• Өнөөдөр 2024-05-04

Т.ИРЭЭДҮЙ: “НҮҮРГҮЙ ХҮН” КИНОГООР ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ БУРУУ ХЭРЭГЛЭЭ ЯМАР ХОР ХӨНӨӨЛТЭЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН

      “Нүүргүй хүн” киногоороо үзэгчидтэйгээ дахин мэндэлж буй залуу жүжигчин Т.Ирээдүйтэй ярилцлаа. Түүнийг бид “Армата” продакшны залуу уран бүтээлч, “Хоньтээнт”, “Сорил”, “Сүнстээнт”, “Fearbook” зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрд ажилласнаар сайн мэдэх билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээл “Нүүргүй хүн” киноныхоо талаар ярихгүй юу. Танаас ямар чадвар шаардсан дүр байв?

                -“Нүүргүй хүн” УСК сэтгэлзүйн трейлэр, инээдмийн төрлийн кино. Өмнө нь энэ төрлийн кинонд тоглож байгаагүй учраас их сонирхолтой байлаа. Мөн МУГЖ Ш.Доржсүрэн ахтай хамтарч тоглох таатай байлаа. Миний дүр учир битүүлэг, өөрийгөө хэн гэдгийг мэддэг ч бусад хүмүүст төдийлөн нээдэггүй, далд суурьтай дүр байлаа.

-Өмнө нь хэд хэдэн бүрэн хэмжээний кинонд ажиллаж байсан шүү дээ. Анхны гол дүрийнхээ талаар яривал?

                -“Армата” продакшн болон бусад уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн уран бүтээлийн гол болон туслах дүр ажилласан. Продакшныхаа уран бүтээл болох “Хоньтээнт” кинонд анхны гол дүрдээ ажиллаж байсан.

-“Нүүргүй хүн” кино одоогийн нийгэмд хөндөгдөж буй ямар асуудлын талаар өгүүлж, хүмүүст юу ойлгуулахыг хичээсэн бол?

                -Энэхүү киногоороо дамжуулж цахим сүлжээний буруу хэрэглээнээс болж ямар асуудлууд үүсэж байгааг, үүсэж болохыг нэг гэр бүлээр төлөөлүүлэн харуулах болно. Уран бүтээлчид нийгэмд тулгарч байгаа асуудлыг харуулж, хөндөхийн уран бүтээлээ хийдэг шүү дээ. Миний хувьд “Нүүргүй хүн” киноны уран бүтээлчид цаг үеэ олсон кино хийсэн.

-Т.Ирээдүйтэй ярилцаж байгаа бол “Армата” продакшны талаар дурдахгүй өнгөрч болохгүй шүү дээ. Продакшндаа анх нэгдэж, видео нь олонд хүрч эхэлж байсан үеийнхээ талаар дурсахгүй юу?

                -Бид хоёрдугаар курстээ “Армата” продакшныг байгуулсан. Шантралгүйгээр хийсэн олон дүрс бичлэгийн дараа хүмүүс биднийг таньж, хийж байгаа контентыг минь илүү үздэг болсон. Тухайн үеийн мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан. Таван гишүүн маань олон саад бэрхшээлийг давсан.

-Одоо “Армата” продакшн ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Ер нь танай продакшны хэтийн зорилго юу бол?

                -“Армата” продакшн бүрэн хэмжээний кинонд ажиллаж байгаа. Энэ зун үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Зураг авалт дуусан, монтажны ажил хийгдэж байгаа. Бидний хэтийн зорилго сайн кино уран бүтээл хийх байгаа.

-“Армата” продакшны залуус контентоороо хүмүүст ямар санааг хүргэхийг хичээдэг вэ?

                -Бид богино дүрс бичлэгүүдээрээ хүмүүсийн гаргадаг алдаа, бодлогогүй үйлдлүүдийг хөгжилтэй байдлаар гаргаж, далд утгаараа энэ үйлдлээ болиорой гэж хэлэхийг хичээдэг.

