчил нуугдаж ирснийг иргэд тэр бүр мэддэггүй. 
 
“Хөгжлийн банкны хулгай”-н сонсгол ба Б.Энхбаяр
 
     Б.Энхбаяр “Хөгжлийн банкны хулгай”-н нээлттэй сонсголыг анх ахалж, саарал ордны ч, сошиал сүлжээний ч гол дүрээр тодорч байв. Гэвч Хөгжлийн банкны дуулиант 73 зээлдэгчийн нэг, 3.5 тэрбумын зээлтэй “Дорнын цас” ХХК нээлттэй сонсголоос тун цэвэрхэн мултарсан. Тус компани “Хөгжлийн банкны хулгай”-гаар АТГ-т шалгагдаж байгаа компаниудын жагсаалт дунд багтсан атлаа Б.Энхбаярын байцаах компаниуд дотор багтаагүй. Учир нь, “Дорнын цас” ХХК-ийн Ерөнхий захирал А.Амар-Отгон нь Б.Энхбаярын хүргэн. Нөгээтээгүүр, А.Амар-Отгоны “Дорнын цас” ХХК-аас 3.5 тэрбум төгрөгийн зээл авсан огноо Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үетэй давхацдаг. Бүр ноцтой нь, “Дорнын цас” ХХК-ийн Ерөнхий захирал А.Амар-Отгон нь 2020 оны УИХ-ын сонгуулиар хувийнхаа “Боломж фонд” ХХК, “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-уудаар дамжуулан Б.Энхбаярын сурталчилгааны санхүүжилтийг босгож өгсөн байдаг. 
 
“Нүүрсний хулгай”-н сонсгол ба Б.Энхбаяр
 
     Намтарт нь дурдсанчлан, Б.Энхбаяр Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан. Сү.Батболдыг хөтөлж, хормойдсоныхоо хүчинд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болтлоо шат алгасаж харайсан гэцгээдэг. Тиймдээ ч тэр үү, Б.Энхбаяр “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголыг ахлахдаа Сү.Батболдын “цэрэг”-үүдэд тун ч аядуу зөөлөн хандсан. “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд найман компаниар 1.1 сая тонн нүүрс хулгайгаар хил давуулсан гэж дуудагдсан Сү.Батболдын үеэл Ц.Амгалан гэх шавилхан эмэгтэй Б.Энхбаяр ба бусад түшээдийн өөдөөс “агсамнаж” байгаад гарч явсныг нь санаж буй биз. 
 
 “Газрын наймаа”-ны сонсгол ба Б.Энхбаяр 
 
     Б.Энхбаяр тун удахгүй Төрийн ордонд болох “газрын наймаа”-ны нээлттэй сонсголыг ахална. Намтарт нь дурдсанчлан, Б.Энхбаяр 2000 онд УИХ-ын гишүүн, “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэнгийн туслах байсан нэгэн. Хоржоонтой нь, “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд М.Энхболдтой хөтлөлцөөд орж ирэх ёстой хүн бол УИХ-ын гишүүн асан, Б.Энхбаярын анхны дарга А.Шагдарсүрэн. Түүх сөхвөл, А.Шагдарсүрэн 2006 онд Маршалын гүүрнээс баруун тийших, Туул голын эрэг дагуух 22 га газар дээр тансаг зэрэглэлийн “River garden” хотхоныг барьж худалдсан. Энэ 22 га газрыг 2001 онд Хотын дарга М.Энхболд “Чингис хаан” банкны эзэн Д.Батаад бэлэглэж, харин А.Шагдарсүрэн дээр нь барилга барьж борлуулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, Туул голын бургасыг хядаж түрсэн хотхон, хорооллын бизнесийг М.Энхболд, Д.Батаа, А.Шагдарсүрэн гурав эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Цаашилбал, А.Шагдарсүрэнгийн гурван хүү нь одоо 33 компанийн нэр дээр хотын төв болон Богд уулын амуудад нийт 420 га газар эзэмшдэг. Тэгэхээр “Номин”-гийн А.Шагдарсүрэн тун удахгүй Төрийн ордонд болох “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд дуудагдах ёстой хүмүүсийн нэг гэсэн үг. Харин Б.Энхбаяр 24 жилийн өмнө цүнх, цувыг нь бариад гүйж явсан, анхны дарга А.Шагдарсүрэндээ хэрхэн хандах нь тун сонирхолтой байх хүлээлттэй байна.  

