• Өнөөдөр 2024-05-04

X ТОЙРОГ: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н Т.АЮУРСАЙХАН, “НОГООН АВТОБУС”-НЫ Ж.СҮХБААТАРЫН ОРЫГ ЗАЛГАХ МАРАФОН БУЮУ МАН-ЫН ГОРИЛОГЧИД

2024-04-27,   3560

    Сүхбаатар, Чингэлтэй буюу X тойрог таван мандаттай. 2020 онд Сүхбаатараас Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Чингэлтэйгээс Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нарын зургаан гишүүн сонгогдсон. “Нүүрсний хулгай”-н Т.Аюурсайхан, “Ногоон автобус”-ны Ж.Сүхбаатар хоёр нэр дэвшихгүй. Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг хоёрын тухайд, Сүхбаатар, Чингэлтэй тойргоор сүүдэр нь ч харагдахгүй байгаа. Харин Д.Цогтбаатар, М.Оюунчимэг хоёр хэдийнэ тойргоо тойглоод эхэлсэн. Тэр хоёр дээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга гэдгээрээ Н.Учрал нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Чингэлтэйн тойрог Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Н.Учрал гурав нэр дэвших нь тодорхой болчихсон, харин үлдсэн хоёр мандатынх нь төлөө гол марафон өрнөж буй. Тэгвэл тус хоёр мандатын төлөө дараах горилогчид “өрсөлдөж” байна. 

Т.АЮУРСАЙХАНЫ "ШИНЭ ХУВИЛБАР" Н.БАТСҮМБЭРЭЛ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэл- Уугуул нутагт Баянхонгорын Баацагаан ч, суугуул нутагт нь Чингэлтэй дүүрэг. Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр хоёр улирч сонгогдсон Т.Аюурсайхан ирэх сонгуулийг өнжиж таарна. “Нүүрсний хулгай”-н хэргээр Төрийн ордноос “хөөгдсөн” түүнд дахиад Чингэлтэйг зүглэх нэр ч, нүүрч байхгүй. Харин түүний хойд дүр болж, Төрийн ордонд орж, орыг нь залгахаар горилж буй хүн бол Н.Батсүмбэрэл. Учир нь, Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр улс төрд хэлхээтэй мэт хамт явж ирсэн. 
 
    Тодруулбал, 2008 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж байлаа. 2012 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар 2012 оны аравдугаар сард Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож, харин орлогчоор нь Н.Батсүмбэрэл томилогдож байлаа. 2013 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар “Монгол ардын намын шинэчлэл хөгжлийн хороо”-г байгуулж, Тусгаар тогтнолын ордны гадаа гэр барьж, “Шинэчилье” хөдөлгөөнийг өрнүүлж байлаа. Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар дахиад Төрийн ордны баруун талд улаан алаг майхангууд барьж, “Монголоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, АН-ын эсрэг акцалж байв. Шагналд нь, 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Н.Батсүмбэрэл НИТХ-ын төлөөлөгч, харин Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Т.Сайнжаргал “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус томилогдоцгоож байв. 
 
Дараа нь, Т.Аюурсайхан 2019 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга болж, улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингээд 2020 оны намар Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад зүтгүүлж, хүссэндээ хүрч байв. Өдгөө Н.Батсүмбэрэл Т.Аюурсайханы орыг залгаж, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй. Тэгэхээр Т.Аюурсайхан өөрөө нэр дэвшихгүй ч, өөрийнхөө оронд Н.Батсүмбэрэлийг зүтгүүлж буй гэсэн үг. 
 
Бизнесийн тухайд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гудамжны жагсаалаар гаршиж байх үеэсээ дотносож нөхөрлөсөн Т.Сайнжаргалтайгаа 2016 оноос хойш “Дасаб” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Дасаб” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар Бямбажавын Пүрэвцэцэг гэгч ажиллаж ирсэн. Тэгвэл Т.Сайнжаргал нь “Ширхэнцэг хараа” ХХК-ийг эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь өнөөх Бямбажавын Пүрэвцэцэг. Ноцтой нь, Т.Сайнжаргал нь “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан “Ширхэнцэг хараа” ХХК-ийгаа “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын доод бүтцийн угсралтын гүйцэтгэгч болгож, 2.4 тэрбум төгрөг халаасласан баримт бий. 

