• Өнөөдөр 2024-05-06

Б.ЦОГТ-ОЧИР: Монголын хөнгөн жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн байдаг

2024-04-26,   540

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-ний өдрүүдэд Хонконгод амжилттай болж  өндөрлөсөн билээ. Азийн аваргын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Бямбажавын Цогт-Очиртой ярилцлаа.

–Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

      -Баярлалаа

 -Дэлхийн аваргын мөнгөн медальт Узбекистаны хүчтэй өрсөлдөгч Дилшодбек Баратовыг хоёр том тэмцээнд дараалан ялж байсан. Сая Азийн аваргын “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд түүний хөмрөх мэхийг мэдэрсэнгүй юу?

       -Тийм ээ, тактикийн алдаа гаргаж Дилшодбек Баратовын хөмрөх мэхэнд нь унасан.

-Торгуулийн тойрогт дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Казахстаны Елдос Сметов аваргатай ямар тактикаар барилдаж ялсан бэ?

     -Елдос Сметов аваргатай биеэ барилгүй чөлөөтэй барилдана гэж бодсон . Өөрийн бодсон, санасан мэхээ зоригтой хийж барилдана гэж төлөвлөн гарсан. Тэр дагуу барилдаан сайхан болж ялалтыг авч чадсан байгаа.

-Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар Азийн аваргын хүрэл медаль хүртлээ. Казахстаны хоёр шилдэг тамирчныг цувруулж ялав уу?

         -Тийм ээ, Казахстаны хоёр шилдэг бөхийг дараалан ялсандаа баяртай байгаа. Азийн аваргаас өмнө Нурканат Серикбаевтай хоёр удаа таарч барилдан хожигдож байсан . Тийм болохоор их хянуур, алдаа гаргахгүй, барилдаан хийхээр төлөвлөж татамид гарч барилдан ялсан байгаа.

-Анталияагийн их дуулгад Нидерландын JARING Emiel-тэй их сайн барилдсан. Нэмэлт цагийн барилдаанд хяналт алдаж медалийн оосроос атгаад алдсан байх аа?

       -Нидерландын Жарин Эмйелийг ялна гэсэн өөртөө итгэлтэй байсан. Үндсэн цагт их хичээж алдаа гаргахгүй, үнэлгээ салган хожих боломжийг хайсан. Гэтэл хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Тэгээд л  нэмэлт цагийн барилдаанд шилжсэн. Нэмэлт цагт би буруу барилдааны тактикаар барилдаж ялагдал хүлээсэн.

-2024 оны УАШТ-д сайн барилдсан хэдий  мөн л медалийн төлөөх барилдаанд жаахан алдаа гаргалаа. Алдаан дээрээ дүгнэлт хийн, засаж сайжруулах тал дээр хэр ажиллаж байгаа вэ?

      -Алдаа гаргахгүй барилдахыг хичээдэг.  Өөрийн гаргасан алдаан дээрээ байнга ажиллаж байгаа. Сул тал болон давуу тал дээрээ багш нартайгаа ярилцаж дүгнэлт хийдэг.

 -Медалийн  төлөөх шийдвэрлэх барилдаан дээр хэт хичээж, бие бариад техник, тактикийн алдаа гаргачихаад байна уу, эсвэл ямар нэг бэртэл, гэмтэлтэй байгаа юу?

        -Тухайн барилдааны үед хурдан сэтгэж, өрсөлдөгчийн алдааг харж барилдах нь чухал байдаг. Зарим барилдааны үед буруу шийдвэр гаргаснаас болж хожигдол хүлээдэг байх гэж боддог.

 -Дэлхий чансааны 32-оос Анталияагийн их дуулгын дараа чансаа ахисан уу, Азийн аваргаас медаль хүртсэн болохоор чансаа ахина биз?

       -Дэлхийн чансааны эрэмбээ 9-10-аар урагшилж. Ахисан байгаа.

 -Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ. “Хангарьд” клубийн, хэн багшийн шавь бэ?

          -Жүдо бөхөөр хичээллээд 11 жил болж байна. Эрдэнэтийн  “Хангарьд” клубийн Д.Наранбаатар багшийн шавь.

 -Жүдо бөхийн спортыг сонирхон хичээллэх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

      -Нагац ах нар маань барилддаг хүмүүс бий. Тэд нарыгаа дэмжиж, тэмцээн, бэлтгэл дээр нь очиж хардаг байсан. Тэр үеэс жүдо бөх сонирхолтой, сайхан спорт санагдсан.  Тэгээд л жүдо бөхөд дур сонирхолтой болж хичээллэж эхэлсэн.

-Жүдогоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?

          -Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл медаль, гранд слам, их дуулгаас хоёр хүрэл медаль хүртэж байсан.  Гран при тэмцээнээс нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.  Залуучуудын УАШТ-ээс алт медаль хүртэж байсан.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?

         -Анх удаа гадагшаа явж Португалийн гран пригээс хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээний хүрэл медалийн төлөө барилдсан тэр мэдрэмж, хамгийн гоё байсан. Одоо хүртэл миний санаанаас гардаггүй дурсамжтай санагддаг.

-Монголын жүдогийн хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Э.Ариунболд 2022 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш танай жингийн бөхчүүд гранд слам, гран прид жаахан тааруухан барилдаад байгаа. Харин дотоодын өрсөлдөөн их ширүүн байх юм аа?

          -Тийм ээ, Монголын хөнгөн жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн байдаг. Энэ өрсөлдөөн дундаас бид бие, биенээ хурцлан, хөгжүүлдэг. Тэнцүүхэн өрсөлдөгчдийн хэн нь гадаадын тэмцээнд явсан ижил амжилт гаргах боломжтой. Тухайн тамирчны  бэлтгэлжилт, сэтгэл зүй, тэмцээний туршлага, хоол унд, жингээ тохируулах, цагийн зөрүүтэй байдалд хурдан дасан зохицох байдал гээд олон янзын  шалтгаан бий.

-Танай гэр бүлийн хүн жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, самбо бөхөөр Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Сүүлийн жилүүдэд 48 кг-ын жиндээ барилдахгүй байна уу?

           -Манай гэр бүлийн хүний хувьд барилдахгүй байгаа.  Мэргэжлээрээ ажиллана. Намайг илүү амжилттай барилдуулахын тулд ар гэрийнхээ бүх асуудлыг дааж үлддэг байгаа. Тийм учраас би ар гэртээ санаа зовох зүйлгүй, сэтгэл амар тайван бэлтгэл,  сургуулилалтаа хийж, тэмцээнд оролцдог.


 

 


Б.ЦОГТ-ОЧИР: Монголын хөнгөн жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188