БААРНЫ ЭЗЭН БАЙСНАА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛЖ ТОМОРСОН Э.БАТ-АМГАЛАН

УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан- Улаанбаатар хотын уугуул. Олны нэрлэдгээр Сансарт төрж, өссөн. МУИС-ийг герман хэл судлалаар төгссөн. 2002 онд “Баян хадат тур” ХХК-ийг байгуулж, баар, буудлын бизнест орсон. Улмаар 2008 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байхад буюу 2010-2012 онд хоёр жил орлогчоор нь ажилласан. Дараа нь, Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатарыг “Чингис хаан” нисэх буудлын дарга байхад гадаад харилцааны хэлтсийн даргаар нь таван жил ажилласан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Саранчимэгтэй хамт Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 
 
      Тэгвэл Төрийн ордонд тухалсан дөрвөн жилдээ хамгийн их хөлжиж, хөрөнгөжсөн гишүүнээр Э.Бат-Амгалан тодроод буй. Тодруулбал, Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2019 онд жилдээ 172 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан. Эхнэр Б.Заяагийнхаа нэр дээр Баянгол дүүргийн IV хороо буюу олны мэдэхээр  “Варьете” чуулгын ард “Батхаан” гэх зочид буудалтай, Баянзүрх дүүргийн VII хороо буюу олны мэдэхээр “Кемпински” зочид буудлын ард “Батхаан центр” гэх баар, караокетэ. Энэ буудал, баарнаасаа жилдээ 172 сая төгрөгийн орлого олдог гэж мэдүүлж байсан хэрэг л дээ. 
 
Гэтэл Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байдаг. Орлого нь ингэж огцом өссөн гишүүн Э.Бат-амгалангаас өөр бараг байхгүй. 
 
Орлого нь яаж ингэж огцом өссөнийг нь судлаад үзхээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2022 оноос Опту” ХХК-д хувь эзэмшдэг болсон. Тэгвэл Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг “Опту” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо буюу Улаанхуарангийн эцэст “Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн, 2022 оноос“Опту” ХХК нь “Кайду молл”-ынхоо замын урд найман блок, 23 давхар, нийт 966 айлын “Кайду сити” хотхоныг барьж байгаа ажээ. 
 
    “Опту” ХХК-ийн “Кайду молл” нь сүүлийн үед “Өргөө”, “Тэнгис” кино театруудтай өрсөлдөхүйц “Cinema next” кино театраараа илүү танигдаад буй. Мөн “Кайду молл”-д дотоодын болон дэлхийн брэндийн дэлгүүрүүд, сүлжээ хоолны ресторанууд, тоглоомын төв зэрэг байрладаг. Тэгэхээр “Опту” ХХК нь 10 давхар худалдаа, үйлчилгээний барилгатай болсон учраас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн болсон ажээ. 
 
Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нар нь 2022 онд “эрдэнэт үйлдвэр”-ийн хажууд жилдээ 300 тэрбум орлоготой катодын зэсний үйлдвэртэй болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нь 2021 оны тавдугаар сар хүртэл төрийн албан хаагч байсан. Тухайлбал, Э.Батбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хөрөнгийн зах зээлийн газрын захирал, АНУ дахь Элчин сайдын яаманд консул, Сангийн яамны орлогын газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Хамгийн сүүлд, 2020 оны есдүгээр сард ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2021 оны тавдугаар сар хүртэл ажилласан байдаг. 
 