ААВУУДЫНХАА НЭРЭЭР АРДЫН НАМД “ЭРХЭЛСЭН” ХУНТАЙЖ Г.ТҮВДЭНДОРЖ

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж- Ховд аймгийн Алтай сумын уугуул. 2007 оноос “Чингис хаан гоулд” ХХК, “Индастриал газ депо” ХХК, “Өндөрбаян цогт” ХХК-уудыг удирдаж байгаад 2017 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга болж төрд орж ирсэн. Ингээд 2018 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, 2023 онд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болж дэвшсэн. Төрийн албаны арын хаалгыг түлхүүрдэж орж ирээд, тавхан жилийн дотор гурван яам дамжиж, дэд сайдын сэнтий сэлгэж заларсны учир нь асар том артайнх.  
 
     Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хадам аав нь УИХ-ын гишүүн асан, Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсан. Сонирхуулахад, 2012 оны сонгуулийн дараа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж, дэд сайдаар нь О.Чулуунбат агсан хоёр жил ажилласан. Ингээд 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж байв. Улмаар 2022 онд тус яамыг Эдийн засаг, хөгжлийн яам нэртэйгээр дахин байгуулж, 2023 онд дэд сайдаар нь Г.Түвдэндорж томилогдсон. Хадам, хүргэн хоёр шинэ, хуучин яамны дэд сайдын сэнтийг ээлжилж эзэгнэсэн түүх, тохиолдол тэднээс өөр үгүй. 
 
Харин Г.Түвдэндоржийн төрсөн аав нь “Капитал” банкны дампууралд гол үүрэгтэй оролцсон гэгдэж, мөн саяхан 3.0 тэрбум төгрөгийн залилангийн гэх хэрэгт холбогдож, хэвлэлийн эхний нүүрүүдэд “заларч” явсан “Торгоны зам групп” ХХК-ийн эзэн, Алдарт уяач Ц.Гантөмөр юм. Г.Түвдэндоржийг анх 2017 онд Сангийн яаманд Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга болж төрд орж ирэх үед аав Ц.Гантөмөр нь УИХ-ын дарга асан М.Энхболдтой хамт ММСУХ-г удирдаж байв. 
 
    Бизнесийн тухайд, Г.Түвдэндорж 2007 онд УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Баттулгатай “Чингис хаан гоулд” ХХК-ийг хамтран байгуулж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт байх Цагаан цахиртын алтны уурхайг эзэмшдэг болсон. Дараа нь 2010 онд “Чингис хаан гоулд” ХХК нь нэрээ сольж, “Спейшл майнз” ХХК нэртэй болсон. Гэвч 2010-2018 онд “Спейшл майнз” ХХК нь цианид алдсан, уурхайд нь хүн дарагдсан гэх мэтээр Баянхонхорчуудыг жагсаж, цуглатал нь бухимдуулж байлаа. Улмаар 2018 онд Австрали, Сингапурын бизнесменүүдэд зарагдаж, нэрээ “Наранмандал энтерпрайзес” ХХК болгож өөрчилсөн, одоо энэ нэрээрээ Цагаан цахиртын алтны уурхайг ажиллуулж буй.  
 
Алтны “Спейшл майнз” ХХК ийнхүү зарагдаж дууссан ч, өнөөх Б.Баттулгын нэр дээр бүртгэлтэй нүүрсний “Спейшл майнинг сервис” ХХК гарч ирсэн. “Спейшл майнинг сервис” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас зөвхөн 2019-2023 онд л гэхэд 706 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын тендер авсан. Улмаар өнгөрсөн өвлийн “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд “Спейшл майнинг сервис” ХХК дуудагдсан. Ноцтой нь, “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголыг ахалсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Спейшл майнинг сервис” ХХК-ийн хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн нэрийг нийтэд зарласан. Гэвч Г.Түвдэндорж “Спэйшл майнинг сервис” ХХК-тай ямар ч хамааралгүй, Б.Баттулгатай түнжин тасраад удаж байгаа гэж гүрийсээр “нүүрсний хулгай”-н хэргээс мултарч, өдгөө горилогч болчихоод сууж буй.  
 