-Та хүмүүст аз жаргал бэлэглэдэг хөгжилтэй контентууд, түүнийхээ дүрээр танил болсон шүү дээ. Энэ дүр төрхийн эвдэх уран бүтээлд тоглохыг хүсдэг үү. Ямар дүрд ажиллахыг хүсдэг вэ?

                -Хөгжилтэй контент хийдэг учраас тэр төрхийг минь хадгалсан эерэг дүр, заримдаа эсрэг, нууцлаг дүрд ажиллаж үзсэн. Өөр зан чанартай хүний дүрд ажилласнаар надаас илүү их хичээл зүтгэл шаарддаг. Би түүхэн хүний дүрд ажиллахыг хүсэж байгаа. Ажиллахыг хүссэн дүрийн маань санал ирдэг  учраас өөрийгөө тун азтай гэж боддог.

-Яагаад жүжигчин мэргэжлээр сурах болсон бэ. Энэ мэргэжилд татагдсан шалтгаан нь юу байв?

                -Эгч маань жүжигчнээр СУИС-ыг 2012 онд төгссөн юм. Жүжигчин мэргэжлийн гоё нь биш эгчийн маань жүжигчин болохыг хүсэж, хичээж, бэлдэж байгааг нь хажуугаас нь харах гоё санагдсан. Одоо бол өөрөө хичээгээд суралцаж байна.

-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байдаг бол. Залуу уран бүтээлчийн хувьд сонин зүйлийн нэг болов уу?

                -Олон нийтийн үзэх кино, контентод оролцож байгаа цаг мөч бүрдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Бидний дүрс бичлэгийг үздэг өсвөр насны хүүхдүүдэд сайн талаа харуулж, зөвийг л үлгэрлэхийг эрмэлздэг дээ. Өөрийнхөө ажилласан уран бүтээлүүдээ үзээд “Энэ хэсгийг тэгж хийх байж” гэж харамсах тохиолдол бий шүү.

-Залуу уран бүтээлчид киноны арын албанд их явдаг шүү дээ. Та хэр олон явж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал, олон зүйлс сурсан байх?

                -СУИС-д сурдаг нэг ах маань “Олон киноны арын албанд явна, юм зөөхөөс эхэлнэ” гэж байсан юм. Би тэр үед “Би тэгж удаан явахгүй байх. Хичээж байгаад шууд жүжигчнээрээ ажиллана” гэхэд намайг шоолж байсан юм. Би бусад хүмүүсийг бодвол арын албанд бага ажилласан. Гэхдээ “Армата” продакшны уран бүтээлүүд дээр жолооч, туслахаас нь эхлээд гол дүрд нь хүртэл ажилласан. Фантастик продакшны уран бүтээлийн олны хэсэгт тоглож байсан. тэр үед туслах дүрд ажиллаж байсан ах нар маань одоо тусдаа уран бүтээл хийдэг болсон. Ах нартайгаа хамт өсөж, илүү чадвартай болж байгаадаа баяртай байдаг. Өдөр бүр илүү их сайжрахыг, шинэ зүйл сурахыг хичээдэг.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?     

-Би холын зүйлийг мөрөөдөж, наана нь зогслоо гэхэд хүссэн зүйлээ биелүүлчихсэн байхыг л хүсдэг. Хүмүүсийн хүслийг биелүүлж чадах нөлөөтэй, хүн чанартай сайн эр хүн байхыг л хүсдэг дээ. Өдөр бүр амьдарч байгаа цаг хугацаагаа хайрлаж, нандигнах дуртай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 


Т.ИРЭЭДҮЙ: “НҮҮРГҮЙ ХҮН” КИНОГООР ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ БУРУУ ХЭРЭГЛЭЭ ЯМАР ХОР ХӨНӨӨЛТЭЙГ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188