      Тэгвэл Э.Батбаяр нь эхнэр Э.Энхмаагийнхаа нэр дээр “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийг 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд үүсгэн байгуулсан. “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 22-нд “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болсон. Дараа нь дахиад эхнэр Э.Энхмаагийнхаа нэр дээр 2021 оны тавдугаар сарын 13-нд “Квантум электрик монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Квантум электрик монголиа” ХХК нь мөн л “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болжээ. Харин Э.Батбаяр өөрөө “Бльюмон металс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч болсон байна. 
 
Ноцтой нь, “Бльюмон металс” ХХК нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг, үлдсэн 30 хувийг нь Орхон аймгийн буюу Эрдэнэт хотын 24 мянган иргэн эзэмшдэг. “Зэс эрдэнийн хувь” ХХК нь 2022 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн хүдрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан. Илүү ноцтой нь, энэ үйлдвэрийн жилийн борлуулалтын орлого нь 300 орчим тэрбум төгрөг байдаг. Харин Э.Батбаяр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэгэхээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр яаж жилдээ 300 орчим төгрөгийн орлоготой “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн эзэн, эцсийн өмчлөгч болж чадсаныг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.
 
Сонирхуулахад, өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн хүдрийн овоолгыг ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөрийнх нь “Эрдмин” ХХК болон ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Ачит ихт” ХХК-ууд катодын зэс ялган авах үйлдвэр ажиллуулж, ашиг олж ирсэн. П.Цагаан “Ачит ихт” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгоос катодын зэс ялган авдаг болсноосоо хойш хэрхэн хөлжсөнийг нийгэм даяараа мэддэг болцгоосон. Тэгвэл 2022 оноос ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгод дахин шинэ “эзэн” нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр ажээ.

“ШҮГЭЛ” Х.БУЛГАНТУЯА 

УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа- Ааваараа Завханы Алдархааных боловч, ээжийнхээ нутаг Архангайд төрсөн. 2006 онд Хятадын “Хуазонг” их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Түүнээс хойш Дэлхийн банканд зөвлөх, “Оюу толгой” төсөлд зөвлөхөөр ажилласан гэх “айхтар” намтартай. Тиймдээ ч 2016 онд Сангийн дэд сайдаар томилогдож, дөрвөн жил ажиллаад 2020 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын давхар дээр нөмөрсөн. Товчхондоо, Х.Булгантуяа Ардын намынхандаа “Асар өндөр боловсролтой” гэж сайшаагдаж, сошиалд сурталдуулсны хүчинд Сангийн дэд сайдын сэнтийд дөрвөн жил тухалж, улмаар УИХ-ын болж, давхар ХНХ-ын сайдын сэнтийд тухалж байгаа. 
 
Хоржоонтой нь, “Дэлхийн банкны төсөлд зөвлөх байсан” гэж намтартаа бардам бичдэг Х.Булгантуяа  үнэндээ ээж Г.Оюунгэрэлээрээ дамжуулан Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төсөлд хууль бусаар зөвлөхөөр ажиллаж байгаад баригдаж, улмаар ээж нь ажлаа халагдаж байсан мэдээлэл бий. 
 
Тодруулбал, Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Улмаар 2003 оноос Дэлхийн банкнаас Монголд 5.5 сая ам.долларын санхүүжилттэй “МОG-3803” нэртэй төслийг хэрэгжүүлж эхлэхэд Г.Оюунгэрэл тус төслийн монгол дахь менежерээр ажиллаж эхэлсэн. 
 
Хамгийн ноцтой нь, Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн уг төслийн менежерээр ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа цалинтай дадлагажигчаар дур мэдэн ажилд авч, тэгээд болоогүй төслийн зөвлөхийн албан тушаалд хууль бусаар дэвшүүлж, цалин өгч байсныг нь Дэлхийн банкны төлөөлөгчид Монголд ирэхдээ илрүүлж, улмаар Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл  Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх сахилгын шийтгэл авсан байдаг. 
 