     Цаашилбал, Г.Түвдэндорж “Өндөрбаян цогт” ХХК-ийг эзэмшиж, удирдаж байсан. “Өндөрбаян цогт” ХХК нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх Баянцогтын молибден, гянтболдын ордыг 2006 оноос хойш эзэмшиж буй компани. Ноцтой нь, Г.Түвдэндоржийг 2017 онд төрд орсноос хойш “Өндөрбаян цогт” ХХК-ийг Хожгорын Дөчинтав гэгч эзэмшиж буй. Х.Дөчинтөв гэгч нь “Анод” банк, “Аэро монголиа”-гийн анхны эзэн. Мөн Х.Дөчинтав нь тэртээ 1996 онд Сангийн сайд асан С.Баярцогттой Германд хамт сурч байсан, “галзуу” ганц найз нь. Тиймдээ ч С.Баярцогт Нүхтийн аманд Ч.Сайханбилэгтэй хос хаус бариулчихаад үл хөдлөхийн гэрчилгээгээ Х.Дөчинтавын нэр дээр авч байсан гэдэг. 
 
Харин Г.Түвдэндоржийн эхнэр Ч.Агиймаа нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгийн хадам аав Б.Одгэрэлтэй “Монэнзим” ХХК-ийг саяхныг хүртэл хамтран эзэмшиж ирсэн.
 

ХЭНТИЙН БЭР, ХОТЫН ОРЛОГЧ О.НОМИНЧИМЭГ

Хотын орлогч Одсүрэнгийн Номинчимэг- Говь-Алтайд төрж, өссөн. Токиогийн их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. “Номин энд Адвокатс” хуулийн фирмийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Улмаар 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн зөвлөх, 2023 онд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч болж, хоёрхон жилийн дотор төрд тодорч, томорч амжсан. 
 
     Хоёрхон жилийн дотор хуульчаас хотын орлогч болтлоо дэвшихэд нь гол нөлөө үзүүлсэн хүн нь түүний нөхөр Д.Амарбаясгалан. Нөхөр Д.Амарбаясгалан нь Хэнтийн Биндэрийн уугуул, 2004 оноос хойш “Хас”-ын Ч.Ганхуягийн хуульч, “Хас” банкны толгой компани “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2011 оноос хойш одоог хүртэл “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаа. 
 
“Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан нь Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийг ахалж байх үед гол хамтрагч нь байсан. Нөгөөтээгүүр, дээр дурдсанчлан Д.Амарбаясгалан Х.Нямбаатартай, цаашилбал Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутаг буюу Хэнтийнх. Тэгэхээр энэ сэжмээр О.Номинчимэг Хотын дарга Х.Нямбаатарын орлогч болж, улмаар Улаанбаатар хотын ужгирсан газрын асуудлуудыг Төрийн ордонд орох, түмэнд өөрийгөө таниулах гол сэдвээ болгон ажиллаж байгаа гэсэн үг. Мөн Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт О.Номинчимэгийг тосож авч буй, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал ч Хэнтийнх гэдгийг дурдах нь зүйтэй байх. 

“МАГНАЙ ТРЕЙД”-ЫН ЭЗЭН Р.ГАНЗОРИГИЙН "ЭРХ ХҮҮ", СКҮҮТЕРЧИН Г.ДАШНЯМ

     “Жи-Мобайл”-ын ТУЗ-ийн дарга Ганзоригийн Дашням- Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул. Шатахууны магнат, хот, хөдөөд 300 гаруй салбар ШТС-тай “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Мөн сүүлийн хоёр жил Улаанбаатарын гудамжаар “хөглөрч” буй “Jet” скүүтерээрээ залуучуудад танигдаж байгаа. Намтрынх нь тухайд, 1990 онд дөрвөн настайдаа Орос руу нүүж, Москвад бага сургуулиа төгссөн. Тэндээсээ Швейцарь руу нүүж, Женевт ахлах сургуулиа төгссөн. Тэндээсээ Англи руу нүүж, Лондонд их сургуулиа төгссөн. Ингээд 18 жилийн дараа, 2008 онд 22 настай Монголдоо ирсэн. Одоо Г.Дашням аавынхаа “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн жил бие даасан бизнесээ эхлүүлж, “Жет шаринг монголиа” ХХК-аараа скүүтер түрээслүүлж эхэлсэн. 
 
     Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-аа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байлаа. Улмаар Г.Дашням 2021 оноос улс төр сонирхох болж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь, 2022 онд “Жи-Мобайл” ХХК-ийнхаа сүлжээг өргөтгөх нэрээр аавынхаа нутаг Хэнтий аймгийг бүтэн тойрч “тандалт” хийсэн. Гэвч Хэнтийд “нүх” байхгүйг нүдээрээ харсан. Ингээд өнгөрсөн оноос Улаанбаатарын тойргуудыг сонирхож, “Jet” скүүтерээрээ маркетинг хийж эхэлсэн. Анзаарсан бол, өнгөрсан намраас хойш Г.Дашням хэд хэдэн бүрэн хэмжээний ярилцлагууд өгч, хөрөг нэвтрүүлгээ ч хийлгэж амжсан. Өдгөө Сүхбаатар, Чингэлтэйн тойргийг онилж, УИХ-ын гишүүн Н.Учралыг Хэнтий, НАМЗХ-гоор дотночлон бараадаж буй.
 
 
 

X ТОЙРОГ: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н Т.АЮУРСАЙХАН, “НОГООН АВТОБУС”-НЫ Ж.СҮХБААТАРЫН ОРЫГ ЗАЛГАХ МАРАФОН БУЮУ МАН-ЫН ГОРИЛОГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 11:48:40
    Зочин: Дандаа хогийн савнууд байна даа. Батсүмбэрэл 4 жил засаг хийлээ. Дүүрэг дордсонуу гэхээс дээрдээгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 09:27:38
    1: Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 21:45:18
    Zochin: Ed naraas Nominchimeg ny bolovsroltoi arai deer ny ym bna.Busad ny itgel daahaargui Sanandaj bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 11:53:51
    зочин: Нэр дэвших хүмүүсийг нилээдгүй судалсан байдаг юм байна. Үнэн л бол. За ер нь нэгэнт зах зээл юм чинь мөнгөтэй баян хүн л гарна биз. Сонгогчидоо бодож ажиллах эсэх нь тэр баяны ухамсар сэтгэл л мэднэ. Та бүгдэд сайн сайханыг хүсэн ерөөе. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай. Чингэлтэй дүүргийн сонгогч бичив.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 00:28:35
    sdf: dandaa muu hulgaich nariin zulbasagnuud. uursduu amdraldaa hursen neg ch zuil baihgui muu umhii acnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 20:10:21
    Зочин: ЖДҮ-чин Боовчрол нэр дэвших зүгээр үү тэгээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 15:28:01
    1: Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 07:17:58
    Dd: Ene zaluuchuudiig taniulj unsend Tsogtbayart talarhaj baina Duguilchihad bolohgui yumgui zaluus baina Dana ch Chingelteid sanal ugehgui yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 19:49:34
    irgen: MAN d hulgai hiigeegui 1 shirheg hun bhgui.Dahiad songuulid garna gj uo bh be.MAN hulgaichuudaa boliosoi.Dank estoi hudaa shoudaj egehiimaa.Dorligjav.Hurts Elbegdorj.Batuuliig Bulganaar zundee yriulj.barag shuud barivchilmaar bsan Odoo tag.SU.Hufelbaatar.Javhlan gd zundee hulgaichaa bas hamt shalgaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 20:22:28
    Гайх: Хөөх нээх олигтой хүнгүй юм бна даа, Сүхбаатараас гарсан Мөнх-Оргил, Мөнхцэцэг хоёр нь хаачсан бэ, намын жагсаалт руу орчихож бгаан байх даа? Их хуралд хамгийн гоё харагддаг хоёр гишүүн бсийн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 16:11:15
    Зочин: Ёоо Ганзориг нтр гэсэн баяны тэнэгүүд төр рүү шургалах гэж аймаар шунах юмаа. Номинчимэг гэгч элий хүүхэн чинь Занданшатарын татаас. Рио тинтогоос төрсөн тэрбумтан гээд танай сайт дээр нарч байсан байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 10:49:23
    Ү: ЖДҮ-ийн хулгайч Н.Учрал фсда нэр дэвших эрхгүй шүү. Уулзалт хийх гээд ирэхээр чинь ухамсрын шанаа өгнөө
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188