Цаашилбал, Х.Булгантуяаг “Жирийн л нэг дундаж айлын хүүхэд. Хүн хичээвэл гадаадад боловсрол эзэмшиж, дэлхийн тавцанд ажиллаж болдог” гэх агуулгатай ярилцлагууд өгч “уянгалдаг”. Гэвч үнэндээ, Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар нь ИНЕГ-ын дэд дарга,  “МИАТ” ТӨХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын “Изинис эйрвэйз” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Тиймдээ ч МАН-д асар нөлөөтэй нэгэн гэгддэг. Магад, Х.Булгантуяа Ардын намаас албан тушаалын авлагатай мэт аашилж ирсний цаана аавынх нь нөлөө байсныг ч үгүйсгэх аргагүй. 

БААРНЫ БИЗНЕСТЭЙ, БУУДЛЫН МЕНЕЖЕР МЭРГЭЖИЛТЭЙ Н.БАЯРМӨНХ

 
Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баярмөнх- Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. 1990 онд Баянчандмань сумандаа 10 жилээ төгсөөд, хоёр жил цэргийн алба хаагаад,  1992 онд Дархан хотод эргүүлийн цагдаа болсон. 2002 онд “Старжин” ХХК-ийг байгуулж, “Hollywood” гэх фитнес клуб болон шөнийн клубыг нээж бизнест орсон. Улмаар 2008 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Хоржоонтой нь, Н.Баярмөнх БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа жил буюу 2009 онд “Хартфорд институт” гэх сургуулийг төгсөж, зочид буудлын менежер мэргэжилтэй болсон байдаг. Гэвч баарны эзэн намтар, буудлын менежер мэргэжлээрээ гологдолгүй 2012, 2016, 2020 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав улирч, улмаар 2020 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга болсон байдаг. 
 
“Авто плаза”-тай хаяа залгаа “Hollywood” баарыг 22 жил ажиллуулсан Н.Баярмөнх өдгөө хураасан хөрөнгөөрөө бусад дүүргийн Засаг дарга нарыгаа тэргүүлдэг. Тухайлбал, Н.Баярмөнх 6.5 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж мэдүүлдэг. 
 
Цаашилбал, Н.Баярмөнхийн түрийвчээ түнтийлгэдэг өөр нэг эх сурвалж нь төрийн тендер байж болзошгүй баримтуудыг бид өнгөрсөн онд ил болгож байв. Сүүлийн нэг жишээг эргэн сануулъя. Өнгөрсөн намар нийслэлийн “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-аас Яармагийн замын голоор 950 сая төгрөгийн өртөгтэй 12 км урт цагаан төмөр хашлага суурилуулсныг санаж буй байх. Гэвч тухайн цагаан хашлагууд нь хагас жил ч бололгүй эвдэрч хэмхрээд, арга буюу бүгдийг нь авч хаясан. Татвар төлөгчдийн тэрбум төгрөгийг төмөр хашлага болгоод үрэн таран хийлээ гэж тухайн үедээ нийгэмд багагүй шүүмжлүүлж байв. Тэгвэл уг 950 саяын цагаан хашлагыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-т “Ундрах эхлэл” гэх компани “шахсан”. Ноцтой нь, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын дарга Б.Галхүү нь 2020 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд Н.Баярмөнхөөр дэмжүүлэн дэвшиж байсан хуурай дүү нь. Харин “Ундрах эхлэл” ХХК-ийн захирал Д.Энхбаяр гэгч нь 2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд Н.Баярмөнхөөр дэмжүүлэн нэр дэвшиж байсан, Н.Баярмөнхтэй 20 гаруй жил үй зайгүй нөхөрлөсөн Б.Батсайхан гэгчийн баз хүргэн нь байж таардаг. 

ЦАГААН ХАЛАД БА ХАР НАМТАР БУЮУ Ж.ЧИНБҮРЭН

УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн- Улаанбаатар хотын уугуул. 1997 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 1998 оноос хойш ХСҮТ-д мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016 онд ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Улмаар ХСҮТ-ийг дөрвөн жил удирдаад, 2020 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 
 
     Харамсалтай нь, Ж.Чинбүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш түүнийг цагаан халад шигээ цэвэр ариун намтартай нэгэн биш гэдгийг илчилсэн олон мэдээллүүд гарсан. Зах зухаас нь дурдвал, “Медпортал” гэх хувийн эмнэлэг ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлаж, хавдартай өвчтөнүүдэд томографи, хэт авиан оношилгоо хийдэг. Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн Ерөнхий захирал байхаасаа л ХСҮТ-ийг зорьж ирсэн өвчтөнүүдийг яаж ийгээд “Медпортал” эмнэлэг рүү оруулаад гаргадаг, ард нь ашгаа хувааж ирсэн гэлцдэг. Түүгээр зогсохгүй, Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2019 оны арванхоёрдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирлын ажлаа өгөхдөө өөрийнхөө оронд найз Н.Эрдэнэхүүгээ томилсон. Улмаар УИХ-ын гишүүн болсноосоо хойш ч “Медпортал” эмнэлгээс хувиар хүртсээр ирсэн гэдэг. 
 
Цаашилбал, Ж.Чинбүрэн 2014 онд “Каб Мед” ХХК-аараа УИХ-ын гишүүн М.Билэгтийн ХСҮТ-тэй хаяа залгуулан барьсан “Дөрөвдүгээрт эмнэлэг”-т сарын 10 мянган ам.доллароор менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төрсөн дүү Ж.Чинтулгынхаа “Некст натур”-ХХК-аар “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн дотор тохижилтыг хийж өгөх 1.7 тэрбум гэрээ байгуулаад алга болсон гэх асуудал 2020 онд дэглэж байв. УИХ-ын гишүүн асан М.Билэгт Ж.Чинбүрэнгийн эл асуудлыг хэвлэлүүдээр хангалттай ярьчихсан тул дэлгэрэнгүй нурших илүүц биз. 
 
Ямартай ч, Ж.Чинбүрэн сонин, сайт, сошиалд сайнаар гэхээсээ саараар илүүтэй заларсан. Улмаар УИХ-д дахин нэр дэвших “эрх”-ээ олж авахын тулд эмийн нээлттэй сонсголыг ахалж, эрүүл мэндийн салбарынхантайгаа муудаж буй. 
 

VIII ТОЙРОГ: СОНСГОЛЧИН, ШҮГЭЛЧИН, ХСҮТ-ИЙН БОСС БА БААРНЫ ЭЗЭД БУЮУ МАН-ЫН ТАВАН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 06:16:56
    Оогоо: Баярмөнх гэж шоучин,түгжил ,шуналыг дээш гаргаж болохгүй,төр самарч хулгайлна даа.ичих нүүргүй хүн.батамгаланг бас.бусдыг нь мэдэх юм алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 06:13:21
    Оогоо: Баянмөнх гэж шоучин,түгжил ,шуналыг дээш гаргаж болохгүй,төр самарч хулгайлна даа.ичих нүүргүй хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 03:33:06
    Зочин: Б.ЭНХБАЯР өнөөгийн нийгэмд байгаа буруу, зөв үнэн, худлыг ялгаж салгаж алдаа хохирлыг илрүүлж, барагдуулахын хичээн оролдож ажиллаж байгаа хүн. Ийм хүмүүсийг өөлж, муулж зайлуулахыг оролдогсод Монголын ирээдүйг мөрдөхийг хүсэгч Дайснууд мөн. Эдгээр дайснуудыг тоонд үүнийг бичигч хөлсний бичээч, ард нь байгаа хөлслөгч эздийнхээ хамт багтана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 11:06:37
    Зочин: МАН Ы ХУЛГАЙЧУУД ЦАГААНДАА ГАРСАН БАЙНА. ЭНЭ МАНЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 08:13:31
    Сонгогч: Бат-Амгалан гэж гишүүн байдаг юм уу? Эрээ цээргүй луйварчдын сүлбээтэй юм бнашдэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 17:28:55
    Иргэн: Үүнийг бичигч их мөнгө авч дээ. Энхбаяр сайд аа, үзэлцээд гараад ирээрэй. Та цаашид улс төрд туйлбартай зүтгэнэ гэж бдож буй бол тэр СҮ.Б энэ тэрээ өмгөөлөх хэрэггүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 09:32:47
    Иргэн: Бат амгалан гэж гишүүн бдаг юм уу. Сонсоогүй юм бна. Барны эзэн тэрбумын хөрөнгөтэй болох боломжгүй л дээ. Газрын наймаачин Наранхүүгийн эгч Саранчимэгийн цүнх баригчаас тэрбумтан болсон юм бна. Ах дүүсээрээ л төрөөс төрсөн тэрбумтан юм бна Хулгай луйвар хор найруулахыг лсайн сурсан хүн бна. Ийм хүн ард иргэдийн төлөө биш хулгай булхайнхаа төлөө л ажиллах юм бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 09:04:58
    Irgen: Ed nariigaa songox baix daa. Dandaa xulgaich udam namtartai xymyys. Iim xymyyseer ene uls udirduulaad baix yum baix daa. Xugjil devshil baixgui ni todorxoi yum baina. Ed nar olon ulsiin tusluus udmaaraa xulgai xiij arga xemjee avagdsan aij ichixee bolison tsaisan xulgaichuud yum. Mongolchuud bol ed nariigaa magtaad xuurguud baix yumaa. Bur xulgai luivarchidaa demjdeg tsaichixsan yum daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 20:21:46
    Сонгогч: Энхбаяр Булгантуяа хоёр бол төрийн түшээ байхаар бэлтгэгдсэн хүмүүс яах аргагүй мөн Хэн нэгэн хүнээс өө сэв хайгаад .Ххрлуулж борлуулна гэвэл яаж ч болно Нэр дэвших сонирхолтой нөхдүүдэд энхийн цагаан тагтаа шиг нэг ч хүн байхгүй ард түмэн мэднэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 12:33:10
    Зочин: Энхбачр булгантуяа нар бол боловсрол ой мэдлэгтэй монголын төрд б а й х ёстой л хүмүос дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 07:39:19
    иргэн: Бат-Амгалан, Баярмөнх 2 хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 07:25:06
    Зочин: Ийм хандлагатай нөхдүүдийг Баянзүрх дүүрэг хүлээж авахгүй. Өнгөрсөн 4 жилд юу ч хийгээгүй хэвтэж байгаад одоо л сэрж байх шив. Мөнгөний сонгуульд энэ хулгайч баячууд их л дуртай байна даа. Мөнгөтэй хулгайчууд юм даа. Дэвшээд хүрээд ирвэл мөнгийг нь л ав. Тэгээд салаавч өгөөд хөөгөөд явуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 17:41:14
    S: TSAGN SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 17:29:28
    Зочин: Б.Энхбаяр чинь БЗС 32000 зээл аваад сураагүй тэглүүлсэн сүүлд баригдаад аргагүй эрхэнд төлсөн гэж байна лээ өрөгмн-д
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 12:43:27
    S: SEKSEER DYRTAI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 12:38:55
    Баатар ван: БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯР БОЛ ОДООГИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРД НЭН ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭ ШҮҮ. ЭНХБАЯРЫН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СОНСГОЛД УНАЧИХ ГЭСЭН ГАРУУД ЗАХААС АВААД ЗАМААР НЭГ БАЙГАА ГЭДЭГТ ЭЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ТРОЛЛУУД НЬ МУУЛЖ Л БАЙГАА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 12:35:03
    18: 53 сургуулийг зүүн урд хууль бус 3 давхар барилга барьсан баярмөнхийнх бар караоёке ажилладаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-19 11:54:00
    S: SEXSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188